| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/08286/И |
| Дугаар | 191/ШШ2025/09055 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/09055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Н.Нарангэрэл, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** /рд:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тоот хаягт оршин суух, ***/рд:***/-д холбогдох,
Хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, иргэдийн төлөөлөгч Ц.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
Зохигчдын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номингийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 80,000 хүн үзсэн тэр лайвын бичлэгийг 100,000 төгрөгтөө үнэлүүлнэ. Папараци сайтыг 489,000 хүн дагадаг гэв. Би нэхэмжлэлээ 100,000,000 төгрөгөөр гаргасан. Гол нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний сэтгэл санааны хохирол 1 дүгээр зэрэг гэж гарсан. Тэр хохирол мөнгөөр их үнэлэгдэхгүй гэж бодсон. Гэхдээ тухайн үед 480,000 гаруй дагагчтай Папараци сайт дээр миний тухай мэдээлэл гарч, 180,000 орчим үзэлттэй болсон. Прокурор шүүх хурал дээр энэ мэдээлэл олон нийтэд онцгой өндөр хүрэлттэй байсан гэж онцолж, *******ыг яллах үндэслэл болгосон. Тэгэхээр би тэр үзэлт, нэр төрд халдсан байдлыг тооцоолж 100 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Миний сэтгэл санаа, гэр бүл, үр хүүхэд бүгд энэ бүхнээс болж хохирсон. ******* 2020 онд миний тухай хов ярьж байх үед миний ач хүү хүртэл тамлуулж байсан. Тэр үед хүүхдийн байгууллага өөрийнхөө ажил үүргээ мартчихсан, харин миний ховоор хооллож байсан мэт байсан. Ийм ухамсаргүй, хүн чанаргүй хүмүүсээс болоод Монголд өнөөдөр 36,000 хүүхэд амиа алдсан гэж боддог. Хүүхэд хамгаалах нэрийн дор ажилладаг хүн байж хүнийг гутааж, доромжилж болохгүй. Шүүх хурал дээр хүртэл намайг татвар төлөөгүй, тэтгэвэрт хууль бусаар гарсан гэх мэтээр хэлж, олон нийтийн өмнө доромжилсон нь маш гомдолтой байсан. Эрүүгийн хэрэг дээр байцаагч нь энэ хүний хувийн нууцтай холбоотой мэдээлэл нь хэрэгт ач холбогдолгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл тэд түүнийг үл тоож, намайг байнга доромжилж, нэр төрд минь халдсан. Тэгэхээр энэ хэрэг дээр хамгийн гол асуулт нь яагаад энэ хүний нэр төрд халдсан юм бэ гэдэг шүү дээ. ******* гэнэт гарч ирээд, намайг 25 жил хаана юу хийж явсныг ч мэдэхгүй байж, миний өнгөрсөн амьдралыг дэлгэж, өлсөж, зутарсан нөхөртөө зодуулсан, 56 хүүхэдтэйгээ зовж байсан гэж ярих ямар эрхтэй юм бэ? Тэр бүгдийг ярьж байгаа нь миний нэр төрийг гутаасан хэрэг. Шүүх хурал дээр шүүгч хүртэл та ямар зүйл ангиар яллагдаж байгаагаа мэдэж байна уу, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ анхаараарай гэж хэлээд алх цохиж байсан. Гэтэл эдгээр хүмүүс хуралд орж ирээд хүртэл намайг доромжилж сууж байсан нь үнэхээр гомдолтой. Би бүр уйлах шахсан. Ийм ухамсаргүй, хүн чанаргүй хүмүүсийг бурхан яаж өдөр бүр нарыг үзүүлээд явуулж байна вэ гэж хүртэл бодогдсон. Миний тэтгэвэр, миний амьдрал эд нарт ямар хамаатай юм бэ? Би бас хүн, хэл амтай. Хэрвээ би хүсвэл ярьж чадна, гэхдээ хаана юу ярих вэ гэдгээ ойлгодог. Харин эд нар ямар ч ёс зүйгүй. Иргэний шүүх дээр хүртэл намайг та тэтгэвэр хулгайгаар авсан, Сэтгэл мэдрэлийн ужиг өвчтэй гэх мэтээр хэлээд, нэхэмжлэлийг маань авахгүй гэсэн. Гэвч хүний эрхийн комисс энэ шалтгаанаар иргэний нэхэмжлэл татгалзах хууль байхгүй гэж хэлсэн. Би үнэхээр шаналан зовоод, арга барагдаад иргэний журмаар шүүхэд хандаж байгаа. Өмнө нь би туслах охинд нь одоо больё, миний хэл ам ихэдлээ, нэхэмжлэлээ татъя, уучлал гуйгаад асуудлыг дуусгая гэж хүртэл хэлж байсан. Гэтэл жил гаруй хугацаанд уучлалт гуйх шинжгүй байсан. Сүүлд шүүх хуралд орсон чинь туслах охин уучлалт гуйхгүй гэж хэлсэн. Тэгэхээр би ойлгосон, эд нар уучлалт гуйхгүй юм байна. Тиймээс одоо би хуультай нийгэмд амьдарч байгаа хүний хувьд асуудлаа хуулийн дагуу шийдүүлнэ. Би олон удаа уучлалт гуй, ойлго, эвээр шийдье гэж хэлсэн. Гэхдээ ойлгохгүй, улам доромжилж байгаа учраас би хуулиараа эцсийн шийдвэрийг гаргуулах болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний ээж Г.******* нь нэхэмжлэгч О.*******ын нэр төрд халдаагүй, сэтгэл санаанд нь гэм хор учруулаагүй хэмээн үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэлээр энэ их хэмжээний мөнгийг шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, нотлох баримтгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэрэгтэй холбоотой 2022 оны 11 сарын 17-нд бичигдсэн нэг томьёолол бий. Яг тэр үед миний үйлчлүүлэгч хүүхдийн байгууллагад насаараа ажиллаж, эцэст нь байгууллагын дарга болж тэтгэвэртээ гарсан. Нэгэн жирийн л ажилтан байсан хүн. Тэр хүн тэтгэвэртээ гарчихсан байхад 2-3 хүүхдээ авчраад байгууллагад гуйж гувшиж, зэрэг зүйл яриад, нөхөртөө цутгуулаад, зодуулсан, хүүхдүүд хэцүү байна гэж ярьсан. Энэ хүн хүүхдүүдээ хүүхдийн байгууллагаар өсгөсөн гэж хэлдэг. Тэгэхээр түүний нэр хүндтэй холбоотой асуудал гарч, хүмүүс гадна талбайд цуглаж жагсдаг, байгууллагыг доромжилдог байдал давтагдсан. Энэ бүхнийг хараад хүмүүс энэ хүн л хүүхдүүдээ тэгж өсгүүлсэн шүү дээ, яагаад манай байгууллагыг муулж зүхээд байна вэ гэж бичсэн. Шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцсан учраас шийтгэх тогтоол гарсан нь надад эргэлзээтэй санагдаж байна. Шүүх ямар ял оноосон, ямар үндэслэлээр буруутгасан бэ гэхээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа мэдсэн мэдээллээ цахим хэрэгсэл ашиглан тараасан гэхээр хоёр зүйл ангаар манай хүнийг буруутгаж, арга хэмжээ авсан байдаг. Түүнээс биш ийм хүнийг ерөнхийдөө доромжилж, элдвээр хэлж явсан хэрэг биш. Эрүүгийн шүүх хуралд хэл шинжлэлийн шинжээчийн дүгнэлт гарсан гэж байсан. Түүнд их доромжилсон гэсэн агуулга байсан. Гэвч би тухайн хуралд оролцоогүй учраас тэр шинжээч хуралд оролцсон эсэхийг мэдэхгүй байна. Нэг ёсондоо ийм л тохиолдол болсон хэрэг. Шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 53 дугаар хуудсан дээр байна гэж хэлсэн. Одоо энэ хүн нэр хүндээ сэргээлгэхээр хандсан. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн учирсан хохирлоор 100,000,000 төгрөг нэхэмжилж, уучлалт гуйх шаардлага хоёр талаас гарсан. Сэтгэл санааны хохирлыг тогтоолгохын тулд шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ёстой. Хэрвээ шинжээчийн дүгнэлт хангалтгүй бол шүүх тухайн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэж болно. Шүүхэд энэ хүний хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн тул дахин шинжээч томилж, тодорхой асуултуудыг асууж, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлнэ гэж хэлсэн. Гэвч энэ хүн өөрөө очихгүй байна. Нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргах үүрэг бий. Шинжээч дээр очих ёстой байсан ч очоогүй, эсвэл шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй тул шүүгч дахин танилцсан. Шүүх танд хүсэлт байна уу, шинээр нотлох баримт гаргаж өгөх үү гэж асуухад аль алинд нь байхгүй гэж хариулсан. Тиймээс шүүх хурал явж байгаа энэ нөхцөлд асуудлыг тодорхой болгож, шаардлагатай асуултуудыг асууж шийдэх шаардлагатай байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухайн этгээдийн үйлдэлд холбогдсон материал, шинжээчийн дүгнэлт хангалтгүй эсэхийг шүүхэд тодруулж, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Нэхэмжлэгч нотлох баримтаа шүүхэд гаргах ёстой бөгөөд түүнийг хангахгүй бол хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч Ц.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах нь зөв байх, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна, их мөнгө нэхэмжилсэн байна... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-33, 103-236-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 52-60-р тал.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Г.*******ад холбогдуулан хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон.
3. Хариуцагч тал нэр төр, сэтгэл санаанд нь гэм хорын хохирол учруулаагүй, үндэслэлгүй их мөнгө нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/101 шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Папараци.мн фэйсбүүк цахим орчинд иргэн О.*******ыг мэдээлэл хийх явцад ...Залуудаа хүүхдийн байгууллагаар явж бүхий л дэмжлэг, тусламжийг хүртдэг Хан-Уул дүүргийн иргэн байсан..., ....Хүүхдийн байгууллага харин энэ эмэгтэйн хүүхдүүдийг татвар төлөгчийн мөнгөөр тэжээн тэтгэж өгсөндөө... гэж сэтгэгдэл бичиж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан хүний хувийн мэдээлэл буюу хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээлэл, Хан-Уул дүүргийн хүүхдийн төлөө байгууллагын дарга болон Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа олж мэдсэн мэдээллийг иргэн О.*******ын зөвшөөрөлгүйгээр хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийг асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан цахим сүлжээ ашиглаж албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэм буруутайд тооцож, 6,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хохирогч энэ гэмт хэргийг улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлыг цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ./хх-20-32/
5. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа, хохирогч О.******* нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/334 магадлалаар хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх-7-19/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ,
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно,
511.3.Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж тус тус заажээ.
6. Г.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас О.*******ын хуулиар хамгаалагдсан нууц олон нийтэд задарсан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас фэйсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч Г.*******аас хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх-ыг хариуцагч Г.*******ад даалгахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлоо ...180,000 дагагчтай Папараци.мн фэйбүүкээр нэр төр гутаасан тул сэтгэл санааны хохирлоо 100,000,000 төгрөгөөр үнэлсэн... гэж тайлбарлаж байна.
7.1. Нэхэмжлэгч О.*******ын хүсэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/02406 тоот захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан цахим сүлжээ ашиглаж албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч О.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор даалгасан.
7.2. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ..Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.. гэж заасны дагуу шүүх шинжилгээний ерөнхий газар нь шинжээч томилсон шүүгчийн захирамжийг хүлээн авч шинжилгээ хийгээд ...Гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна... гэсэн дүгнэлт гаргасан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 482 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-54-60/
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.
7.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь зохицуулалтын дагуу хохирогч О.******* нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй боловч уг хуулийн зохицуулалтууд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.
7.4. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй тул хуулийн дээрх зохицуулалтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн хуулийн дагуу хангах хууль зүйн үндэслэлгүй.
8. Иргэдийн төлөөлөгчийн ... хувийн мэдээлэл, нэр хүндийг фэйсбүүк лайв ашиглан уучлалт гуйлгуулах нь зөв байх, нэр төр, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэв.
9. Иймд хариуцагч Г.*******ад фэйсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч Г.*******аас хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх-ыг даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.
10. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дугаар зүйлийн 511.1, 511.2, 511.3-т заасныг баримтлан хариуцагч Г.*******ад фэйсбүүк цахим сүлжээг ашиглан нэхэмжлэгч Г.*******аас хуулиар хамгаалагдсан нууц буюу түүний 3 хүүхдийн асрамжийн газарт асруулдаг байсан мэдээллийг олон нийтэд задруулсан үйлдэлдээ уучлалт гуйх-ыг хариуцагч Г.*******ад даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ