| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2209031170392 |
| Дугаар | 2025/ДШМ/155 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 17.3.2.2., 17.8.1., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/155
2025 01 28 2025/ДШМ/155
Б.Ц, Ч.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Анужин,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,
шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал, Э.Уянга, Б.Оюунбилэг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг нарын гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар Б.Ц, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2209031170392 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Ч.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи-Монгол хэл судлаач, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод оршин суух, /РД:хх********/,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *00 нэгжээр буюу *00.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,
2. Х овгийн Б.Ц, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ривер Вилла хотхоны ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Бугийн амны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:хх********/;
1. Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.Цид “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 2* дугаар гудамжны ** тоот 507 м.кв талбайтай газрыг 350.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа, одоогоор 130.000.000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа, хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот данс руу:
2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130.000.000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 193.000.000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн залилан авч, Ч.Цид их хэмжээний буюу нийт 342.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг:
2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн * дугаар хороо, “Грийн скай” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 3 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,
2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “гарч зугтаалаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, өшиглөж, багалзуурдаж, цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдаж, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж, хамар луу нь мөргөж зодсон зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
3. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
4. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (Iphonе 13 рrо mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Хамтран амьдрагч Б.Цтой үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0.2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Б.Ц нь хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0.2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар * сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан * сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сиди /диск/-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн иштэй хайч 1 ширхэг, хуванцар соруул мэт зүйл 1 ширхэг, хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав 1 ширхэг, амьтны дүрстэй лааны суурь 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй бохир тамхины иш 1 ширхэг, хар улаан судалтай шаргал өнгийн дөрвөлжин төмөр сав 1 ширхэг, жижиг хуванцар соруул 1 ширхэг, хөвөн бамбар 1 ширхэг, зиплок түгжээтэй уутанд хийсэн 0.2451 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, 1 ширхэг гэмтэлтэй “Iphone 13 pro max” гар утсыг шүүгдэгч Б.Цд буцаан олгож, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бы нэр дээрх арилжааны банкнууд дахь дансны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоож холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “...миний бие багын найз Ч.Цтой газрын наймаа хийсэн бөгөөд Ч.Ц газрын үнийг бүрэн төлөөгүй байсан ба бид урьдын төлбөр тооцоо, өглөг, авлагын асуудлаа шийдэж дууссаны дараа газрыг Ч.Цийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Сүүлдээ бидний хооронд үл ойлголцол үүсч хуулийн байгууллагад хандсан. Миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг шүүх ял оногдуулахдаа анхаарч үзнэ үү.
Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч Ч.Цид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба өөрийн нэр дээр байсан газраа Ч.Цийн нэр дээр бүрэн шилжүүлж өгсөн.
Миний бие 3-12 насны 4 хүүхэд болон өндөр настай, саажилттай эхийн хамт амьдарч, ажил хийж тэднийгээ асран хамгаалж, тэжээн тэтгэдэг. Энэ хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга-2015 он/ санаачлагчийн дэвшүүлсэн бодлого, түүний зорилго нь эрүүгийн хариуцлагын хувьд хариуцлагын төрлийг өөрчилж, хөнгөрүүлэх, хорихоос бусад төрлийн хариуцлага хүлээлгэх, илүү өргөн цар хүрээнд ялыг ялгамжтай оногдуулахад чиглэн шүүгдэгчид боломж олгохоор хуульчлагдсан.
Хэдийгээр анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлага оногдуулах онцгой эрх олгогдсон ч шүүх практик тогтоох нь чухал ач холбогдолтой буюу шүүх, шүүгчийн оногдуулсан эрүүгийн хариуцлага өөр өөр байх нь шүүх ял шийтгэхдээ ялгамжтай хандах ойлголтыг өөрөөр ойлгож хэрэглэж байгаа мэтээр харагдаж байна.
Миний үйлчлүүлэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордууллаа. Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байтал түүнийг хорих ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.
Мөн давж заалдах гомдолд бичигдээгүй буюу шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.14 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт залруулга хийсэн. Би давж заалдах гомдолдоо ямар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ямар гэмт хэрэгт яаж ял шийтгэх вэ гэдгийг шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэнээр бичсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцчихоод мөн хуулийн ерөнхий ангийн *.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэхдээ 2 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлд зааснаар ялыг бичээд нэмж нэгтгэсэн байгаа. Давж заалдах гомдол гаргасны дараа шийтгэх тогтоолд залруулга хийгээд оролцогч нарт гардуулсан гэж би ойлгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулж болно” гэж заасан. Гэтэл шийтгэх тогтоолд хийсэн залруулга нь үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдаа биш, утга найруулгын хувьд алдаа гаргаснаа зассан байгаа юм. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*.14 дүгээр зүйлд зааснаар залруулах боломжгүй учраас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.” гэв.
Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *.7 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгч Ч.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг гаргасан.
Ч.Б гэгч нь 2018 оноос Б.Цтой гэр бүл болон хамтран амьдарч тэдгээрийн дундаас 3-5 насны 3 хүүхэд төрсөн, тэд гэрлэлтээ батлуулаагүй ба 2022 он хүртэлх хугацаанд Б.Цг байнга дарамталж эрх чөлөөнд халдаж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан байх ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 704 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлж байсан байна.
Гэвч түүнээс хойш дахин давтан 2022 оноос хойш прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн 209 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар 9 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Цг удаа дараа “зодож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар * сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Цгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүх Б.Цг хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод орших гэртээ “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь, Ч.Быг шүүхээс дээр дурдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан атлаа түүний хүчирхийлэл дарамтанд байсан, удаа дараа хүчирхийлэлд автаж байсан Б.Цг түүнтэй “үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж үзэж байгаа нь байж боломгүй бөгөөд энэ нь зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Б.Цг буруутгасан үйлдэл бүхий 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Б нь Б.Цг өөрөө дуудаж “эвлэрье” гэж хэлэн Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод орших гэртээ аваачсан ба уг газарт Б.Ц оршин суудаггүй, тэнд очихдоо Ч.Бы гэрт мансууруулах бодис байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.
Түүнчлэн, Ч.Быг сэтгэцэд нөлөөлөх бодис гарган ирж түүнийг дарамтлан татуулсан тухай өөрийн төрсөн эх Ж.Эрдэнэчимэгт утсаар мессеж бичиж мэдэгдэн, улмаар ээж нь цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр энэ хэрэг шалгагдаж эрүүгийн хэрэг үүссэн.
Ийм байхад Б.Цг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэн түүнд ял оногдуулсанд гомдолтой байна.
Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг удаан хугацаанд шалгаж байсан ба энэ хугацаанд хүртэл Б.Цг удаа дараа “эвлэрье, хүүхдүүдээ бодъё” гэж хуурч мэхлэн сэтгэл санааны тогтворгүй байдалд оруулан яаж мэдүүлэг өгөхийг нь хүртэл заан дарамтлан байснаас Б.Цгийн мэдүүлгүүд хүртэл зөрүүтэй болж хүчирхийлэл үргэлжилж байсан байна. Иймд Б.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.
Хүчирхийлэгч хүнтэй санаагаараа нэгдэнэ гэж байхгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Б.Цгийн эх хууль, шүүхэд ажилладаг учраас охиноо утсаар ярихад нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч охиноо шоронд хийх юм уу. Шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа тул Б.Цг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар түүнийг цагаатгах байр суурьтай байгаа. Мөн бодисыг хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Хар тамхи хэрэглэсэн үйлдэлд нь зөрчлийн арга хэмжээ аваад дуусчих ёстой байсан асуудлыг гэмт хэрэг үйлдсэн болгож, гэр бүлийн хүмүүсийг шалгаж байгаа нь харамсалтай байна. Шүүх хэргийг шийдвэрлэж чадахгүй, сүүлд нь залруулга хийснийг гайхаж байна. Иймд Б.Цг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг хүн ямар ч эрх байхгүй. Өөрийнхөөрөө тайван ч унтаж чадахгүй. Хамт амьдрах гээд очдог боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулаад буцаад явдаг. Гэхдээ дандаа амьдарна гэсэн итгэл төрүүлдэг. Тэгээд уучлаад буцаад ирдэг. Би бага насны 3 хүүхэдтэй учраас насаараа ганцаараа амьдрахаас айж нөхрөө хайрласан. Би дахин хүнтэй суухгүй, эр хүнгүй 3 хүүхдээ яаж тэжээх юм гээд нөхрөө зөв ч бай, буруу ч бай засаад авъя гэж бодсон.” гэв.
Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Б.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Цгийн хувьд Тэрэлжийн * тоотод 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Ч.Бтай хамт сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байдаг. Шүүгдэгч нар нь тухайн газарт сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үйлдэл нь хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Мөн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын эмч нарын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дүгээр “Б.Ц нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, донтой байна” гэсэн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтран хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэм буруутай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч нараас хохирол төлбөр барагдуулсан байтал хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Хохирогчид 2022 оны 5 дугаар сард хохирол учирсан байдаг. Гэхдээ хохирол төлбөрийг шүүхийн шатанд буюу 2 жилийн дараа хэргийг шүүхэд шилжүүлсний дараа төлж барагдуулсан байдаг. Мөн ямар нэгэн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байдаггүй бөгөөд анхан шатны шүүхээр 2 удаа тус хэргийг хэлэлцэхэд гэм буруу дээр маргадаг. Хохирол төлбөр барагдуулснаар залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цгийн хувьд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хэрэгт, шүүгдэгч Ч.Бы “...Тухайн үед Б.Ц маргалдаад тус зүйлийг хайртай л юм бол эндээс нэг сорчих, гоё гэж хэлж ятгасаар байгаад соруулсан. Би тус зүйлийг юу гэдгийг мэдэхгүй сорсон. Ингээд орой унтаж байхад цагдаа нар гэрт ороод ирсэн байсан ба намайг сэрээгээд аваад явсан. Би тус зүйлийг хэрэглэдэггүй, тэр өдөр намайг ятгаад хэрүүл хийгээд байхаар сорчихсон юм...” /2хх 22-24/,
шүүгдэгч Б.Цгийн “....2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амрах гээд байж байтал Ч.Б нойл руу орчихоод удаад байхаар нь араас нь ортол Ч.Б өөрөө хийсэн бортогны шилээ цэвэрлээд хар тамхиа татах гээд гаргаад ирсэн байсан. Намайг хараад чи архи шаах юм уу?, хар тамхи шаах юм уу?, нэг бол групп шаах юм уу? гэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, би татахгүй гэхэд надад итгэдэг юм бол тат, нэг бол цагдаад барьж өгөхгүй чинь үнэн юм бол тат гээд дахиад зодох гээд аймаар дайрч зандарч хэлэхээр нь би айгаад хар тамхинаас нь татсан...” /1хх 207-210/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5825 дугаар “...Б.Ц гэж хаягласан цус, шээсний дээжинд метамфетамин илрэв...” /3хх 47-49/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгэцийн эмч О.Баатаржав, Л.Баттулга, Я.Ганхүү нарын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай “...Б.Ц нь метамфетамины хамаарал /даслын хам шинж/ бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна. ...” /3хх 84-86/ тус тус дүгнэлтүүд авагджээ.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Цг хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0.2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ.
Мансууруулах бодисоос хамааралтай болох нь өөрөө сайн дураар хэрэглэн дадалтай болохоос гадна хүчирхийлэл дор хэрэглэж дасан зохицох байдлаар хамааралтай болох тохиолдлууд байдаг. Шүүгдэгч Ч.Б нь Б.Цтой хамтран амьдрахдаа бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд оруулсан, уг хүчирхийлэл нь Б.Цг түүнээс хамааралтай амьдрах нөхцөлд оруулсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, гэрээс нь мансууруулах бодис олдсон байдал нь тухайн гэр бүлийн бүх гишүүдэд хамааралтай гэж үзэх нь хэт өрөөсгөл болох бөгөөд хэн нь тухайн бодисыг ямар зорилгоор олж авдаг, хэрэглэдэг талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст тухайн гэр бүлийн гишүүдийн харилцааны нөхцөл байдал, аж амьдралын хэв маягийг олон талаас нь авч үзсний үндсэн дээр гэм буруутай байж болох этгээдийг тодорхойлох, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой.
Мансууруулах бодисыг шүүгдэгч Б.Ц, Ч.Б нарын хэн нь олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, шүүгдэгч Б.Цгийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь болон метамфетамины хамаарал /даслын хам шинж/ бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байдал, түүнчлэн гэрээс нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олдсон байдал нь түүнийг уг бодисыг хадгалж байсан гэж гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.Цгийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, шүүгдэгч Ч.Баас хамааралтай амьдарч байсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нар хамтран гаргасан “...Б.Цг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Быг шүүхээс дээр дурдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан атлаа түүний хүчирхийлэл дарамтанд байсан, удаа дараа хүчирхийлэлд автаж байсан Б.Цг түүнтэй “үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж үзэж байгаа нь байж боломгүй бөгөөд энэ нь зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Б.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдаж байна.
Мөн шүүгдэгч Ч.Бы 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилсэн хэргийн үйл баримтад хамааруулан авч үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал нь хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэлд байнга оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр илрэн гардаг ба дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учирсан байхыг шаарддаггүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэдэг нь гурав болон түүнээс дээш удаа гэсэн давтамжийг тодорхойлсон ойлголт бөгөөд “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа хийсэн байх аль ч тохиолдолд уг гэмт хэргийн шинжийг хангана.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн энэ хүндрүүлэх шинж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бие даасан гэмт хэргээс ялгаатай болно.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох “байнга” буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэх нөхцөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт шаардахгүй юм.
Хууль тогтоогчоос гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх сэдэлт, зорилгоор хэн нэгэндээ хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр зүйлчлэхээр буюу тухайн зүйл, хэсгүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан бол гэсэн нөхцөлийг заан хуульчилсан байна.
Тухайлбал, хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс хамааран Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх бөгөөд тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн шинжид хамааруулан давхар зүйлчлэхээргүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн үйл баримтаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг давхар зүйлчлэх шаардлагагүй тул хэрэгсэхгүй болгов.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ч.Б нь:
1. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.Цид “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 2* дугаар гудамжны ** тоот 507 м.кв талбайтай газрыг 350.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа, одоогоор 130.000.000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа, хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот данс руу:
2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130.000.000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 193.000.000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн авч, Ч.Цид их хэмжээний буюу нийт 342.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Цийн “...1988 оноос хойш найзалсан найз Ч.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 507 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газраа 350.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэсэн. Уг газар 129.000.000 төгрөгийн барьцаанд байгаа үүнийг төлчих юм бол банкнаас суллаад миний нэр дээр шилжүүлнэ гэхээр нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130.000.000 төгрөгийг Ч.Бы данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө гүйцээгээд хийчих гэхээр нь 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 192.000.000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 342.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө авсан цаг хугацаанаас хойш Ч.Б нь удахгүй нэр дээр чинь шилжүүлчихнэ гэж хэлж байснаа сүүлдээ би чамд газраа өгөхгүй, надаас юм олж долоохыг чинь харна. Чи өөрийнхөө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газраа надад зар, тэгвэл би чамд газрыг чинь өгнө гэж хэлдэг болсон. ...” /1хх 30-31/,
шүүгдэгч Ч.Бы яллагдагчаар өгсөн “...Ч.Ц нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 507 м.кв газрыг 350.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэх санал тавьсан. Тэгээд миний Хаан банкны данс руу 342.000.000 төгрөгийг цувуулж 2022 оны 7 дугаар сарын үед шилжүүлсний дараа уг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр шилжүүлчих гэж гуйсан. Тэгэхээр нь би Ч.Цид хандан чи өмнөх машиныхаа мөнгийг дутуу өгч байсан, мөн одоо бас газрынхаа мөнгийг дутуу өгчхөөд миний нэр дээр шилжүүлчих гээд байх юм, тийм зүйл байхгүй гэж хэлсэн. ... Би Н.О гэх хүнд уг үл хөдлөх хөрөнгийг 300.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Энэ талаар Ч.Цид хэлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, бид хоёрын наймаа буцсан. Би Ч.Цоос авсан 342.000.000 төгрөгөөс өөрийн нэр дээрх 129.000.000 төгрөгийн зээлийг хаагаад үлдсэн мөнгийг хувийн бизнестээ зарцуулаад дууссан. ...” /1хх 136-137/,
гэрч Н.Оын “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоотод байрлах 507 м.кв талбай бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг би Ч.Баас түрээсэлдэг байсан. Гэтэл Ч.Б уг газрыг худалдаж авах уу гэх санал тавихад зөвшөөрч 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, 135.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдэх мөнгийг дансаар болон бэлнээр өгч дуусгасан. Би тухайн үл хөдлөх хөрөнгийг Голомт банкны барьцаанд байгаа гэдгийг л мэдэж байснаас өөр хүн худалдаж авсан гэдгийг мэдээгүй. ...” /1хх 173/ тус тус мэдүүлгүүд,
Ч.Бы газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 115, 118/,
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б, Н.О нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 114/
Н.Оын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа /1хх 119, 109/,
Хаан банк ХХК, Голомт банк ХХК, Хас банк ХХК, Төрийн банк ХХК-ийн дансны хуулга /1хх 38-97, 2хх 96-101, 3хх 149-2**/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
3. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг:
2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн * дугаар хороо, “Грийн скай” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 3 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,
2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “гарч зугтаалаа” гэх шалтгаанаар үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдан цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж, хамар луу нь мөргөж зодсон зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Б.Цгийн хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тэрэлжид байрлах амралтын газар элдэв зүйл ярьж хардаад буланд шахаад гараа зангидаад нүүр, нүд, тархи, толгой руу маш олон удаа цохиж зодсон. Мөн зүүн хөлийн шилбэ рүү маш хүчтэй өшиглөсөн. ... 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Ч.Б эмнэлэгт эргэж ирээд урьд болсон асуудлаа яриад дахиад хоорондоо маргалдаад миний баруун хацар руу нэг удаа алгадсан. ... 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ч.Б унтаж байгаад сэрээд огт маргалдаж муудалцаагүй байхад “муу янхан минь, гичий минь” гэснээ “чи муу урьд уулзаж байсан залуучуудтайгаа янхандаад байна уу” гэж хэлснээ шууд намайг үсдээд гараа атгаж байгаад хоёр гарын булчин руу маш олон удаа цохисон. ... 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б араас гүйцэж ирээд намайг заамдаж аваад чирээд шууд гэрт оруулаад буланд шахаад үсдээд, элэгдэж, өшиглөж зодоод багалзуурдаад чирсэн. ... 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ч.Б “чи хэнтэйгээ шаалцаж байгаад ирсэн юм бэ, чамайг хаана юу хийж яаж банзалдаж явсныг чинь намайг мэдэхгүй гэж бодоо юу” гэснээ миний үснээс зулгаагаад буланд шахаад багалзуурдаад газар унагаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. ...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “чи угаасаа янхан ш дээ чамайг угаасаа алахад хэн ч гомдолгүйдээ” гэж хэлээд баруун гарын тохой хэсгээрээ миний толгойны баруун хэсэг рүү 5-6 удаа, зүүн гараараа зүүн талын ташаа хэсэг рүү 2 удаа, гуя, ташаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. ... 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 11 цагийн үед Ч.Б над руу нэг их эвгүй харж байснаа “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж хэлээд толгойгоороо миний хамар руу мөргөөд миний хамраас маш их цус гарсан. ...” /1хх 207-220/,
гэрч Г.Тэгшсайханы “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүн орилоод хашхирахаар нь гэрээс гүйгээд гартал Б.Ц хашааны хаалга руу гүйгээд явахаар нь өөдөөс нь дуудаад зогсоогоод яваад очтол Ч.Б агсам тавиад байна, би цагдаа дуудчихлаа гээд хашааны хаалганы гадаа зогсоод цаанаас нэг машины гэрэл гарсан чинь тэрийг тосоод гүйгээд явахаар нь би гэр лүүгээ буцаж ороод унтсан. ...” /1хх 227-229/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаар “...Б.Цгийн биед тархи доргилт, нүүр, цээж, нуруу, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх 237-238/ дүгнэлт,
хохирогч Б.Цгоос гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 35-44, 48-*0, *3-74/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх 77-**/ зэрэг нотлох баримтуудаар,
4. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (Iphonе 13 рrо mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Б.Цгийн хохирогчоор өгсөн “....2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 11 цагийн үед Ч.Б над руу нэг их эвгүй харж байснаа “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж хэлээд толгойгоороо миний хамар руу мөргөөд миний хамраас маш их цус гарсан. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа автал араас ирээд миний утсыг булааж аваад шидээд, дээрээс нь дэвсээд сүүлдээ аваад хутганы арын ишээр цохиод эвдсэн. ...” /1хх 207-220/,
шүүгдэгч Ч.Бы “...Шөнө унтаж байтал Б.Цгийн утас дуугараад байсан. Тэр үед нь анзаараагүй. Өглөө босоод би “шөнө хэн залгаад байсан бэ” гэсэн чинь Б.Ц “аан манай нэг найз л байна, яах гээд байгаа юм чи” гээд уурлаад орилсон. Би Б.Цгийн утсыг аваад шөнө залгаад байсан дугаар луу нь залгаад ярьсан чинь нэг залуу аваад “ахаа бид хэд шөнө бааранд байсан юм, өмнө нь Б.Цгийн надаас асуусан зүйлийг нь хэлэх гээд залгасан юм” гэсэн. Тэгээд миний уур хүрээд Б.Цгийн Iphonе 13 рrо mах маркийн гар утсыг хана руу саваад шидсэн. Хананд ойгоод буцаад миний урд хүрээд ирэхээр нь би цаашаа өшиглөчихсөн юм. ...” /2хх 23-24/ тус тус мэдүүлгүүд,
Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ТХҮ-122/0114 дугаар “...Iphonе 13 рrо mах гар утас 2.800.000 төгрөг...” гэх дүгнэлт /1хх 8-10/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ч.Бы өгсөн “...Тухайн үед Б.Ц маргалдаад тус зүйлийг хайртай л юм бол эндээс нэг сорчих гоё гэж хэлж ятгасаар байгаад соруулсан. Би тус зүйлийг юу гэдгийг мэдэхгүй сорсон. Ингээд орой унтаж байхад цагдаа нар гэрт ороод ирсэн байсан ба намайг сэрээгээд аваад явсан. Би тус зүйлийг хэрэглэдэггүй, тэр өдөр намайг ятгаад хэрүүл хийгээд байхаар сорчихсон юм. ...”/2хх 22-24/,
шүүгдэгч Б.Цгийн “...би айгаад хар тамхинаас нь татсан. Ч.Б тамхиа татахаараа аймаар ааштай болчихдог болохоор би тайвшруулж байгаад унтуулаад шөнө 03 цагт ээж рүү залгаж цагдаа дуудуулсан. ...Ч.Б надтай суухдаа л хар тамхи хэрэглэдэг байсан байна лээ. Намайг жирэмсэн болоод хамт амьдардаг байхад гэрт аягүй их соруул байдаг байсан. Хүүхдүүдийн нус, угжны соруул алга болчихдог байсан. Нэг өдөр Ч.Б уучихсан, би үхлээ гээд дуудаад байхаар нь гэрт нь очиход шартаж үхлээ, жаахан юм татчих уу гээд надаас асуугаад хар тамхи татахад нь би түүнийг мэдсэн. ...” /1хх 207-210/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дүгээр “...хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав, эрээн төмөр саван доторхи жижиг хуванцар соруул, мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” /3хх 50-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5827 дугаар “...Ч.Б гэж хаягласан цусны дээжинд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” /3хх 5*-58/ тус тус дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 184-18*/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Бы “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ** дугаар гудамжны ** тоот 507 м.кв талбайтай газрыг 350.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа, одоогоор 130.000.000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа, хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” гэж хохирогч Ч.Цоос 342.000.000 төгрөг авсан атлаа уг газрыг бусдад худалдаж, уг газрын өмчлөх эрхийг Н.От шилжүүлэн их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Гэр бүлийн харилцаатай хүн болох Б.Цг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
“цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (Iphonе 13 рrо mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ч.Б “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч Ч.Цид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба өөрийн нэр дээр байсан газраа Ч.Цийн нэр дээр бүрэн шилжүүлж өгсөн, надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал “...миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байтал түүнийг хорих ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгч Ч.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд заасан хорих ялын хэмжээнээс багасгаж ял оногдуулдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэснийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Бы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолын Б.Цд холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Цг цагаатгасугай.
2. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Налайх дүүргийн * дугаар хороо, Тэрэлжийн * тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосгуай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулсан хэсэгт “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ...” гэж өөрчилсүгэй.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Ч.Бд холбогдох заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
*. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР