| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/06790/И |
| Дугаар | 191/ШШ2025/09347 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/09347
2025 10 31 191/ШШ2025/09347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “А” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Ч овогт Сийн Б,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Гны Б,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Д овогт Гийн Э нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 153.855.910 төгрөг, үндсэн хүү 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.347.539 төгрөг, нийт 261.022.822 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэйн шаардлагатай,
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,
Хариуцагч Г.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Хариуцагч Г.Б, С.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Г.Б, Г.Э нарт холбогдуулан үндсэн зээл 153.855.910 төгрөг, үндсэн хүү 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.347.539 төгрөг, нийт 261.022.822 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч С.Б, Г.Б, Г.Э нар нь манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-нүүд байгуулж, 300.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 15 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авахаар болсон. Зээлдэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20.000.000, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 5.000.000 төгрөг, нийт 155.000.000 төгрөгийг авч, дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй ганцхан удаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлээс 1.144.090 төгрөг, зээлийн хүүгээс 16.434.247 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13.048 төгрөг, нийт 17.591385 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн барьцаанд, Г.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаартай гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан байдаг. Зээлдэгч нар нь “Зээлийн гэрээ”-ний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс зээлээ зогсоож, зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 451., 452., 453 дугаар зүйлийн 453.1-д болон “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг үндэслэн зээлдэгч С.Б, Г.Б, Г.Э нарт холбогдуулан тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн үлдэгдэл 153.855.910 төгрөг, зээлийн хүүд 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14.347.539 төгрөг, нийт 261.022.822 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд, тоот “Зээлийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.
2.Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
2.1.Г.Э миний бие 2022 оны 6 дугаар сард С.Бтэй ажлын шугамаар анх ахаар дамжуулан танилцаж байсан. Манай ахтай бизнесийн түнш буюу хүнд машин механизм, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгосон бөгөөд манай ахад машин механизм, тоног төхөөрөмж худалдсан хүн гэж байсан. Тухайн үед надад Аны усжуулалтын тендер авсан буюу Г аймгийн Ж сумын Ц гэх газар, газар тариалангийн усалгааны тоног төхөөрөмж угсарч, нийлүүлэх тендерийн ажил авчихсан юм. Тухайн ажилд зориулаад тоног төхөөрөмжүүдээ авчихсан, одоо жаахан ажил гүйцэтгүүлэх мөнгө дутаад байгаа юм. Зээл авахаар хөөцөлдөөд судлагдаад дууссан. Зээлийн шийдвэр нь гарчихсан байгаа. Банк бусаас авахаар болсон “барьцаа хөрөнгөө л олоод ир” гэсэн юм. Ганцхан сарын хугацаатай барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Туслалцаа үзүүлээч гэсэн юм. Мөн тухайн үед тус зээлийг нь бүтээж өгч байгаа хүн нь Аны усжуулалтын тендер авч өгсөн хүн бөгөөд урьд нь зээл олгож байгаа ББСБ-ын захирлаар ажиллаж байсан хүн гэж хэлж байсан. Ингээд миний бие С.Бд туслахаар болж өөрийн өмчлөлийн тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 сарын хугацаатай зээлийн барьцаанд тавих болсон. Бид хамтдаа 2022 оны 06 дугаар сарын 13-нд “А” ББСБ дээр очсон. “А” ББСБ дээр очиход урьдаас бэлтгэсэн барьцааны гэрээ, барьцаалбар гэх цааснууд дээр гарын үсэг зуруулж авсан. Надад хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд, хэдэн сарын хугацаатай тавьж байгаа талаар тайлбарлаагүй, зээлийн гэрээг ч надад үзүүлээгүй. Хийсэн гэрээний 1%-ийг ч надад өгөөгүй үл хөдлөхийн бичиг баримтыг эх хувиар авч үлдээд явуулсан. Үүнээс яг 2 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 15-нд С.Б намайг дуудаж нотариатын газраар “барьцаанаас чөлөөлөх тухай” итгэмжлэл хийлгэх гэсэн юм хэмээн дуудсан. дээр байрлах нотариатын газар орж итгэмжлэл хийх болсон. Надад ойлгуулахдаа “барьцаанд тавьсан байрыг маань чөлөөлөх тухай итгэмжлэл” гэж ойлгуулсан бөгөөд “нэг сарын дараа ажил дуусчихсан байна. Барьцааг чөлөөлөх болно. Тэр үед чамайг гүйлгээд төвөг удаад байхгүй. Би өөрөө хөөцөлдөөд барьцаанаас суллаад чамд бичиг баримтыг чинь авчраад өгчихнө” гэсэн юм. Иймд миний бие итгэж 2 сарын хугацаатай итгэмжлэл хийж явуулсан. Гэтэл маргааш нь дахин нотариат дээр дуудаж дахиад нэг итгэмжлэл хийх шаардлага гараад байна гэж дуудсан. Очсон чинь “барьцаа хөрөнгийг ББСБ барьцаалах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурахад итгэмжлэл шаардлагатай байна” гээд хоёр дахь итгэмжлэлийг хийлгэж авсан. Мөн л 2 сарын хугацаатай итгэмжлэлийг дахин олгосон юм. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С.Бтэй утсаар ярьж ажил төрлийг нь лавлахад “Арай дуусаж амжаагүй байна” гэж байсан. Наадмын дараа дахин ярихад “Баяр наадам гээд хоног хугацаа алдчихлаа. Түр хүлээгээч. Удахгүй” гэж байсан. 2022 оны 09 дүгээр сараас хойш “Ажил дууссан одоо хүлээлцээд гүйцэтгэлийн мөнгө ороод ирчихнэ. Тэгээд болчихно” гэж ойлгуулсан. 2022 он дуусах үед өвөл “Ажлаа хүлээлцчихсэн. Тендерийн мөнгөө хүлээж байгаа” гэсэн. 2023 оны хавраас утас нь холбогдохоо больж алга болсон. Сураг дуулахад Энэтхэг явсан. Хамтрагч нь элэг солиулах гэлүү эмчилгээ хийлгэж байгаа цуг явсан гэсэн ойлголт авсан. 2023 оны намар миний бие “А” ББСБ дээр лавлаж очсон. Тэндхийн ажилтан нь миний барьцаатай байр дээрх зээлийг маш сайн мэдэж байсан бөгөөд “Хүлээнэ дээ” гэж байсан. Миний бие “Зээл төлүүлэх талаар албан ёсны шаардлага тавьсан” гэтэл Т.Б нь хагалгаанд орсон байгаа юмаа гэж тайлбарлаж байсан юм. Миний бие тухайн зээлийг аваагүй, зээлийн гэрээнд оролцогч биш бөгөөд ямар нэгэн мөнгө аваагүй. Хоёр сарын хугацаатай өөрийн байраа барьцаанд тавьсан авч энэ этгээдүүдээс болоод зарж эдийн засгийн эргэлтэд оруулж чадахаа больж тодорхой хэмжээнд хохирч явна. Гэтэл одоо “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна” хэмээн намайг тонгорч, бүтэн хохироох гэж байна. Эдгээр хүмүүс бүгд бие биенээ сайн мэдэх хамааралтай этгээдүүд бөгөөд хүний эд хөрөнгө барьцаанд тавиулж, өөрсдөө ашиглан завхруулж чаддаг луйварчид байна. Иймд миний бие Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эдгээр нөхдүүдийг хамааруулан “Залилан мэхлэх гэмт хэрэг хийж байна” хэмээн өргөдөл гомдол гарган явсан. Энэхүү иргэний хэрэгтэй давхар судлагдан явж байгаад саяхан хэргийг хаалаа гэсэн. Учрыг лавлатал “Гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээл авсан этгээдүүд өөрсдийн хөрөнгөөр зээлээ төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна гэв.
3.Хариуцагч Г.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.1.Анх С.Б нь “Аны усжуулалтын тендер” авсан буюу Г аймгийн Ж сумын Ц гэх газар, газар тариалангийн усалгааны тоног төхөөрөмж угсарч, нийлүүлэх тендерийн ажил авчихсан юм. Тухайн ажилд зориулаад тоног төхөөрөмжүүдээ авчихсан, одоо жаахан ажил гүйцэтгүүлэх мөнгө дутаад байгаа юм. Зээл авахаар хөөцөлдөөд судлагдаад дууссан. Зээлийн шийдвэр нь гарчихсан байгаа. Банк бусаас авахаар болсон “барьцаа хөрөнгөө л олоод ир” гэсэн юм. Ганцхан сарын хугацаатай барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Туслалцаа үзүүлээч” гэсэн бөгөөд “1 сарын хугацаатай миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад буцаан авч өгнө” хэмээн ойлгуулж байсан. Мөн энэхүү тендерийг бүтээж өгсөн хүн буюу Аанд ажиллаж байсан хүн буюу Г.Б болохыг сүүлд нь мэдэв. Учир нь Г.Б нь тус зээл олгож буй “А” ББСБ ХХК-д өмнө нь гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан байдаг. Ийм ч учраас “А” ББСБ ХХК-аасаа өөрсдийн нэр дээрээ буюу зээлдэгч С.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Б нар зээлийн гэрээ гэгчийг байгуулан зээл авсан байна. Зээл олгож байгаа “А” ББСБ ХХК нь ч энэ хэрэгт намайг татан оролцуулахдаа “С.Б, Г.Б нар зээл авч байгаа болохыг хэлээгүй, хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд хэдий хэрийн хугацаанд барьцаалж байгааг тайлбарлаж, танилцуулалгүйгээр хуурч мэхэлж оролцсон” болохыг үүгээр уламжилж байна. Эдгээр нөхдүүд бүгд өөр хоорондоо сүлбээтэй бөгөөд намайг хуурч мэхэлж, худал хугацаа хэлж үл хөдлөх хөрөнгийг маань барьцаалсан байна. Одоо өөрсдөө хариуцлагаас мултарч өөрсдийн тавьсан зээлийнхээ өрийг миний үл хөдлөх хөрөнгөөр дарж намайг хохироох гэж байгааг сая ойлголоо. Иймд миний бие Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хуурч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 59.1-д заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1.Зээлдэгч С.Б, Г.Б, Г.Э нар нь манай компанитай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот, “Барьцааны гэрээ” байгуулж, 300.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 15 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь 2022-06-17-ны өдөр 50.000.000, 2022-06-30-ны өдөр 20.000.000, 2022-07-05-ны өдөр 50.000.000, 2022-07-08-ны өдөр 20.000.000, 2022-07-18-ны өдөр 10.000.000, 2022-09-12-ны 5.000.000 төгрөг, нийт 155.000.000 төгрөгийг авч, дээрх зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй, ганцхан удаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлээс 1.144.090 төгрөг, зээлийн хүүгээс 16.434.247 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13.048 төгрөг, нийт 17.591.385 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот “Зээлийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн барьцаанд, Г.Эын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаартай гэрчилгээтэй, Улаанбаатар хот, тоот хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Энэ нь ямар нэгэн дарамт шахалт, гаднын нөлөө байхгүйгээр талуудын хүсэл зоригийн илэрхийллээр зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэн. Зээлдэгч нар нь “Зээлийн гэрээ”-ний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс зээлээ зогсоож, зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хуваарь зөрчсөөр байсан учир манай компанийн зүгээс Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1., 451., 452., 453 дугаар зүйлийн 453.1-д болон “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасныг үндэслэн зээлдэгч С.Б, Г.Б, Г.Э нарт холбогдуулан тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн үлдэгдэл 153.855.910 төгрөг, зээлийн үлдэгдэл 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14.347.539 төгрөг, нийт 261.022.822 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд, тоот “Зээлийн гэрээ”, тоот “Барьцааны гэрээ”-ний дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000543 дугаартай, дугаартай гэрчилгээтэй, тоот хаягт байршилтай, 176.24 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна. Иймд С.Б, Г.Б, Г.Э нар хамтдаа ирж зээл авч зээлийн гэрээний 2.1.2 дээр, барьцааны гэрээн дээр 2.1.1 дээр олгож буй зээлийн хэмжээ тодорхой тод бичигдсэн байдаг бүгд уншиж танилцаж хүсэл зорилгоо илэрхийлж гарын үсэг зурж гуравдагч этгээд болох нотариатаар батлуулж улсын бүртгэл бүртгүүлж хуулийн дагуу зээл авсан одоо авсан зээлээ төлөхгүй янз бүрийн башир арга хэрэглэж манай байгууллагыг хохироож буруутан мэтээр бичиж байгаад гүнээ харамсаж байна. Зээлдэгч Г.Б нь манай компанид 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа гарсан, С.Б, Г.Б, Г.Э нар манай компанид хандаж зээл авсан асуудал нь иргэн Г.Б манай компанид ажиллаж байсан гэх агуулгаар бус Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг холбогдох хуулийн хүрээнд С.Б, Г.Б, Г.Э нарт зээл олгосон болно гэв.
5.Нэхэмжлэгчээс Г.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн тооцооны хүснэгт, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ, 6 хуудас хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
хариуцагч нараас депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Г.Эын хариу тайлбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам, “А” ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, С.Б, Г.Б нарын “А” ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн анкет, зээлийн хорооны шийдвэр, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан Г.Эын гомдол, санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Г.Б нараас үндсэн зээл 153.855.910 төгрөг, үндсэн хүү 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.347.539 төгрөг, нийт 261.022.822 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Эд холбогдуулан барьцаа хөрөнгө болох тоот хаягт байршилтай 176.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 155.000.000 төгрөгийг цувуулж авсан тул 261.022.822 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4.Хариуцагч Г.Э нь “А” ББСБ ХХК-д холбогдуулан “А” ББСБ ХХК, Г.Э нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, тоотод байрлах 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.Эын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн тооцооны хүснэгт, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ, 6 хуудас хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Г.Эын хариу тайлбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Ажилд томилох тухай” Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам, “А” ББСБ ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, С.Б, Г.Б нарын “А” ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, зээл хүсэгчийн анкет, зээлийн хорооны шийдвэр, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан Г.Эын гомдол, санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.Хариуцагч С.Б, Г.Б нар нь нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 2.5 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 300.000.000 төгрөгийг “Г” ББСБ ХХК-иас зээлдэн авсан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр тохирч талууд гэрээг баталгаажуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-ийн 12-14 тал/
“А” ББСБ ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С.Б, Г.Б нарт 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50.000.000, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 50.000.000, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20.000.000, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 5.000.000 төгрөг, нийт 155.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан. Хариуцагч С.Б, Г.Б нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 300.000.000 төгрөгийг аваагүй, 155.000.000 төгрөгийг авсан гэж тайлбарласан.
Өөрөөр хэлбэл “А” ББСБ ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С.Б, Г.Б нарт 300.000.000 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй боломжгүй юм.
Харин 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад хариуцагч С.Б, Г.Б нар нь гарын үсэг зурсан, тэдгээрийн тайлбараас үзэхэд 155.000.000 төгрөгийг баталгаажуулж зурсан баримт гэж үзэхээр байна. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тул хүү 92.819.374 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.347.539 төгрөг тооцож гаргуулах үндэслэлгүй болно.
Хариуцагч С.Б, Г.Б нар 17.591.385 төгрөгийг “А” ББСБ ХХК-д төлсөн. 17.591.385 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй болно.
Иймээс 155.000.000 төгрөгөөс төлсөн гэх 17.591.385 төгрөгийг хасаж үлдэх 137.408.615 төгрөгийг хариуцагч С.Б, Г.Б нараас гаргуулж нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Хариуцагч Г.Эд холбогдуулан барьцаа хөрөнгө болох тоот хаягт байршилтай 176.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага,
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Г.Э, “А” ББСБ ХХК нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулж, тоотод байрлах 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл болгон барьцаалжээ. /хх-ийн 15-19/
Нэхэмжлэгч “А” ББСБ ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Г.Этай 155.000.000 төгрөгийг барьцааны гэрээ байгуулаагүй, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С.Б, Г.Б нарт 300.000.000 төгрөгийг олгоогүй, Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д ...“Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамдаа шилжиж болно...”,
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д ...“өөр эрхтэй салшгүй холбоотой,түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ”..., заажээ.
Зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан ба тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийн мэдэхгүй буюу буруу ойлгосон” гэж түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар уг хэргийн зохигч нар хэлцлээр барьцаалсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.
Иймд Г.Э, “А” ББСБ ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймээс хариуцагч С.Б, Г.Б нараас 137.408.615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 123.614.207 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн 1.533.265 төгрөг, хариуцагч Г.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-иас 140.400 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Эд олгож, хариуцагч С.Б, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 844.993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б, Г.Б нараас 137.408.615 төгрөгийг /нэг зуун гучин долоон сая дөрвөн зуун найман мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 123.614.207 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.Эын “А” ББСБ ХХК, Г.Э нарын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцож, тоотод байрлах 176.24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-ийн 1.533.265 төгрөг, хариуцагч Г.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-иас 140.400 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Эд олгож, хариуцагч С.Б, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 844.993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН