2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/07005

 

 

 

 

 

 

 

2025 08 25 191/ШШ2025/07005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... хаягт оршин байрлах, ******* ******* ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК/РД:*******/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 881,500,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2013 оны 10-р сарын 03-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах ....тоот гэрээг байгуулсан. Хоёр талын байгуулсан ....тоот гэрээний 2.1-т заасны дагуу ........тоот 195.5 м.кв талбайтай орон сууцыг 604 095 000 төгрөгөөр, 116-р байрны 127 тоот 189 м.кв талбайтай орон сууцыг 584 010 000 төгрөгөөр, 116-р байр 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг 463 450 000 төгрөгөөр нийт 3 ширхэг орон сууцыг 1 651 555 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч ******* ******* ХХК нь ....тоот гэрээний 3.1-т заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 165 155 500 төгрөгт хариуцагч тал өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдэд нэхэмжлэгч талын реклам сурталчилгаа байршуулахаар, 2013 оны 10-р сарын 01-ний өдөр 60 000 000 төгрөгийг, 2013 оны 10-р сарын 08-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 2013 оны 12-р сарын 01-ний өдөр 150 000 000 төгрөгийг, 2014 оны 04-р сарын 01-ний өдөр 582 201 500 төгрөгийг, 2014 оны 06-р сарын 01-ний өдөр 594 198 000 төгрөгийг төлж орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулахаар талууд МУ-ын Иргэний хуулийн 40-р зүйлийн 40.1, 43-р зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж хүчин төгөлдөр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хоёр талын байгуулсан ....тоот гэрээний 2.1-д |,;заасан 3 ширхэг орон сууцыг хариуцагч ******* ******* ХХК-д хүлээн өгсөн бөгөөд гэрээний 4.10.1, 4.10.2-т заасны дагуу ........ 189 м.кв талбайтай орон сууц мөн тус байрны 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч ******* ******* ХХК ....тоот гэрээний 3.1-д заасан орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг зөрчсөн. Хариуцагч "******* ******* ХХК-ийн 2014 оны 05-р сарын 02-ны өдрийн 914 дугаартай албан хүсэлт болон хариуцагч компанийн захирал А. нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-д хүсэлт гаргасан. Тус хүсэлтүүддээ нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулсан ....тоот гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны төлбөрийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүгдийг худалдан авч төлбөрийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байгаа тул ...... 195.5 м.кв талбайтай 126 тоот орон сууц, мөн байрны 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцыг худалдан авахаас татгалзаж, харин 116-р байрны 155 м.кв талбайтай 257 тоот орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаа илэрхийлэн, хариуцагч талын Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаанд барьцаалсан ...... 127 тоот орон сууцыг банкны барьцаа солих журмын дагуу тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2014 оны 06-р сарын 23-ны өдрөөс 2-4 долоон хоногт багтаан банкны барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч талын гаргасан хүсэлтүүдэд хариу болгож 2014 оны 08-р сарын 01-ний өдрийн албан бичгээр хариуцагч талын ...... 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах, 116-р байрны 126, 127 тоот орон сууцыг буцаах тухай хүсэлтийг хүлээн авч 116-р байрны 127 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 14 хоногийн дотор багтаан хүлээлгэн өгөх, 116-р байрны 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2014 оны 09-р сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг мэдэгдсэний дагуу хариуцагч ******* ******* ХХК нь ...... 195.5 м.кв талбайтай 126 тоот орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн боловч тус байрны 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Голомт банкны зээлийн барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөөгүй. Харин хариуцагч ******* ******* ХХК нь 463 450 000 төгрөгийн үнийн дүнтэй ...... 155 м.кв талбайтай 257 тоот орон сууцны төлбөрт нийт 457 964 340 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 5 485 660 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хохироож байна. Хариуцагч ******* ******* ХХК нь 2017 оны 01-р сарын 24-ны өдрийн 17/005 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулсан ....тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний 2.1-д заасны дагуу ...... 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцыг 584 010 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож тус байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан 2013 оны 11-р сарын 07-ны өдөр Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан бөгөөд Голомт банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэнээс шалтгаалан 127 тоот орон сууцыг яаралтай буцаан өгөх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсаар өдрийг хүрсэнд хүлцэл өчье гээд байрны гэрчилгээг 2017 оны 05-р сарын 01-ний дотор суллаж өгөх баталгаа гаргасан боловч тус хугацаанд ...... 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч ******* ******* ХХК-д гаргаж өгөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Хариуцагч ******* ******* ХХК нь ...... 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцыг Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Голомт банк зээлийн төлбөрийг тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөс авахаар байгаа тул дээр 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх боломжгүй байдалтай байна. Түүнчлэн 2021 оны 06-р сарын 01-ний өдөр ******* ******* ХХК 257 дугаартай албан бичгийг "******* ******* ХХК-д хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт "...Иймд ******* *******" ХХК-тай ........ 189 м.кв талбай бүхий орон сууцны төлбөр болох 584 010 000 төгрөгийг төлбөрт тус гэрээний 4.9-д заасан барьцаа хөрөнгө болох "******* мультимедиа ХХК-ийн нэр дээр олгогдсон Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум Хөвсгөлийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Дээд модот буланд байрлах 3.5 га талбай бүхий газрыг "******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж төлбөр тооцоог хаалгах хүсэлтэй байна... гэж 116-р байрны 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцыг буцаан хүлээлгэн өгч чадаагүй тухайгаа хүлээн зөвшөөрч, оронд нь газар өгөхөөр хүсэлт ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тус газрыг ******* ******* ХХК-д шилжүүлээгүй байна. Хариуцагч ******* ******* ХХК нь ...... 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5 485 660 төгрөг, 116-р байрны 127 тоот орон сууцны төлбөр болох 584 010 000 төгрөг нийт 589 495 660 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул хоёр талын байгуулсан ....тоот гэрээний 3.5 /Худалдан авагч тал нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож Худалдагч талд төлөх үүрэгтэй/ гэж заасны дагуу 2014 оны 06-р сарын 02-ны өдрөөс 2021 оны 05-р сарын 31-ний өдөр хүртэл өдрийн алданги 1 752 030 төгрөг, нийт 2610 хоног 4 574 550 330 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.5-д заасны дагуу 292 005 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй болно. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зүгээс хоёр талын байгуулсан ....тоот гэрээг нотариатаар гэрчлүүлэх болон Маршал хотхоны 155 м.кв талбайтай 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5 485 660 төгрөгийг яаралтай төлж барагдуулах, 116-р байрны 189 м.кв талбайтай 127 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны үлдэгдэл төлбөр болон орон сууцыг хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй нэхэмжлэгч компанийг хохироож байна. Иймд МУ-ын иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, ....тоот гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу ...... 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5 485 660 төгрөг, ...... 127 тоот орон сууцны төлбөр 584 010 000 төгрөг, иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, гэрээний 3.5-д заасны дагуу алданги 292 005 000 төгрөг нийт 881 500 660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ХХК ******* ******* ХХК-тай 2013.10.03-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээнд заасан гурван ширхэг орон сууцны нэг ширхэгийг буюу 116 дугаар байрны 127 тоот 189 м.кв 3 өрөө орон сууцыг Голомт банкны 410 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн. Гэтэл 2014 оны 3 сард бусдаас хөрөнгө оруулалтын гэрээний дагуу санхүүжилт хийгдэхгүй болж манай компани эрсдэлд орсон тул ******* Констракшн ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзах буюу гурван байрны хоёрыг нь буцаах, гэрээг буцаах хүртэл төлөгдсөн төлбөртөө нэг байрыг авах шийдвэрийг гаргаж, хүсэлтээ өгсөн. Ингээд ******* Констракшн ХХК-тай харилцан тохиролцож 2014.10.09-ний өдөр 2013.10.03-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээндээ холбогдох нэмэлт өөрчлөлтийг бичгээр оруулж ******* ******* ХХК нь нэг орон сууцыг буюу ...... 257 тоот 155 м.кв орон сууцыг 463,450,000 төгрөгөөр худалдан авах, орон сууцны үнээс төлөгдөөгүй үлдсэн 224,457,100 төгрөгийг төлж барагдуулах хэлбэр, хуваарийг тохиролцсон. Өмнө дурдсан 116-р байрны 127 тоот орон сууцыг Голомт Банкны зээлийн барьцаанд тавьсан байсан тул уг орон сууцыг банкны барьцаанаас 14-30 хоногийн дотор чөлөөлж өгөх үүргийг хүлээсэн. Бодит үйл баримтын хувьд 116 байрны 127 тоот байрыг манай компани ******* ******* ХХК-иас анхнаасаа огт хүлээж аваагүй, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг нь барьцаанд тавьсан байсан. Улмаар 2014 оны 6 сард байрыг авахгүй хэмээн манай талаас мэдэгдсэний дараахан нь буюу 2014 оны 8 сард ******* Констракшн ХХК нь тухайн байрыг өөр хүнд худалдсан улмаар худалдаж авсан айл нь амьдран сууж байсан болно. Хариуцагч компанийн захирал А.ын зүгээс дээрх 127 тоот байрны гэрчилгээг банкны барьцаанаас суллаж өгөх, эсвэл ******* Констракшн ХХК-тай орон сууц худалдан авах гэрээг хийхдээ барьцаанд нь тавьсан Хөвсгөл аймгийн Хатгал суманд орших аялал жуулчлалын зориулалттай 4.4 га газрыг төлбөрт нь өгөх зэргээр байнга санаачилга оролдлогыг хийсээр ирсэн. Гэвч ******* ******* ХХК болон Голомт банкны хооронд зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн байдаг. Мөн төлбөрийг нь төлөөд дуусаж байсан 116 байрны 257 тоот байраар барьцааг солих хүсэлтийг Голомт банкны зүгээс хангаж өгөхгүй байснаас үүдэн тус банктай муудалцаж шүүхдэлцсэн. 2015-2017 он хүртэл Голомт банктай шүүхдэлцэж байсан учир барьцааг суллаж өгөх боломж байхгүй байсан. Энэ хооронд МАН-д хийж өгч байсан ажлуудын орлого хүлээгдэж байсан боловч МАН нь гэрээт ажлын төлбөр болох 1.4 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөөгүйн улмаас Голомт банкнаас авсан зээлээ төлөх боломжгүй болж хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх өр төлбөрт орсон болно. ******* ******* ХХК нь Голомт банктай шүүхдэлцэж байгаад 2017.04.17-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр ******* ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу Голомт банкинд нийт 458,726,115 төгрөгийг төлөх, уг төлбөрийн 109,617,141 төгрөгийг ажил, үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр, 349,108,974 төгрөгийг мөнгөн хэлбэрээр 2017.07.31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Эвлэрлийн гэрээний дагуу ******* ******* ХХК иь 110 сая төгрөгийн ажил үйлчилгээг Голомт банкинд үзүүлж, үлдэх төлбөрийг төлөх боломж нөхцөл бүрдээгүй тул 2018 онд барьцааны зүйл 116-р байрны 127 тоот ором сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг ******* ******* ХХК-д мэдэгдсэний үндсэн дээр Голомт банкинд шилжүүлсэн. Үүнээс хойш ******* ******* ХХК-ийн захирал А. нь ******* Констракшн ХХК-ний захирал С.Нямдаваа болон санхүүгийн захиралтай уулзаж хоорондын төлбөр тооцоог үйлчилгээгээр барагдуулах талаар ярилцаж байсан бөгөөд үнийн дүнгийн хувьд А. захирал орон сууцыг 340 сая төгрөгийн төлбөрт тооцуулсан учраас уг хэмжээгээр тогтоох саналыг гаргахад, ******* Констракшн ХХК-ийн санхүүгийн захирал нь танайх ажил үйлчилгээгээр хаах юм чинь дундаа тохироё, байрны үнэ 559 сая төгрөг, харин танайх 340 саяын зээлэнд өгсөн гэж байгаа бол дундуур нь тооцож 440 сая төгрөгийн ажил үйлчилгээгээр барагдуулахаар тохироё гэсэн саналыг гаргасан байдаг. ******* Констракшн ХХК-ийн зүгээс дээрх нөхцөлөө албан хүсэлт маягаар бичиж өг гэсний дагуу хариуцагчаас 2024 оны 4 дүгээр сард албан бичиг өгсөн байдаг. Үүний дараа ******* Констракшн ХХК-иас тохиролцооныхоо дагуу гэрээ хийе гэж А. захирлыг дуудсаны дагуу тэрбээр оффис дээр нь очиход ******* Констракшн ХХК-ний захирал С.Нямдаваа нь 440 сая төгрөг зээлсэн, уг зээлээ 1 сарын дараа төлнө, хэрвээ төлөхгүй бол алданги төлнө гэсэн агуулгатай зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулахаар бэлдсэн байсан. А. захирал нь бидний хооронд мөнгө зээлсэн асуудал байхгүй тул тухайн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. ******* ******* ХХК-ийн зүгээс 116-р байрны 127 тоот байрыг хүлээн авч ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй, өнгөрсөн 10 жилийн хугацаанд ******* Констракшн ХХК нь тухайн байрнаас шалтгаалан хохирсон зүйл огт байхгүй. Учир нь 2014 оны 8 сард ******* ******* ХХК нь тухайн байрыг өөр иргэнд худалдан борлуулсан. Уг иргэн нь байрны гэрчилгээг хоцроож нэр дээрээ авсан л асуудал байгаа. Хэрэв дээрх байрыг Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн бол дор хаяж 10 жилийн хугацааны түрээсийн орлогыг хариуцагч авах эрхтэй байсан. Эсвэл банкинд байх хугацаанд нь зарж борлуулж зөрүү мөнгөөр нь зээлээ төлөх, зөрүү төлбөрийг ******* Констракшн ХХК-д өгч үлдэгдэл төлбөр дээр хувиар гаргаж ажлаар гүйцэтгэж өгөх , өөр аргаар шийдэх боломж бүрэн байсан.Мөн ******* Констракшн ХХК-иас төлбөртөө авахаас татгалзаагүйн улмаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрэг дагуух үнэ цэнэтэй газраа ******* Констракшн ХХК-д шилжүүлнэ гэдэг хүлээлтээр газар дээр нь ямар нэгэн бүтээн байгуулалт хийхгүй байсны улмаас 2024 оны 3 сард газрын гэрчилгээ цуцлагдсан. ******* ******* ХХК нь ...... 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Гэвч 116-р байрны 257 тоот орон сууцны үнэ дутуу төлөгдсөн талаар шаардлага гаргаж байгаагүй уг гэрээ хэрэгжээд дуусгавар болсон болно. Иймд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл баримтын хувьд зохигчид ...... 127 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь уг орон сууцны үнэ, улмаар орон сууцны үнийг төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах боломжгүй юм. Харин нэхэмжлэгч нь бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлт, орон сууц барилга худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 05-р сарын 02-ны өдрийн хүсэлт хүргүүлэх тухай, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийн хариу хүргүүлэх тухай, төлбөр төлөх хуваарь, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн мэдэгдэл, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021 оны 06 угаар сарын 01-ний хүлээн зөвшөөрөх тухай, Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №24/16 дугаартай ******* ******* ХХК-ийн захиргаанд хүргүүлсэн албан бичиг , хариу тайлбар, орон сууц барилга худалдах худалдан авах гэрээ, 2019.04.18-ны өдрийн гар бичмэл, 2019.03.15-ны өдрийн гар бичмэл, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хариу тайлбар, төлбөр төлсөн баримтууд, 2025.04.04-ний өдрийн гар бичмэл тодорхойлолт, тооцооны үлдэгдлийн баталгаа, орон сууцны барилга худалдах худалдан авах ....тоот гэрээний хавсралт, 2015.10.20-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгчийн захирамжаар: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, кассын орлогын баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар-т албан тоот, барьцаа хөрөнгийн тухай албан бичиг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлт, орон сууц захиалгаар барих тухай гэрээ, ******* Мальтимедиа ХХК-ийн компанийн дүрэм, Хот төлөвлөлт эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл төвийн дугаар олгох тухай, итгэмжлэл, King tower 1-3 2-10-р давхрын байгуулалт, хуулийн этгээдийн усын бүртгэлийн гэрчилгээ, харилцах банкны бүртгэл, канон зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (иргэн), кассын орлогын баримтууд, зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн график, ипотекийн гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг (хуулийн этгээд), Улаанбаатар хотын банкны баримт, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гар бичмэл хүсэлт, 2018.02.07-ны өдрийн 4/1355 албан тоот, улсын байцаагчийн дүгнэлт бүртгэл хөтлөх тухай, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт, итгэмжлэл, барьцаа хөрөнгийн өмчлөх эрх түр шилжүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн гүйцэтгэх хуудас, зээл төлүүлэх гүйлгээний шийдвэр, 2016.11.08-ны өдрийн 181/ШШ2016/01198 шийдвэр, 2017.01.18-ны өдрийн магадлал, 2017.04.18-ны өдрийн тогтоол, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах банкны бүртгэл, голомт банкны дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* МальтиМедиа ХХК-ийн компанийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мемориалын баримт, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.06.15-ны өдрийн итгэмжлэл, шилжин ирсэн тухай тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах банкны бүртгэл, голомт банкны дүрэм, тайлбар хүргүүлэх тухай, 2020.10.12-ны өдрийн тайлбар хүргүүлэх тухай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, дотоод шилжүүлгийн баримт, нийслэлийн улсын бүртгэлийн газарт хүсэлт, зээл олгох шийдвэр гарсан тухай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, орон сууцны зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцаалбар,2025.02.24-ний өдрийн албан бичиг, ******* ******* ХХК-ийн гомдол, хохирогчийн төлөөлөгч томилох тухай албан бичиг, 2016.11.01-ний өдрийн байцаалт, орон сууц барилга худалдах худалдан авах гэрээ, ******* МалтиМедиа 2013.10.24-ний өдрийн албан тоот, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт, ******* ******* ХХК хариу тайлбар хүргүүлэх тухай, ******* ******* ХХК мэдэгдэл хүргүүлэх тухай, 2015.10.16 ******* ******* ХХК мэдэгдэл хүргүүлэх тухай, 2014.06.20 ******* ******* ХХК-д тайлбар хүргүүлэх тухай, 2016.11.07-ны өдрийн байцаалт, 2016.11.10-ны өдрийн байцаалт, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт, Жанхайн цагаан эрэг дэх дээд модот булан нэртэй хөвсгөл далайн баруун эрэгт байрладаг 4,4 ГА газрын харагдах байдал, Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах 2012/39 тоот гэрчилгээний хавсралт, улсын тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах 2012/39 тоот гэрчилгээний хавсралт, нэгж талбарын байршлын кадастрын зураг, 2016.04.28-ны өдрийн шийдвэр, 2016.06.28-ны өдрийн магадлал, зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүг төлөх график, зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл зээлийн хүүг төлөх график, зээлийн гэрээ, зээл зээлийн хүүг төлөх график, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх тогтоол, 2016.11.24-ний өдрийн прокурорын тогтоол, улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024.04.21-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахуйн хэрэглэгчийн цахилгаан хангамжийн 220В хүчдэлийн сүлжээнд шинээр холболт хийлгэх өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, орон сууц барилга худалдах худалдан авах гэрээ, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2025.06.06-ны өдрийн 03/837 албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2013 оны 10-р сарын 03-ны өдрийн №....Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 881,500,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2013 оны 10-р сарын 03-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах №....гэрээг байгуулж, ........тоот, 195.5 м.кв талбайтай орон сууцыг 604,095,000 төгрөг, 116-р байрны 127 тоот, 189 м.кв талбайтай орон сууцыг 584,010,000 төгрөг, 116-р байр 257 тоот, 155 м.кв талбайтай орон сууцыг 463,450,000 төгрөгөөр буюу нийт 3 ширхэг орон сууцыг 1,651,555,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээний дагуу нийт үнийн дүнгийн 10 хувь болох 165,155,500 төгрөгт өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдэд нэхэмжлэгчийн реклам сурталчилгааг байршуулахаар, үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлж барагдуулахаар тохирсны дагуу 3 орон сууцны эзэмших эрхийг хүлээлгэн өгсөн. Улмаар 116-р байрны 127 тоот, 189 м.кв талбайтай орон сууц мөн тус байрны 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр рүү шилжүүлсэн боловч хариуцагч үлдэгдэл төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Хариуцагч 2014 оны 05-р сарын 02-ны өдөр гэрээний дагуу худалдан авч буй орон сууцны төлбөрийг гүйцэтгэж чадахгүй гэсэн шалтгаанаар 126 тоот орон сууц, 127 тоот орон сууцыг худалдан авахаас татгалзаж, харин 257 тоот орон сууцыг худалдан авахаа илэрхийлж, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаанд барьцаалсан 127 тоот орон сууцыг банкны барьцаа солих журмын дагуу тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч 2014 оны 08-р сарын 01-ний өдөр 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах, 126, 127 тоот орон сууцыг буцаах тухай хүсэлтийг зөвшөөрч, 127 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөх, 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2014 оны 09-р сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг мэдэгдсэний дагуу хариуцагч нь 126 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч тус байрны 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Голомт банкны зээлийн барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгчид өгөөгүй. Хариуцагч нь 463,450,000 төгрөгийн үнийн дүнтэй 257 тоот орон сууцны төлбөрт нийт 457,964,340 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 5,485,660 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч нь 127 тоот орон сууцыг Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан бөгөөд Голомт банктай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэнээс шалтгаалан 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгч чадахгүй байсаар уг орон сууц нь Голомт банкны өмчлөлөөс бусдын өмчлөлд шилжсэн. Иймд Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөг, ...... 127 тоот орон сууцны төлбөр 584,010,000 төгрөг, алданги 292,005,000 төгрөг нийт 881,500,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.   Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Үүнд:

 

а/ ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2013.10.03-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, 127 тоот орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, Голомт банкны 410 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн. Гэтэл санхүүжилт хийгдэхгүй болж компани эрсдэлд орсон тул ******* Констракшн ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гурван байрны хоёрыг нь буцаах, гэрээг буцаах хүртэл төлөгдсөн төлбөртөө нэг байрыг авах шийдвэрийг гаргаж, хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, Орон сууц худалдах-худалдан авах гэрээндээ нэмэлт, өөрчлөлтийг оруулж, 257 тоот 463,450,000 төгрөгөөр худалдан авах, орон сууцны үнээс төлөгдөөгүй үлдсэн 224,457,100 төгрөгийг төлж барагдуулахаар тохирч, 127 тоот орон сууцыг Голомт Банкны зээлийн барьцаанаас чөлөөлөх өгөх үүргийг хүлээсэн. 127 тоот байрыг нэхэмжлэгчээс анхнаасаа огт хүлээж аваагүй, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг нь барьцаанд тавьсан байсан. Улмаар 2014 оны 6 сард байрыг авахгүй хэмээн манай талаас мэдэгдсэний дараа 2014 оны 8 сард ******* Констракшн ХХК нь 127 тоотыг бусдад худалдсан, худалдаж авсан хүн нь амьдарч байсан. Хариуцагч нь 127 тоот байрны гэрчилгээг банкны барьцаанаас суллаж өгөх, эсвэл Хөвсгөл аймгийн Хатгал суманд орших аялал жуулчлалын зориулалттай 4.4 га газрыг төлбөрт нь өгөх зэргээр байнга санаачилга оролдлогыг хийсэн боловч ******* ******* ХХК болон Голомт банкны хооронд зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсэж, барьцааг суллах боломжгүй болсон. ******* ******* ХХК-ийн зүгээс 127 тоот байрыг хүлээн авч ашиглаж хэрэглээгүй, өнгөрсөн 10 жилийн хугацаанд ******* Констракшн ХХК нь тухайн байрнаас шалтгаалан хохирсон зүйлгүй. Учир нь 2014 оны 8 сард ******* ******* ХХК нь тухайн байрыг өөр иргэнд худалдан борлуулсан. Хэрэв дээрх байрыг Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн бол дор хаяж 10 жилийн хугацааны түрээсийн орлогыг хариуцагч авах эрхтэй байсан. Эсвэл банкинд байх хугацаанд нь зарж борлуулж зөрүү мөнгөөр нь зээлээ төлөх, зөрүү төлбөрийг ******* Констракшн ХХК-д өгч үлдэгдэл төлбөр дээр хувиар гаргаж ажлаар гүйцэтгэж өгөх, өөр аргаар шийдэх боломж бүрэн байсан. ******* ******* ХХК нь ...... 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч 257 тоот орон сууцны үнэ дутуу төлөгдсөн талаар шаардлага гаргаж байгаагүй уг гэрээ хэрэгжээд дуусгавар болсон, 127 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь уг орон сууцны үнэ, улмаар орон сууцны үнийг төлөх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд 2013 оны 10-р сарын 03-ны өдөр №....дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-г гэрээг байгуулжээ.

а/ Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун хотхон, Кинг тауэр, 116-р байрны 126 тоот 195.5 м.кв талбайтай орон сууцыг /1м.кв 3,090,000 төгрөг/ 604,095,000 төгрөгөөр, 116-р байрны 127 тоот 189 м.кв талбайтай орон сууцыг /1м.кв 3,090,000 төгрөг/ 584,010,000 төгрөгөөр, 116-р байр 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг //1м.кв 2,990,000 төгрөг/ 463,450,000 төгрөгөөр нийт 3 ширхэг орон сууцыг 1,651,555,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ. /Гэрээний 2.1/

б/ Худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 165,155,500 төгрөгт худалдан авагч нь өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлүүдэд худалдагч талын реклам сурталчилгааг байршуулахаар,

в/ үлдэгдэл төлбөр болох 1,486,399,500 төгрөгийг 2013 оны 10-р сарын 01-ний өдөр 60,000,000 төгрөгийг, 2013 оны 10-р сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөгийг, 2013 оны 12-р сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг, 2014 оны 04-р сарын 01-ний өдөр 582,201,500 төгрөгийг, 2014 оны 06-р сарын 01-ний өдөр 594,198,000 төгрөгийг төлж орон сууцны төлбөрийг төлөхөөр гэрээний 3.1-т заасан нөхцөлөөр харилцан тохирчээ.

г/ Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх харилцааг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10, 4.11-т заасан зохицуулалтын хүрээнд тохирчээ.

6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

6.2. Дээрх хэлцлээр ******* ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохирсон 127 тоот 189 м.кв талбайтай орон сууцыг 2013.11.01-ний өдөр ******* ******* ХХК-ийн захирал А.ын өмчлөлд, тус байрны 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ******* ******* ХХК-ийн нэр дээр төлбөрийг бүрэн төлөхөөс нь өмнө шилжүүлэн өгсөн асуудлаар маргаагүй, мөн гэрээг байгуулахдаа хэлцлийн үнийг харилцан тохирсон талаар, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

7. Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдагч тал нь өөрийн нийлүүлэх ёстой бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хариуцагч төлөөгүй асуудлаас шалтгаалан маргаан үүсчээ.

8. Хариуцагч "******* ******* ХХК нь гэрээгээр харилцан тохирсон хугацаанд орон сууцны худалдан авсан үнэ, төлбөрийг цаашид бүрэн төлөх чадамжгүй болсонтой холбогдуулан худалдан авсан 3 орон сууцны 2-ыг/126, 127 тоот / нь худалдан авахаас татгалзаж, 257 тоот орон сууцыг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг 2014.05.02-ны өдрийн №914 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ. /хх-14/

9. Улмаар, 2014.06.23-ны өдөр 126, 127 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан мэдэгдэл гаргах нь гараар бичсэн 2 талын акт, бичгээр тогтоогджээ.

10. Нөгөө талаас, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаанд барьцаалсан ...... 127 тоот орон сууцыг банкны барьцаа солих журмын дагуу тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэн өгөх агуулга бүхий хариуцагчийн хүсэлтэд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 2014 оны 08-р сарын 01-ний өдрийн албан бичгээр хариу өгчээ.

11. Уг албан бичгээр, ******* ******* ХХК-ийн ...... 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах, 116-р байрны 126, 127 тоот орон сууцыг буцаах тухай хүсэлтийг зөвшөөрч, 116-р байрны 127 тоот орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 14 хоногийн дотор багтаан буцаан шилжүүлэх, 116-р байрны 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2014 оны 09-р сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг мэдэгдсэний дагуу хариуцагч ******* ******* ХХК нь ...... 195.5 м.кв талбайтай 126 тоот орон сууцыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн боловч 127 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тохирсон хугацаанд Голомт банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-18/

12. Хариуцагч "******* ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохирсон 127 тоот 189 м.кв талбайтай орон сууцыг 2013.11.01-ний өдөр ******* ******* ХХК-ийн захирал А.ын өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар "******* ******* ХХК нь Голомт банктай 2013.11.07-ны өдөр байгуулсан 410,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр Ипотекийн гэрээг байгуулан, 127 тоот 189 м.кв талбайтай орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ. /хх-80,83-105/

13. "******* ******* ХХК нь Голомт банктай 2013.11.07-ны өдөр байгуулсан 410,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор зээлдэгч шүүхэд тухайн асуудлаар хандаж, Зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хануулах шаардлагыг гаргасан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.08-ны өдрийн №181/ШШ2016/01198 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.18-ны өдрийн №223 магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.04.18-ны өдрийн №001/ХТ2017/00447 тогтоолоор Голомт банк ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг баталж, Голомт банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-121-137/

14. ******* ******* ХХК нь Голомт банктай байгуулсан шүүхээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээнд заасан үүргээ мөн биелүүлээгүйн улмаас 127 тоот орон сууцыг Голомт банкны өмчлөлд 2018.02.08-ны өдөр шилжүүлэн өгсөн, Голомт банк нь иргэн С.Жаргалмаатай 2021.12.28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2021.12.31-ний өдөр С.Жаргалмаагийн өмчлөлд, иргэн С.Жаргалмаа болон Д.Өлзийсайхан нарын хооронд 2021.12.31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022.01.05-ны өдөр Д.Өлзийсайханы өмчлөлд, маргаан бүхий 127 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлээр шилжсэн үйл баримт тогтоогджээ. хх-157, 179, 189/

15. Ийнхүү зохигчдын хооронд 2013 оны 10-р сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах ....тоот гэрээний дагуу 3 орон сууцыг худалдан авсан үнийн дүнд хариуцагч 1,651,555,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч 2014.05.02-ны өдрийн №914 тоот албан бичгээр гэрээний дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй болсонтой холбоотойгоор гэрээний зүйлийн зарим хэсгээс буюу 126, 127 тоот орон сууцыг худалдан авахаас татгалзаж, худалдагч талд хүсэл зоригоо илэрхийлснийг худалдагч тал хүлээн авсан боловч тогтоосон хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны барьцаанаас чөлөөлөн, өмчлөх эрхийг улсын бүртгэлээр нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй, харин 127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг 2014.06.23-ны өдөр нэхэмжлэгчид бүрмөсөн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул 126, 127 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өгсөн авснаа буцаах харилцаа үүссэн гэж үзнэ.

16. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд 2013 оны 10-р сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах ....тоот гэрээний дагуу 126, 127 тоот орон сууцыг хариуцагч хүлээн авсан боловч эзэмшлийг буцаан шилжүүлсэн, цаашид өмчлөх эрхийг барьцаанаас чөлөөлөн худалдагчид шилжүүлэх тохиролцоо бий болсон, талууд энэ талаар хэн аль нь маргаагүй байна.

17. Түүнчлэн, 127 тоот орон сууцны эзэмшлийг хариуцагчаас 2014.06.23-ны өдөр буцаан шилжүүлэн авсны дараа ******* ******* ХХК нь иргэн П.Мөнхбаатартай 2014.08.02-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулан 127 тоот орон сууцыг 578,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, П.Мөнхбаатар нь тухайн орон сууцанд 2019 оныг хүртэл амьдарч байсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор П.Мөнхбаатар нь мөн нэхэмжлэгчид хүсэлт гаргаж, өөр орон сууцыг шилжүүлэн авсан байх тул орон сууцны эзэмшлийг хариуцагчаас нэхэмжлэгч талд шилжүүлэн өгснөөр, нэхэмжлэгч уг орон сууцны эзэмшлийг буцаан авснаар 126, 127 тоот орон сууцны хувьд худалдах, худалдан авах гэрээний нөхцөл хангагдаагүй байна. /хх-2-99-106/

18. Ийнхүү хариуцагч нь орон сууцны худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбоотойгоор, 127 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгөх үүрэгтэй боловч уг орон сууцыг Голомт банкны зээлийн барьцаанд барьцаалуулсан, улмаар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэний улмаас нэхэмжлэгчид өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй байсаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Голомт банкны өмчлөлд 2018.02.08-ны өдөр шилжүүлэн өгснөөр, орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ХХК-д буцаан шилжүүлэх үүрэг биелэх боломжгүй болжээ.

19. 127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагчаас нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 127 тоот орон сууцны төлбөрт 584,010, 000 төгрөгийг төлөхийг 2017.08.11, 2017.08.15-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан боловч мөн үр дүн гараагүй, ******* ******* ХХК нь 2021.06.01-ний өдрийн албан бичгээр 127 тоот орон сууцыг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн учир түүний үнэд 584,010,000 төгрөг төлөөгүй болохыг, уг өр төлбөрт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тусгай хамгаалалттай газар нутгийн Дээд модот буланд байрлах 3,5 га талбай бүхий газрыг ******* ******* ХХК-д шилжүүлж, төлбөр тооцоог дуусгах талаар санал илэрхийлж байжээ. /хх-21/

20. Түүнчлэн 2024.03.20-ны өдрийн №24/16 албан бичгээр хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2013.10.03-ны өдөр байгуулсан №....дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг зар сурталчилгааны ажлыг гүйцэтгэх хэлбэрээр харилцан тооцож дуусгавар болгох саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ. /хх-23/

21. ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2013.10.03-ны өдөр байгуулсан №....дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хариуцагч маргасан боловч гэрээ байгуулагдсан цагаас хойшхи хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөж байсантай холбоотойгоор талууд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж байсан, үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөх талаар удаа дараа хүсэл, зоригоо илэрхийлж байсан, мөн бусад хэлбэрээр төлбөр төлөх саналыг удаа дараа гаргаж байсан, мөнгөн төлбөр төлөх шаардлагыг 2024.03.20-ны өдрийн албан бичгээр хүлээн зөвшөөрч байсан, нэхэмжлэгч талаас мөн 2014-2018 оны хооронд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, цагдаагийн байгууллагад 2016 онд гомдол гаргаж байсан зэргээс дүгнэхэд гэрээний үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, нөгөө талаас хариуцагч нь энэхүү хугацааны туршид үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх, татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.

22. Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2013.10.03-ны өдөр байгуулсан №....дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний зарим хэсэг болох 126, 127 тоот орон сууцыг худалдан авах хэлцлээс татгалзсантай холбоотойгоор 127 тоот орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлээр буцаан шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй нь илэрхий болсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэг үүснэ.

23. Гэвч бодит байдалд маргаан бүхий 127 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хувьд орон сууцны эзэмшлийг хариуцагчаас 2014.06.23-ны өдөр буцаан шилжүүлсэн атлаа өмчлөх эрхийг буцаан шилжүүлж чадаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх үүрэг үүсэх бөгөөд 127 тоот орон сууцны хувьд гэрээгээр тохирсон 584,010,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

24. Зохигчдын хооронд байгуулсан 2013.10.03-ны өдөр байгуулсан №....дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээгээр 16-р байр 257 тоот 155 м.кв талбайтай орон сууцыг 463,450,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, үүнээс 5,485,660 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэнтэй холбоотойгоор, хариуцагч талаас төлбөрийн үлдэгдлийн тооцооллын талаар маргаагүй, харин зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг татгалзах үндэслэл болохгүй юм.

25. Түүнчлэн 5,485,660 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг баримтаар няцаагаагүйгээс гадна 2024.03.20-ны өдрийн ******* ******* ХХК-ийн захиргаанд хандан хүргүүлсэн хариуцагч ******* ******* ХХК-ийн №24/16 албан бичигт 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөрт 5,000,000 төгрөг байгаа, үүнийг төлөх талаар гэрээнд өөрчлөлт оруулах санал хүсэлтийг гаргасан байх тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт 257 тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 5,485,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /хх-23/

26. Иймд 257 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр 5,485,660 төгрөг, 127 тоот орон сууцны төлбөр 584,010,000 төгрөг, нийт 589,495,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

27. Харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 292,005,000 төгрөгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

28. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-ний 3.5-д худалдан авагч тал энэхүү гэрээний 3.1 дэх заалтад заасан төлбөр төлөх хуваарийн дагуу дурдсан төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож, худалдагч талд төлнө гэх заалт, Иргэний хуулийг тус тус үндэслэж алданги гаргуулах эрхтэй гэж, мөн алдангийг 584,010,000 төгрөгийн 50 хувиар тооцон 292,005,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

29. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т заасан алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга ба хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх мөнгөн төлбөр бөгөөд хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршдог.

30. Талуудын хооронд байгуулсан гэрээний зохицуулалт нь алдангийн хэм хэмжээнд нийцсэн боловч зохигчид 127 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар зохигчид өгсөн, авснаа бодитоор харилцан буцааж, анхны байдалд оруулах үр дагавар үүсэх учир үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.

31. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байхад гэрээний зүйлийг биет байдлаар шилжүүлэн авсан, хариуцагч гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан атлаа гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн алданги шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 292,005,000 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 589,495,660 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, алданги 292,005,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,565,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,105,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 47 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД