| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/04007/И |
| Дугаар | 191/ШШ2025/09562 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/09562
| 2025 11 07 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Х овогт Дийн Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Н” ХХК-д холбогдох
Гэрээний төлбөрт шилжүүлсэн 121.000.000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 42.300.000 төгрөг, нийт 163.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Т миний бие 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Н” ХХК-тай тоог “Г хотхоны амины орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан. Тухайн гэрээгээр “Н” ХХК нь урд байрлах Г хорооллын А5 дугаар блок, 3 тоотод 55 м2 амины орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж дуусган миний өмчлөлд шилжүүлэн өгөх, захиалагч болох Д.Т би тухайн амины орон сууцны урьдчилгаа төлбөр 36.300.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, үлдэгдэл төлбөр 84.700.000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тус тус тохиролцсон. Захиалагч Д.Т миний бие урьдчилгаа 36.300.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр, үлдэгдэл төлбөрийг 84.700.000 төгрөгийг гэрээнд хугацаанаас өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд бүрэн төлж тухайн амины орон сууцны нийт үнэ 121.000.000 төгрөгийг төлж дуусгасан. Гүйцэтгэгч “Н” ХХК нь амины орон сууц барьж хүлээлгэн өгөх хугацаа дуусах үед буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр захиалагч болох Д.Т намайг дуудаж гэрээний хугацаанд компанид хүндрэл бэрхшээл их учирсан тул захиалгын орон сууцыг хугацаандаа барьж чадаагүй болохоо хэлж, мөн тухайн орон сууцыг манай компани илүү чанартай материалаар барих болсон гэж хэлээд гэрээгээ дахиад нэг жилээр сунгая, манай компани одоо энэ хугацаанд орон сууцыг бүрэн дуусгаж чадах бөгөөд материалын өөрчлөлттэй холбоотой ямар нэгэн нэмэлт төлбөр авахгүй гэж хүсэлт тавьсан учир миний бие тус компанид итгэн гэрээг дахин нэг жилээр буюу гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар улирал хүртэл сунгасан. Ингээд 2024 оны 03 дугаар улирал болоход орон сууцыг дахиад барьж дуусгаагүй байсан бөгөөд гэрээг дахиад нэг жилээр сунгах санал тавихад миний бие тухайн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ хэлж тус компанид төлсөн 121.000.000 төгрөгөө буцаан авъя гэхэд төлбөрийг буцаан өгөх боломжгүй харин оронд энэ намар ашиглалтад орох, өөр том талбайтай буюу 75 м2 хувийн орон сууцыг зөрүү үнийг одоо бүрэн төлөөд захиалгын гэрээ хийж болно гэж хэлсэн. “Н” ХХК-ийн хувьд надтай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот гэрээний үүрэг болох УБ урд байрлах, Г хорооллын А5 дугаар блок, 3 тоотод 55 м2 амины орон сууцыг барьж өгөх боломжгүй, мөн тийм хүсэл сонирхолгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Д.Т миний хувьд “Н” ХХК-ийн шинээр тавьсан санал буюу 55 м2 болон 75 м2 амины орон сууцын зөрүү үнэ 25.498.066 төгрөгийг нэмж төлөөд дахин шинэ захиалгын гэрээ байгуулах нь ямар ч утгагүй буюу өмнөх гэрээний үүргээ бүрэн биелүүлж 121.000.000 төгрөг төлчихөөд байхад гэрээгээр тохирсон амины орон сууцаа огт бариагүй байгаа гүйцэтгэгч компанийг нэмээд 25.498.066 төгрөг төлчихвөл одоо гэрээний үүргээ биелүүлнэ гэж хүлээх нь өөрийгөө улам нэмж хохирол хүлээх эрсдэлд оруулах учир энэ саналыг хүлээн аваагүй болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гээд 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” гэж тус тус зохицуулсан тул “Н” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Д.Т миний хувьд “Н” ХХК-тай байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаа хэдий ч “Н” ХХК-иар бариулахаар захиалж байсан амины орон сууцтай ижил төстэй амины орон сууц худалдан авах хүсэл сонирхол хэвээр байгаа. Гэсэн хэдий ч “Н” ХХК-тай гэрээ байгуулж түүнд 121.000.000 төгрөг шилжүүлснээс хойш буюу 2021 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацааны инфляцын өсөлт, төгрөгийг уналт, орон сууцны үнийн хөөргөдөл зэргээс болоод одоо 121.000.000 төгрөгөөр 55 м2 талбай бүхий орон сууц бариулах боломжгүй буюу тухайн мөнгө хүрэхгүй нь тодорхой болсон. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Тиймээс өөрт учирсан хохирлыг “Н" ХХК-д 121.000.000 төгрөгийг шилжүүлж эхэлсэн өдрөөс буюу 2021.11.09-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүүгээр тооцон үзэхэд 121.000.000 төгрөгийн хадгаламжийн хүү 42.300.000 төгрөг болж байна. Иймд “Н” ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 121.000.000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 42.300.000 төгрөг, нийт 163.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Харин бид дараах байдлаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Үүнд хариуцагч “Н” ХХК нь 163.300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 143.300.000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 163.300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 143.000.000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 121.000.000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 42.300.000 төгрөг, нийт 163.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч “Н” ХХК нь 163.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 143.300.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Т нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох 163.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч “Н” ХХК нь 163.300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20.000.000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 143.300.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 974.450 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН