Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/154

 

  2025             01             28                                       2025/ДШМ/154

 

Б.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

иргэний нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Т.Балжинням,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/963 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ст холбогдох эрүүгийн 2105 02408 2161 дүгээр хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б.С, 1*** оны * дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл *, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:xx********/;

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт О.Бг “3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна" гэж хуурч, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан түүний өмчлөлийн 106.700.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 64 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Сыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ст оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Саас 106.700.000 төгрөг гаргуулан хохирогч О.Бд олгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14а байрны 64 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө байрны “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо: “...миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаанд хохирогч О.Бд 10.000.000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид уг хохирлыг тодорхой дарааллаар төлсөөр байх болно гэдгээ илэрхийлж байна.

Миний эрүүл мэндийн байдал сахрын өвчнөөс шалтгаалж тархины цусан хангамж сүүлийн саруудад огцом буурсан бөгөөд толгой байнга эргэдэг болсон тул цус шингэлдэг эм байнга хэрэглэн аргацааж байгаа болно. Иймд миний нас, эрүүл мэндийн байдал, мөн хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, төлнө гэсэн хүсэл зорилгыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Т.Балжинням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл, тогтоосон байдал, хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй, бүрнээ хүлээн зөвшөөрч, Б.Сын зүгээс өөрийн гэм бурууд чин санаанаасаа гэмшиж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө байнга илэрхийлсээр ирсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй юм. Хорих ялаар шийтгэгдэж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ хэрэглэснээс хойш түүний зүгээс хохирогч О.Бд олгуулахаар тогтоосон 106.700.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид үлдсэн төлбөрийг шат дараатайгаар, хохирогчийг чирэгдүүлэхгүйгээр төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлээд байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 72 настай Б.Ст оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялаас нэг жилийг хасаж, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр буюу хоёр жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэв.

Хохирогч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С намайг 5 жилийн хугацаанд сэтгэл санааны хүнд байдалд оруулж, орон байргүй болгож, 2 өнчин хүүхэдтэй минь гудамжинд гаргачихаад, хохирлын 10 хувийг төлчихөөд хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсээд сууж байгаад нь би өмнөөс нь ичиж байна. Надад 10.000.000 төгрөг төлсөн. Би 10.000.000 төгрөгөөр байр авч чадахгүй, 5 жилийн хугацаанд намайг зовоочихоод одоо юу хүсээд байгааг нь ойлгохгүй байна” гэв.

Хохирогч О.Бгийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Энэ хэрэг өмнө нь 1 удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан бөгөөд энэ хугацаанд хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлдөггүй, төлөх талаар ямар нэгэн зүйл ярьдаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа өмгөөлөгчөөрөө дамжуулан 10.000.000 төгрөг төлсөн. Б.Сын цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдэгт нь миний үйлчлүүлэгч итгэдэггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Гийн өмгөөлөгч Ц.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тусгайлан хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Прокурорын зүгээс хохирол төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт О.Бг “3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна" гэж хуурч, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан түүний өмчлөлийн 106.700.000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 64 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бгийн “...Би өөрийн эзэмшлийн байр болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 2 дугаар орцны 7 дугаар давхарын 64 тоот байрыг худалдахаар болж, өөрийн танил эгч Гэсэрбадам эгчид хэлтэл найдвартай асуудалгүй худалдаж авах хүн байна” гэж хэлээд надад Б.С, Б.Б гэдэг ах, дүү хоёрыг танилцуулсан. Тэгээд би тухайн хүмүүстэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Варьете чуулга дотор байрлах нотариатаар орж, байраа худалдах гэрээ хийсэн. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлбөрөө 100 хувь төлөхөөр тохирсон. Үүнээс хойш “Ковид-19 цар тахалтай холбоотой ажил хийхгүй байгаа, мөнгөний боломж алга” гэж хэлээд мөнгөө өгөлгүй удаж, энэхүү хугацаандаа надад 2 удаа мөнгө төлөхөө баталж 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болон 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус бүр баталгааны бичиг хийж өгч байсан. ...” /1хх 45/,

иргэний нэхэмжлэгч Г.Гийн “... 2020 оны 11 дүгээр сард манайх байр авах болоод Үнэгүй.мн зарын сайт ороод байр үзэж байтал “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 64 тоот 3 өрөө, 40 мкв байрыг 90.000.000 төгрөгөөр зарна” гэж байхаар нь тухайн зар дээр тавигдсан гар утас руу залгаж холбогдоод уг байрыг очиж үзсэн. Надад байр үзүүлсэн хүн байрны өрөө тус бүрийг түрээсэлсэн байсан. Засвар хийх шаардлагатай, хуучны байр байсан боловч таалагдсан тул тохиролцоод 85.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэгт байх ТҮЦ машинаас Б.С үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахад уг байр нь Б.Сын хууль ёсны өмч мөн байхаар нь өөрийнх нь байр мөн гэж бодсон. Тухайн үед манай байранд түрээслэгч нар байхаар нь 2021 оны 3 дугаар сар хүртэл байраа түрээсэлж байгаад 4 дүгээр сараас түрээслэгч нарыг гаргаад байрандаа засвар хийхээр болж нийт 35.000.000 төгрөгийн бүрэн засвар хийгээд тухайн оныхоо 5 дугаар сарын сүүлээр байрандаа орж амьдарсан. ...” /1хх 55-56/,

гэрч Б.Бын “...О.Бтай “Саруул” захад уулзсан. Тухайн үед Гэсэр эгч болон ах бид хэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14а байрны 64 тоот 3 өрөөг харж сонирхож үзээд Б.С болон О.Б нар хоорондоо гэрээ байгуулсан. Б.С ах 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр тус байрыг өөр хүнд 83.000.000 төгрөгөөр зарсан байсан. Би тус байрыг зарах үед нь ах Б.Саас “та надад 35.000.000 төгрөг зээлчих, би хүүтэй нь хамт танд эргүүлээд өгнө” гэж хэлээд би ахаас зээлж авсан. Би 28.000.000 төгрөгийг “Ланд бридж” ХХК-д өгсөн. Харин 5.507.000 төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн. Үлдсэн мөнгийг нь байгууллагынхаа урсгал зардалд зарцуулсан. Ах Б.Сыг үлдсэн мөнгөө юунд зарцуулсан талаар би сайн мэдэхгүй байна. ...” /1хх 58-59/,

Б.Сын яллагдагчаар өгсөн “... Би З.Гэсэрийг таньдаг байсан. З.Гэсэртэй олон жил уулзаагүй байж байгаад 2020 онд уулзаад гааль, тээвэр зуучлалын мөнгө төлөх гэсэн чинь мөнгө олдохгүй байна гэхэд хүнтэй уулзуулж өгье гээд О.Бтай уулзуулсан. О.Бтай уулзаад “мөнгө хэрэг болоод байна” гэхэд “надад мөнгө байхгүй, манайх байртай, энэ байрыг зараад мөнгө болгоод 110.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа өгөх юм бол тохиролцож болно” гэж хэлсэн тул би О.Бгийн байрыг авахаар болж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нотариат орж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж байрыг авсан. ... 2020 оны сүүлээр буюу 12 дугаар сард Г.Г байрыг худалдан авахаар болж, очиж үзээд үнэ хаялцсан. 100.000.000 төгрөгөөр зарах гэсэн боловч цаг хугацаанд баригдаж тээврийн зардал нэхэгдээд 85.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Уг мөнгөнөөс тээвэр зуучлалын “Ланд бридж” компанид 35.000.000 төгрөгийг өгөхөөр болж Б.Бын данс руу шилжүүлж, буцааж авахаар зээлсэн юм. 10.000.000 төгрөгийг З.Гэсэрт зээлж, жилийн дараа 5.000.000 төгрөгийг буцааж авсан. З.Гэсэрээс 5.000.000 төгрөгийн авлагатай. Үлдсэн мөнгийг нь би өөрийнхөө хувийн бизнесийн ажилд зарцуулсан. ...” тус тус мэдүүлгүүд /1хх 112-113/,

Б.С, О.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх 40/,

Б.С, Г.Г нарын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /1хх 38-39/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний №БГ2-23-1621 дугаартай “...3 өрөө байрыг 106.700.000 төгрөг...” гэсэн тайлан /1хх 82-100/,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14а байрны 64 тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрны гэрчилгээний хуулбар /1хх 228/,

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх 210/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Сыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.С нь “...3 сарын хугацаанд төлбөрийг нь бүрэн төлж барагдуулна...” гэж О.Бтай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх 40/ байгуулж, улмаар үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14а байрны 64 тоот, 40м.кв талбайтай, 3 өрөө байрны өмчлөгч /1хх 210/ болжээ.

Шүүгдэгч Б.С нь дээрх байрны өмчлөгч болсныхоо дараа Г.Гтэй  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /1хх 38-39/ байгуулж, улмаар Г.Г нь дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээг /1хх 228/ өөрийн нэр дээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авчээ.

Шүүгдэгч Б.Сын хохирогч О.Бгийн байрыг худалдан авахаар итгэл үнэмшил төрүүлэн хуурч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныхаа дараа бусдад худалдаж, худалдан борлуулсан мөнгийг хохирогч О.Бд өгөлгүй хувийн хэрэгцээнд зарцуулж, 106.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.С “миний бие шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаанд хохирогч О.Бд 10.000.000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид уг хохирлыг тодорхой дарааллаар төлсөөр байх болно гэдгээ илэрхийлж байна. ... Иймд миний нас, эрүүл мэнд, хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, төлнө гэсэн хүсэл зорилгыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Т.Балжинням “... Хохирогч О.Бд 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид үлдсэн төлбөрийг шат дараатайгаар, хохирогчийг чирэгдүүлэхгүйгээр төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахаа илэрхийлээд байгаа. Иймд Б.Ст хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Шүүгдэгч Б.С нь хохирогч О.Бд 10 сая төгрөг төлж, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байх боловч хохирол төлөхөө илэрхийлсэн байдал нь бодитой биш байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчээс тодорхой хугацаанд хохирогчид хохирлыг төлөх санхүүгийн чадвартай байдлаа нотолсон баримтгүй байх тул хохирол төлөхөө илэрхийлсэн байдлыг хүлээж авах боломжгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Сын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/963 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Балжинням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР