Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

хохирогч А.Отгонхишиг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 1734003100021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-207-б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт С.Б

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Шар чулууны булан гэх газарт 2017 оны 04 дүгээр сард иргэн А.Отгонхишигийн 55 экскаватор маркийн техникийг 15000000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч С.Б нь: “ Би А.Отгонхишиг ахтай тохиролцож экскаватор машины наймаа хийсэн. Би А.Отгонхишиг ахын машиныг хүлээлгэж өгсөн” гэв.

Хоёр:Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

            мөрдөн байцаалтад хохирогч А.Отгонхишиг мэдүүлсэн: “Би 2 жил гарангийн өмнө Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг Хамо ХХК-наас 55 эксаватор маркийн техникийг хувьцаа болон цалингийн оронд авсан юм. Тухайн техник автомашин нь Борнуур сумын Бамбарууш гуанзангийн баруун талд 2017 оны 05 сард айлын өвөлжөөний газар тэгшилж байгаад явахын нацос нь эвдэрээд би өөрөө ганцаараа засаад сууж байх үед өөрийгөө Бямбаа гэж нэг залуу танилцуулаад “та наадах машинаа зарахгүй биз” гэж гуйгаад байхаар нь би 15 саяд худалдан ав гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа мөнгийг нь өгье та миний Ланд-80 маркийн машиныг барьцаалаад байж бай гэж хэлээд машинаа үлдээгээд миний машиныг ачиж явсан. Түүнээс хойш түүний 94269565 дугаарын утас руу удаа дараа залгахаар “агаа байж бай, удахгүй дүү нь өгнө” гэж хэлсээр байгаад одоог хүргэж байна. Өөр зүйл болоогүй. Гаалын бичиг нь алга болчоод улсын дугаар авч авч бүртгэлжүүлж чадаагүй юм. Надад нэг удаа тухайн техникийг худалдах үед хэлж байсан, түүнээс удаа дараа шаардаж байсан зүйл байхгүй. Би бичиг баримт нь байхгүй гэдгийг хэлсэн. Хамо ХХК дээр очиж бичиг баримтыг хайсан боловч олдоогүй, гаалиар оруулж ирсэн компани нь Улаанбаатар хотын Баянбүрдийн тойргийн хойд талд байдаг очиж уулзсан боловч хуучин захирал нь солигдсон бичиг баримт байхгүй гээд байгаа юм. Би өөрийн эзэмшлийн техникийг олж авмаар байна, аль эсвэл төлбөр мөнгийг авмаар байна” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/, 

                мөрдөн байцаалтад гэрч Б.Наранцогт мэдүүлсэн: “...А.Отгнхишиг манай ХАМО ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшиж байгаад 2013 онд хувьцаагаа надад зараад компианиас хувиндаа таарсан 1 норд маркийн ачааны машин, 1 55ЭКСКОБАТОР, мөн хөдөө аж ахуйн төмсний комбайн силк, сортлогч гэх зэрэг тоног төхөөрөмж аваад гарсан юм. 55ЭКСКОБАТОР маркийн автомашиныг 2009 онд Улаанбаатар хотын Баянбүрдийн тойргийн ард байрлах Солонгос эксковатор зардаг газраас тухайн үед 30 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Худалдан авсанаас хойш гаалийн бичгийг нь олохоо байчаад бичиг баримтжуулж чадахгүй, улсын дугаар авч чадаагүй юм. Сүүлд Отгонхишиг надаас уг машиныг авахдаа дугаар яаж авах талаар ярилцаж байсан бөгөөд Отгонхишиг компани аж ахуй хариуцаж байхдаа өөрөө алга болсон тул түүнийг өөрөө учраа ол гэж хэлсэн юм. Тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй, хоорондоо амаар ярилцаж тохироод шилжүүлсэн юм. Энэ үйл явц юугаар баталгаажих вэ гэхээр түүний хувьцаа надад шилжсэнээр батлагдах юм. Арлын дугаарыг нь мэдэхгүй, авсан газраа бол зааж чадна” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Н.Балжинням мэдүүлсэн: “Би 2017 оны 04 сард Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар чулууны булан гэх газар Бамбарууш рестораны цаад талд Отгонхишигийн эзэмшлийн 55 эксковатар машины явах эд ангийг хамт засах гээд байж байхад өөрийгөө Бямбадорж гэх залуу ирж уулзаад “наадах машиныг чинь худалдан авий, эвдэрхий нь хамаагүй янзлаад авна” гэх хэлээд Отгонхишигтэй үнэ тохирч яриад 1 сарын дотор мөнгөө багтааж өгнө гэж хэлээд Тоёото Ланд-80 маркийн автомашинаа барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Сүүлд Отгонхишигтэй уулзахад мөнгөө өгөхгүй удлаа гээд бид хоёр Улаанбаатар хотод Бямбадоржийн гэрт нь очиж уулзахад дүү нь гэх залуу “Бямбадорж ирээгүй 2-3 сар болж байна, хөдөө утасгүй байгаа хааяа янз бүрийн хүний утсаар ярьдаг. Надад мэдэх зүйл алга” гэж хэлж байсан. Өөр зүйл болоогүй. Хоорондоо нэг сарын дотор машины төлбөрийг өгч авалцахаар тохироод машинаа 15 сая төгрөгөөр зарахаар тохирсон. Харин хоорондоо ямар нэгэн бичиг цаас тохироогүй. Тухайн үед 1-2 найзтайгаа явж байсан. Гэхдээ автомашиныг өөрөө худалдан авахаар ярьж тохирсон. Тухайн үед өөрт нь их хэрэгтэй, их л хайсан юм шиг яриад байсан. Улсын дугаар байгаагүй, бичиг баримттай үгүйг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Батсүх мэдүүлсэн: “..С.Б 2017 оны 04-05 сарын үед хавар над руу утасдаад “55ЭКСКОВАРТОР зарах гэсэн юм. 17 саяар зармаар байна, худалдан авах хүн байна уу” гэж ярьсан. Тэр үед миний дээд талын ах А.Цагаан тухайн машиныг авмаар байна, мөнгийг хоёр хувааж өгөх нөхцөлтэйгээр хийж болох уу гэж асуусан. Тухайн үед С.Бтэй ярихад болно гэж зөвшөөрсөн. Тэгээд эхний ээлжинд 7 сая төгрөгийг өгнө, 10 хоногийн дараа үлдэгдэл 10 сая төгрөгийг өгнө гэж тохирсон. Тэгээд би ах Цагааныг С.Бтэй уулзуулаад дараа нь машиныг нь Бямба-Эрдэний найз Моононгийн хашаанаас өгч явуулах үед нь байлцсан. Түүнээс цааш юу болсныг нь мэдэхгүй 2 хоногийн дараа тухайн машины мотор нь цохьсон талаар яригдаж байсан. Тэгээд “моторыг нь янзалж өг, эсвэл моторны үнийг хас, эсвэл мөнгөө өгөөд эксковартороо ав гэсэн нөхцөл тавьсан талаар яригдаж байсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. С.Б Цагаанаа ах нар хоорондоо ярьдаг байх. Бямба-Эрдэн над руу утасдаад 55эксковатор ирээд ачаад өгөөч ээ гэж утасдаж байсан. Тухайн үе замаас нэг шил архи аваад ирээрэй гэж ярьсан. Тэгээд очих үед С.Б, Отгонхишиг нар танидаг хүмүүс шиг инээгээд юм яриад байсан. Машины наймааны талаар юу ч ярихгүй байсан. С.Б сүүлд надад ярихдаа Ланд-80 машинаа өгөөд авсан гэж ярьж байсан. Тухайн үед 2017 оны 04-05 сар байсан санагдаж байна. Яг тодорхой санахгүй байна. С.Б 2017 оны 08 сард Дорнод аймгийн Баяндун сум явсан санагдаж байна. Надтай наймаа хийсэн зүйл байхгүй. Түүнээс манай ах хоорондоо ярьж тохирч байгаад авсан тухайн үедээ Бямба-Эрдэнийн дансанд 6 сая төгрөгийг би өөрөө шилжүүлсэн. Би ах Цагаанд хэлэхдээ би дундаас нь 1 сая төгрөг авч байгаа гэдгээ хэлж байсан. Цагаан ах наймаа хийж байгаа юм чинь ямар хамаатай юм гэж ярьж байсан. Тухайн машиныг С.Бэс авахдаа 2017 оны 05 сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооноос очиж авч байсан. Машин ачих үед С.Б өөрөө байгаагүй юм. Тэрийг мэдэхгүй, хэдэн төгрөгөөр бодож ямар наймаа хийсэн талаар мэдэхгүй. Цагаан, С.Б нар намайг байгаа болохоор итгээд гэрээ хийгээгүй. Одоо Сэлэнгэ аймгийн Баруун-Бүрэн суманд байгаа гэж ярьж байсан. Тухайн автомашиныг Борнуур сумаас Улаанбаатар хотод оруулж ирээд С.Б өөрөө нэлээд засвар хийсэн явах эд ангийг нь сольсон би ганц хоёр очиж засахад нь тусалсан. Энэ асуудлаар гомдол гаргаагүй, харин өөр асуудлаар гомдол гаргаж байсан. Учир нь бид хоёр ажил хийх гэж байгаад С.Бэс машин худалдан аваад 2500000 төгрөг дутуу өгөөгүй байсан юм. Уг асуудлаар намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байсан. Одоо уг асуудлаар шүүхэд өгөх гэж байгаа гэж ярьж байсан. Өмнөговь аймгийн Дэлгэрцогт суманд байгаа, 7 хоноод буцаад байгаа. Утас нь 88147667 дугаар дээр байгаа. Бичиг баримттай үгүйг мэдэхгүй. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй гэж яригдаж байсан санагдаж байна. Бямба-Эрдэний найзууд мэднэ, миний найз Отгонсайхан хүртэл мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

                 мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонсайхан мэдүүлсэн: “..Би С.Б нь Батсүх нарыг танина. С.Бтэй ойр дотно харилцаа холбоо байхгүй. С.Б 2016 оны хавар манай эксковатор механизмаар ажил хийж байгаад Батсүхээр дамжуулан танилцаж байсан. Батсүх бид хоёрын хувьд 10-аад жил газар шорооны ажил хийж байгаа юм. Батсүх С.Бэс 55эксковатор маркийн механизм худалдан авсан зүйл байхгүй. 2017 оны хавар дуусах үеэр Батсүх, С.Бд зуучилж машиныг нь зарахад нь тусалсан. Цаад худалдан авч байгаа хүмүүс нь Батсүхийн дансанд 7 сая төгрөг шилжүүлснийг би өөрийн дансандаа 6 сая төгрөгийг шилжүүлээд Бямба-Эрдэнийн данс руу тус 6 сая төгрөгийг Батсүхийн хэлсэнээр шилжүүлж байсан юм. Мэдэхгүй хоорондоо юу ярьж байсан талаар нь мэдэхгүй. Хэлснийх нь дагуу мөнгө шилжүүлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

                мөрдөн байцаалтад гэрч Ц.Шинэжил мэдүүлсэн: “..Би өмнө нь Улаанбаатар хотод Баянбүрдийн тойргийн хойд талд Корел сам са ХХК-нд менежерээр 2005-2012 он хүртэл ажиллаж байсан. Одоо тухайн газар дээр компани өөр Кэй ар пи ХХК болоод өөрөө менежерээр ажиллаж байна. Захирал болон ажиллаж байсан хүмүүс нь өөрчлөгдсөн. Би энэ хүнийг сайн мэдэхгүй. А.Отгонхишиг гэх хүний иргэний лавлагааг харахад урьд өмнө нь манай компаниас худалдан авалт хийж байсан. Одоогоос 2010-2013 оны хооронд Отгонхишиг 2-3 хүний хамт ирээд шалгаж үзэж байгаад худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-26/,

                мөрдөн байцаалтад гэрч А.Цагаан мэдүүлсэн: “..Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин миний хамтарч ажилладаг Батхүү гэх хүн надаар болон манай дүү Батсүхээр дамжуулан “55ЭКСКОВАТОР  худалдаж авна, та очоод үзээдэх хэр юм байна" гэсэн юм. Тэгээд би тухайн 55ЭКСКОВАТОР-г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байхад нь 2017 оны 05 сард очиж үзсэн. Би тухайн үедээ Батхүүтэй холбогдож “ер нь тааруухан байна, хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн. Батхүү ярьж байгаад тухайн 55ЭКСКОВАТОР-г Батсүхтэй яриад С.Бэс худалдан авсан байсан. Дараа нь намайг машин тэрэг аваад очиж ачиж авчих гэж хэлсэн. Би тухайн техникийг өөрийн хашаандаа аваачиж буулгаад бүтэн нар сар засвар хийж “илүү дутуу түүлк, насосыг нь сольсон, явах эд ангийг нь сольсон , салхины шилийг нь сольсон юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын сүүлээр Батхүү Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд усжуулалтын ажил хийх гээд аваад явсан. Маргааш өдөр нь Батхүү надруу утасдаж “энэ 55ЭКСКОВАТОР аа буцаа, мотор нь эвдэрчихлээ, танай дүүтэй ярьж байгаад авсан, дүүдээ хэлээд буцаачих” гэж ярьсан юм. Би түүнд хандаж “би наад техникийг чинь аваагүй, та нар өөрсдөө наймаа хийснээрээ өөрсдөө ярь” гэж хэлсэн. Намайг нэг яриад өгөөч гэж гуйгаад байсан тул би С.Бтэй утсаар ярьж 55ЭКСКОВАТОР чинь очсон даруйдаа мотор нь цохьчихлоо, одоо буцаачих, эсвэл янзалж өг” гэж хэлсэн. Харин С.Б “би 3 төгрөг хасая, та янзлуулчих” гэж хэлсэн. Би түүнд хандаж “орж ирсэн мотор 7 сая төгрөг байна, моторыг нь сольж өг, тэгэхгүй бол янзалсан мотор 1 сараас илүү явахгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш С.Б таг чиг болсон. Тухайн үедээ Батхүү урьдчилгаа гээд 7 сая төгрөг шилжүүлсэн гэж ярьж байсан. Би бол уг 55ЭКСКОВАТОР-ыг худалдаж аваагүй, техникийг нь ашиглаагүй, Батхүү сонирхоод байсан тул Батсүхэд хэлж байсан юм. Яг худалдаж авах тал дээр Батхүү өөрөө ирж Батсүхтэй уулзаж байсан. Харин Бямба-Эрдэнийн хувьд надтай болон Батхүүтэй ч уулзаагүй, Батсүхээр дамжуулан ярьж байсан юм. Харин сүүлд нь чиний юм ингэчихлээ гэж С.Бтэй утсаар хэрүүл хийсэн юм. Тэр хоёр хоорондоо ямар яриатай байдгийг мэдэхгүй. С.Б Батхүүтэй уулзаагүй юм чинь гэрээ байгуулаагүй. Батхүү Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум руу авч явлаа гээд аваад явсан. Одоо яг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би сэлбэгэнд 2 сая гаран төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Баримт нь Батхүү дээр байгаа байх Би ямар ч байсан 14, 15 хоног засвар хийсэн. Манай хашаанд 20-оод хоног байсан. Би яг өдрөө бол санахгүй байна, Батхүү очоод авчих гэж ярьсных нь дагуу 2017 оны 05 сарын эхээр гэж бодож байна Улаанбаатар хотын Баянхошууны 7 дугаар хорооны автобусны буудлын дээд талын айлын хашаанд очиж авч байсан юм. Тухайн үед С.Б ирж уулзаад гидерын шингэн нэмж асааж өгөөд хашаанаас гаргаж өгч байсан юм. Бичиг баримт нь байхгүй дараа нь Батхүүд бүрдүүлж өгнө гэж хэлсэн байсан. Тухайн 55 эксковаторыг яг хэдэн төгрөгөнд бодож зарсан талаар мэдэхгүй байна. Тухайн 55 эксковаторыг 15-20 сая төгрөгийн хооронд зарах боломжтой. Орж ирсэн мотор 6-7 сая төгрөгийн ханштай байдаг. Моторын масол, шүүрийг нь солих үед мотор нь хэвийн юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-48 тал/,

                мөрдөн байцаалтанд гэрч Д.Батхүү мэдүүлсэн: “Би 2017 оны 05 сард Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд усжуулалтын ажил хийж байсан юм. Тэгээд тухайн үед түрээсээр том эксковатор авчихсан байсан тухайн эксковатор нь шатахуун маш их идэж байсан тул жижиг унагалдай 55 эксковатор худалдаж авахаар судалж байхад Цагаанаатай уулзахад “манай дүүд нэг унагалдай байгаа” гэж хэлсэн. Би Цагааны дүү Батсүхтэй Улаанбаатар хотод ажил дээр уулзахад “манай найз бид хоёрын юм байгаа юм, би зарж болно” гэж хэлсэн. Би бичиг баримтыг нь асуухад “энэ аль дээр үед орж ирсэн, бичиг баримт нь байхгүй, ер нь бол иймэрхүү техникүүд бичиг баримт нь алга болчихсон байдаг юм” гэж ярьсан. Тэгээд би 55 эксковаторыг 15 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 14 хоногийн хугацаатай мөнгийг нь өгөхөөр тохироод урьдчилгаа болгож 7 сая төгрөгийг дансаар шилжүүлж Батсүхээр мөнгө авсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед мөнгө Батсүх дансаар мөнгө хүлээж авахдаа “түрээсийн мөнгө” гэж хэлээд шилжүүлж авсан. Тус техникийг аваад Улаанбаатар хотод Цагааны хашаанд байлгаж байгаад 7 хоног засвар хийж “тос масол, 2 акумлятор, гидерийн шланк, салхины шил, пальц, түлкийг” нь сольж, угааж цэвэрлэсэн юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Ариун Хур” ХХК-ийн талбай дээр буулгаж байх үед явах нь гацаад дугйун эргэхээ больсон. Тэр үед Батсүх рүү энэ байдлыг хэлэхэд 600000 төгрөгийн үнэтэй сэлбэгийг таньд тал үнээр нь өгье гэж хэлээд надаас 400000 төгрөг аваад явуулсан. Би тухайн үед Цагааны хүүхдээр эксковатор жолоодуулж хөлсөөр ажилуулж байсан. Цагааны хүүхэд Намсрай тус сэлбэгийг сольж тавьсан. Тэгээд эксковатор нь хөдлөөд холдоогүй мотор нь зуураад түүнээс хойш ажиллаагүй зогссон. Би Батсүх рүү утасдаж “чиний зарсан 55 эксковатор эвдэрчихлээ, энийг ав, мөнгөө буцааж авмаар байна” гэж хэлсэн. Харин Батсүх “би нөгөөдөхтэйгөө холбогдож чадаагүй байна, Дорнод руу уурхай дагаад гарсан юм шиг байна” гэж ярьж байгаад сүүлд 2017 оны 08-09 сарын үед С.Б гэх 9191 дугаарын утастай залуу ярьж “би 55 эксковатор техникийн эзэн нь байна, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж надтай ярьсан. Би түүнд хандаж “чиний зарсан техник ямар ч ажил хийлгүй эвдэрсэнби буцаагаад мөнгөө авъя энийгээ ав” гэж хэлсэн. Харин С.Б надад хандаж “ямар ч хуучин техник эвдэрдэг шүү дээ, би ямар яндангаар нь ороод гарсан биш” гэж хэлсэн. Би С.Б хандаж “Батсүх надад зарахдаа энэ ямар ч асуудал байхгүй, эвдрэл гэмтэл гарвал би өөрөө хариуцана, таны одоо хийж гэж байгаа ажлын чинь цаана чөлөөтэй гарна гэж хэлээд зарсан, та нар тэгээд эвдэрсэн тэр үед нь засаад өгөхгүй яасан юм бэ? би чамтай юм ярихгүй ээ, чи Батсүхтэйгээ өөрөө учраа ол” гэж хэлсэн. С.Б сүүлд 2017 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн цагдаад энэ талаар өргөдөл гаргасан байсан би энэ асуудлаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Эрдэнэсүхийн хамт очиж мэдүүлэг өгсөн. Би Цагаанаар техник мэддэг болохоор нь үзүүлж шинжүүлсэн юм. Харин худалдан авах шийдвэрийг өөрөө гаргасан. Би өөрөө худалдан авсан юм. Тус техникийг авсны дараа Цагааны хашаанд байхад нь очиж үзэж байсан. Цагааны хувьд дүү Батсүхтэй уулзуулж өгснөөс өөр зүйл байхгүй. Би өөрөө алтны шороон уурхайтай бөгөөд Цагаанаар зуучлуулан 4 эксковатор худалдан авч байсан юм. Тус 55 эксковаторыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 7 сая төгрөг мөнгийг нь шилжүүлж авсан юм. Би С.Б тэр үед таньдаггүй байсан. Батсүхэд шууд хэлж байсан юм. С.Б өөрөө надруу 2017 оны 08-09 сард утсаар ярьсан.Батсүх надад хандаж “С.Б олдохгүй байна, холбогдохгүй байна” гэж хэлдэг байсан. Сүүлд С.Б 2017 оны 11 сард  утсаар яриад “би хэрэг төвөгт орох гээд байна, хэдүүлээ энэ асуудлыг тохиролцоод асуудлаас гаръя, энэ техникээ татаж авчраад засаад эзэмшигчид нь мөнгийг нь өгье, танай эзэмшлийн хашаанд тавьж байгаад заръя” гэж хэлсэн. Би түүнд хандаж “авч ирэх зардлаа хувааж гаргана, миний шилжүүлсэн 7 сая төгрөгийг өг" гэсэн шаардлага тавьсан. Тэр үед С.Б 7 сая төгрөгийг чинь өгч чадахгүй, би 6 сая төгрөг авсан гэж яриад салсан. Би Батсүхээс 15 саяар худалдан авахаар ярьсан байсан. Байгуулаагүй, тус 55 эсковатор нь бичиг баримт байхгүй гээд байсан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Ариун Хур” ХХК-ийн тариалангийн талбайн хашаан дотор эвдэрсэн газраа байгаа. Нийт 1600000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Бид  нарын судалснаар тухайн үед эвдрэл гэмтэл, шинэ хуучнаас шалтгаалан 12-25 сая төгрөг хооронд зах зээл дээр ижил төстэй техник зарагдаж байсан. Засаж байхдаа моторыг нь задлаагүйээ. Анх уг 55 эксковатор нь манай найз бид хоёрын юм байгаа юм. Энийг би мэдэж байна. Танай энэ ажлыг асуудалгүй дуусгаад өгнө гэж ярьж байсан. Би Батсүхийг өөрийн найз С.Бтэй юу ярьсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,

                -Хохирогч А.Отгонхишигийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04 тал/,

                -хоёр гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22 -23 тал/,

                -мөрдөгчийн магадлагаа /хх-27 тал/,

                -шүүгдэгч С.Бямба-Эрдэнийн ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-29 тал/,

                -“эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тэмдэглэл /хх-45 тал/,

                -эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-46 тал/,

                -дансны мэдээллийн хуулга /хх-51 тал/,

                -гэрэл зургийн үзүүлэлт /хх-52 тал/,

                -гэрч хохирогчийг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-54-55 тал/,

                -Төв аймгийн Цагдаагийн газарт Д.Батхүүгийн гаргасан тодорхойлолт /хх-85 тал/,

                -эд хөрөнгө хүлээлцсэн хэлцэл /хх-86 тал/,

                -А.Отгонхишигийн Төв аймгийн Прокурорын газарт гаргасан тодорхойлолт /хх-88 тал/,

                -гэрэл зургийн үзүүлэлт /хх-91 тал/,

                -“прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /х-94 тал/ зэрэг болно.

               Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Шар чулууны булан гэх газарт 2017 оны 04 дүгээр сард иргэн А.Отгонхишигийн 55-эксковатор маркийн техникийг 15000000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, залилсан” болох нь:

            мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Отгонхишигийн: “...Борнуур сумын Бамбарууш гуанзангийн баруун талд 2017 оны 05 сард айлын өвөлжөөний газар тэгшилж байгаад явахын нацос нь эвдэрээд би өөрөө ганцаараа засаад сууж байх үед өөрийгөө Бямбаа гэж нэг залуу танилцуулаад “та наадах машинаа зарахгүй биз” гэж гуйгаад байхаар нь би 15 саяд худалдан ав гэж хэлсэн. Тэгээд 1 сарын дараа мөнгийг нь өгье та миний Ланд-80 маркийн машиныг барьцаалаад байж бай гэж хэлээд машинаа үлдээгээд миний машиныг ачиж явсан. Түүнээс хойш түүний 94269565 дугаарын утас руу удаа дараа залгахаар “агаа байж бай, удахгүй дүү нь өгнө” гэж хэлсээр байгаад одоог хүргэж байна” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/, гэрч Б.Наранцогтын “...А.Отгонхишиг манай ХАМО ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшиж байгаад 2013 онд хувьцаагаа надад зараад компианиас хувиндаа таарсан 1 норд маркийн ачааны машин, 1 55ЭКСКОБАТОР, мөн хөдөө аж ахуйн төмсний комбайн силк, сортлогч гэх зэрэг тоног төхөөрөмж аваад гарсан юм. 55ЭКСКОБАТОР маркийн автомашиныг 2009 онд Улаанбаатар хотын Баянбүрдийн тойргийн ард байрлах Солонгос эксковатор зардаг газраас тухайн үед 30 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Худалдан авсанаас хойш гаалийн бичгийг нь олохоо байчаад бичиг баримтжуулж чадахгүй, улсын дугаар авч чадаагүй юм” гэх мэдүүлэг /хх-11 тал/, гэрч Н.Балжиннямын мэдүүлсэн: “Би 2017 оны 04 сард Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар чулууны булан гэх газар Бамбарууш рестораны цаад талд Отгонхишигийн эзэмшлийн 55 эксковатар машины явах эд ангийг хамт засах гээд байж байхад өөрийгөө Бямбадорж гэх залуу ирж уулзаад “наадах машиныг чинь худалдан авий, эвдэрхий нь хамаагүй янзлаад авна” гэх хэлээд Отгонхишигтэй үнэ тохирч яриад 1 сарын дотор мөнгөө багтааж өгнө гэж хэлээд Тоёото Ланд-80 маркийн автомашинаа барьцаанд тавиад явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Сүүлд Отгонхишигтэй уулзахад мөнгөө өгөхгүй удлаа гээд бид хоёр Улаанбаатар хотод Бямбадоржийн гэрт нь очиж уулзахад дүү нь гэх залуу “Бямбадорж ирээгүй 2-3 сар болж байна, хөдөө утасгүй байгаа хааяа янз бүрийн хүний утсаар ярьдаг. Надад мэдэх зүйл алга” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/, гэрч А.Батсүх мэдүүлсэн: “..С.Б 2017 оны 04-05 сарын үед хавар над руу утасдаад “55ЭКСКОВАРТОР зарах гэсэн юм. 17 саяар зармаар байна, худалдан авах хүн байна уу” гэж ярьсан. Тэр үед миний дээд талын ах А.Цагаан тухайн машиныг авмаар байна, мөнгийг хоёр хувааж өгөх нөхцөлтэйгээр хийж болох уу гэж асуусан. Тухайн үед С.Бтэй ярихад болно гэж зөвшөөрсөн. Тэгээд эхний ээлжинд 7 сая төгрөгийг өгнө, 10 хоногийн дараа үлдэгдэл 10 сая төгрөгийг өгнө гэж тохирсон. Тэгээд би ах Цагааныг С.Бтэй уулзуулаад дараа нь машиныг нь Бямба-Эрдэний найз Моононгийн хашаанаас өгч явуулах үед нь байлцсан” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/, гэрч Д.Отгонсайхан мэдүүлсэн: “..Батсүх С.Бэс 55эксковатор маркийн механизм худалдан авсан зүйл байхгүй. 2017 оны хавар дуусах үеэр Батсүх, С.Бд зуучилж машиныг нь зарахад нь тусалсан. Цаад худалдан авч байгаа хүмүүс нь Батсүхийн дансанд 7 сая төгрөг шилжүүлснийг би өөрийн дансандаа 6 сая төгрөгийг шилжүүлээд Бямба-Эрдэнийн данс руу тус 6 сая төгрөгийг Батсүхийн хэлсэнээр шилжүүлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-25 тал/, гэрч Ц.Шинэжил мэдүүлсэн: “..А.Отгонхишиг гэх хүний иргэний лавлагааг харахад урьд өмнө нь манай компаниас худалдан авалт хийж байсан. Одоогоос 2010-2013 оны хооронд Отгонхишиг 2-3 хүний хамт ирээд шалгаж үзэж байгаад худалдан авч байсан. Тухайн үед өөрөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж авч байсан” гэрч А.Цагаан мэдүүлсэн: “..Харин миний хамтарч ажилладаг Батхүү гэх хүн надаар болон манай дүү Батсүхээр дамжуулан “55ЭКСКОВАТОР  худалдаж авна, та очоод үзээдэх хэр юм байна" гэсэн юм. Тэгээд би тухайн 55ЭКСКОВАТОР-г Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байхад нь 2017 оны 05 сард очиж үзсэн. Би тухайн үедээ Батхүүтэй холбогдож “ер нь тааруухан байна, хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн. Батхүү ярьж байгаад тухайн 55ЭКСКОВАТОР-г Батсүхтэй яриад С.Бэс худалдан авсан байсан” гэх мэдүүлэг /хх-48 тал/, гэрч Д.Батхүү мэдүүлсэн: “..жижиг унагалдай 55 эксковатор худалдаж авахаар судалж байхад Цагаанаатай уулзахад “манай дүүд нэг унагалдай байгаа” гэж хэлсэн. Би Цагааны дүү Батсүхтэй Улаанбаатар хотод ажил дээр уулзахад “манай найз бид хоёрын юм байгаа юм, би зарж болно” гэж хэлсэн. Би бичиг баримтыг нь асуухад “энэ аль дээр үед орж ирсэн, бичиг баримт нь байхгүй, ер нь бол иймэрхүү техникүүд бичиг баримт нь алга болчихсон байдаг юм” гэж ярьсан. Тэгээд би 55 эксковаторыг 15 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 14 хоногийн хугацаатай мөнгийг нь өгөхөөр тохироод урьдчилгаа болгож 7 сая төгрөгийг дансаар шилжүүлж Батсүхээр мөнгө авсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан юм. Тухайн үед мөнгө Батсүх дансаар мөнгө хүлээж авахдаа “түрээсийн мөнгө” гэж хэлээд шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/, мөрдөгчийн магадлагаа /хх-27 тал/, дансны мэдээллийн хуулга /хх-51 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-52 тал/, эд хөрөнгө хүлээлцсэн хэлцэл /хх-86 тал/ зэргээр нотлогдсон байна.   

             Иймд шүүгдэгч С.Б бусдын итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй.

              Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              шүүгдэгч С.Б-г бусдын итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

              Шүүгдэгч С.Б-г Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна.

                               Шүүх С.Б-д торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан С.Б-д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын /2018 оны 10 сарын 02-ны өдөр/ дотор төлөхөөр тогтоолоо.

Тав: Бусад зүйлийн талаар:

Хохирогч А.Отгонхишиг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

Эрүүгийн 1734003100021 тоот хэрэгт шүүгдэгчийн бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн С.Б бусдын итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 10 сарын 02-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож, солихыг сануулсугай.

5.Хэрэгт шүүгдэгчийн баримт бичиг болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ