Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 120/2018/0021/з |
Дугаар | 13 |
Огноо | 2019-12-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 13
“Г” ХХК-ийн гомдолтой,
Өмнөговь аймгийн Татварын
хэлтсийн Татварын хяналт, шалгалтын
тасгийн татварын улсын байцаагч
Э.Ж, Э.Ц нарт холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0534 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Гомдол гаргагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Г-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Ц нарын тогтоосон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0534 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга, 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан ”Г” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Э.Ж нарт холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ц, Э.Ж нарын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1102201883 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч татварын улсын байцаагч Э.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шийтгэлийн хуудсаар ногдуулсан 29.672,726 төгрөгийн торгууль, 44.558,544 төгрөгийн алданги төлөхөөс “Г” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 74.2316270 төгрөгөөр багасган 98.9096090 төгрөг болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гомдол гаргагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... татварын улсын байцаагч нар шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн яг ямар заалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлоогүй, зөрчил үйлдсэнийг нотлолгүй, торгуулийн шийтгэл оногдуулж, дээр нь нөхөн татвар, алдангийг нэмж оногдуулсан нь улсын байцаагчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримтуудыг бүрэн дүүрэн дүгнэж үзээгүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.2-т заасан татварын албаны чиг үүрэг, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасан татварын албаны бүрэн эрх болон 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу татварын хяналт, шалгалтын дүнд үйлдэх баримт бичигт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “шийтгэлийн хуудас” хамаарахгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр “зөрчил” гэж тодорхойлсон татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шийтгэл ногдуулах бөгөөд ингэхдээ тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба татварын харилцаанд хэрэгжүүлж буй татварын хяналт шалгалтын чиг үүрэгт бус татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд шийтгэл ногдуулж буй акт нь шийтгэлийн хуудас юм.
5. Мөн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос “захиргааны шийтгэл” биш гэдгийг анхаарч үзнэ үү.
6. Магадлалын үндэслэл нь “Г” ХХК нь 1102201883 дугаартай шийтгэлийн хуудсанд заасан зөрчлийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 10аЗ/827 дугаар албан бичгээр тогтоогдож байна гэж үзсэн.
7. “Г” ХХК зөрчил үйлдсэн эсэхийг прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны албан тоотоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Эдгээр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан талаарх мэдээлэл өгөх боловч эцсийн байдлаар зөрчил үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох, тогтоох баримтууд биш юм. Гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолд үндэслэн зөрчилд холбогдогч зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн нь илэрхий гэж үзэх нь хууль ёсны байх зарчимд үл нийцнэ.
8. Мөн анхан шатны шүүх маргааны үндсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй, гомдол гаргагч өөрийн зөрчил үйлдээгүй талаар үгүйсгээгүй гэх үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх дурдсан. Үүнийг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.
9. Учир нь, гомдол гаргагч “Г” ХХК шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед илэрхийлж байсан. Хуульд зааснаар татварын улсын байцаагч актынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. “Г” ХХК-ийн хэд хэдэн аж ахуйн нэгжтэй байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээ, худалдан авалтын дэвтэр дэх бичилт, мөнгөн төлбөрийн нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, мөнгөн гүйлгээний тайлан, кассын орлого, зарлагын ордер зэрэг санхүүгийн баримтуудыг үндэслэн цемент худалдан авч, ажил гүйцэтгэж байсан, мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтнууд ажил гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан.
10. Иймээс харилцагч компаниудыг үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэх үндэслэлээр “Г” ХХК-ийг НӨАТ-тай үнээр худалдан авалт хийгээгүй гэж дүгнэж гаргасан шийтгэлийн хуудсыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дурдагдаагүй боловч миний зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг анхаарч үзэх хэрэгтэй. Энэ нь “хэрвээ “Г” ХХК шийтгэлийн хуудсанд заасанчлан 2015 оны 12 сард 494,545,453 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, энэ зорилгоор хуурамч баримт үйлдсэн, худал тайлагнасан гэж үзвэл энэ нь эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн шинжгүй бол зөрчлийн хэрэг нээхгүй гэж заасан. Үүнийг эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэлд зөрчлийн хэрэг нээхгүй гэж ойлгох ёстой. Иймд зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй” гэх тайлбар байсан.
12. 2002 онд батлагдсан эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 буюу Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь 24,000,000 төгрөгөөс дээш, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 50,000,000 төгрөгөөс /50,000 нэгж/ дээш хэмжээний татвар ногдох орлого нуун дарагдуулснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
13. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны агуулгаас үзэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дурдаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь нэг төрлийн зөрчлүүдийг хоёр өөр хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгах, цаашдаа буруу жишиг тогтоох нөхцөл байдал үүсгэж байгааг анхаарч үзнэ үү.
14. Манай улсад өрнөсөн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эрүүгийн болон захиргаа, зөрчлийн хэрэг шийдвэрлэх хуулиудыг шинээр баталсан. Үүний үндсэн зорилгын нэг нь нэг төрлийн зөрчлүүдийг үзэмж, хууль хэрэглээний ур чадвараас хамааран хоёр өөр процессын хуулиар шийдвэрлэж болох хийдлийг арилгах, эрх тэгш байдлыг хангах явдал байсан.
15. Иймээс татварын улсын байцаагчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох мэдээллийг зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.
16. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0534 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж, Э.Ц нар “Г“ ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1102201883 дугаартай шийтгэлийн хуудсаар “...2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “М г э и” ХХК-иас 61,818,181 төгрөгийн, ... “Д” ХХК-иас 432,727,272 төгрөгийн ... хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан”, “... 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд /дээрх үнийн дүнгээр/ цемент худалдан авсан мэтээр тайлагнаж, бараа материалын өртөгт тусгасан” гэх зөрчил тус тус тогтоон, нийт 98,909,090 төгрөгийн нөхөн татвар, 29,672,726 төгрөгийн торгууль, 44,558,544 төгрөгийн алданги ногдуулсан, “Г“ ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “... /нэр бүхий компаниуд/ худалдаж буй бараа, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч баримт олгож байсан нь манай компанийн санаатай үйлдэл биш бөгөөд хуульд заасан хугацаанд татвараа үнэн зөвөөр тайлагнаж байсан, ... шүүхээр эцэслэн тогтоогдоогүй баримтад тулгуурлан шийтгэл ногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй, ... хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон гэх “М г э и” ХХК, “Д” ХХК-ийн үйлдлийг шалгасан баримтад манай компанийн нэр огт дурдагдаагүй, ямар байдлаар хууль бус үйлдэл хийсэн бэ гэдгийг тогтоогоогүй байж, зөрчил үйлдсэн гэж шууд дүгнэсэн нь хууль бус” гэх зэргээр маргасан, зөрчлийн үнийн дүн, тооцооллын талаар маргаагүй байна.
18. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “М г э и” ХХК болон “Д” ХХК-ийн захирал гэх Р.Б нь 2015-2016 онуудад олон тооны аж ахуйн нэгжүүдэд “... бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортлоогүй атлаа импортлосон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бусдад олгосон” болох нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандаж, “.../“М г э и” ХХК болон “Д” ХХК-ийн гаргасан” зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэний дагуу, Татварын ерөнхий газраас Өмнөговь аймгийн татварын хэлтэст хандан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн, эдгээр компаниас “хий бичилттэй” нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад “Г” ХХК багтсан байна.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бараа материал борлуулсан гэх “М г э и” ХХК, “Д” ХХК-ийн захирал Р.Батсуурь нь “ямар нэг борлуулалт хийгээгүй, ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийж аж ахуйн нэгжүүдэд өгсөн” үйлдлээ хүлээн зөвшөөрсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор тогтоогдсон байх тул “Г “ ХХК-ийн 2015 онд “М г э и” ХХК, “Д” ХХК-иудаас худалдан авсан гэх нийт 494,545,453 төгрөгийн бараа материалын хувьд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г-ийн “... “Г” ХХК зөрчил үйлдсэн эсэхийг прокурорын тогтоол, Эрүүгийн цагдаагийн албаны албан тоотоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Эдгээр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн явагдсан талаарх мэдээлэл өгөх боловч эцсийн байдлаар зөрчил үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотлох, тогтоох баримтууд биш юм. Гэм буруутай эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолд үндэслэн зөрчилд холбогдогч зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн нь илэрхий гэж үзэх нь хууль ёсны байх зарчимд үл нийцнэ” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
20. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх гомдол гаргагч ““Г“ ХХК-ийг хэн нэгнээс “цемент, барилгын материал” худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, бараа борлуулсан гэх тал нь “бодит борлуулалт хийгээгүй” нь эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус ижил агуулгаар заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.
21. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулж буруу дүгнэлт хийсэн, “бараа материал худалдан авсан”, “бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн” өөр өөр үйл баримтуудыг хооронд нь хольж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг зассан нь зөв байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Г-ийн “... харилцагч компаниудыг үйл ажиллагаа явуулаагүйг цагдаагийн байгууллага тогтоосон гэх үндэслэлээр “Г” ХХК-ийг НӨАТ-тай үнээр худалдан авалт хийгээгүй гэж дүгнэж гаргасан шийтгэлийн хуудсыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй” гэх гомдлыг хангах боломжгүй.
22. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон торгууль, алдангийг бүхэлд нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж, “өршөөн хэлтрүүлэх”-ээр шийдвэрлэсэн, хариуцагч магадлалын уг хэсэгт холбогдуулж гомдол гаргаагүй байна.
23. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг /зөрчил/ үйлдсэн хүнд хамаарах” тул уг хугацаанаас хойш үйлдэгдсэн зөрчилд оногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй, хариуцагчаас хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн, өршөөлд хамруулах хугацаанд хамаарах торгууль, алдангийн хэмжээг дахин тооцоход шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0534 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Н.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Г” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА