| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/04515/И |
| Дугаар | 191/ШШ2025/07926 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/07926
2025 09 24 191/ШШ2025/07926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух .... Э /РД:11111111111/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................... тоотод оршин суух ............. У /РД:555555555555/,
Хариуцагч: ....................... тоотод ошин суух ............ Э /РД:5555555555/ нарт холбогдох
Б.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч П.У, Ш.Э нарт холбогдох П.У Ш.Э нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн Ш.Эд газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, Б.Этэй газар эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Ш.Э, Ш.Эгийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б.Э 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Угийн Этай түүний эзэмшлийн гэх Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайт зуслан дахь У нэгж талбарын дугаар бүхий 700м2 газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд гэрээ байгуулсан өдөр буюу 2016.05.05-ны өдөр гэрээний нийт төлбөрийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийн урьдчилгааг Л.Эд бэлнээр өгч, энэ талаар гэрээний 4.1.-д тусгаж, үлдэгдэл төлбөрийг удаалгүй өгч, төлбөрийг бүрэн гүйцэт хийсэн. Тухайн үед Л.Э нь надад хэлэхдээ дээрх зуслангийн газар түүнийх бөгөөд газрын гэрчилгээг тухайн зуслангийн манаач болох П.Уын нэр дээр гаргасан юм, газар шилжүүлэхэд ямарваа нэгэн асуудал гарахгүй гэж хэлж, би түүнд итгээд бид хоорондоо газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Зуслангийн ногоон бүсэд хамрагдаж байгаа газар тул нэр шилжүүлэх хүсэлтээ жаахан хүлээж байгаад Сүхбаатар дүүргийн газрын албанд өгөөрэй гэж надад хэлсэн юм.
Ингээд 2017.05.11-ний өдөр Л.Этай хамт иргэн П.Уын гэрт хамт очиж 7 буудлын эцэст байрлах нотариат орж, тухайн газрын эзэн Л.Этай гэрээ байгуулан төлбөрийг барагдуулсан байсан тул үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн П.Утой байгуулж, нотариатаар баталгаажуулсан.
Нэгэнт газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул газар дээрээ 2 метрийн өндөртэй 3 тал төмөр хашааг найз Буян-Өлзийн "Тэнүүн-Өлзий ХХК-иар хийлгэж, найз С.Эээр газар дээр нь 3 өдөр суулгаж, гагнуулж будуулсан бөгөөд нийт 12 сая төгрөгийн зардал гаргасан. Гэвч иргэн П.У нь газрын гэрчилгээг үрэгдүүлсэн, газар шилжүүлэхээ түр хугацаанд хүлээж байгаарай гэж надад хэлж, би газраа өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Гэтэл 2020 оны хавар хашаан дээрээ очиход хашааны цоожийг сольж өөр цоожоор сольсон байсан. Манаач П.Уоос манай хашааны цоожийг хэн сольчив гэж асуухад Э гэж залуу манай хашаа гээд яваад байгаа гэж надад хэлсэн.
Тэгээд Ш.Этэй утсаар нь холбогдож уулзахад энэ газрыг би Уоос худалдаж авсан, хашааг нь бол өөрийнх нь биш гэж мэдэж байсан юмаа, миний газрын гэрчилгээ бүх ном журмын дагуу миний нэр дээр гарсан учир одоо ямарч арга байхгүй, би энэ зун тэр газар дээрээ байшин барих гэж байгаа, хашаагаа буулгаад аваад явж болно, эсвэл 6 сая төгрөг хашааны үнэд чинь өгч болж байна, өөр арга байхгүй гэж хэлээд халгаагүй.
Ингээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газрын талаар лавлаж асуухад иргэн П.Уын нэр дээр 2019.10.21-ний өдрийн 000047014 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авч, П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь 2019.12.27-ны өдөр Эд дээрх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийн 2020.02.19-ний өдрийн 000081175 дугаартай Эгийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг гаргуулсан болохыг олж мэдсэн.
Хариуцагч П.У нь өөрийнх нь эзэмшлийн газар биш гэдгийг мэдсээр байж, мөн надтай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хийж, нотариатаар баталгаажуулсанаа мэдсээр байж гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа дахин шинээр гэрчилгээ гаргуулж, газраа өөр хүнд шилжүүлсэн байгаа юм.
Нэхэмжлэгч миний бие дээрх газрыг хууль ёсны дагуу гэрээ хэлцэл хийж худалдаж авсан боловч одоо газар ч үгүй, мөнгө ч үгүй болоод байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;" гэж, 56.4 дэх хэсэгт "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэж, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт "Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. гэж, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно." гэж тус тус заасан.
Иймд П.Уын Ш.Этэй 2019.12.27-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн Ш.Эд газар эзэмшүүлэх эрх олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Эгийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Б.Ээд дээрх газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах болгож нэмэгдүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
У миний эхнэр, Ш.Э 2020 оны хавьцаа эхнэртэй уулзаад таны нэр дээр зуслангийн газар байдаг юм байна, энэ газраа надад өгчихөөч гэсэн. Тэхээр нь бид мэдэхгүй хэрэг төвөгт орно гэж хэлсэн. Э нь Сүхбаатар дүүргийн газрын албанд ажилладаг байсан. Сарын дараа нэхэмжлэгчид газраа өгсөн. Гэрээг мэдэхгүй гарын үсэг зур гэхээр л зурсан. Э хашаа барьсан 4-5 жил болсон. 7 буудлын нотариат дээр очиж гарын үсэг зуруулан гээд аваад явдаг байсан. Юу нь дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй. Манай хүн 6 дугаар ангийн боловсролтой гарын үсэг зур гэхээр нь зурсан. Эгээс мөнгө авах нь авсан хэдийг авснаа сайн мэдэхгүй байна, гэхдээ 10 сая төгрөг бол аваагүй. 2019 оны 12 сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие уг газрыг М.А гэх иргэнээс 2019 оны 12 сарын 27-ны өдөр "Газар эзэмших эрх худалдах, худалдан гэрээ, газар эзэмших эрх шилүүлэх гэрээ-гээр худалдан авсан юм. Уг газар нь М.Аийх биш боловч, газар эзэмшигч, иргэн П.У нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн итгэмжлэлийг иргэн М.Ад олгосон, хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн уг газар эзэмших эрхийг олж авсан ба нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой үйл баримтаар дурдсан байна.
Аливаа эрхийг худалдан авч байгаа этгээд нь эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээс хойш эрх бүхий бүртгэлийн байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Эс бөгөөд эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийг 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн Л.Эгаас худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдан авсан гэж, мөн дээрх газар эзэмших эрхийг 2017 оны 05 сарын 11-ний өдөр эрх шилүүлэх гэрээ"-г иргэн П.Утой байгуулсан. Гэтэл 2020 оны хавар уг газар Эд шилжсэн болохыг мэдсэн гэжээ.
Нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл болж буй дээрх үйл баримтад дүгнэлт хийгээд оюуны буяд хүрэхгүй байгааг энд онцлон дурдъя. Иргэн Уын газрыг, иргэн Л.Этай гэрээ байгуулж худалдан авч байгааг ойлгохгүй байна. Мөн, нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр иргэн П.Утой "эрх шилжүүлэх гэрээ" байгуулж, уг газрыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзвэл, 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс хойшхи түүний үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж ойлгохоор байна. Хэдийгээр хамааралгүй боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг анзаарч үзвэл, Л.Э гэх иргэн нэхэмжлэгчийг хуурсан, мэхлэсэн мэт санагдана. Хэрэв уг газар нь Л.Ааагийнх гэж үзвэл ямар учир, шалтгааны улмаас газар эзэмших эрхийг зуслангийн манаач, иргэн П.Уын нэр дээр гаргуулах болсон, эцэст хэн нэгэн иргэнийг /иргэн Ш.Эг/ хохироох сэдэлт, санаа зорилго агуулж байсан эсэх, мөн үүсч болох эрх зүйн үр дагаварыг тооцох учиртай.
Эцэст нь дүгнэж хэлэхэд хариуцагч Ш.Э миний бие газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан, шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч та, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаварыг сайтар ухамсарлаж, асуудалд муйхар хандах бус, бодиттой дүгнэлт хийх нь зүйтэй болов уу. Нөгөөтэйгүүр, хувь хүний буюу иргэн Ш.Э миний нууцад халдаж, нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар олж авсан байж болзошгүй үйлдлийг тань харьяалагдах байгууллагаар шалгуулах болно гэдгээ илэрхийлье нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Б.Э рүү явуулсан албан тоот, П.У Б.Э нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, зуслангийн газар худалдах худалдан авах гэрээ, зарлагын баримт, фото зураг,
5. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, план зураг, А дугаартай ННН банкны дансны хуулга, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ
6. Шүүх талуудын хүсэлтээр: Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримт зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлтэй хариуцагч П.У, Ш.Э нарт холбогдох П.У Ш.Э нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн Ш.Эд газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, Б.Этэй газар эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч П.У нь Ш.Э бид нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч байна. Ш.Э 2020 оны хавьцаа эхнэртэй уулзаад таны нэр дээр зуслангийн газар байдаг юм байна, энэ газраа надад өгчихөөч гэсэн. Тэхээр нь бид мэдэхгүй хэрэг төвөгт орно гэж хэлсэн. Э нь Сүхбаатар дүүргийн газрын албанд ажилладаг байсан. Сарын дараа нэхэмжлэгч Ээд газраа өгсөн тэр хашаа барьсан. Гэрээг мэдэхгүй гарын үсэг зур гэхээр л зурсан гэж тайлбарласан.
3. Хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасан маргаан бүхий газрыг миний бие өөрийн нэр дээр шилжүүлэн гэрчилгээ авсан. Би П.Уд бэлнээр болон дансаар газрын төлбөрт 10 сая төгрөг өгсөн. Мөн уг газар дээр зуслангийн байшин барьсан тул би хуулийн дагуу газрыг авсан шударга эзэмшигч гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэрлэв.
4. Нэхэмжлэгч нь 2016 оны 05 сарын 05-ний өдөр Л.Этай Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Талууд гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын зуслан дахь ААААААА нэгж талбарын дугаар бүхий 700 мкв газрыг нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаанд 5,000,000 төгрөг Л.Эд бэлнээр өгсөн нь гэрээний 4.1-д тусгажээ. /х.х-ийн 13 хуу/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Л.Э нь Би газрын албанд ажиллаж байсан өөрийн нэр дээр газрыг авах боломжгүй тул манай ээж, аавын хөрш болох П.У гуайн нэр дээр гэрчилгээг авсан. Б.Эээс газрын төлбөрт 10,000,000 төгрөг авсан. гэх мэдүүлгээр нотлогдсон.
5. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 11-ний өдөр П.Утой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээгээр Газар эзэмших эрхээ шилжүүлэгч тал шилжүүлэн авагч талд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Уг газар эзэмших эрх нь бусдад барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн талаар маргаангүй болно., Нэхэмжлэгч болон П.У нар нь газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг дээрхи гэрээний хамт холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээсэн. гэх боловч уг үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8 хуу/
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 03 сарын 16-ний өдрийн А90 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын У дугаар газрыг 15 жилийн хугацаатайгаар П.Уд 2015 оны 03 сарын 24-ний өдөр гэрчилгээ олгожээ. /х.х-ийн 7 хуу/
6. Хариуцагч Ш.Э нь 2019 оны 12 сарын 27-ний өдөр П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.Атэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын зуслан дахь ААААААА нэгж талбарын дугаар бүхий 700 мкв газрыг эзэмших эрхтэйгээр шилжүүлэн авсан байна.
Нэхэмжлэгч Б.Э Л.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Харин хариуцагч Ш.Э нь 2019 оны 12 сарын 27-ний өдөр П.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх М.Атэй Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь П.У дээрхи маргаан бүхий газрыг хариуцагч Ш.Эд дахин худалдаж, нэхэмжлэгчийг хууран мэхэлж, ашиг олсон гэж үзэхээр байна.
7. Э нь дээрхи маргаан бүхий газарт гурван тал төмөр хашааг барьж цоожилсон боловч 2020 оны хавар хашаандаа очиход цоожийг сольсон байсан тул манаач П.Уоос асуухад Ш.Э гэж залуу манай хашаа гээд яваад байгаа гэсэн, утсаар ярихад би худалдаж авсан бичиг баримт ном журмын дагуу гаргасан, хашааны төлбөрт 6 сая төгрөг төлье гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн газрын албанаас лавлаж асуухад П.өөөөөөын нэр дээр дахин гэрчилгээ гаргуулан, Ш.Э нь газар эзэмших гэрчилгээ авсан гэдгийг мэдсэн. У өөрийнх нь газар биш гэдгийг мэдсээр байж бусдад шилжүүлсэн. гэх тайлбар нь үндэслэлтэй тайлбар гэж шүүх үзэв.
8. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. байхаар хуульчилсан. Маргаан бүхий газрын гэрчилгээ П.Уын нэр дээр боловч Б.Э Ш.Этэй 2020 онд уулзаж миний газар гэдгийг хэлсэн мөн хашаа барьсан зэргээр дээрхи газар, хашааг Б.Эийнх гэдгийг мэдэж байсан тул хариуцагч Г.Э нь газар эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. 59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй. 59.4.Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй. гэж тус тус зааснаар хариуцагч нарын 2019 оны 12 сарын 27-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г нэхэмжлэгч Б.Э нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байхыг ойлгоно.
9. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ний өдрийн 4462 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч П.У, Ш.Э нарыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 2023 оны 03 сарын 15-ний өдөр оршин суух хаягийг олж тогтоосон болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөөрөөгүй байна.
10. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газар нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд байгаа, тухайн газар дээр гурван тал төмөр хашаа барьсан зэргээс үзвэл П.У Ш.Э нарын хооронд байгуулсан 2019 оны 12 сарын 27-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх үзэв.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлинй 56.4-д зааснаар Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болно. гэж зааснаар хариуцагч П.У Ш.Э нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн Ш.Эд газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, Б.Этэй газар эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд
12. Нэхэмжлэгч Б.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 140,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.У Ш.Э нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн Ш.Эд газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, Б.Этэй газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 140,400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У