| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/07017/И |
| Дугаар | 192/ШШ2025/08779 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08779
| 2025 10 30 | 192/ШШ2025/08779 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъян, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч ******* нь ******* УБО улсын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцож хариуцагч *******т худалдсан. Машины урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд тээврийн хэрэгслийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг *******аас гаргуулах үндэслэлтэй. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: " Би *******тэй машины наймаа хийсэн. Гэхдээ худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй. Амаараа харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед 40,000,000 төгрөг гэж байсан машины засварын үнийн дүнг хасаж тооцохоор болж 35,000,000 төгрөгт авсан. 40,000,000 төгрөгт зарсан гэдэг нь үндэслэлгүй. Би *******д тээврийн хэрэгслийн төлбөрт нийт 23,000,000 төгрөг өгсөн. Бид хоорондоо засварын төлбөрийг хасахаар тохиролцсон хэр нь 40,000,000 төгрөгт зарсан гэж худлаа шүүхийг төөрөгдүүлж байна. Тухайн тээврийн хэрэгсэлд Вьетнам засвараар засуулсан баримт болон машины эвдрэл гэмтэлтэй байсан гэх гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0653 дугаар итгэмжлэл, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01697 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00748 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1166 дугаар итгэмжлэл.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банк ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч С.Базарсүрэнгийн мэдүүлэг.
5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Д4513 дугаар Капитрон банк ХК-ийн албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгсэл худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрт 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч *******тай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* УБТ улсын дугаартай, ******* арлын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохирч урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг авсан, үлдэх 20,000,000 төгрөгийг ******* өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ, тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, мөн энэ үнээс засвар хийлгэхэд гарсан зардлыг хасаж тооцохоор тохирсон, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээг бичгээр байгуулаагүй тул шаардах эрхгүй, 5,600,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарласан.
4. Зохигчид ******* УБТ улсын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар тохирсон үнэ, хожим засвар хийхэд гарсан зардлыг үлдэх төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон эсэх, 3,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч хожим нэмж нэхэмжлэгчид төлсөн эсэх талаар маргасан.
5. Талууд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* УБТ улсын дугаартай, ******* арлын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг худалдахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу амаар харилцан тохиролцож улмаар тээврийн хэрэгслийн эзэмшлийг энэ өдөртөө хариуцагч *******т хүлээлгэж өгсөн, урьдчилгаанд мөн өдөртөө 20,000,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийн гадна кузов гэмтэлтэй байсан зэрэг үйл баримтуудын талаар маргаагүй.
5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах тохиролцоог амаар болон бичгээр хийх боломжтой, хуулиар хориглоогүй тул аман тохиролцооны дагуу шаардах эрхгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг.
6.1 Нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр зарахаар *******тай тохирсон талаар тайлбарлаж үлдэх 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул тэрээр тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр зарахаар хариуцагчтай тохирсон гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.
6.2 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/01697 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00748 дугаартай магадлалаар *******гийн нэхэмжлэлтэй Н.Батбаярт холбогдох хэргийг шийдвэрлэсэн тул эдгээр шийдвэр магадлалд дурдагдсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзэх үндэслэлгүй юм.
6.3 Нэхэмжлэгч талд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаануудын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүрэг болон нотлох үүргийн хуваарилалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн боловч тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагчийн тайлбарт дурдсан 35,000,000 төгрөгөөр худалдахаар талууд тохирсон гэж үзнэ.
7. Хариуцагч талд мөн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаануудын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүрэг болон нотлох үүргийн хуваарилалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Хариуцагч тал М.Базарсүрэнг гэрчээр дуудан ирүүлж мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан, мөн 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 749818450 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн.
7.1 Хариуцагч талын хүсэлтээр дуудагдсан гэрч С.Базарсүрэн: ... бид хамт байсан. Автомашины эвдрэлийн үнэлгээг хасаад 35,000,000 төгрөгөөр машиныг худалдахаар *******, ******* нар тохирч, ******* нь урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг авсан ... хэмээн мэдүүлсэн.
7.2 Хариуцагч *******аас шүүхэд гаргаж өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудад гүйлгээний утгыг /zaswar, t/, данс эзэмшигчийн нэрийг /ноён Зоригт Гантогтох, хатагтай Аньсөн Нандинлан/ гэж бичигдсэн нь ******* УБТ улсын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг засуулахад хариуцагч *******аас гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
7.3 Түүнчлэн, хариуцагч ******* шүүх хуралдаанд: ... тухайн үед 40,000,000 төгрөг гэж байсныг машины засварын үнийн дүнг хасаж тооцохоор болж 35,000,000 төгрөгт авсан ... гэж тайлбарласан атлаа ... засварын хөлсийг хожим хасаж тооцохоор тохирсон ... гэж харилцан бие биеэ үгүйсгэсэн, учир зүйн холбоогүй тайлбар гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул худалдах-худалдан авах гэрээний нийт үнэ /35,000,000 төгрөг/-ээс хожим засвар хийлгэхэд гарсан зардал гэх 4,800,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй байна.
7.4 Хариуцагч ******* хожим 3,000,000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбарлаж улмаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 749818450 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус баримтад гүйлгээний утга /ДАВКА-Д ШИНЭЭГЭЭС/, данс эзэмшигч /Мижиддорж Шинэбаяр, Ганбаяр Батсайхан/ гэж бичигдсэн байгааг ******* УБТ улсын дугаартай Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийн үлдэх төлбөрт *******аас *******д төлсөн төлбөр гэж үзэхэд мөн эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
7.5 Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны 749818450 дугаартай мөнгөн шилжүүлгийн баримтад дурдсан Ганбаяр овогтой Батсайханы хаяг, утасны лавлагааг шүүхийн журмаар гаргуулсан боловч хариуцагч тал энэ хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргаагүй. Энэ тохиолдолд шүүх санаачилгаараа гэрчийн мэдүүлэг авах буюу нотлох баримт цуглуулах эрхгүй байдаг болно.
8. Дээр дурдсанаар хариуцагч ******* нь 3,000,000 төгрөгийн төлбөрийг нэмж төлсөн, хожим засварын зардалд гарсан 4,800,000 төгрөгийг хасаж тооцохоор тохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
9. Автомашин худалдан авахаар тохирсон талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч *******аас ******* УБТ улсын дугаартай Mercedes benz маркийн автомашин худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрт 15,000,000 /35,000,000-20,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 257,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
10.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР