2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07873

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 191/ШШ2025/07873

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух ......... Ц /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......................................тоотод оршин суух ........................н У /РД:.............../-д холбогдох

Хууль бусаар барьсан өргөтгөлийг буулгаж, орц гарц гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн мигэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ут, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Ц нь Сүхбаатар дүүргийн 2-р хороо 20а байрны 07 тоотод оршин суудаг юм. Тухайн байрыг 2005.04.01-нд худалдаж авсан ба сүүлд өөрийн бага насны 2 хүүхдийнхээ нэрийг нэмж оруулан гурван хүний өмчлөлийнх болсон.

Гэтэл тус байрны 08 тоотод оршин суудаг буюу манай яг хажуу талын хөрш айлын эзэн болох У нь хоёр айлын дундах нийтийн эзэмшлийн коридорыг дур мэдэн барилгын хийцийг өөрчилж 2м*2м хэмжээний өргөтгөл хийж өөрийн эзэмшилд аваад байна. Манай хаалга 180 градус буюу чөлөөтэй онгойж дэлгэгдэн том тавилга, хөргөгч, угаалгын машин ордог байсан бол орц гарцыг таглаж өргөтгөл хийгдсэнээс хойш 90 градус хүртэл онгойж томхон тавилга эд зүйл орохоо больсон мөн гэртээ орох гэж заавал хажуу айлыг орсоны дараа орж байгаа зэргээс хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн манайх гэртээ орох гэж хаалгаа онгойлгохоор хажуу айлийн хаалгыг цохидог, хажуу айл ч гэсэн манайхыг цохиж ордог болон тохиолдлоор хоёр хаалга зэрэг онгойход хоорондоо тас хийтэл мөргөлдөөд хаалганууд гацдаг болж дандаа хэрүүл маргаан үүсдэг болоод байна. Бага насны хүүхэдтэй учир гар хөл нь тас хавчигдах, гэмтэх маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Манайхаас наад өргөтгөлөө буулга төвөгтэй байна гэхээр манай нөхөр том өмгөөлөгч байдаг чи яаж ч чадахгүй шүү, чамд хамаагүй гээд загнаад байдаг юм.

 

Манай барилгыг барьсан "У" ХХК-ийн менежертэй уулзаж барилгын план зургийг авах гэтэл 2005 онд баригдсан барилга учир манай дээр байхгүй гэсэн хариу өгсөн.

Иймээс 2024 оны 09 сард Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох хяналт шалгалтын газарт өргөдөл гаргасан боловч 2024.10.18-ны өдрийн албан тоотоор шийдэх боломжгүй, хууль шүүхийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.

 

Иймд хууль бусаар барьсан өргөтгөлийг буулган, орц гарц гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие Б.У нь 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамжинд байрлах 20а байрны 8 тоот байрыг худалдаж авсан билээ.

Худалдаж авсанаас хойш 20 хоногийн дараа засварын ажил эхэлсэн. Энэ хооронд орцны айлуудтайгаа танилцаж, дээш доош айлуудаар явж үзэхэд цөөнгүй айлууд хаалгаа нааш татаж хана барьсан байсныг олж харсан юм.

Ийнхүү тэдгээрээс санаа авж тухайн үеийн СӨХ буюу "Бд" СӨХ-д үүдний хаалгаа нааш татах талаар хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн юм. "Бд" СӨХ-өөс хариу өгөөгүй тул СӨХ татгалзаагүй юм байна гэж ойлгосон болно.

Засвар хийх үеэр хөршүүдтэйгээ танилцаад, мэндтэй устай болоод хаалга нааш сунгах талаар санал солилцоход манай давхрын бүх айлууд амаар зөвшөөрөл өгсний дагуу 152см:105см хэмжээтэйгээр ханаа сунгасан. Хөрш 7-н тоотын Д.Цгийн бичсэнчлэн 2:2м харьцаатай биш болно. Манай засварын ажлыг болон хана өргөтгөж барихад хүртэл ямар нэгэн дургүйцлээ хэн нь ч илэрхийлж байгаагүй. Ялангуяа манайхтай маргалдаж байгаа 7 тоотын айлын эзэгтэй ч мөн адил хүлээн авж байсан. Мэдээж би тэр байрыг нь түрээсийн байр гэдгийг нь мэдээгүй. Надад тэр хүнээс асуух ч эрх байхгүй. Харин өнгөрсөн зун л түрээсийн байр байсныг нь мэдсэн.

2020 оны 8 дугаар сараас эхлэн энэ байрандаа амьдарч эхэлсэнээс хойш эргэн тойрны айлуудтай ямар нэгэн байдлаар хэл ам хийж муудаж сайндах явдал гаргаж байсангүй найрсаг сайхан харилцаатай хөршийн холбоотой амьдарч ирсэн билээ. Эргэн тойрны айлууд маань ч намайг мэднэ.

2024 оны 7 дугаар сараас эхлэн 7 тоотын эзэн гэх эмэгтэй гэнэт гарж ирж аашилж эхэлсэн. Таарах бүртээ хэл амаар доромжилж, бага насны хүүхдүүдтэйгээ явж байхад хүртэл ханаа нураа эсвэл манай байрыг худалдаж ав манайх үнэтэй хаалга хийлгэсэн. Хаалга төлж өг гэх мэтчилэн элдэвээр загнаж дарамтанд оруулж байсан. 2 хаалга зэргэлдээ байлаа гээд дандаа мөргөлдөөд байсан явдал бол байхгүй манайх хэзээ ч айлын хаалгыг савж цохиж байгаагүй. Харин 7 тоотын эмэгтэй Д.Ц санаатайгаар байнга хаалгаа савсанаа тэрийгээ манайхыг савсан, хаалга савж цохьсон гэж хэрүүл маргаан хийдэг мэтээр худлаа гүтгэж бичсэн байна. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй тул Д.Цгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хяналт шалгалтын газраас иргэн Д.Цд хүргүүлсэн хариу мэдэгдэх тухай албан тоот, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ......... нарын төрсний гэрчилгээ, фото зураг, .банкны дансны хуулга,............. 

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, бичгээр гаргасан тайлбар,

 

5. Шүүх талуудын хүсэлтээр: Б СӨХ-оос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан тоот зэргийг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Уд холбогдуулан хууль бусаар барьсан өргөтгөлийг буулган, орц гарц гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй 2020 онд худалдан авч, тухайн үеийн СӨХ буюу "Бд" СӨХ-д үүдний хаалгаа нааш татах талаар хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн юм. "Бд" СӨХ-өөс хариу өгөөгүй тул СӨХ татгалзаагүй гэж ойлгож, 152см:105см хэмжээтэйгээр ханаа сунгасан. Мөн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж 20А байр 7 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Ц, Д........... нар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж 20А байр 8 тоот орон сууцны өмчлөгчөөр Д. У бүртгэгдсэн болох нь ҮБ, Б дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /х.х-ийн 7,80 хуу/

4.Хариуцагч Д.У нь 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамжинд байрлах 20а байрны 8 тоот орон сууцыг худалдан авч, засвар хийхдээ "Бд" СӨХ-д үүдний хаалгаа нааш татах талаар хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч "Бд" СӨХ хариу өгөөгүй тул татгалзаагүй гэж ойлгон 2020 онд 152см:105см хэмжээтэйгээр ханаа сунгасан, 7 тоот айл тухайн үед маргаагүй байж, 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Нэхэмжлэгч Д.Ц нь би орон сууцаа 6 жилийн хугацаанд буюу 2020 оны 06 сарын 08-ний өдрөөс бусдад түрээслэж байгаад байрандаа 2024 оны 08 сарын 06-ний өдөр нүүж ирээд мэдсэн, түрээсийн төлбөрөө дандаа дансаар авдаг байсан дансны хуулгаа шүүхэд өгсөн гэж тайлбарласан.

5. Талуудын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан фото зургуудаар хариуцагч Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж 20А байр 8 тоот орон сууцны өмчлөгч Д.У нь хаалгаа нааш татаж ханаа сунгасан тогтоогдож байна.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.1-д Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно. гэж хуульчилсан.

6. Хариуцагч нь тухайн үедээ "Бд" СӨХ-д бичгээр хүсэлт гаргасан гэх боловч түүнийгээ нотлоогүй, шүүхээс нотлох баримтаар шаардсан боловч Б СӨХ нь 2025 оны 05 сарын 01-ний өдрийн албан бичигтээ Б СӨХ нь Нийтийн эзэмшлийн дундын өмчийн ашиглалтын зориулалт болон байрлал ба хийц элемент, өргөтгөл зэргийг өөрчлөх шийдвэр гаргадаг байгууллага биш, тус СӨХ нь нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан оршин суугчдын төлөөлөлийн байгууллага билээ. Д.У нь манай СӨХ-нд ямар нэгэн асуудлаар болон өргөтгөл хийх талаар хандаагүй болно. гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлсэн. /х.х-ийн 25 хуу/

7. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад хөлслөн орлого олдог байсан нь түүний ХААН банкны 5011269180 тоот дансанд 5............... дугаарын данснаас 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 3,900,000 төгрөгийг байрны түрээс гэсэн утгатайгаар удаа дараа шилжүүлж байсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /.х.х-ийн 50-65 хуу/

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2-т дундын өмчлөлийн зүйлсийг зориулалтын дагуу ашиглах, 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх-аар сууц өмчлөгчийн эрх, үүргийг хуульчилсан.

Хариуцагч Д.У нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүтээцийг өөрчилсөн байх тул нэхэмжлэгч Д.Ц нь шаардах эрхтэй байна.

8. Иймд хариуцагч Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж 20А байр 8 тоот орон сууцны өмчлөгч Д. У нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн бүтээцийг өөрчилсөнийг хэвийн байдалд оруулж, орц, гарц гаргахыг даалгаж, нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төг_рөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар Д.Цгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Усны гудамж 20А байр 8 тоот орон сууцны өмчлөгч хариуцагч Д.У нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн бүтээц өөрчилсөнийг хэвийн байдалд оруулж, орц гарц гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн төлсөн 70,200 улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Угаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У