2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Шинэхүүгийн ******* /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,

******* овогт ******* /рд:***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сарангуа оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Номинцэцэгийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Номинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* нь ******* овогтой *******той 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч 2020 оноос хойш Б.******* нь удаа дараа бие болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа таарамжгүй болсон. Миний бие нь тус шүүхэд Б.*******оос гэр бүл цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй гэх шалтгаанаар шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргасан. Иймд Б.*******ыг эрэн сурвалжилж хаягийг тодорхойлж өгнө үү..... гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-14-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* Б.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Ш.******* болон Б.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.*******, Д.*******, Д.******* нарын төсрний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 12-ны өдрийн 37671 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Б.******* ***тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг ******* овогтой ******* /рд:***/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Б.*******ыг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас:88511181/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ