| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306043152718 |
| Дугаар | 2025/ДШМ/156 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/156
2025 01 28 2025/ДШМ/156
Ч.Сд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Манилцэцэг,
шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1342 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Сд холбогдох эрүүгийн 2306043152718 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ч.С, **** оны * дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шанд **-** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;
- Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2 тонн самар худалдан авахаар портер хөлслөөд явж байна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Оаас 7.000.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сгаас 5.310.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.От олгож, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний аав Чойноо 84 настай, хэвтэрт байдаг. Би аавыгаа асран хамгаалдаг ба 2 хүүхэдтэй. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Хажуугаар нь ажил хийж амьдарлаа авч явдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Сгийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн.
Шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээрээ маргаагүй, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2-т “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг сайтар тогтоолгүйгээр ял оногдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Учир нь, шүүгдэгч Ч.С нь бага насны буюу 3 настай Ч.Сгийн Б, 7 настай Ч.Сгийн Э нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Шандын *-** тоотод амьдардаг, өрх толгойлсон эцэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 3 хүртэлх насны ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн болон ар гэрийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Манилцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Ч.Сг анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.С өмнө нь 2 удаа ял шийтгэгдэж байсан болох нь тогтоогддог. Хэдий гэрлэлтийн баталгаагүй боловч хүүхдүүдийн төрсний гэрчилгээнд асран хамгаалагч, эх н.Н гэдэг хүн бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны шатанд шүүгдэгч хохирогчид учирсан 5.300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа ухамсарлаж байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урдын танил Л.Г.Олуу утсаар ярьж, 2 тонн самар худалдан авахаар портер хөлслөөд явж байна, та дүүдээ самар авах 7.000.000 төгрөг миний дансанд яаралтай хийгээд өгөөч, та итгэхгүй бол жолоочтой гар утсаар ярь гэж хэлээд үл таних хүнтэй яриулан итгэл үнэмшил төрүүлж 7.000.000 төгрөгийг Хаан банкны ********** тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Оын “...Би Ч.С гэдэг хүнтэй 2017 оны үеэс Эмээлтэд түүхий эд авдаг байх үед надад арьс шир зардаг байх үеэс нь танилцсан бөгөөд надад түүхий эд өгч авдаг, түүхий эд авахад хэрэгтэй гээд мөнгө төгрөг зээлээд өгч аваад өдийг хүрсэн. Эмээлтэд байдаг танил дүү Ч.С намайг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн тамгын газрын байрны хажуугийн байранд өөрийн дүү Одмоогийн гэрт байх үед над руу өөрийнхөө 99010139 дугаараас миний 99990508 дугаар руу залгаад “ахаа би Батсүмбэр рүү 2 тонн самар авахаар портер хөлслөөд явж байна. Та дүүдээ самар авах 7.000.000 төгрөг миний дансанд яаралтай хийгээд өгөөч, та итгэхгүй бол жолоочтой гар утсаар ярь” гэж хэлээд үл таних хүнтэй яриулахад “би портерын жолооч, хамт явж байна, Батсүмбэрээс самар ачих гэж байна” гэж хэлсэн. Би итгээд өөрийнхөө Хаан банкны данснаас Ч.Сгийн надад өгсөн дансанд 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгөхгүй 2 сар гаруй хугацаанд алга болчихоор нь би хайж байгаад Цоглог хотхонд байр түрээсэлж байхад нь олж очоод мөнгөө авах тухай хэлэхэд “надад мөнгө байхгүй, та миний унаж яваа Приус-30 машиныг ав, би 19.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би машиныг аваад шалгатал уг машин нь банк бус дээр барьцаанд байсан. Тэр машиныг би хэсэг хугацаанд өөрийнхөө гэрийн хашаандаа хадгалж байх үед Тэнүүн сүлд банк бус санхүүгийн байгууллагын өмч байсан бөгөөд уг Банк бус санхүүгийн байгууллагатай уулзахад машинаа хайгаад явж байна гээд гэхээр нь тухайн байгууллагын хуулийн зөвлөх гэх хүнд өгсөн. Уг машин нь 915.000 төгрөгийн торгуультай, банк бус дээр 14.360.000 төгрөгийн өртэй машин байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл мөнгө өгөхгүй алга болсон болохоор нь би цагдаад хандаж байгаа юм. ... /хх 71-72/,
гэрч Ч.Бын “...Анх манай байгууллага дээр О гэдэг хүн ирж Приус 30 маркийн машиныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 14.960.000 төгрөгөөр унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавиад гэрээ хийж баталгаажуулж мөнгөө аваад машинаа унаад явсан юм. Тэгтэл О нь Ч.С гэдэг хүнийг 2023 оны 06 дугаар сард дагуулан манай байгууллага дээр ирээд би өөрийн нэр дээр байгаа танайхаас явдгаар зээлээр авсан 79-21 УБХ улсын дугаартай Приус 30 маркийн машинаа Ч овогтой Ч.С гэдэг хүнд өгөхийг хүсэж байна, зээлийн үлдэгдлийг Ч.С төлөөд нэр дээрээ шилжүүлж авна гэсэн хүсэлт гаргахаар нь бид нар хянаж үзээд Ч.С зээл төлж машин авахаар болсон. Ч.С нь уг машиныг авсан өдрөөс хойш огт төлөлт хийлгүй алга болоод манайхаас төлөлтөө хийхгүй байхаар нь Ч.Сг машины хамт хайж эхэлсэн. Гэтэл 2023 оны 04 дүгээр сард Г.О гэх хүн би 79-21 УБХ улсын дугаартай Приус 30 маркийн машиныг Ч.С гэдэг хүнээс 7.000.000 төгрөгт бодож авлаа, надад энэ машин хэний машин болох талаар хэлээгүй гэсээр манай байгууллагыг олоод ирэхээр нь би энэ машин зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа, одоо үлдэгдэл 14.347.108 төгрөгийн барьцаанд байгаа гээд манайх машиныг хурааж аваад гэрээний эрхийн дагуу уг машиныг 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулаад мөн тэр мөнгөнөөсөө торгууль 950.000 төгрөг төлөөд татвар 2 жилийн мөнгө 128.000 төгрөг, оношилгоонд 2 удаа 40.000 төгрөг өгсөн. Тэгээд өөрсдийн алданги болох илүү гарсан мөнгөнөөс 14.347.108 суутгаж аваад үлдэгдэл болох 1.690.000 төгрөгийг Ч.Сгаас өөрөөс нь гаргасан уг хүсэлтийн дагуу УК68060613 регистрийн дугаартай Г.О гэх хүний дансанд шилжүүлж өгсөн юм. ...” /хх 77/,
гэрч Э.Агийн “...Би энэхүү дугаартай дансыг ашигладаг байсан. Энэхүү данс нь 2024 оны 01 дүгээр сараас хаагдсан. Тэр дансыг би 1xBet сайтын албан ёсны Монгол Улс дахь агент байхдаа ашигладаг байсан. Гэхдээ би үүнийгээ 2024 оны 1 дүгээр сард больчихсон. Би яг нэрээр нь сайн мэдэхгүй хэдий ч Sts Serjee гэх хаягтай надаар байнгын үйлчлүүлдэг байсан хүнийг би мэднэ. Түүний хэрэглэгчийн код нь **6677439 байсан. Би агент хийж байхдаа дандаа өөрсдийнх нь хэрэглэгчийн кодыг гүйлгээний утга дээр бичүүлдэг, бас мөн яг өөрийнх нь нэрийн данснаас мөнгийг нь хийлгэдэг байсан. Ч.С гэхээр Sts Serjee гэх фейсбүүкийн хаяг санаанд орлоо. ...” /хх 115/,
шүүгдэгч Ч.Сгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 9, 10 сарын орчимд би Дархан-Уул аймаг руу явж байхдаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас самар бууж ирсэн гэхээр нь би худалдаж авахаар явж байсан. Тухайн газарт 1 тонн гаруй самар байна гэсэн бөгөөд тухайн 1 тонн самрыг худалдаж авахаар явсан. 1 килограмм нь 6.000 орчим төгрөгийн үнэтэй байсан. 6.000.000-7.000.000 төгрөг байсан бөгөөд надад 1.000.000 төгрөг байсан ба мөнгө хүрэхгүй байсан учраас Г.Отай яриад “самар ачаад очъё, 7.000.000 төгрөг өгчих” гэж хэлээд авсан. Тэгээд Дархан-Уул аймагт очоод нөгөө Бааяа гэх /утасны дугаарыг нь мэдэхгүй, санахгүй байна/ хүн рүүгээ яривал нөгөө хүн маань хамтдаа уул руу явсан хүмүүс рүү тус тус 1.000.000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Тэгээд 4 өөр данс руу тухайн 1.000.000 төгрөгүүдийг би өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн, үлдэгдлийг нь самраа ирэхээр авчих гэж хэлсэн. Тэгээд алга болчихсон. Би үлдсэн 3.000.000 төгрөгөөр онлайн покер тоглоод алдчихсан бөгөөд улмаар Дарханаас Улаанбаатар хот руу ирсэн...” тус тус мэдүүлгүүд /хх 79/,
Г.Оын Хаан банкны *********, ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 41-47, 54-59/,
дансны мэдээлэлд үзлэг хийсэн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх 49-51/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Сгийн урдын танил Л.Г.Олуу утсаар ярьж, 2 тонн самар худалдан авахаар портер хөлслөөд явж байна, та дүүдээ самар авах 7.000.000 төгрөг миний дансанд яаралтай хийгээд өгөөч, та итгэхгүй бол жолоочтой гар утсаар ярь гэж хэлээд үл таних хүнтэй яриулан итгэл үнэмшил төрүүлж 7.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ч.С “...Миний бие гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Аав минь 84 настай, хэвтэрт байдаг. Би аавыгаа асран хамгаалдаг ба 2 хүүхэдтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгч Ч.Сгийн өмгөөлөгч Д.Амаржаргал “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээрээ маргаагүй, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 3 хүртэлх насны ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн болон ар гэрийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Сдгийн хувьд энэ зүйл, хэсэг, заалтад заасан нөхцлийг хангаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохих хэсэг, заалтыг хэрэглэх үндэслэлийг үгүйсгэсэн байдалд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.8-д “өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг хамааруулан үзэхээр заасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Сг өрх толгойлсон ганц бие эцэг гэж үзэх боломжгүй.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Сд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэр даруй түүнийг хорих байгууллагад шилжүүлсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Ч.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөв.
Иймд шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Сгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1342 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР