| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06958/И |
| Дугаар | 191/ШШ2025/07004 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/07004
2025 08 25 191/ШШ2025/07004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... тоот хаягт байрлах, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.-, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч 2024.11.29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, 42 дугаартай 1 дүгээр давхарт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 288 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлжээ. Үүнд: Ч.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинжаргалаар төлөөлүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.*******тэй Улаанбаатар хот, .......... байрлах Улсын бүртгэлийн дугаартай 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тохижилтын хамт 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан юм. М.******* нь түрээсийн талбайд караоке ажиллуулдаг. Ч.******* нь эрүүл мэндийн шалтгаан, хүнд өвчин тусч, одоо Канад Улсад эмчилгээ хийлгэж байна. Тэрээр энэ шалтгаанаа дурдаж Иргэний хуулийн 221.1-т заасны дагуу санхүүгийн байдал доройтсон, эмчилгээний төлбөр шаардлагатай болсон учраас Түрээсийн гэрээнд заасны дагуу 1 сарын өмнө 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.*******д бичгээр мэдэгдэж гэрээг цуцлах албан бичгийг хүргүүлсэн. Энэ албан бичигтээ хохирол, төлбөрийн асуудлаар тооцоо нийлэх боломжтой талаараа ч дурдсан ба М.******* нь тус өдрөө Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар ярилцаж хохирлын талаар үнэлгээ хийлгэж, энэ талаар тохиролцох боломжтой талаараа мэдэгдэж байсан. Ингээд М.******* нь дахин холбогдоогүй бөгөөд тооцоо нийлэх талаар ч хариу өгөөгүй ба түрээсийн гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй хариу тайлбараа шүүхэд гаргасан байна. Иргэн Ч.******* нь Иргэний хуулийн 9.4.1, 9.4.2, 9.4.8-д тус тус заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргуудын дагуу өөрийн гэрээнээс татгалзах эрхийг хүлээн зөвшөөрүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээх, эзэмшил хууль бус болсон тул харилцааг дуусгавар болгох зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний .. талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. , талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7.5, 7.11-т Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Ч.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Түрээслэгчид гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлснээр 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болж, түрээсийн гэрээ цуцлагдсан ч Хариуцагч маргасан. Иймд Иргэний хуулийн 221.1-т заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтэй байх тул шүүхийн журмаар гэрээг цуцлуулна.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.*******тэй байгуулсан Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо Бага тойруугийн гудамж, 42 дугаартай дүгээр давхарт байрлах Улсын бүртгэлийн дугаартай 288 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тохижилтын хамт 5 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээг цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан Хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлнэ гэжээ.
Цаашид түрээсийн гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 500,000,000 гаруй төгрөгийн засан сайжруулалт хийгдсэн тул түрээсийн гэрээг цуцлах нь надад их хэмжээний хохирол учруулна гэх мэдээллийг өгч түрээсийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа илэрхийлсэн. Мөн түрээсийн гэрээний 7.5-т Талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. ... гэж заасны дагуу гэрээг цуцлах, Ч.******* нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, санхүүгийн хүнд байдалд орсон гэх үндэслэлүүдээр гэрээг цуцлах санал гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Түрээсийн гэрээний 7.5-т ...Харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно... гэж заасан бөгөөд түрээслүүлэгч талын гэрээг цуцлах саналыг түрээслэгч тал хүлээн авахгүй тохиолдолд уг заалт хэрэглэгдэх боломжгүй. Мөн эрүүл мэндийн болон санхүүгийн хүнд байдалд орсон нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.*******д холбогдуулан 0038 дугаар бүхий түрээсийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр буцсан. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.******* нь мэдэж байгаа. Нэхэмжлэгч нь санхүүгийн хүнд байдалд орсон, эмчилгээний төлбөр шаардлагатай болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага тавьсан байна. Гэтэл нэхэмжлэгчид тухайн түрээслүүлж буй үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах эрх нь нээлттэй байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцлах шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, тус хуулийн 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байдаг бөгөөд түрээслүүлэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь нээлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.09.26-ны өдрийн мэдэгдэл, 2024.10.15-ны өдрийн мэдэгдэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн өөрчилсөн шаардлага зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, 2024.12.20-ны өдрийн хариу тайлбар, 2024.11.21-ний өдрийн мэдэгдэлд хариу хүргүүлэх тухай, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, Монгол шуудан ХК-ийн захиалгын мэдээлэл, хариу хүргүүлэх тухай и-мэйл, 2024.11.01-ний өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.11.18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж , хариу тайлбар, 2025.08.01 итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгчийн захирамжаар: Ч.*******гийн 20247.12.02-ны өдрийн эрүүл мэндийн үзлэг /англи монгол хэл дээр/ баримтыг шүүхэд ирүүлжээ.
баримтууд зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан, .......... байрлах Улсын бүртгэлийн дугаартай 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ. Шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо, түрээслүүлэгч нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түрээсийн гэрээг хугацаанаас нь цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн боловч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа, түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тул хөрөнгийн эзэмшил хууль бус болсон гэжээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Тодруулбал, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн М.*******тэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээг цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлэх гэжээ. Улмаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.*******тэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, 42 байрны 1 дүгээр давхарт байрлах, өөрийн өмчлөлийн 288 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан. Ч.******* нь хүнд өвчин тусч, эрүүл мэндийн шалтгаанаар одоо Канад Улсад эмчилгээ хийлгэж байгаатай холбогдуулан санхүүгийн байдал доройтсон, цаашид эмчилгээний төлбөр шаардлагатай болсон учраас Түрээсийн гэрээнд заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М.*******д бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах албан бичгийг хүргүүлсэн. Гэрээ цуцалсантай холбоотойгоор түрээслэгчийн өөрийн зардлаар гүйцэтгэсэн засан сайжруулалт болон хохирол, төлбөрийн асуудлаар тооцоо нийлэх боломжтой талаар дурдахад хариуцагч тохиролцох боломжтой гэсэн. Гэвч М.******* нь дахин холбогдоогүй бөгөөд тооцоо нийлэх талаар ч хариу өгөөгүй ба түрээсийн гэрээг цуцлахыг эс зөвшөөрч байгаа тул гэрээнээс татгалзах эрхийг шүүхийн журмаар хүлээн зөвшөөрүүлнэ, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүсэлтэй байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцлуулна, зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ, мөн түрээсийн зүйлийн эзэмшил хууль бус болсон тул хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлнэ гэжээ.
3. Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. М.******* нь Ч.*******тай 2022 оны 01 сарын 06-ны өдөр 0038 дугаар Түрээсийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр 288 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 4,000,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Түрээсийн гэрээний хугацаа нь 5 жилээр хийгдсэн тул түрээслэгч М.******* нь түрээсийн зүйлд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж, засан сайжруулалт хийснээс гадна гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчилгүй түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг тогтсон хугацаанд төлсөөр ирсэн. Анх тохирсон ёсоор урт хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилготой байсан тул их хэмжээний мөнгөөр засан сайжруулалт хийсэн. Гэтэл Ч.*******гийн зүгээс түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах үед обьект нь ямар ч тохижилтгүй байсныг түрээсийн гэрээг урт хугацаанд буюу 5 жилийн хугацаатай хийхээр тохирсон учир өөрөөсөө зардал гаргаж засан сайжруулахаар болсон. Нэхэмжлэгч нь санхүүгийн хүнд байдалд орсон, эмчилгээний төлбөр шаардлагатай болсон гэх үндэслэлээр гэрээг цуцлах, хөрөнгийг худалдах гэж байгаа гэх боловч үндэслэлгүйгээр гэрээг цуцлах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-т зааснаар түрээслүүлэгчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь нээлттэй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч Ч.*******г төлөөлж М.Түвшинжаргал нь хариуцагч М.*******тэй 2022.01.06-ны өдөр №0038 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ-г байгуулжээ.
а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр ........, 1 давхарт байрлалтай, Ч.*******гийн өмчлөлийн, 288 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг караоке, баар, лоунжийн зориулалтаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар харилцан тохирч, нийт 5 жилийн хугацаагаар буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаатай эзэмших, ашиглахаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан Түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.
б/ Дээр дурдсан түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаагүй боловч түрээслүүлэгчийн эрүүл мэндийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмчилгээний зардал шаардлагатай болсонтой холбоотойгоор түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө нь цуцалсан тул шүүхийн журмаар түрээсийн гэрээг цуцлуулна, мөн хариуцагчийг түрээсийн байрнаас чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
в/ Хариуцагч М.******* нь түрээслэгч тал нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах шаардлага үндэслэлгүй, учир нь хүндэтгэн үзэх, шалтгаан үндэслэл нь тогтоогдоогүй, мөн их хэмжээний засан сайжруулалт хийсэн, үйл ажиллагаа явуулан жигдэрч, ашиг орлого олох боломжтой болсныг түрээслүүлэгч мэдсэнтэй холбогдуулан тухайн үйл ажиллагааг өөрөө явуулах зорилгоор нэг талын санаачилгаар цуцлахыг зөвшөөрөхгүй, талууд харилцан тохирч түрээсийн гэрээг цуцлах боломжтой тул урт хугацааны түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах гэж байгаа бол уг эрх нь нээлттэй байхад мөн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах зорилгоор түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
г/ Учир нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар түрээслүүлэгчийн нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцлах зайлшгүй шаардлагатай болсон гэх үйл баримт тогтоогдоогүй, түрээсийн гэрээг талууд үргэлжлүүлэн дагаж мөрдөх боломжгүй болсон гэх, уг шалтгааны улмаас гэрээг цуцлахаас өөр зайлшгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэх хууль зүйн үндэслэл нотлогдоогүй гэж үзэв.
6. Тодруулбал, *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гаас түрээслэгч М.*******д хандан 2024.09.26-ны өдөр хүргүүлсэн албан бичигт, .... Ч.******* нь хүнд өвдсөний улмаас эмчилгээ хийлгэхээр болсон. Түүний эмчилгээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлсэн тул биечлэн түрээсийн гэрээг цуцлах асуудалд оролцох боломжгүй болж өмгөөлөгч Б.******* надаас туслалцаа хүсэж, итгэмжлэл олгосон. Та бүхний хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7.5-д ...талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. Энэ тохиолдолд үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно хэмээн заасан байх бөгөөд Түрээслүүлэгч Ч.*******гийн хувьд эрүүл, мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан буй болж, санхүүгийн хүнд байдалд ороод байгаа тул дурдсан заалтын дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлж байна. гэжээ. /хх-7/
а/ Уг мэдэгдлээр, Ч.******* нь М.*******тэй байгуулсан Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах талаар мэдэгдсэн, ингэхдээ талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7.5-д ...талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно хэмээн заасныг үндэслэхдээ түрээслүүлэгч Ч.*******гийн хувьд эрүүл, мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан буй болж, санхүүгийн хүнд байдалд ороод байгаа нь гэрээг цуцлах үндсэн шалтгаан болсон талаар дурджээ.
б/ Хариуцагч М.******* нь уг мэдэгдлийг эс зөвшөөрч, татгалзсантай холбогдуулан Ч.*******гийн итэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гаас түрээслэгч М.*******д хандан 2024.10.15-ны өдөр хүргүүлсэн албан бичигт Б.******* миний бие 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр танд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 0038 дугаартай Түрээсийн гэрээ-г Түрээслүүлэгч Ч.*******д тохиолдсон эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлах тухай мэдэгдлийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр М.******* та надтай утсаар холбогдож, гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн талаар болон түрээсийн гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй талаар ярилцсан билээ. Миний үйлчлүүлэгч гэрээг цуцлах шалтгаанаа дурдаж, мэдэгдэл хүргүүлсэн тул таны үл хөдлөх хөрөнгөд салгаж болохгүй засвар үйлчилгээ хийсэн бодит зардлыг, ашигласан хугацааны элэгдэл хорогдлын хамт тооцож гарган өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд та энэ талаар баримтаа ирүүлсэн тохиолдолд тооцоо нийлэх боломжтой болно.... 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгож, Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн түрээслэгчдийн эзэмшил, ашиглалтыг дуусгавар болгож байгаа тул цаашид ашиглалтын зардал гаргахгүй байх зорилгоор ус, цахилгаан, дулааныг хязгаарлахаар болсон тул та үл хөдлөх хөрөнгийг хүлээлцэх ажлыг энэ хугацаанд зохион байгуулна уу гэжээ.
7. Нэгэнт түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө харилцан тохирч цуцлах санал нэгдээгүй буюу нэг талын санаачилгаар гэрээг цуцлах хүсэл зоригоо түрээслүүлэгч илэрхийлснийг түрээслэгч татгалзсан тул нэг талын буюу түрээслүүлэгчийн санаачилгаар 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлах мэдэгдлийг дахин хүргүүлжээ. /хх-8/
8. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д Талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах харилцааг зөвхөн талуудын харилцан тохирох агуулгаар гэрээгээр тохирсон байх бөгөөд саналыг хариуцагч татгалзсанаар гэрээний талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах боломжгүй нөхцөл байдал бий болжээ.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар дараах хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээг цуцалж болохоор заажээ. Тодруулбал,
а/ 294.2.1.нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар;
б/ 294.2.2.хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу түүний ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон;
в/ 294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан;
г/ 294.2.4.хуульд заасан бусад үндэслэл буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээг цуцлах гэжээ.
10. Хэрэгт цугларсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хүндэтгэн үзэх шалтгаанаар талууд гэрээг цуцлах дээрх шалтгаан үндэслэл нотлогдоогүй байна.
11. Түрээслүүлэгч Ч.******* нь хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон буюу санхүүгийн зайлшгүй хэрэгцээ, шаардлагын улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж буй этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах болсон гэж шүүх хуралдаанд маргасантай холбогдуулан хариуцагчийн зүгээс тухайн үндэслэлийг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах гэж байгаа талаар өмнө нь түрээслэгчид огт хэлээгүй, мэдэгдээгүй, харин зөвхөн гэрээг цуцлах талаар л мэдэгдсэн, түрээсийн гэрээг цуцлах ашиг сонирхол нь бидний өөрсдийн хүчээр тогтвортой, орлого, ашигтай болгосон үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах санаа зорилготой, хэрэв худалдах гэж байсан бол энэ талаар түрээслэгчид мэдэгдэх ёстой бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах нь түрээсийн урт хугацаатай гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн хариуцагчийн татгалзлыг няцаах үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.
12. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу хүндээр өвдсөн, мөн их хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болсон зэрэг үйл баримт нотлогдоогүй байна.
13. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу, нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг нотлох зорилгоор баримт гаргаж өгөх боломжтой гэсэн тайлбарт үндэслэн, тус шүүхийн шүүгчийн 2025.05.12-ны өдрийн 191/ШЗ2025/21083 захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг нотолсон баримтыг 2025.06.03-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгаж байжээ. /хх-64/
а/ Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход ач холбогдол бүхий баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгөх хүсэлтийг нь хангаж, 2025.08.04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийг нотлох баримт бүрдүүлэх боломжоор нь хангаж байжээ.
б/ Мөн нэхэмжлэгч тухайн асуудлаар 2024.11.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд өөрийн шаардлагыг нотлох баримтыг гаргах хангалттай хугацаа өнгөрсөн байхад шүүх хуралдааны үеэр нотлох баримт гаргаж өгсөн, гэтэл эдгээр баримтын албан ёсны орчуулгын үндсэн баримтууд нь хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг, мөн нотлох баримтын шаардлага хангуулахтай аливаа санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хариуцагч талаас уг баримтуудад тавигдах шаардлагад маргасан зэрэг шалтгаан, үндэслэлээр уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
14. Түүнчлэн нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т зааснаар хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь хэрэгцээтэй болсон, худалдан авах гэж байгаа хүн нь тодорхой болсон гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хуралдаанд тайлбарласан боловч худалдан борлуулах гэж байгаа талаар хариуцагч огт мэдээгүй гэж татгалзсаныг, мөн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, бусдад худалдах болсныг, худалдан авах гэж байгаа этгээдтэй холбогдох нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул түрээслүүлэгчид өөрт нь хэрэгцээтэй болсон буюу зайлшгүй түрээсийн гэрээг цуцлах болсон шалтгаан нөхцөл илэрхий болсон гэж шууд үзэх боломжгүй.
15. Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-т Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжих-ээр зохицуулагджээ. Нэхэмжлэгч Ч.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохирсон тохиолдолд шилжүүлэн авсан этгээдэд түрээслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжих боломжтой байхад энэ талаар санал гаргасан, гуравдагч этгээд буюу худалдан авах гэж байгаа талын санал, хүсэл зорилго хэрхэн илэрхийлэгдсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар тодорхой тайлбар, үндэслэл гаргаагүй байна.
16. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг хэрэв гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар түрээслүүлэгч тохирсон тохиолдолд хуульд зааснаар өмчлөх эрх, шинэ өмчлөгчид шилжих боломжтой гэсэн хариуцагчийн татгалзал мөн үндэслэлтэй гэж үзэв.
Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, өмчлөх эрхийг нь шилжүүлэх эрхийг нь хязгаарлахгүй бөгөөд харин худалдан, борлуулах гэж байгаа гэсэн үндэслэл, шалтгаанаар түрээсийн гэрээний дагуу түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй болохыг дурдав.
17. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн хуулийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэжээ.
18. Хүндэтгэн үзэх шалтгаанаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 221.1-т зааснаар хугацаанаас нь өмнө цуцлах болсон зайлшгүй шалтгаан, мөн хуулийн 221.2-т заасан нөхцөл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчид их хэмжээний эмчилгээний зардал шаардлагатай болсон гэх үйл баримт буюу нэхэмжлэлийн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул хүндэтгэн үзэх үндэслэлээр урт хугацаатай гэрээг дуусгавар болгох хугацааг харгалзахгүйгээр нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэв.
19. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.******* нь нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан гэх үндэслэлээр эд хөрөнгийг хууль ёсны эзэмшлээс чөлөөлөх боломжгүй юм.
20. Иймд М.*******д холбогдуулан, 2022.01.06-ны өдрийн №0038 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ-г цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэх тухай, нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар М.*******д холбогдуулан, 2022.01.06-ны өдрийн №0038 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ-г цуцлах, Түрээсийн гэрээг шүүхийн журмаар цуцлахтай холбогдуулан хариуцагчийн эзэмшлээс өмчлөлийн хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД