Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б овогт Ц.Н Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0166 40509 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ц.Н, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 хотхоны 48а-3 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, АЭ60061593 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 13 гудамжны 160 тоотод иргэн Б.Сүхбаатартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Гэрч Б.Булган мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Сүхбаатар ахын зүүн талын нүд нь нилээн хавдсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад би Сүхбаатар ахтай архи ууж байгаад маргасан. Тэгээд гараараа нэг удаа цохьсон чинь нүд нь ингээд хавдчихлаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-12/,

Гэрч Б.Халиун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед өвөөгийн зүүн талын нүд болон шанаа нь хавдсан байсан бөгөөд юу болсон талаар нь асуухад би танай аавтай жоохон маргалдаад намайг цохьсон. Гэхдээ өвөө нь гомдолгүй байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №478 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач Б.Сүхбаатарын цогцост зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн хажуу хэсэг, дээд доод уруул, хүзүүний зүүн хажуу болон урд доод хэсгийн цус хуралт гэмтэл учирчээ.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Талийгаачид учирсан гэмтлийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
  4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,0, шээсэнд 3,0 промилл спиртийн агууламж илэрсэн байна.
  5. Ходоодонд агууламжгүй байгаа тул ямар төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
  6. Талийгаач нь 2018.02.18-ны өдрийн 20.45 минутын байдлаар нас бараад 6-7 цаг орчим болсон байна.
  7. Талийгаач нь шүүх биологийн шинжилгээгээр ABO системээр O I бүлгийн цустай байна.
  8. Талийгаач нь спиртийн зүйл хэрэглэсний улмаас зүрхний булчингийн эмгэгшил, дотор эрхтэнүүдийн цус эргэлтийн хямралаар хүндэрч олон эрхтэний дутагдлаар нас баржээ. Талийгаач нь зүрхний булчингийн томрол, зүрхний баруун болон зүүн ховдлын тэлэгдэл, бөөрний архаг өрөвсөл өвчтэй байжээ. Энэ нь спиртийн хордлого үүсэх суурь шалтгаан болно.
  9. Талийгаач цогцост учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх23-24/,

 

Яллагдагч Ц.Н мэдүүлэхдээ: “...Талийгаач бид хоёр архи уугаад нилээн согтсон байсан. Тэгээд үл ойлголцох асуудал гараад гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь хоёр удаа цохьсон юм. Талийгаач Б.Сүхбаатарын амьд байхад нь учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг. /хх46-47/,

Гэрч Б.Булганы мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Халиуны мэдүүлэг /хх-19/, шинжээчийн №478, 1690 дугаартай дүгнэлтүүд /хх23-24, 27-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн мэдүүлэг /хх39-40/, яллагдагч Ц.Нн мэдүүлэг /хх45-47/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 13 гудамжны 160 тоотод иргэн Б.Сүхбаатартай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Н д хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Н-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР