Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Х.Ням-Очир, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр,

шүүгдэгч З.Ш, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Н, Х овогт О.Г, Б овогт З.Ш нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1901 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт Б.Н, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Камел бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, өвөө, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-р гудамж, 21 тоотод оршин суудаг,

-Урьд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1030 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан,

-мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗЗ91101811/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х овогт О.Г, 1991 оны 8 дугаар сарын 23-ны Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловоролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 байрны 7-96 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СЩ91082312/,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт З.Ш, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Орон зай төвд ажилладаг, ам оүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хангайн 59-14 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СЭ91020216/,

Шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел баарны үүдэнд иргэн Х.Ням-Очир, Б.Бат-Эрдэнэ нарыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ажил дээрээ байж байтал манай зөөгч ирээд үүдэнд зодоон болоод байна гэхээр нь би салгах гээд очсон. Тэнд очоод Бат-Эрдэнийг аваад сандал дээр аваачиж суулгаад Бат-Эрдэнийг хэд хэдэн удаа цохин гэмтэл учруулсан нь үнэн. Батэрдэнэд учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Ням-очирт учирсан эмчилгээний зардалд өөрийн сайн дураар хохирол төлбөр гэж мөнгө төлсөн. Ням-Очирыг би зодоогүй, түүний биед учирсан хүндэвтэр гэмтлийг би учруулаагүй, тийм учраас түүний нэхэмжилж байгаа эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг би төлөхгүй. Бат-эрдэнийн биед учруулсан хүндэвтэр гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Ш-д бид хоёр ажлаа хийгээд байж байтал нэг согтуу залуу үүдэнд нь ирээд пааран дээр сууж байснаа нэг хүний халаасыг ухаад байхаар нь боль гэж хэлтэл би энэ бааранд ажилладаг юм гээд байсан. Тэгэхээр нь би Н-г дуудаад энэ залуу танай бааранд ажилладаг уу гэхэд үгүй гээд яваад өгсөн. Тэгээд Шинэболд бид 2 үүдэнд тамхи татаж байтал хэдэн залуучууд гараад ирэхээр нь та нар найзыгаа аваад яваа танай найзын халаасыг ухаад байна гэж хэлтэл тэр залуучууд “чи хэн бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг бондгор залуу нь намайг цохиод авсан. Тэгтэл Нас-Очир ирээд салгасан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлсөн. Н-н эмчилгээнд зарцуулсан зардлыг нөхөн төлсөн. Түүнчлэн цаашид шүдээ эмчлүүлэхэд гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гансэлэм бид хоёр ажлаа хийж байгаад манайд хүн орж ирэхгүй болохоор нь бусад караоке хэр их хүнтэй байгааг харах гээд хажуу талын караоке, баар луу ортол нэг хүний халаасыг хүн ухаад байхаар нь бид нар боль гэтэл маргалдсан. Гэтэл Гансэлэмийг нэг залуу нь цохиод авсан. Тэгээд Н гарч ирээд унасан байсан нэгийг нь аваад салгасан. Гэтэл Н намайг хүзүүдсэн байсан. Бат-Эрдэнийг Н 2-3 удаа цохьсон. Би бас Бат-Эрдэнийг нэг удаа цохьсон. Гансэлэм бол хараад зогсож байсан. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бат-Эрдэнийг эмчилгээний зардал хохирлыг нөхөн төлсөн. Н-н гарсан эмчилгээний зардлыг хувааж төлсөн. Цаашид шүдээ эмчлүүлэх зардлыг нөхөн төлнө. Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ” гэв.

Хохирогч Х.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бат-Эрдэнэ бид хоёр найзуудтайгаа хамт архи уугаад, дараа нь бааранд ороод нэг шил архи аваад гарч бүжиглэж байгаад гарахад баарны үүдэнд зодоон болсон. Би нэг мэдсэн гадагшаа гарсан чирэгдээд явж байсан. Тэр талаар сайн санахгүй байгаа. Намайг олуулаа нийлж зодсон. Миний биед учирсан хүндэвтэр гэмтлийг эдгээр 3 хүн учруулсан. Гэмтэл аваад эмчлүүлсэн зардал болох 2.600.000 төгрөгийг энэ гурван шүүгдэгч одооогоор нөхөн төлсөн. Гэвч миний бие одоо дахин хагалгаанд орж эрүүний ясанд суулгасан төмөрийг авхуулах шаардлагатай, мөн унасан болон авхуулсан шүдийг хийлгэх эмчийн заалттай. АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн эмч 12 шүдийг имплант хийлгэхэд нийт 24.785.000 төгрөгийн зардал гарна гэсэн албан ёсны бичиг байгаа. Би энэ зардлыг эдгээр гурван шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэхэмжилж байна. Г, Ш нар миний цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэж байгаа тул гомдол саналгүй” гэв.

Хохирогч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ням-Очиртой хамт гэртээ байж байтал Г, З хоёр үүдэнд ирчихлээ гэхээр нь бид 2 гараад машинд нь суугаад нэг шил архи аваад уусан. Архи уусан болохоор машиныг зогсоолд тавиад Сансарын түнел дээр байдаг бааранд ороод дахин нэг шил архи аваад уугаад бүжиглэж байгаад нэг хартал одоо санахад Г байсан байх шууд өшиглөөд байсан тэгээд би ухаан алдаад унасан. Бид нарыг хэл амаар доромжилсон гээд байгаа нь худлаа хэлж байна. Би тэр үед ухаан балартсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. Хохиролд 1.800.000 төгрөг гарсан. Би тус бүрээс 460.000 төгрөг авсан. Шинэболдын хувьд надтай байнга холбоотой байдаг байсан. Одоо бол миний хувьд нэхэмжлэх зүйлгүй. Шинэболд, Гансэлэм нарт бол одоо би ямар нэгэн гомдол саналгүй” гэв.

Хохирогч Б.Золбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны шэнө би найз нар болох Ган-Эрдэнэ, Ням-Очир, Бат-Эрдэнэ нарын хамт Саруул тэнгэр хотхоны хойд талд 0,5 литрийн архи нэг шилийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд тэндээсээ Сансар ороод Камел нэртэй бааранд орсон. Бааранд ороод 0,75 литрийн архи аваад талыг нь л уусан байх. Тэгээд гарья гээд гарах гээд үүд рүү очсон. Тэгээд үүдэнд зодоон болсон...Сандал дээр очоод суусан, тэгсэн дахиад ардаас хэдэн хүмүүс ирж зодсон. 3-4 хүн ирж зодсон...миний санаж байгаагаар Ням-Очирыг эхлээд нэг нь ямар ч байсан цохьсон...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх63-64/,

 

Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан ба би найз нар болох Ган-Эрдэнэ, Золбзяр, Бат-Эрдэнэ нартай Бат-Эрдэнийн гэрт байж байгаад хамтдаа гарч Баянзүрх дүүргийн 3-р хороо Камел нэртэй бааранд орсон юм. Тэндээ байж байгаад Ган-Эрдэнэ согтоод тэгээд бид хэд аваад гарах гэхэд нэг махлаг залуу ирээд ешиглөх шиг болсон тэгээд би мэдэхгүй, баахан хүмүүс ирээд зодоод байсан. Тэгээд хальт гадаа гараад зодуулаад байх шиг байсан...Нокиа маркийн товчлууртай утас байхгүй болсон бас савхин богино цахилгаантай куртик алга болсон...гомдолтой байна...” гэх мэдүүлэг.  /2 хавтас, хх65-66/,

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би найз Ням-Очирын хамт манай гэрт Баянзүрх дүүргийн 24-р хороо Цэргийн 3-р байр 9 тоотод хамт байж байсан юм. Тэгсэн Ган-Эрдэнэ, Золбаяр нар Ням-Очиртой утсаар яриад манай гэр рүү ирж явна гэж хэлсэн...Тэгээд Сансарт ирээд тунелийн дээр байдаг Камел нэртэй бааранд бид 4 орсон ба тэндээ 1 шил 0,75 литрийн архи авсан ба бид нар нэг нэг татаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн...Тэгээд бүжиглэж байгаад үүдэнд гартал манай найз Ган-Эрдэнэ баарны үүдэнд гадаа газар сууж байсан, тэгэхээр нь татах гээд байж байтал миний хажууд нилээн бүдүүн залуу байсан ба намайг түлхээд байсан. Тэгээд тэрнээс хойш би санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт дээд уруулаа оюулаад хэвтэж байсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /2 хавтас, хх69-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №14867 дугаартай дүгнэлт:

  1. Б.Бат-Эрдэний биед хоншоор яс, хамар ясны хугарал, баруун зулай, чамархай, духны зүүн хэсэгт цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд уруулд няцарсан шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2 хавтас, хх-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №14976 дугаартай дүгнэлт:

  1. Х.Ням-Очирын биед эрүүний хоёр талын их бие дайрсан хугарал, зүүн талд хугарлын түвшинд ясны хэлтэрхий үүсгэсэн, баруун талд үений толгой зөрөө ихтэй хугарал, хоншоор ясны түшин хэсгээс зүүн талын хоншоор яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, 3 шүдний булгарал, 1 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл, 2 шүдний сулрал, уруулд шарх зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун зовхинд цус хуралт, зүүн завжинд зулгаралт, баруун алганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учиржээ.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Х.Ням-Очирын биед учирсан 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. /2 хавтас, хх-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1218 дугаартай дүгнээлт:

  1. Х.Ням-Очирын биед доод эрүүний хоёр талын их бие, баруун талын үений сэртэнгийн зөрөөтэй, хоншоор ясны түүшин хэсгийн далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн доод 6,7 баруун доод 5-р шүдийг эрүүний хугарлын улмаас мэс заслаар авсан, баруун дээд 4, зүүн дээд 2,4,5, баруун доод 1,2-р шүдний хугарал, баруун дээд 2, зүүн дээд 1,3 зүүн доод 5,6-р шүд сулрал, тархины доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун зовхинд цус хуралт, зүүн завжинд зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Эрүүний хугарал гэмтлийн үед ээрч, гацаж, ам муруйх, ам гүйцэд ангайхгүй байх, шингэн хоол идэх, амаа ангайж чадахгүй болох шинж илэрч болно.
  2. Х.Ням-Очирын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д заасан "Нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах" гэсэн заалтад хамаарахгүй.
  3. Х.Ням-Очирын 2016-10-27-ны рентген зураг болон БХХСАХНЭмнэлгийн 2016-10-28-ны мэс заслын тэмдэглэлээс үзэхэд баруун дээд 1-р шүд булгарсан, зүүн доод 6,7, баруун доод 5-р шүдийг эрүүний хугарлын улмаас мэс заслаар авсан буюу нийт 4 ширхэг шүдгүй болсон, баруун дээд 4, зүүн дээд 2,4,5, баруун доод 1, 2-р шүд буюу нийт 6 ширхэг шүд хугарсан, баруун дээд 2, зүүн дээд 1,3, зүүн доод 5,6-р шүд буюу нийт 5 ширхэг шүд суларсан байна. Дөрвөн ширхэг шүдгүй болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 15 хувь нөлөөлөх тул 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин бусад шүдний гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Х.Ням-Очирын биед учирсан гэмтлүүдээс биед доод эрүүний хоёр талын их бие, баруун талын үений сэртэнгийн зөрөөтэй, хоншоор ясны түүшин хэсгийн далд хугарал, дөрвөн ширхэг шүдгүй болсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Урьд гаргасан 14976, 904, 901 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. /3 хавтас, хх-148/

 

Хохирогч Б.Золбаярын мэдүүлэг /2 хавтас, хх63-64/, хохирогч Х.Ням-Очирын мэдүүлэг /2 хавтас, хх65-66/, хохирогч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /2 хавтас, хх67-70/, шинжээчийн №14867 дугаартай дүгнэлт /2 хавтас, хх-83/, шинжээчийн №14976 дугаартай дүгнэлт /3 хавтас, хх148-150/, дүрс бичлэг бүхий сиди /2 хавтас, хх-55/ шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

  1.  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ч.Алтансүх нь шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргасан бөгөөд шүүгдэгч О.Г, З.Ш нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргаангүй тул тусгайлсан саналгүй гэж мэтгэлцсэн бөгөөд шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай тооцсон болно.

Харин шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч нар хохирогч Б.Бат-Эрдэнийн биед учруулсан хүндэвтэр гэмтэл болон гэм бурууд маргаангүй, хохирогч Х.Ням-Очирын биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй гэм буруугүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Б.Н хохирогч Х.Ням-Очир, Б.Бат-Эрдэнэ нарын бие махбодид хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел баарны үүдэнд иргэн Х.Ням-Очир, Б.Бат-Эрдэнэ нарыг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.Ням-Очирын: “...Тэндээ байж байгаад Ган-Эрдэнэ согтоод тэгээд бид хэд аваад гарах гэхэд нэг махлаг залуу ирээд өшиглөх шиг болсон тэгээд би мэдэхгүй, баахан хүмүүс ирээд зодоод байсан. Тэгээд хальт гадаа гараад зодуулаад байх шиг байсан... Нокиа маркийн товчлууртай утас байхгүй болсон бас савхин богино цахилгаантай куртик алга болсон... гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Бат-Эрдэний: “...тэгэхээр нь татах гээд байж байтал миний хажууд нилээн бүдүүн залуу байсан ба намайг түлхээд байсан. Тэгээд тэрнээс хойш би санахгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт дээд уруулаа оюулаад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, камерын дүрс бичлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  1. Хохирогч нарт учирсан хохирлын талаар:

Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий 1.800.000 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Г, З.Ш нарт гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн ба хавтаст хэрэгт баримтаар авагдсан Б.Бат-Эрдэнэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нар нөхөн төлсөн байна.

Хохирогч Х.Ннь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий 2.600.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нар нь нөхөн төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүх хохирогч Х.Ням-Очирт учирсан бодит хохирол болон зарцуулсан эмчилгээний зардлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн гэж үзэв.

Харин хохирогч Х.Ням-Очир өөрт учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас цаашид имплант шүд хийлгэх зардалд нийт 24.785.000 төгрөг, мэс засалд орох зардлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилсэн бөгөөд шүүх ирээдүйд гарах зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч Х.Ням-Очир нь гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Мөн хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүү нь хохирогч Х.Ням-Очирт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан ба шүүх энэ хүсэлтийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Х.Ням-Очирт энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь бүрэн арилаагүй болох нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь хавтаст хэрэгт авагдсан АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Г, З.Ш нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг эмчлүүлэхэд цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаанд хохирогч Х.Ням-Очирт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хохирогчид хохирлыг нөхөн төлөхдөө өөрсдөд оногдох хувь хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н, О.Г, З.Ш нар нь хохирогч нарт баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Ч.Алтансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Б.Н, О.Г нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч З.Шинэболдод 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай ялын санал эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан болно.

Шүүгдэгч О.Г, З.Ш нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нар нь хохирогч Х.Ням-Очирын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхгүй гэдгээ дурьдаж, Б.Бат-Эрдэнийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч О.Г, З.Ш нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, цаашид эмчилгээнд гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ням-Очирт учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэх зардлыг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу шүүхээс оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэх боломжгүйг Эрүүгийн хуульд заасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Н ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Б.Н, Х овогт О.Г, Б овогт З.Ш нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Г, З.Ш нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар О.Г, З.Ш нарт 1 жилийн хугацаанд хохирогч Х.Ням-Очирт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Н ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ын урьд цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг хорих эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. О.Г, З.Ш нар нь тус бүр 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

  1.            . Хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Г, З.Ш нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР