| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2311010591515 |
| Дугаар | 2025/ДШМ/193 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/193
2025 02 04 2025/ДШМ/193
Л.М, Т.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Баярчимэг,
шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Б.Соёл-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч А.Баттуяа, С.Ичинхорлоо,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М, шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.М, Т.Г нарт холбогдох эрүүгийн 2311 01059 1515 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Л.М, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “МАБ” ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Мөнгөн морьт сумын * дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
2. Х овгийн Т.Г, **** оны * дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “МАБ” ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Мөнгөн морьт сумын * дүгээр багийн *-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч Л.М, Т.Г нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Барилгачдын талбайн зүүн талд хохирогч Н.Бийн “Iphone 12” маркийн гар утсыг гэдэс рүү нь цохих, хүзүүнээс татах зэргээр хүч хэрэглэн дээрэмдэж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Л.М, Т.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.М, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.М, Т.Г нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Т.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг Си-Диг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.М, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” идэвхтэй үйлдэл байхаар хуульчилсан. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүн шинжилгээ хийхэд шүүгдэгч Т.Г нь тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, үндэслэл бүхий эргэлзээ бий болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад шүүгдэгч нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан эсэхтэй холбоотой нэг л баримт авагдсан байна. Хохирогч Н.Бийн мэдүүлгээс бусад нотлох баримт болох гэрч Х.С, Ц.Г нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримт нь шүүгдэгч нарыг “хүч хэрэглэсэн” эсэхийг нотлоход ач холбогдолгүй, хамааралгүй баримтууд байна.
Анхан шатны шүүх зөвхөн хохирогч И.Батцэнгэлийн мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг “хүч хэрэглэсэн” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь, хохирогч Н.Б нь мэдүүлэхдээ “...гадаа гарчихсан явж байсан, ... миний гэдэс хэсэгт нэг удаа цохисон шиг санагдаж байгаа юм, ... тухайн 3 хүний царайг санахгүй байна, ... тухайн хүмүүсийн царайг би сайн харж чадаагүй, ер нь их согтуу байсан. ... тухайн 3 залуугийн урт савхитай нь гэдэс рүү нэг удаа цохиж байсан, өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй байх, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэж мэдүүлсэн байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 16 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.6-д “Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино” гэж, мөн тогтоолын 1.1-д “... түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ" гэх тайлбарыг анхаарч үзэлгүй дан ганц хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн хэргийг зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн хохирогчийн гэдэс рүү нь цохих, хүзүүнээс татах зэргээр хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн боловч гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, төрлийг тодорхойлоогүй. Мөн хэргийн нотолбол зохих байдал болох хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоож чадаагүй буюу хэн нь хүзүүнээс татсан, хэн нь гэдэс рүү цохисон эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.2-т “...гэм буруутай эсэх гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна. ...” гэж заасан.
Дээрхээс үзэхэд миний үйлчлүүлэгчид “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэх үйл баримтын хувьд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хүч хэрэглэсэн эсэх нь нотлогдоогүй, гэмт хэргийн хамтран оролцогч нарын үйлдэл оролцоо нь тодорхойгүй, хэн, хэзээ, хаана яаж үйлдсэн нь эргэлзээтэй байх бөгөөд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч Т.Г нь тус гэмт хэргийг хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул түүнд хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Т.Гтой бүлэглэн хохирогч Н.Бийн гар утсыг булаан авсан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болно. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйсан болно. Миний бие хохирогчийн гараас утсыг нь булаан авсан, “утасныхаа кодыг буруу хэлсэн байна” гээд гэдэс рүү нэг удаа цохисон нь үнэн. Т.Г хохирогчоос утасных нь кодыг нэхэж хүзүүнээс нь татаж байсан. Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоогийн бичсэнээр хохирогчийн утсыг хүч хэрэглэж аваагүй. Иймд эрхэм шүүгч нар Т.Г бид хоёрт оногдуулсан зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдолтой танилцаад гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг өмгөөлж өмгөөлөгчөөр оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Мыг өмгөөлж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгө” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хэргийн хувьд энэ нь хохирогч Н.Бийн “Iphone 12” загварын гар утас байдаг. Уг гар утсыг шүүгдэгч Л.М булааж авсан гэм буруугаа хүлээн мэдүүлдэг. Харин булааж авсны дараа хүч хэрэглэсэн гэх асуудал яригддаг. Учир нь, хохирогч Н.Б “Миний утсыг булааж аваад дараа утасны кодыг хэлж өг гэсэн. Би кодын дугаарыг буруу хэлсэн учраас миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон” гэж мэдүүлснийг шүүх хүч хэрэглэсэн гэж дүгнэсэн. Т.Гын хувьд Л.М дэлгүүр явж гар утсыг цэнэглэх хооронд хохирогчид хандан “Гар утасны кодыг хэл” гээд хүзүүнээс нь барьсан гэж мэдүүлсэн тул шүүх уг үйлдлийг нь мөн хүч хэрэглэсэн гэж үзсэн. Шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд хүч хэрэглэсэн дээрмийн үйлдэлд орохгүй бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг дууссаны дараах үйлдлүүд юм. Харин Л.М, Т.Г нар нь хохирогчийн гар утсыг дээрэмдэн авахдаа ямар ч хүч хэрэглээгүй нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн үйлдлийг харуулсан камерын бичлэгээр нотлогддог. Иймд өмгөөлөгч С.Ичинхорлоогийн бичсэн давж заалдах гомдлын дагуу Т.Г, Л.М хоёрт ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь хууль зүйн үндэстэй эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед найз Л.Мтай хамт явж байхад хохирогч Н.Б, Л.М нар хоорондоо зодолдсон. Би салгасан байхад түлхсэн гээд зодооныг үргэлжлүүлсэн юм шиг буруутгаж бичсэнд харамсалтай санагдаж байна.” гэв.
Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн материалтай танилцаж үзэхэд хохирогчийн зүй бус үйлдэл буюу олон нийтийн хэв журам, нийтээр тогтсон зан үйлийг ноцтой зөрчиж, нийтийн гудамж талбайд хүндээр бие засаад сууж байсан тул түүнд миний үйлчлүүлэгч Л.М зүй ёсны шаардлага тавьсан. “Та ингэж болохгүй” гэхэд хохирогч түүний биед халдсан. Хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй байж зөвхөн шүүгдэгч нарыг яллах зорилгоор ажилласан. Хохирогч “Би хохирогч болсон” гээд хүмүүсээс мөнгө авч, ялд унагааж чадаж байгаа хүн байхад түүнд өөрт нь буруу байгааг мөрдөгч, прокурор анхаарч үзээгүй. Ийм учраас хэргийг бүх талаас нь нотолж тогтоож чадаагүй гэж үзэж байна. Мөн хэргийн 23 дахь талд байх гэрч Сүнжидмаагийн мэдүүлэг, хохирогч Н.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгч нар хохирогчийг дээрэмдэх санаа зорилгогүй байсан нь харагдана. Хохирогчийн зүй бус үйлдлээс үүссэн байхад гадаад улсад морь унаач, циркийн ажил хийж байсан хүүхдүүд дэндүү харамсалтай байдлаар хэрэгт унасан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоогоогүй, ажиллагаа дутуу хийгдсэн учраас өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгч нарынхаа хувийн байдлыг тогтоосон баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгч байгааг анхаарч үзнэ үү. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч А.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шүүгдэгч Т.Гыг өмгөөлж, өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг дэмжин оролцож байна. Энэхүү хэргийн хувьд гэмт хэрэг хэзээ төгссөн гэдгийг харгалзан үзэх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Л.М тухайн гар утсыг булааж авснаар төгссөн. Үүнээс хойш үйлдэгдсэн хохирогчийн гэдэс рүү цохисон, хүзүүнээс барьсан зэрэг нь өөр эрх зүйн салбарт хамаарах асуудал гэж ялгаж авч үзэх ёстой. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг тэр чигтээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг зохицуулсан зохицуулалт бөгөөд бусад хууль тогтоомжид өмчлөх эрхийг юу гэж заасан гэдгийг анхааран үзвэл зохино. Иргэний хуульд өмчлөх эрхийг “Тухайн эд хөрөнгийн хувьд эд хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болон бусад бүрдэл хэсэгт хамаарах эрх” гэж хуульчилсан бол гар утсыг биетээр авсны дараа төгссөн гэмт хэргийн араас гар утасны кодыг авах оролдлого хийж гэдэс рүү нь цохисон үйлдэл тухайн эд хөрөнгийн үндсэн хэсэг биш бүрдэл хэсэгт халдах буюу өмчлөх эрхэд нь халдах зорилго байгаагүй, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн дагалдах хэрэгсэлд халдах оролдлого хийсэн гэж үзнэ. Энэ нь өөрөө өмчлөх эрх гэдэгт хамаарахгүй юм. Мөн хохирогчийн хүзүүг барьсантай холбоотой хохирогчийн нэмэлт мэдүүлэг, Т.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад Т.Гоос гаргаж өгсөн тайлбар гэсэн 3 нотлох баримт бий. Т.Гын тайлбарт “Би тэр хүнийг хүзүүнээс нь барихгүй бол цохичих гээд байсан, өөр бусад хүмүүс рүү орилж хашхираад байсан” гэдэг. Түүнээс биш хохирогчийн гар утсыг авхуулахгүй байх гэдэг зүйлийг нотолсон баримтууд биш. Тиймээс Т.Гын тухайн хийсэн үйлдэл нь өөрийгөө цохилтоос хамгаалсан буюу аргагүй хамгаалалтын нэг хэлбэр байх боломжтой. Түүнчлэн, хэргийн материалыг үзвэл хохирогч санахыг хүссэн зүйлээ санаж, хүсэхгүй зүйлээ санадаггүй. Гэтэл шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарыг хүч хэрэглэсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн асуудал болно. Миний үйлчлүүлэгч Т.Г хүмүүжлийн хувьд доголдол байхгүй, аав нь зүрхний өвчтэй, тэтгэврийн насны хүн бөгөөд хүүгээ хоригдож байгааг мэдэхгүй байдалд байгаа. Иймд хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.” гэв.
Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Г, Л.М нарын үйлдсэн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн үйл баримтад нийцсэн. Шүүгдэгч нарын хувьд хохирогчтой маргалдаж, улмаар Л.Мын толгойноос цус гарсан тул өөрт нь гэмтэл учруулсантай холбоотой хохирол төлөхийг Н.Бээс шаардсан. Тэгээд “Дансаараа мөнгө авбал асуудалд орно гэж ойлгож ухамсарласан учраас тухайн үед хохирогчийн гар утсыг авсан” гэж мэдүүлдэг. Мөн “хохирогчийн гар утсыг авах үед цэнэггүй байсан, ойролцоох GS25 сүлжээ дэлгүүрт орж утсыг нь цэнэглээд пин кодыг нь асуухад нэг удаа буруу хийсэн. Тэгээд дахиад буруу хэлсэн байх юм бол чамайг ална шүү гэж хэлээд буцаж очоод хийхэд код нь буруу байсан” гэдэг. Хэдийгээр бусдын эд хөрөнгийг булааж аваад өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан ч тухайн эд хөрөнгийг цааш нь захиран зарцуулахын тулд буюу гэрч Ганболдод зарж борлуулахын тулд гар утасны имей код шаардлагатай гэдгийг шүүгдэгч нар ойлгож байсан. Хүч хэрэглэсэн дээрмийн хүч хэрэглээгүй дээрмээс ялгагдах шинж нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан даруйдаа хохирогчоос зугтааж зайлсхийж байгаа үйлдлээр илэрдэг. Гэтэл тухайн мөчид гар утсыг өөрсдийн эзэмшилд шилжүүлж авсан боловч хохирогчоос зайлсхийлгүйгээр удаан хугацааны туршид имей кодыг нь нэхэх зэргээр хамтран байсан. Уг үйлдэлд Т.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогчийн үйлдлийг хязгаарлах, эсэргүүцэл үзүүлэх чадварыг нь дарах зорилгоор шилэн хүзүүнээс нь базаж байсан. Энэ үед шүүгдэгч Л.М хохирогчийн гэдэс рүү нь цохих, элэгдэх зэргээр хүч хэрэглэж, хохирогчийн утасны кодыг нь авсан үйл баримт хэрэгт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс дээрх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хүч хэрэглэсэн дээрэм гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялаа хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Дээрх ял шийтгэсэн үндэслэл болон Эрүүгийн хуулийг журамласан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль, хэргийн бодит байдалтай нийцсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байгааг ойлгохгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Гэхдээ давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн шийдвэрийг хэвээр үлдээх эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ байх” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.М, Т.Г нар нь бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Барилгачдын талбайн зүүн талд хохирогч Н.Бийн “Iphone 12” маркийн гар утсыг гэдэс рүү нь цохих, хүзүүнээс татах зэргээр хүч хэрэглэн дээрэмдэж 1.275.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Бийн “...Миний бие 2023 оны 5 дугаар сарын 05-нд ажлынхаа найзуудын хамтаар ажлаа тараад Цэцэг төвийн хажууд байдаг “Мираж” гэх нэртэй паб-д ууж байгаад, би яг орсон цагаа сайн санахгүй байна, ямар ч байсан хуучнаар “Доргио” гэх нэртэй барилгачдын талбай дээр байдаг баар луу орсон, тухайн газраа нэмж ууж байгаад ер нь их согтсон, нэг мэдсэн чинь гадаа гарчихсан явж байсан. Би өөрийн машинаа “Цэцэг төв”-ийн зогсоол дээр байрлуулсан бөгөөд тийшээ явах санаатай гарсан юм шиг байгаа юм, тэгээд нэг сэргэхэд намайг үл таних 3 залуу бариад авчихсан зогсож байсан, надад тэр 3 залуу “олон нийтийн газар бөөлжлөө чи” гээд хэлээд байх шиг байсан, би сайн ойлгоогүй. Ингээд тэр 3 залуугийн нэг нь миний халаасыг ухаад миний гар утсыг авчихсан, тэгээд тэр залуу “гар утасныхаа кодыг хэл” гээд байсан, би тухайн үедээ кодоо худлаа хэлсэн. Тэгээд тэр залуу утасны кодыг хийх гэж байхад нь миний гар утас унтарчихсан, тэгсэн тэр 3 залуугийн нэг нь замын эсрэг талд байсан “GS25 дэлгүүр лүү орж асаачихаад ирье, худлаа ярьсан бол зодно” гээд байсан. Тэгээд тэр залуу явчихаад ирэхдээ “код чинь худлаа байна” гээд миний гэдэс хэсэгт нэг удаа цохисон шиг санаж байгаа юм. Тэгээд би тухайн хүмүүст гар утасныхаа кодыг хэлчихсэн, тэр залуу “дахиж GS25 дэлгүүр лүү орчихоод ирье” гэж хэлээд явсан, хэсэг байж байгаад ирсэн бөгөөд миний гар утасны ID дугаарыг нэхээд байсан, би тухайн дугаараа өгөөгүй. Тэгээд ер нь тэр 3 залуу явсан. ...” /хх 16-17/,
гэрч Х.Сгийн “...Миний бие нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Цаг уурын хойд талд байрлах GS дэлгүүрт худалдагч ажилтай, тухайн ажлыг миний бие 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байгаа. Тухайн өдөр нь миний бие гарах хуваарьтай байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагаас 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 8 цаг хүртэл ажилласан. Дээрх асуултад дурдсан цагаас хойш бараг хүн орж ирээгүй, миний санаж байгаагаар 1 эрэгтэй ах утас цэнэглэх гээд орж ирсэн. Миний бие дотор сууж байгаад үйлчлүүлэгчийн хүлээлгийн хэсэг рүү очих үед нэг эрэгтэй хүн орж ирсэн байсан бөгөөд тухайн хүн гар утас цэнэглээд зогсож байсан. Ингээд би буцаад орох гэтэл тэр ах надаас “гар утасны сим гаргадаг зүү байгаа юу” гэж асуусан “би танд хараад өгье, байвал гаргаад ирье” гэж хэлээд дотогшоо орсон ингээд тухайн сим картыг гаргаж болохоор зүү шиг төмөр олж өгсөн бөгөөд тэр ахад өгчихөөд буцаад кассын хэсэг дээрээ очоод суусан байдаг. Ингээд байж байтал тэр ах манай дэлгүүр дотор буюу кассын хэсэг дээр ирээд “гар утсыг цэнэглээд өгөөч, ах нь гарчихаад буцаад ороод ирье” гэж хэлээд гарсан. Ингээд удаагүй ойролцоогоор 3 минут орчмын дараагаар тэр ах орж ирээд гар утсаа цэнэглэгчийн хамт аваад гарсан, өөр ямар нэгэн зүйл болоогүй. …” /хх 23/,
гэрч Ц.Гын “... 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тухайн гар утсыг 2 залуугаас 950.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн 2 залуугийн нэгийг нь би зүс мэднэ, өөрийгөө Төв аймагт байдаг талаараа хэлж байсан, урьд өмнө надад 2 удаа утас худалдан борлуулж байсан бөгөөд тухайн залуугийн хувийн мэдээллийг би мэдэхгүй, гадаа зогсож байхад ирээд гар утсаа өгчихөөд явдаг. Сүүлд надад гар утас зарахдаа “БНХАУ-ын Эрээн хот руу явах гэж байгаа, тэнд циркийн морь унана, замын зардал байхгүй байна, тэгээд гар утсаа зарж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн гар утсыг авах үед /Apple/ кодтой байсан тул “авахгүй” гэж хэлсэн чинь “манай найзын утас байгаа юм, кодыг нь гаргаад өгье” гээд хэсэг явж байгаад кодоо гаргасан гээд ирсэн. Тухайн гар утсыг би хэд хоногийн дараагаас нь үл таних эрэгтэй хүнд зарсан...” /хх 26/,
шүүгдэгч Л.Мын яллагдагчаар өгсөн “...Тэгээд зогсож байсан чинь тэр хүн мөнгө өгнө гээд утсаа гаргаад ирэхээр нь би зодуулсандаа шаралхаад “Тийм баян юм бол наад утсаа өгчих” гэсэн чинь “Энэ чинь лизингтэй. Би чамд мөнгө өгье” гээд байсан. Би тэр үед ерөөсөө мөнгийг нь авъя гэж бодоогүй. Тухайн үед би БНХАУ-д морин циркийн ажилтай гээд виз мэдүүлсэн байсан. Тэгээд би мөнгийг нь дансаар авчих юм бол асуудалд орчих байх гэж бодоод аваагүй. Утсыг нь харсан чинь Iphone загварын утас байсан бөгөөд өөрөө яг гартаа барьчихсан байсан. Гартаа барьсан байхаар нь би гараас нь булаагаад авчихсан. Тэр хооронд тэр хүний утасных нь цэнэг нь дуусаад унтарчихсан. Би кодоо хэлчих гэсэн чинь надад 6 оронтой код хэлж өгсөн. Тэгэхээр нь код нь буруу байж магадгүй гэж бодоод цэнэглэж байгаад үзье гэж бодоод замын эсрэг талд байсан GS25 дэлгүүр ороод өөрийнхөө цэнэглэгчээр цэнэглээд хэлсэн 6 оронтой тоог нь хийсэн чинь буруу байсан. Тэгэхээр нь утсыг нь цэнэглэж үлдээгээд, буцаж гараад “код чинь буруу байна” гэж хэлсэн чинь “Угаасаа чамд хэлэхгүй” гэхээр нь би гэдэс рүү нь 1 удаа нударсан. Нэг их хүчтэй цохиогүй. Тэр үед Т.Г тэр хүнийг шилэн хүзүүнээс нь бариад зогсож байсан. Тэгээд би “Яасан бэ, нөгөө мөнгө өгчихье гээд том том дугараад байсан” гэсэн чинь надад дахиад өөр код хэлж өгсөн. Тэр кодыг нь буцаж GS рүү ороод утсанд нь хийсэн чинь онгойчихсон. Тэгэхээр нь дэлгүүр дотор байхдаа симийг нь гаргаж аваад эргээд очоод ID кодыг нь гаргуулаад явсан. ID кодыг нь яаж гаргуулснаа санахгүй байна. ...” /хх 81-82/,
шүүгдэгч Т.Гын яллагдагчаар өгсөн “...Тэгээд Л.М “Толгой хагалчихлаа” гэсэн чинь нөгөө хүн нь Л.Мыг үгээр идээд “50.000 төгрөг хангалттай биз дээ” гээд интернэт банкаар мөнгө шилжүүлэх гээд утсаа гаргаж ирсэн. Тэгэхэд нь Л.М “Тийм л хоншоортой юм бол гар утсаа өгчих” гээд утсыг нь шүүрээд авчихсан. Тэр утас нь Iphone 12 загварын хар өнгийн гар утас байсан. Тэгээд Л.М утасных нь кодыг асуусан чинь тэр хүн нэг код хэлсэн. Утсыг шүүрээд авахад тэр хүн утсаа буцаагаад нэхсэн. Тэр үед утсыг нь өгөөгүй байж байсан чинь утас нь цэнэг нь дуусаад унтарчихсан. Тэгээд Л.М “утсыг нь асаачихаад ирье” гээд ойрхон GS25 дэлгүүр ороод асаачихаад ирсэн. Тэр хооронд нь би нөгөө эрэгтэйн шилэн хүзүүнээс нь бариад ард нь зогсож байсан. Тэгэхгүй бол урд нь гарвал цохичих гээд байсан. Тэгээд Л.М буцаж ирээд “код чинь буруу байна” гэхэд нөгөө хүн өөр код хэлсэн. Тэр хүн нэлээн согтуу байсан. Кодоо хэд хэдэн удаа буруу хэлсэн. Тэгж байгаад кодоо зөв хэлсэн. Тэгээд кодыг нь тайлчихаад тэндээс дахиад хойшоо яваад ID кодыг нь асууж тайлаад, Л.М тэр эрэгтэйн гэдэс рүү 1 удаа цохиод тэгээд Эрдэнэтөгс тэндээсээ шууд бид хоёроос салаад явсан. Харин Л.М бид хоёр 100 айл руу явсан. ...” /хх 70-71/ тус тус мэдүүлгүүд,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЧД1-23-493 дугаартай “...Iphone 12 загварын гар утсыг 1.275.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх 59-61/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 56-58/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.М, Т.Г нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.М “...Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хийсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйсан болно. Миний бие хохирогчийн гараас утсыг нь булаан авсан, “утасныхаа кодыг буруу хэлсэн байна” гээд гэдэс рүү нэг удаа цохисон нь үнэн. Т.Г хохирогчоос утасных нь кодыг нэхэж хүзүүнээс нь татаж байсан. Иймд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо “...миний үйлчлүүлэгчид “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэх үйл баримтын хувьд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хүч хэрэглэсэн эсэх нь нотлогдоогүй, гэмт хэргийн хамтран оролцогч нарын үйлдэл оролцоо нь тодорхойгүй, хэн, хэзээ, хаана яаж үйлдсэн нь эргэлзээтэй байх бөгөөд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч Т.Г нь тус гэмт хэргийг хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул түүнд хэргийг ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийдэг.
Хохирогч Н.Бийн өгсөн болон шүүгдэгч Л.М, Т.Г нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, хохирогчийн гар утсыг халааснаас нь зөвшөөрөлгүй авсан байх бөгөөд энэ үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас оюун санааны болон бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах үүднээс эсэргүүцэл үзүүлэх чадвар суларсан нөхцөл байдалтай байжээ.
Хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас оюун санааны болон бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах үүднээс эсэргүүцэл үзүүлэх чадвар суларсан нөхцөл байдлыг далимдуулан харилцах явцдаа гар утасыг нь хохирогчийн зөвшөөрлийг үл харгалзан өөрсдийн эзэмшилд авч, улмаар утасыг ашиглах буюу код, ID дугаарыг авах зорилгоор шүүгдэгч Л.М нь хохирогчийн хэвлий хэсэгт цохиж, тухайн үед шүүгдэгч Т.Г нь хүзүүнээс нь бариад ард нь зогсож байсан үйл баримт нь хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийн авах буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байна.
Гар утас нь хүний хэрэгцээг хангахдаа харилцаа холбооны хэрэгсэл болох бөгөөд зориулалтаар нь ашиглах тохиолдолд зайлшгүй эзэмшигчийн зохиосон нууц кодоор дэлгэцийг нээх, бусдад худалдах тохиолдолд ID дугаарыг мэдэж байх нөхцөл байдал үүснэ.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Л.М, Т.Г нарын хохирогч Н.Бийн гар утасыг зөвшөөрөлгүй халааснаас нь авсан, улмаар тухайн гар утасны дэлгэц нээх код, ID дугаарыг мэдэж авах зорилгоор хүч хэрэглэсэн үйлдлийг гар утасыг өөрсдийн хууль бус эзэмшилд бүрэн авахад чиглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж заасан гэмт хэргийн хувьд, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Дээрх үйлдлээрээ шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэх хэлбэрийг болон дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Л.М, шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Л.М, Т.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/871 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М, шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Т.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 62 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР