Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01736

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01546 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Т хариуцагч Д.Б холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 15 736 391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2017 оны 09 сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж-12, Олимпийн гудамж, 3 дугаар байрны 63 тоот хаягт байршилтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний 4.2, 4.7, 6.2.14, 7.2-т тус тус зааснаар түрээслэгч Д.Бат нь 1 сарын түрээсийн төлбөр 2 217 000 төгрөгийг сар бүрийн 05-ны өдрийн дотор Д.Түвшинбатын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 499223144 тоот дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлөх, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох, түрээсийн хугацаанд ашиглалтын зардал төлөх, гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон.

Гэвч түрээслэгч 2017 оны 11, 12, 2018 оны 01, 02 саруудын түрээсийн төлбөр, 2018 оны 01, 02 саруудын ашиглалтын зардлын төлбөрийг тус тус төлөөгүй. 2018 оны 03 сарын 01-ний өдөр түрээслүүлэгчид мэдэгдэхгүйгээр нүүсний улмаас гэрээний зүйлийг түрээслүүлж олох ёстой байсан орлого буюу 1 сарын түрээсийн төлбөр 2 217 000 төгрөгөөр хохирсон. Иймд 4 сарын түрээсийн төлбөр 8 868 000 төгрөг, 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар 0.5 хувийн алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 4 434 000 төгрөг, олох ёстой байсан орлого 2 217 000 төгрөг, ашиглалтын зардал, нийт 15 736 391 төгрөгийг хариуцагч Д.Батаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дээрх түрээсийн гэрээний байранд төсөл боловсруулах, ТЭЗҮ хийх, орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. 2017 оны 09, 10 саруудын түрээсийн төлбөр, СӨХ, ашиглалтын төлбөрийг хийсэн. 2017 оны 11 сард манай компанид мөнгө байхгүй байсан тул Ц.Түвшинбат нь түрээсийн байраа гаднаас нь цоожлох, эсвэл цахилгааныг нь таслах зэрэг үйлдэл хийсэн. Ингээд түрээслүүлэгч талтай учир байдлаа ойлгуулах гэж удаа дараа утсаар ярьсан боловч энэ байдлаа зогсоогоогүй. Бид компьютер техникээ авч гэрийн нөхцөлөөр ажлаа явуулсан. Ингээд цаашид тус байранд ажиллах боломжгүй болсон тул 2018 оны 01 сарын эхний 7 хоногт нүүсэн. Нүүхдээ СӨХ, дулаан, харуул, цэвэрлэгээний төлбөрийг бүрэн төлсөн. 2017 оны 11, 12 сард цахилгаан байхгүй, цоожтой өрөөнд үйл ажиллагаа явуулах боломжгүй, ашиглаагүй гэдгээ Ц.Түвшинбатад хэлээд нүүсэн. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батаас 2017 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэг, ашиглалтын зардал, алданги, олох ёстой байсан орлого зэрэгт нийт 15 736 391 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр Гранд оффис төвийн 3 883.02 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг буюу 73.9 м.кв талбай бүхий өрөөг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулсан талаар болон түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлага гэрээний зүйлийн ашиглалтыг үгүйсгээгүй, хариуцагч түрээсийн зүйл болох өрөөг эзэмшиж, ашиглаж байсан тул түрээсэлсэн хугацааны үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Хариуцагч Д.Бат нь 2017 оны 09, 10 сарын түрээсийн төлбөрийг төлж байсан бөгөөд 2017 оны 11 сараас хойш түрээсийн төлбөрийг төлөх хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлж байсан нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбараар мөн нотлогддог. Гэтэл шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сарын 28-ны өдрийн хооронд түрээсийн объектыг ашиглаж байсан ба нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөлгүй, мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 сарын 01-ний өдөр нүүж явсан байдаг. Энэ нь Гранд оффис СӨХ-ны 2020 оны 03 сарын 23-ны өдрийн №20/02 тоот албан бичгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх ийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Түвшинбат нь хариуцагч Д.Б холбогдуулан түрээсийн төлбөр 8 868 000 төгрөг, алданги 4 434 000 төгрөг, ашиглалтын зардал 217 391 төгрөг, хохирол 2 217 000 төгрөг, нийт 15 736 391 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 09 сарын 01-ний өдөр Оффисын байрыг түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, Ц.Түвшинбат нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж-12, Гранд оффисын 63 тоот хаягт байрлах 73.9 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх, Д.Бат нь хэлэлцэн тохиролцсон түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 5-9/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар шаардлагыг хангаагүй, улмаар хүчин төгөлдөр бус талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх 79-арын нүүр/

 

Хүчин төгөлдөр бус гэрээ нь түрээсийн төлбөр, алданги, хохирол шаардах эрхийг нэхэмжлэгчид бий болгохгүй боловч хариуцагч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, өөрийн гаргасан ашиглалтын зардлыг бусдаар төлүүлснээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй тул хариуцагч Д.Батаас оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг холбогдох ашиглалтын зардлын хамт гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Түвшинбат нь хариуцагч Д.Батыг оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигласан хэмээн тайлбарлаж, үүнтэй холбоотой Гранд оффис СӨХ-ны албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 46/ Хариуцагч Д.Бат нь 2018 оны 01 сарын эхний 7 хоногт нүүсэн гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар баримтаар нотлогдоогүй буюу Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 195 дугаар зүйлийн 195.1-д заасан үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй байна.

 

Иймд 2 217 000 төгрөг х 6 сар = 13 302 000 төгрөг 6 651 000 төгрөг /Д.Батын төлсөн/ = 6 651 000 төгрөгөөр хариуцагч Д.Батыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх 11-12/ Мөн хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэл, ашиглалт үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл гэх баримтад дурдагдсан үнийн дүн хариуцагч Д.Батын оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулсан цаг хугацаанд хамаарч байх тул 217 931 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. /хх 10/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Батаас 6 651 000 + 217 931 = 6 868 391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинбатад олгож, үлдэх 8 868 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Батаас 6 868 391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинбатад олгож, үлдэх 8 868 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 640 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Батаас улсын тэмдэгтийн хураамжид 124 844 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинбатад олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР