Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ж.Баяндүүрэн,

шүүгдэгч Ц.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ж овогт Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0227 30453 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ж овогт Ц.Г, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Саруул салонд үсчин ажилтай, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 64 дүгээр байрны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТЯ89112119 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 03 дугаар сарын 7-ны оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Касабланка” уушийн газрын хажууд хамтран амьдрагч Ж.Баяндүүрэнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц. Гшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Баяндүүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Г-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Баяндүүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г над руу байн байн залгаад байхаар нь би хаана байгаагаа хэлээд хүрээд ир гэж дуудсан. Ц.Г удалгүй миний байгаа газар ирээд шууд намайг явъя гэж гэж хэлээд намайг хүчээр дагуулж гарсан. Би гарахгүй гэж нилээн ноцолдож цохьсон. Тэр үед Ц.Г миний нүүр рүү гараараа нэг удаа, баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа гараараа маш чанга цохьсон. Ц.Г миний цүнхийг авчаад өгөхгүй байсан. Ц.Г миний цүнхнээс миний хэтэвчийг аваад зугтаагаад яваад өгсөн. Би найзынхаа гэрт ороод утсаа цэнэглээд асаатал миний картнаас 200.000 төгрөг авсан гэсэн мессэж ирсэн...” гэх мэдүүлэг. /хх6-7/,

 

Яллагдагч Ц.Г мэдүүлэхдээ: “...Намайг очиход Баяндүүрэн найз Отгоогийн хамт байсан бөгөөд тэр хоёр дарс уугаад сууж байсан. Би тус караокены өрөөнд ороод эхнэр Баяндүүрэнгийн хажууд суухад чи Сансарын тунелын тэнд нэг улаан куртиктэй хүүхэнтэй хамт явж байсан уу, би чамайг харсан шүү гэж хэлээд уурлаад миний нүүр, цээж, гар руу цохиод зайл гэж хэлсэн. Тэгээд би Баяндүүрэнг за явъя, гэр рүүгээ явъя гэж хэлэхэд явахгүй байхаар нь Баяндүүрэнг өргөөд караокены өрөөнөөс гарахад явахгүй гэж эсэргүүцээд байхаар нь би цүнхийг нь барьж байсан тул архи авах гээд цүнхнээс нь түрвийвчийг нь гаргаж ирээд виза картыг нь авсан. “...Би Баяндүүрэнгийн баруун гарны булчин хэсэгт нэг удаа цохьсон ба мөн Баяндүүрэнгийн цүнхийг нь авах гээд гарнаас нь булаацалдаж байхдаа санамсаргүйгээр нүд рүү нь цохьсон...” гэх мэдүүлэг. /хх12-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №3425 дугаартай дүгнэлт:

  1. Ж.Баяндүүрэнгийн биед үзлэгээр баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-15/,

Хохирогч Х.Очирмөнхийн мэдүүлэг /хх-7/, гэрч Д.Ганбаярын мэдүүлэг /хх-32/, шинжээчийн №104 дугаартай дүгнэлт /хх-12/, яллагдагч С.Ариунболдын мэдүүлэг /хх-10/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 03 дугаар сарын 7-ны оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Касабланка” уушийн газрын хажууд хамтран амьдрагч Ж.Баяндүүрэнтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт  Ц.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Г-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц.Гад оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР