Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/198

 

    2025           02            05                                       2025/ДШМ/198

 

Б.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

хохирогчийн төлөөлөгч П.Н,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, Х.Отгончимэг,  

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох эрүүгийн 1905 03832 0857 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б.А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ***************** ажилтай, ам бүл *, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, /РД:**00000000/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 754 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Б.А 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг “миний дансанд зээлийн төлөлтөө хийчих, би маргааш ажилдаа очоод шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.Цгаас 750.000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Б.Сос 643.199 төгрөгийг,

2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.Бгаас 2.650.014 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч С.Мээс 755.000 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Ааас 1.282.270 төгрөгийг,

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.Тээс 680.000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “өөрийнхөө нэр дээр зээл авах мөнгөн дээрээ нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Сос 1.000.000 төгрөгийг,

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Өөрийнхөө нэр дээр зээл авах мөнгөн дээрээ нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Баас 1.500.000 төгрөгийг,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Өөрийнхөө нэр дээр зээл авах мөнгөн дээрээ нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Гээс 500.000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Өөрийнхөө нэр дээр зээл авах мөнгөн дээрээ нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Нэс 500.000 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан А.Тт “миний дансанд зээлийн төлөлтөө хийчих, би маргааш ажил дээр очоод шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Таас 1.400.000 төгрөгийг тус тус авч, нийт 11.660.483 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэн А.Тын зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийн хуурамч нэмэлт зээлийн гэрээ үйлдэж, улмаар “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагын захиралд уг гэрээгээ үзүүлэн “Зээлдэгч А.Т нэмэлт зээл авахаар болсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авч “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан Г.Өийн зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Аг “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Б.Ад мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Агаас нийт 13.725.847 төгрөг гаргуулан “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллага /хохирогч П.Н/-д олгож, шүүгдэгч Б.А энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ад анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий юм. Үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй. Шүүгдэгч Б.Агийн хувьд хүүхэд насандаа гэр бүлийн байнгын хүчирхийлэлд өссөн талаар өмгөөлөгчийн хувьд сонсоод маш их харамсаж өрөвдлөө. Гэхдээ миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн гэм бурууг ойлгож гүнээ харамсаж өөртөө дүгнэлт хийж байгаа. Өмгөөлөгчийн хувьд хохирогч болох “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагатай очиж уулзсан. Хохирол 13.725.847 төгрөгийг шүүх хурлын өмнө барагдуулахаар ярьж тохирсон. Хохирогч байгууллагын хувьд хохирол төлбөрөөс 8.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд гомдол саналгүй гэсэн тодорхойлолт хийж шүүхэд явуулна гэсэн. Мөн Б.А нь Ардчилсан намд улс төрийн ажилтан хийж байсан ба давхар хувийн хэвшилд ажиллаж байсан байна. Энэ талаар мөрдөгчид хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд орсон тушаал зэргийг өгөөгүйгээс өөрийнхөө эрхзүйн байдлыг дордуулсан байна. Миний үйлчлүүлэгч Б.А нь торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт сонгох санкцтай хэрэг юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой заасан бөгөөд Б.Ад хамт олонтой болж нийгэмшиж байгаа байдлыг, мөн цаашид өөрийн гэсэн гэр бүлтэй болж үр хүүхэд төрүүлэн тэднийгээ өсгөн хүмүүжүүлж нийгэмд байр сууриа олж, сайн ээж болох боломжийг бүрдүүлэхэд нь тусалж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн гэмт хэргийг ижил төрлийн аргаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан залилан мэхлэх гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байсан. Шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчилж өгнө үү. Бусад хүмүүсийн зээлийн эргэн төлөлтийг “би төлье” гэж хэлээд өөрийн дансандаа авч байсан нь зүйлчлэлийн хувьд нэг гэмт хэрэг. Анхан шатны шүүхээс 13.725.847 төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэр гаргасан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн талаар баримтыг гаргаж өгье /2 хуудас баримт гаргаж өгөв/. Үлдэгдэл 12.525.847 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 12.525.847 төгрөгийн хохирол төлбөртэй гэж өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.А урьд нь шүүхээс ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулна” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Агаас “яагаад дахин гэмт хэрэг үйлдсэн бэ” гэж асуухад “аав хорт хавдартай байсан тул түүний эмчилгээний зардлыг төлсөн. Мөн гэр бүлийн байдал хүнд байсан” гэсэн. Энэ бүх зүйлийг ойлгож гэмшиж байгаа бөгөөд ээжээсээ тусдаа амьдардаг. Хохирогч байгууллагын зүгээс анхан шатны шүүхэд “гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Бүх хохирогч нараасаа уучлалт гуймаар байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн төлөөлөгч П.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.А нь бусдад нийт 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Нийт хохирлоос 13.725.847 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 төгрөгийг төлж, 12.725.847 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Эдгээр нөхцөл байдлаас харахад Б.А нь хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн, мөн өөрийн гэм буруугаа ухаарч байгаа учраас хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Хохирогч байгууллагын зүгээс анх гомдол гаргахдаа нийгмээс тусгаарлах зорилгоор цагдаагийн байгууллагад хандаагүй. Хэрэв хохирол төлбөрөө төлсөн тохиолдолд манай байгууллагаас хохирол төлбөрийн тодорхой хэмжээний үнийн дүнгээс татгалзах боломжтой гэдгээ илэрхийлсэн гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийг үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хамгийн бага ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн. Шүүгдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд тухайн үйлдэлдээ гэмшилгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул дахин 10.000.000 төгрөгөөр торгох боломжгүй. Мөн хохирогч Г.Ө нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “25.000.000 төгрөгийн зээл аваад, зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг гадаад улсад байхдаа төлсөн” гэдэг. Шүүгдэгч Б.А нь гадаад улсад байсан хохирогч Г.Өтэй уулзаж залилах боломжгүй. Тухайн зээлийн мэргэжилтэн нь зээл олгосон иргэдээ өөрөө хариуцаж зээлийн эргэн төлөлтийг сануулдаг. Эдгээр нөхцөл байдлаар зээлдэгчийн зээлж авсан мөнгөн дүнг хариуцаж байгаа гэдэг утгаараа хохирогч Г.Өтэй уулзаж төөрөгдөлд оруулаагүй тул завших гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хохирогч Г.Өийн 19.825.847 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Агийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа тус банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг “миний дансанд зээлийн төлөлтөө хийчих, би маргааш ажилдаа очоод шилжүүлье” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Г.Цгаас 750.000 төгрөгийг, хохирогч Б.Сос 643.199 төгрөгийг, Э.Бгаас 2.650.014 төгрөгийг, хохирогч С.Мээс 755.000 төгрөгийг, хохирогч Б.Ааас 1.282.270 төгрөгийг, хохирогч М.Тээс 680.000 төгрөгийг,

“өөрийнхөө нэр дээр зээл авах мөнгөн дээрээ нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Сос 1.000.000 төгрөгийг, хохирогч Б.Баас 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.Гээс 500.000 төгрөгийг, хохирогч Б.Нэс 500.000 төгрөгийг,

“ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан А.Тт “миний дансанд зээлийн төлөлтөө хийчих, би маргааш ажил дээр очоод шилжүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Таас 1.400.000 төгрөг тус тус авч, нэр бүхий иргэдэд нийт 11.660.483 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэн А.Тын зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийн хуурамч нэмэлт зээлийн гэрээ үйлдэн “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагын захиралд уг гэрээгээ үзүүлэн “Зээлдэгч А.Т нэмэлт зээл авахаар болсон” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг авч “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан Г.Өийн зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг хувьдаа авч завшсан тус тус гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол гаргахдаа тухайн хэргийн хувьд дээрх асуудлуудын хүрээнд зайлшүгй дүгнэлт хийх учиртай.

Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заасан.

Яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн аргыг зээл авсан иргэдийн эргэн төлөлтийн мөнгийг өөрийн дансаар авсан, зээл авах гэж байгаа иргэдийн мөнгөний үнийн дүн дээр нэмээд зээл аваад өгөөч, хүүг нь төлөөд буцаагаад өгнө гэж нэмж зээл авхуулсан мөнгийг авсан, зээлдэгчийн нэр дээр хуурамч баримт бүрдүүлэн өөрийн ажиллаж байгаа байгууллагаас зээл авсан, зээлийн эргэн төлөлтийн мөнгийг хувьдаа авсан гэх зэргээр тодорхойлжээ.

Яллах дүгнэлтэд, шүүгдэгч Б.Агийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үйл баримтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ЮКИ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан Г.Өийн зээлийн эргэн төлөлтийн 19.825.847 төгрөгийг хувьдаа авч завшсан” гэж тодорхойлсон байдал нь Г.Өийн зээлийн эргэн төлөлтийн мөнгийг ямар нөхцөл байдалд, хэрхэн авсныг тодорхой тусгаагүйгээс уг үйлдэл нь залилах, эсхүл завших гэмт хэргийн шинжтэй эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдлыг хязгаарласан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдсэн аргыг дээрх 4 өөр нөхцөл байдлаар тодорхойлсон байх боловч тухайн үйл баримтууд нь залилах, завших гэмт хэргийн ямар шинжийг хангаж байгаа талаар өрсөлдөх хэм хэмжээний хүрээнд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсанаар хэрэгт нэг мөр үндэслэл бүхий дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн, анхан шатын шүүхээс шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Б.Ад мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихоор шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Ад 2 жил хорих ял оногдуулсан атлаа торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэх үүрэг хүлээлгэж, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх бөгөөд тэрээр 2 жилийн хорих ял эдлэх хугацаандаа хэрхэн торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/923 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР