Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/191

 

  2025             02             04                                       2025/ДШМ/191

 

Ч.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Бт холбогдох эрүүгийн 2308 00000 1812 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ч.Б, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “** ***” ХХК-д мужаан ажилтай, ам бүл *, эцэг, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Ээж Хайрханы * дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **-*** тоотод оршин суух, /РД:**00000000/,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 909 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;

Шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд зорчиж явахдаа “машинд шээлээ” гэж хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Б нь Ч.Бын толгой хэсэгт нь чулуугаар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бт оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын цагдан хоригдсон 21 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Баас хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Ч.Бд нийт 3.420.000 төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч нь “гомдол саналгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Б нь цаашид эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, өөрийн болон шүүгдэгч Ч.Бын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “**-***” ХХК-д барилгын мужаанаар ажилладаг бөгөөд хохирогч Ч.Б найз минь тус компанид мөн адил мужаанаар хамт ажилладаг. Өнгөрсөн тэр нэгэн өдөр би өөрийн болчимгүй үйлдлээс болж найз Ч.Быг цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш ихээр харамсаж байна. Тухайн үед эмнэлэгт үзүүлэн, хэвтэж эмчлүүлэхэд шаардлагатай эмнэлгийн төлбөрийг яаралтай гарган, төлбөр тооцооны асуудлыг нэн яаралтай шийдсэн. Мөн хохирол гомдлын асуудлыг шийдэж, эв зүйгээ олсон.

Миний хувьд аав, эхнэр болон 0-14 насны 3 хүүхэдтэй бөгөөд бага хүү минь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлэгт төрсөн. Ар гэрийн хувьд эхнэр минь гэртээ 3 хүүхдүүд болон өндөр настай аавыг минь асран халамжилж, миний бие барилга, мужааны ажил хийн ар гэрээ авч явдаг. Гэвч миний ухаангүй, болчимгүй үйлдлээс болж гэр бүлийн минь амьжиргаа зогсонги болсонд, эхнэр хүүхдүүддээ тус дэм болж чадахгүй болсондоо маш их харамсаж, мөн санаа маш ихээр зовниж байна.

Эрхэм шүүгч нар анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Б нь гэм буруу, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээний зардлыг хохирогчид төлж барагдуулсан.

Гэмт хэрэг гарсан байдлын хувьд, хохирогч Ч.Б нь шүүгдэгч Ч.Бын хоолойг боох, нүүр рүү нь гараараа цохих зэрэг үйлдэл хийсэн байдаг бөгөөд шүүгдэгч Ч.Б нь хохирогчийн биед халдаж тус гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгаан болсон.

Шүүгдэгч Ч.Б нь хохирогчид нийтдээ 3.420.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн ба хохирогч Ч.Б “найздаа гомдол саналгүй, миний бас буруу байгаа тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх бичиг бичиж өгсөн байдаг.

Ч.Бын эхнэр 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амаржсан ба шүүгдэгч 1 сартай нялх хүүхэдтэй бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдлыг анхаарч өгөхийг хүсэж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэл дээр анхнаасаа маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдаг бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч нь 1 сартай нялх хүүхэдтэй, хохирогч гомдол саналгүй, хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Бт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын интервалтай ба шүүхээс хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд зорчиж явахдаа “машинд шээлээ” гэж хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа Ч.Б нь Ч.Бын толгой хэсэгт нь чулуугаар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Бын “... Болдоо ирэхдээ 0.5 литрийн нэг архитай ирсэн. Бид дөрөв тухайн архийг хувааж уусан. Ууж байх хоорондоо юм ярьж байгаад тоглоомоос болоод би Болдоог нэг удаа алгадчихсан, тухайн үедээ эвлэрээд доошоо ажил руугаа орж цагаа бүртгүүлэхээр бууцгаасан. Ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчихээд гарч ирээд байж байтал Аагийг эхнэр нь ирээд аваад явсан. Нямдаш ах, Болдоо бид гурав үлдсэн бөгөөд би ажлынхаа дүү болох Нямдоржийг машин бариулахаар дуудсан. Нямдоржийг “ганц шил архи аваад өгчих” гэж хэлсэн бөгөөд Нямдорж дэлгүүрээс 0.5 литрийн хараа архи нэгийг авсан. Тухайн архийг Нямдаш ах болон Болдоо бид гурав машин дотроо хувааж уусан. Архи уугаад бид хэд нэлээн халчихсан бөгөөд Нямдаш ахыг нисэхэд байх гэр рүү нь хүргэж өгсөн. Хүргэж өгөнгөө Болдоо бид хоёр гэрт нь оруулж өгсөн бөгөөд Нямдаш ах бид хоёрт нэг архи өгсөн. Бид хоёр Нямдоржоор машинаа бариулаад би гэртээ хүргүүлэхээр явсан. Явж байх хугацаанд архинаасаа ганц нэг татсан. Машин дотор явж байхад би унтчихсан бөгөөд Болдоо миний халаасыг ухах шиг болохоор нь би сэрээд уурласан, уурлаад бид хоёр маргалдаад нэгнийгээ цамцнаас нь заамдаж боосон байсан. Тэгээд би Нямдоржийг “машинаа зогсоо” гэж хэлээд машинаа зогсоогоод би Ч.Быг машинаас түлхэж буулгасан. Буулгахад миний машин дээр шээчихсэн байхаар нь би уурлаад Ч.Бтай барилцаж авсан. Бид хоёр бие биеэ хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд Нямдорж бид хоёрыг салгаад байж байтал бид хоёр эргээд хэрэлдээд өмнө өмнөөсөө очтол Ч.Б газраас том чулуу аваад толгой, дух хэсэг рүү цохичихсон. Би цохиулаад газарт саваад уначихсан. Миний нүүр, толгой хэсгээс их цус гарсан бөгөөд Ч.Б цаашаа алхаад явсан. Би Нямдоржоор гэртээ хүргүүлсэн. ...” /хх 6-10/,

гэрч Ц.Нийн “...Замдаа машин дотор тэр хоёр арын суудал дээр суугаад уугаад явж байтал Болдоо ах, Балжаа ах хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан бөгөөд сүүлдээ нэг нэгнийгээ цамцны энгэрээс нь заамдаж боогоод байхаар нь би замын хажуу руу шахаж зогсоод хаалга онгойлгоод болиулах гэтэл Болдоо ах ухаан алдаад уначихсан. Тэгээд хартал Болдоо ах машинд шээчихсэн байсан. Тэрийг Балжаа ах хараад уурлаад Болдоо ахыг босоод ирэнгүүт маргалдаад зодолдож эхэлсэн. Тэр хоёр хоорондоо заамдалцаад бие биеэ мөргөөд, харилцан цохилцоод байсан. Гэхдээ тэр хоёр нэлээн согтуу байсан болохоор нээх их онож цохиж байгаа зүйл байхгүй, согтуу зууралдаад дээр доороо ороод байсан. Сүүлдээ салгаад хоёр тийшээ болж байтал Балжаа эргэж очоод цохих гэтэл Болдоо ах газраас нэлээн том чулуу аваад шууд толгой руу нь цохичихсон. Тэгтэл Балжаа ах шууд газарт саваад уначихсан, эргэж босож ирээд дахиад барилцаад авахаар нь цааш нь Болдоо ахыг түлхэж салгаад Балжаа ахын толгойноос аймар цус гоожоод тогтохгүй байхаар нь эхнэр рүү нь залгаж хэлчихээд гэрт нь хүргэж өгсөн. ...” /хх 19-20/,

шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн “... Ингээд бид Балжинням, Нямдорж бид Балжиннямын гэр лүү явсан бөгөөд улмаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн уулзвар гараад машин дотор явж байтал бид 2 хэрэлдээд эхэлсэн. Яг юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би боолгуулаад ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг сэрэхэд хойд хаалга онгойчихсон, би газар унасан байсан ба Балжинням чи муу лалар миний машинд шээдэг хэн бэ гээд орилоод дайрч байгаад намайг цохиод авсан. Тэгээд харилцаан зодоон хийсэн. Би ч босоод машинаас нь холдоод алхсан бөгөөд Балжинням гартаа нэг юм барьчихаад хойноос дайраад ирэхээр нь би газраас нэг эд зүйл аваад нэг удаа толгой руу нь цохиход доошоо суугаад үлдсэн. ...” /хх 43-44/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13077 дугаартай “...Ч.Бын биед дух яс, баруун ухархайн дээд хананы цөмөрч бяцарсан хугарал, духны язарсан шарх, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. ...” /хх 27-28/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Бын хохирогч Ч.Бтай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа чулуугаар дух хэсэгт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Б “...өөрийн болчимгүй үйлдлээс болж найз Ч.Быг цохиж, биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш ихээр харамсаж байна. Миний хувьд аав, эхнэр болон 0-14 насны 3 хүүхэдтэй бөгөөд бага хүү минь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлэгт төрсөн. Ар гэрийн хувьд эхнэр минь гэртээ 3 хүүхдүүд болон өндөр настай аавыг минь асран халамжилж, миний бие барилга, мужааны ажил хийн ар гэрээ авч явдаг. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч А.Очбадрал “... Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, зүйлчлэл дээр анхнаасаа маргадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 3.420.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх 48, 51-54/ байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР