| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2303004830411 |
| Дугаар | 2025/ДШМ/231 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/231
2025 02 13 2025/ДШМ/231
Э.Нид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,
яллагдагч Э.Нийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, З.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/5 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аы өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Нид холбогдох эрүүгийн 2303004830411 дүгээр хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Э.Н, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, “А Э Ю П” ХХК-д ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *-** тоот хаягт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Яллагдагч Э.Н нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3”-ын урд уулзвар дээр “Toyota Harrier” загварын **-** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Э.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг бүрэн хангалттай тогтоосон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаарх гаргасан хэд хэдэн удаагийн шинжээчдийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй.
... Тиймээс эдгээр дангаараа болон бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчдийн дүгнэлтээс аль дүгнэлт нь үндэслэлтэй эсэхэд урьд дүгнэлт гаргасан шинжээчдээс өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэх үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нэг мөр шалган тогтоох нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр яллагдагч Э.Нид холбогдох эрүүгийн 2303004830411 дугаартай хэргийг прокурорт буцааж, эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэлэлцэгдсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлууд, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан цагийн байдал зэргээр Э.Н нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3”-ын урд уулзвар дээр “Toyota Harrier” маркийн **-** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тг мөргөж амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой бөгөөд шүүх холбогдогчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна.
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “...Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд баруун ойрын гэрэл асахгүй, баруун дохио асахгүй, баруун ухрах асахгүй, баруун хойд зорчигчийн бүс ажиллахгүй, урд буфер баруун булан хагарсан, баруун их гэрэл хагарсан, баруун урд туслах гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлээс шалтгаалан өнгө үзэмж нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг гэмтлүүд нь осол болоход үүссэн шинэ эвдрэл гэмтэл бөгөөд баруун хойд зорчигчийн бүс ажиллахгүй байгаа нь хуучин эвдрэл гэмтэл байна...” гэх дүгнэлтээр “Toyota Harrier” маркийн **-** УЕМ дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь ослын улмаас үүссэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 959 дугаартай дүгнэлтээр осол гаргахад нөлөөлсөн шалтгаан, цаг хугацаа, бусад байдлыг тусгасан, хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэн нотлох баримтаар үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хавтаст авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ... Хавтаст хэрэгт хэргийн үйл баримттай холбоотой хяналтын камерын бичлэг авагдсан. Хяналтын камерын бичлэгийг үндэслэж, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 959 дүгээр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг гаргахдаа хэргийн газрын үзлэгийг нөхөн сэргээх маягаар орчин тойрныг бүрэн хамруулж гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх, тухайн үед А цэг болон жолоочийн байгаа цэг хоёрын хоорондох тээврийн хэрэгслийн хурдыг 64.26 км/цаг гэж тогтоосон. Энэ шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцсэн учраас яллах дүгнэлтийн үндэс болгож, дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аы өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Жолооч Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой нөхцөл байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт зөрчсөн нөхцөл байдал харагдаж байна.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...явган зорчигч Э.Тг тээврийн хэрэгсэл мөргөж байгаа харагдах ба мөргөж байгаа тээврийн хэрэгслийн хойд оврын гэрэл ассан байдалтай тормозны гэрэл асаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй байгаа харагдаж явган зорчигч Э.Тг тээврийн хэрэгсэл мөргөсний дараа тээврийн хэрэгслийн торомзны гэрэл асаж байгаа харагдана.” гэжээ.
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 959 тоот “...**-** УЕМ дугаартай тээврийн хэрэгсэл нь 10 метрийн зайнд 64.26 км/цагийн хурдтайгаар 0.56 секунд хугацаанд явж байгаа дүрслэгдэж байна. ...явган зорчигчийг мөргөхөөс өмнө зогсоох арга хэмжээ авсан дүрс дүрслэгдэхгүй байна” гэсэн дүгнэлт.
Энэ талаарх шинжээч Э.Дарханбаярын мэдүүлэг зэргээс харахад Э.Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 12.3, 12.4 дэх заалтуудыг зөрчиж осол гарган иргэн Э.Тгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна.
Хотын доторх автомашины хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4 км/цагаар хэтрүүлсэн болохыг тогтоосныг хэн нэгний тайлбар бус тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчийн холбогдох хуулийн хариуцлага сануулагдаад гаргасан шинжилгээний үндэслэл бүхий дүгнэлт гэж үнэлэх учиртай байна.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд заасан хэмжилтийн болон фото зургийн үзүүлэлтүүд, осол болсон цаг хугацаа, замын нөхцөл байдал, хяналтын камерт бичигдсэн дүрс, түүний хөдөлгөөн, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан эсэх, тормозны мөр болон тормозны гэрэл ассан байдал, гудамж замын гэрэлтүүлэг зэргээс харахад жолооч хэрхэн хариуцлагатай, анхаарал болгоомжтой явсан зэргийг шинжлэх ухааны үндэслэл, бодит боломж, самбаачлах хугацаа, тээврийн хэрэгслийн хурд зэргийг тооцож дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гаргажээ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/5 тоот захирамжийг хүчингүй болгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргасан. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Нид холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, энэ байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэдэг шалтгаанаар буцаасан. Явган зорчигч, явган зорчигчоос хэд дахин хүчин чадалтай авто тээврийн хэрэгсэл гэдэг хоорондоо эрс тэрс ялгаатай. Тиймээс үүнийг хуулиар зохицуулсан. Замын хөдөлгөөний дүрмийг жолооч дагаж мөрдөх, анхаарал болгоомжтой явах үүрэгтэй. Гэтэл дүрмээр зохицуулсан хэм хэмжээг хэтрүүлсэн явдлыг жолоочийн буруу гэж үзэхээс өөр аргагүй. Жолооч осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй. Жолооч хурд хэтрүүлж, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй үйл баримтыг нотлох баримтаар тогтоосон. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос хурд хэтрүүлсэн нь ослын шалтгаан болсон гэж үзсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Аы өмгөөлөгч Л.Цэндоо хурд хэтрүүлж, зогсоох арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь ослын шалтгаан болсон байх ёстой. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Э.Нийг 64 км/цагийн хурдтай явсан гэж тогтоосон. Суурин газарт 60 км/цагийн хурдтай явах ёстой бөгөөд үүнийг 4 км/цагаар хэтрүүлсэн нь физикийн хуулиар ямархуу хүч болох вэ, доорх хурд ямар хүчээр илэрхийлэгдсэнээр хүнд ямар хэмжээний хүч үйлчлэх вэ, энэ хүчээр хүний амь насыг хохироох боломжтой эсэх дээр тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь ослын шалтгаан болсон гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт гаргасан. 4 км/цагийн хурд ямархуу хурд вэ, энэ хүч хүнд үйлчлэхэд хүний амь хохироох гэмтэл учрах эсэхийг хэрэгт байгаа баримтаар хэргийн оролцогч нар хоорондоо мэтгэлцэж, илэрхийлж чадахгүй. Анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжиж байна, хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог нь тусгай мэдлэг буюу шинжээчийн дүгнэлтэд суурилдаг. Хавтаст хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт авагдсан. Шинжээчийн дүгнэлтээр Э.Н буруугүй, хохирогч буруутай байна гэж гарсан. Зарим шинжээч нар хариулах боломжгүй, хурдыг тогтоох боломжгүй гэж гаргасан. Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 959 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн хурдыг 64 км/цаг гэж тогтоосон. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. Энэ зөрүүг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой, бид тогтоох боломжгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлтэй байна. Яллах дүгнэлтийн үндэслэл болсон 959 дүгээр дүгнэлт нь гурав ди хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглаж, хэргийн газрыг сэргээн дүрсэлсэн. Үүнийг бид хиймэл оюун ухаан буюу AI ашиглаж гаргасан гэж ойлгосон. Энэ дүгнэлтийг шууд үндэслэл болгох нь эрсдэлтэй. Хиймэл оюун ухаан гурав ди нь ямар стандарттай байх вэ, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх, үндэслэл болгож болох эсэх нь тодорхойгүй. Өмнө нь “Цагаан шонхорын жигүүр” ТББ нилээн хэдэн жил дүгнэлт гаргасан. Энэ байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэж хэрэг шийдвэрлэж байсан. Гэтэл сүүлд нь хууль зүйн хувьд болохгүй юм байна гэдэг үр дүнд хүрч, энэ байгууллагаар дахин дүгнэлт гаргуулахаа больсон. Хиймэл оюун ухаанд суурилж дүгнэлт гаргаад, хэдэн жилийн дараа биш болбол яах вэ, хүний оюун ухаанд тулгуурласан дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан эргэлзээтэй дүгнэлтүүдийг нэгтгэж, эргэлзээг арилгах ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд заавал хийгдэх ёстой. Ээдрээ төвөгтэй байдлыг арилгаагүй гэж үзэн дахин шинжээч томилж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас Э.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “…дангаараа болон бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчдийн дүгнэлтээс аль дүгнэлт нь үндэслэлтэй эсэхэд урьд дүгнэлт гаргасан шинжээчдээс өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан яллагдагч Э.Нийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч Э.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/05 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Э.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР