Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 545

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

хохирогч Б.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч С.С/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т овогт С.С-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0234 20591  дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т овогт С.С, 1978 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Энхтайваны корпуст жолооч ажилтай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-1 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 87 байрны 105 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧЖ78041510 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч С.С нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 87 дугаар байрны 105 тоотод байх гэртээ Б.Ариун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү, торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Б.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Ариун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 9-ний орой би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Amar irish” пабад ангийнхантайгаа уулзаад сууж байхад нөхөр С.С нь 23 цагийн орчимд согтуу намайг авахаар ирэхээр нь би гараад хамт харих гээд явж байгаад замдаа маргалдаад ар араасаа цуварч гэртээ ороод унтаж амарсан. Тэгээд өглөө боссон чинь нөхрийн урьд орой нь уусан архи нь гараагүй “өчигдөр орой гэртээ ирэхийн хооронд хамт явсангүй, цуварч яваад” гэж уурлаад маргалдсан. “...Нөхөр уурлаад миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиод гэрээс гараад явахаар нь би уурлаад цагдаад хандсан...” гэх мэдүүлэг. /хх6-7/,

Гэрч С.Анарсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай аав, ээж хоёр хааяа нэг хэрэлдэж маргалддаг, гэхдээ аав ээж хоёр зодолдож байгаагүй. Манай аав С.С нь ээжийг цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх15-16/,

Яллагдагч С.С мэдүүлэхдээ: “...Тэгээд өглөө 08-09 цагийн үед сэрсэн чинь урьд шөнө уусан архи гараагүй байхдаа эхнэртээ “өчигдөр шөнө ирээд ав гэж дуудчаад яагаад хамт яваагүй юм бэ” гэж хэлсэн чинь манай эхнэрийн архи бас гараагүй миний урдаас асаж уурлаад хэрүүл болоод 1 удаа цохиод би уурлаад гараад явсан. Тухайн үед би хаана нь цохьсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хх10-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №3498 дугаартай дүгнэлт:

  1. Б.Ариун-Эрдэний биед цох, зүүн сарвуу, баруун хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт үүсчээ
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-18/,

Хохирогч Б.Ариун-Эрдэний мэдүүлэг /хх6-7/, гэрч С.Анарсувдын мэдүүлэг /хх15-16/, яллагдагч С.С-н мэдүүлэг /хх10-11/, шинжээчийн №3498 дугаартай дүгнэлт /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.С нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 87 дугаар байрны 105 тоотод байх гэртээ Б.Ариун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.С нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт С.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.С 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Соногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ШИНЭБАЯР