| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2409000380330 |
| Дугаар | 2025/ДШМ/242 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/242
2025 02 18 2025/ДШМ/242
С.Ут холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
яллагдагч С.У, түүний өмгөөлөгч Г.Ганбат,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/2281 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлээр С.Ут холбогдох эрүүгийн 2409 00038 0330 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С.У, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Өнөр хороолол, * дүгээр байрны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Яллагдагч С.У нь өөрийн эзэмшлийн *** арлын дугаар бүхий Тоёота Харьер Икс Юү-30 /Toyota Harrier-XU30/ загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “уг тээврийн хэрэгсэл нь “Л Ф” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа, мөн зээлийн үүргээ шүүхийн шийдвэрт тусгагдсан хугацаанд төлөөгүй улмаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг тус тээврийн хэрэгслээр биелүүлэх” гэсэн бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Мыг төөрөгдөлд оруулж, 29.000.000 төгрөгийг эхнэр Л.С ********* дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч С.Ут холбогдох хэргийн нөхцөл байдлыг судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг зайлшгүй шалган тогтоовол зохих нөхцөл байдлыг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна.
... яллагдагч С.Уын үйлдсэн гэх залилах гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоосон эсэх, мөн яллагдагчийн үйлдэлд “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөртэй атлаа ... эд хөрөнгөө бусдад шилжүүлэх” байдлаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоох шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, ийнхүү хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэг бүхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээ, журам шаардлагыг чанд сахиж ажиллах учиртай.
Иймээс гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийснээр хэргийн бодит байдал, үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой тул шалгаж тогтоовол зохих асуудлыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой.
Дээр дурдсан үндэслэлээр “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр яллагдагч С.Ут холбогдох эрүүгийн 24090 0038 0330 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэргийг Прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд С.Ут урьд давхардуулан авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон талаар:
“гэмт хэрэг гарсан байдал”-ын хувьд, иргэн С.У нь бусдад өр төлбөр барагдуулах талаар иргэний хэргийн анхан шатны шүүхээс үүрэг хүлээж, тогтоосон хугацаанд төлж чадахгүй бол барьцааны гэрээнд тусгагдсан тээврийн хэрэгслээр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ үүргээ мэдсээр атал шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэхээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ч.Маас эрхийн зөрчилтэй буюу барьцаанд байгаа эд хөрөнгө болохыг хэлэхгүйгээр худалдан борлуулсан.
Энэ нь хэрэгт тусгагдсан хохирогч Ч.М, түүнтэй ашиг сонирхол нэг буюу түүний эхнэр М.Түмэннасангийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
“гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийн хувьд, С.У нь шүүхийн шийдвэрт тусгагдсан, тогтоосон хугацаа дууссаны дараа түүний тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдсээр байж бусдад худалдан борлуулсан, ингэхдээ олсон орлогоороо бусдад төлбөл зохих төлбөрөө төлөөгүй нь түүний үйлдлийн санаа зорилго, сэдэлтийг илэрхийлсэн нөхцөл байдал гэж үзэж байна. Улмаар 2024 оны 6 дугаар сард хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Содномцог нь Ч.Маас худалдан авсан тээврийн хэрэгслээ битүүмжлүүлэхгүйн тулд С.Уын өмнөөс “Л Ф” ХХК-д төлбөл зохих төлбөрийг төлсөн.
... “Залилах” төрлийн гэмт хэргийн улмаас бусдын “Өмчлөх” эрх зөрчигддөг. Ч.М нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг төөрөгдөлд орж худалдан аваад хэсэг хугацааны дараа буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгийн улмаас үүсэх үр дагавар нь бий болоогүй байхад бусдад дахин зарж борлуулсан нь хууль зүйн хувьд, түүнийг “хохироогүй” гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Учир нь, Ч.Мыг хуурч, төөрөгдөлд оруулах байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлбэл зохих хөрөнгийг худалдан борлуулснаар дахин иргэн А.Содномцогт хохирол учирсан нь энэ С.Уын үйлдлийн улмаас учирсан “хор уршиг” юм.
... Шүүхээс “яллагдагчийн үйлдэл ... шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинжтэй” байж болзошгүй тул уг асуудлыг нэг мөр шалгуулахыг шүүгчийн захирамжид дурджээ. Гэвч хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1024 дугаартай тогтоолоор С.Уын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн, энэ шийдвэр нь хэрэгт тусгагдсаар байтал дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн, С.У нь шийдвэр гүйцэтгэлийн хуудас бичигдээгүй, хэрэг нээгдээгүй, ажиллагаа явагдаж эхлээгүй байхад барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан, ингэхдээ бодит байдлыг нуусан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр, түүний үйлдэлтэй холбоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/2281 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Ч.М гэх хүнийг хохироогүй гэдгийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр тодорхой хэлсэн. Ч.М нь итгэмжлэл хийлгэж, эд хөрөнгийн доголдолтой хөрөнгийг худалдаж, бусдыг залилах санаа зорилготой байсан тохиолдолд итгэмжлэлээр А.Содномцог гэх этгээдэд зарахгүй байсан гэх зүйлийг ярьдаг. Улсын яллагч “Л Ф” ХХК-ийг гомдол гаргасан гээд байна. “Л Ф” ХХК-ийг гомдол гаргаад явж байх үед би цагдаа дээр тайлбар өгч байсан. Энэ маргаан нь шүүхийн шийдвэртэй холбоотой маргаан. Иргэний хэргийн шүүхээр, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдээд хүлээн зөвшөөрөөд, хохирлоо төлье, би тухайн зээлийг авсан нь үнэн гэх зүйл яригдсан асуудал. Шүүхийн шийдвэр дээр очсон байхад эхнэр нь фэйсбүүкээр зар тавихад Ч.М гэх хүн холбогдож машиныг худалдаж авъя гэхэд ийм асуудалтай машин байгаа, банк бус дээр зээлтэй, шилжүүлээд авах боломжтой гэж хэлсэн байдаг. Гэтэл Ч.М нь дахин мөнгө нэмээд А.Содномцог гэх этгээдэд зарсан асуудал байдаг. Үүнд ямар нэгэн залилах болон бусдыг төөрөгдөл оруулах үйлдэл хийгээгүй талаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр яригдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна” гэв.
Яллагдагч С.У тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...яллагдагч С.Уын үйлдсэн гэх залилах гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоосон эсэх, мөн яллагдагчийн үйлдэлд “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан, уг шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөртэй атлаа ... эд хөрөнгөө бусдад шилжүүлэх байдлаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэмт хэргийн, эсхүл зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоох...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...” гэж заасан зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрхзүйн аливаа харилцаанаас ялгагддаг ба энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоохдоо өмчлөх эрхээр баталгаажсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр бодит хохирлыг тооцдог.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг нь хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан зэрэг хууль бус арга, хэлбэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан шинжийг агуулдаг.
Иргэний хуульд зааснаар, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд зарим эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн байдаг.
Түүнчлэн, эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үздэг.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй, харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/2281 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР