Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01685

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01685

 

 

 

П.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01814 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Д хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3809 дүгээр шийдвэрээр 39 000 000 төгрөгийг Б.Пүрэв-Очирт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 146 000 000 төгрөг бөгөөд орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хураан авч, битүүмжлээд, үнэлгээ хийхээр болсон. Нэхэмжлэгч өөрийн орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 146 000 000 төгрөгөөр үнэлж хэлсэн боловч хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар шинжээч томилж, улмаар шинжээч нь орон сууцыг 46 370 000 төгрөгөөр үнэслсэн байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнээр үнэлж, өмч хөрөнгийг нь үнэгүйдүүлж байна. Иймд орон сууцыг 46 370 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3809 дүгээр шийдвэрээр П.Дашсүрэнгээс 39 000 000 төгрөгийг гаргуулж, Б.Пүрэв-Очирт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч П.Дашсүрэнд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2204075506 дугаартай, 44 мкв бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 9 дүгээр байрны 35 тоот орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19250465/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/01 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 146 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Б.Пүрэв-Очир үнийн саналыг хүлээн зөвшөөрөлгүй, хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд тус орон сууцыг 46 370 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11160 дугаар мэдэгдэл, тайлангийн хамт төлбөр төлөгчид гардуулан өгсөн. Үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 32 459 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч П.Д гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075506 дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 9 дүгээр байрны 35 тоот хаягт байрлах, 44 м.кв талбайтай, 2 өрөө бүхий орон сууцыг 46 370 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Дашсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Д давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүх хөрөнгийн үнэлгээний тайланг туйлын үнэн мэтээр нотлох баримтаар үнэлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон байна. Шүүх тухайн бүс нутагт яг ижил хэмжээ болон байрлалтай орон сууцнууд 68 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэж зах зээлд худалдаалагдаж байхад хууль бусаар гарсан хөрөнгийн үнэлгээг үндэслэн шийдвэрээ гаргасан. Шинжээчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг бодит бусаар гаргахдаа байрлал, чанарын хувьд харьцангуй доогуур үнэтэй орон сууцнуудтай жишиж харьцуулах замаар үнэлгээ гаргаж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01814 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч П.Дашсүрэн нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төлбөр төлөгч П.Дашсүрэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03809 дугаар шийдвэрээр 39 000 000 төгрөгийг төлбөр авагч Б.Пүрэв-Очирт төлөх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан байна. /хх 119-120/

 

Хариуцагч байгууллага нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 291 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол /13180/, 9 дүгээр байрны 35 тоот хаягт байрлах, 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19250465/01 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 45-46/, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/01 дугаар тогтоолоор /хх 49-50/ тус тус хураан авсан үйл баримт тогтоогдсон.

 

Төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 146 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Б.Пүрэв-Очир эс зөвшөөрч, шинжээч томилох хүсэлт гаргасан тул хариуцагч байгууллагын зүгээс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 46 370 000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч П.Дашсүрэнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн байна. /хх 51, 53-54, 92/

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч нь ...тухайн бүс нутагт яг ижил хэмжээ болон байрлалтай орон сууцнууд 68 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад үнэлгээг бодит бусаар гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Давж заалдах журмаар гомдол гаргасан нэхэмжлэгч нас барсан бөгөөд түүний охин Д.Туяа эрх залгамжлагчаар оролцох хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг сольсон болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01814 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ