| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0175/З |
| Дугаар | 128/ШШ2026/0799 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүгч Л.Батбаатар, Ч.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б******* /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Д /РД:/
Гуравдагч этгээд: /РД:/
Маргааны төрөл: Газрын орц, гарц гаргуулах маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /цахимаар/, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ч.Н, гуравдагч этгээд , гуравдагч этгээд Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.Б-иас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Б.Д-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Б.Б******* миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-1 гудамжны тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц гарцыг нээж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Биас нэхэмжлэлийн шаардлагаа Б.Б******* миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-1 гудамжны тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц, гарцыг нээж өгөхийг хариуцагч нарт даалгах гэж тодруулсан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Б.Дд холбогдох хэсэг мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС- тоот хаягт байрлах 680 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, 2021 оны 07дугаар сарын 09-ний өдөр эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Мөн өдөр гэрээ байгуулсан. Эзэмшиж байх хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг гаргахдаа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тухайн газар эзэмшихийг цуцалсан...Тухайн эзэмшиж байсан газраа өөрийн бэр Д.Бд шилжүүлэхээр хүсэлт гаргаж байсан ч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Ингэхдээ тухайн газрын орц гарцыг хаасан талаар маш тодорхой бичсэн байсан...Үүний дараа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг цуцлах агуулгатай мэдэгдлийг хүргүүлж байсан. Сонсох ажиллагааны явцад хариу тайлбар очоогүй байх хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг дарга газрын эрхийг цуцалсан захирамж гаргасан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Б.Дд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-1 гудамжны зөвхөн баруун тийш харсан буюу ЦИС-1- хаягт байрлах 1,000 м.кв газрын 700 м.кв газрыг Б.Б*******д өмчлүүлээд, үлдсэн 300 м.кв газар /хаалгатай тал/-ыг Б.Дд эзэмшүүлж, өмчлүүлсэн. Орц, гарцыг хаасан үйлдээ тухайн дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрсөн...хариуцагч хууль зөрчиж бусдын орц, гарцыг хааж газар олгочхоод газраа эзэмшээгүй гэх үндэслэлээр газрын эрхийг цуцалсан нь байж болохгүй асуудал...Газрын эрх цуцалсан үндэслэл нь тухайн дүүргийн Засаг дарга болон газрын албаны буруутай үйл ажиллагаанаас хамааралтай учраас гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн орц, гарцыг хааж Б.Дд 300 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжаар Б.Дд газрыг өмчлүүлсэн бөгөөд Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Учир нь, нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газартаа орох гарах нөхцөлгүй болгосон...бусдын эрх ашгийг хөндөж газар өмчлүүлж, эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн...иймд орц, гарцын асуудлыг шийдүүлэхийг хүсэж байна... гэжээ.
2.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ч.Н нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газарт Б.Д-гаас 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт, гомдол гаргаж түүний дагуу газар эзэмших эрх нь 2014 оны захирамжаар батлагдсан. Тус захирамж гарсны дараа тухайн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгох талаар хүсэлт гаргаж хууль ёсны дагуу өмчлөгч болсон...Бодит байдал дээр захирамжаар 700 м.кв газрыг Б.Дд олгосон. Б.Бийн газраас хасаж олгосон зүйл байхгүй бөгөөд энэ нь Геодези, зураг зүйн ерөнхий газрын ирүүлсэн агаар сансрын зургаас харагдана. Мөн орц, гарцыг хааж Б.Дд газар олгосон асуудлыг нэхэмжлэгч талаас ярьдаг. Үүнийг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Анх батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн орц, гарц зүүн хойноосоо байдаг. 1-А тоот нь орц, гарцыг хаагаагүй зүүн хойноосоо орж ирэх ёстой. Нэгж талбар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1- тоотыг иргэн газраа давуу эрхээр үнийг нь төлж өмчилж авсан гээд 875 м.кв болж өөрчлөгдсөн. Үүнийг нягталж үзвэл 2018 онд давуу эрхээр өмчлүүлснээс биш 2014 онд анх ерөнхий байдлаар батлагдахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгохдоо орц, гарцыг хаагаагүй. Нэхэмжлэгч талаас тайлбарласан орц, гарцыг баруун талд нь болгосон зүйл байгаагүй... гэжээ.
2.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар Б.Дд 367 м.кв газрыг олгосон. Үүний дагуу тус иргэн өргөдөл, хүсэлтээ өгч 2015 оны А/41 дүгээр захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн газрыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгосон. Газар дээрээ 2008 оноос хойш хашаа барьж байсан үйл баримт тогтоогддоггүй, агаар сансрын зургаас харагддаггүй. Мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр газрын эрхийг хүчингүй болгож, сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ эдлэхээр хашаа, гэр барих гэсэн боловч манай орц, гарц дээр Б.Дд газар эзэмших эрх үүсгэснээс үүдэн боломжгүй байсан гэх хариу тайлбарыг гаргадаг. Газар эзэмших гэрээний 4.2.6 болон 4.10-д зааснаар өөрийн эзэмшил газрын хил зааг, эргэлтийн цэг, тэмдгийг газар эзэмшигч нь өөрөө хамгаалалтаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцна гэсэн үүрэгтэй...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны захирамжаар Б.Дд 367 м.кв газрыг тухайн иргэний хүсэлтийн дагуу эзэмшүүлсэн бөгөөд ямар нэг байдлаар Б.Бийн 700 м.кв газартай тухайн үед давхцалгүй, орц гарцыг хаасан зүйл байгаагүй. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 2015 онд өмчлөх эрхийн хүсэлтийнх нь дагуу А/41 дүгээр захирамжийг гаргасан. А/41 дүгээр захирамж нь хуульд заасан үндэслэл бүхий, бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж юм... гэжээ.
2.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1,055 м.кв газрын талыг Б.Дд олгосон мэтээр тусгасан байсан. Гэтэл 1,055 м.кв газар үнэхээр нэхэмжлэгчид байсан эсэхийг хэргийн материалаас харахаар тийм баримт байдаггүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 гагаас илүүгүй байна гэж тодорхой заасан. Тиймээс Б.Дд нэхэмжлэгчийн газраас 300 м.кв-ыг хасаж олгож, эрх ашгийг нь зөрчсөн асуудал байхгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй...Б.Бийн газар эзэмших эрхийг цуцалсан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Орц, гарцын асуудлын тухайд, Б.Б******* газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүйгээс үүдэн хойд талын айл буюу өөрийн эзэмшлийн газрыг сунгаж, гудамж руу оруулж авсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна... гэжээ.
2.5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Миний бие энэхүү хэрэгт дурдагдаж буй газрыг 2005 оноос хууль ёсны дагуу эзэмшиж байгаад 2018 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчлөн авсан. Энэ үед миний бие миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.6-д заасан эрхийнхээ дагуу нэмэлт 175 м.кв газрыг үнийг нь төлөн худалдан авч өмчилсөн. Ингэхдээ миний бие ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, орц гарц хаах аливаа нөхцөл байдлын талаар мэдээлэл аваагүй. Дүүргийн газрын албаны албан тушаалтнуудаас тавьсан шаардлагын дагуу хууль ёсны дагуу өөрийн эзэмшиж байсан газраа өмчлөн авсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр шүүх хуралдааныг явуулсан болно.
2. Нэхэмжлэгч Б.Биас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн Б.Дд холбогдох хэсэг мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Б.Б******* миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-1 гудамжны тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц, гарцыг нээж өгөхийг даалгах гэж нэмэгдүүлсэн.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0*******4 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээс хойш буюу 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Б******* миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС-1 гудамжны тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц гарцыг нээж өгөхийг даалгах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... түүний эзэмшил газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосны улмаас эзэмших эрх бүхий газартаа орж, гарах боломжгүй болсон учир гуравдагч этгээдийн газар эзэмших болон өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй, нэхэмжлэгч газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, орц, гарц гуравдагч этгээдийн газраар бус хойд талд төлөвлөгдсөн байсан нь 2018 онд бусад этгээдэд газар өмчлүүлснээс хаагдсан, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах дугаар нэгж талбарын дугаар бүхий 367 м.кв газрыг иргэн Б.Дд өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, мөн тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж, гуравдагч этгээд Ч.Дгаас ... нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй, газар давхцуулсан гэж, гуравдагч этгээд -аас ... миний бие ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, орц, гарц хаах аливаа нөхцөл байдлын талаар мэдээлэл аваагүй, дүүргийн газрын албаны албан тушаалтнуудаас тавьсан шаардлагын дагуу хууль ёсны өөрийн эзэмшиж байсан газраас өмчилж авсан гэж тус тус маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтаар дараах байдал тогтоогдов. Үүнд:
4.1. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн тухайд:
4.1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 380 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороонд Цэргийн их сургуулийн гудамжны 1- тоот хаяг, 700 м.кв газрыг Чын Бт 10 жилийн хугацаатай эзэмшүүлснийг мөн дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар Бын Б*******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн.
4.1.2. Уг захирамжийг үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын дугаар бүхий 680 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01110-2018/10268 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ.
4.1.3. Нэхэмжлэгч нь уг газраа иргэн Д.Бд шилжүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төрөл садны лавлагаа, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан татвараас чөлөөлөгдөх талаарх лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газраа шилжүүлэх хүсэлт зэргийг гаргасанд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/937 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг Д.Бд өгчээ.
4.1.4. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас таслан орох, гарах гарцыг хааж, гуравдагч этгээд Б.Дд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь газрыг давхцуулсан, бусдын газар эзэмшихтэй холбоотой эрхийг зөрчсөнтэй холбогдуулан хүчингүй болгуулах агуулгаар гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй байна.
4.1.5. Харин гуравдагч этгээдээс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргаж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, мөн бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
4.2 Гуравдагч этгээд Б.Дд газар эзэмших, өмчлөх эрх үүссэн тухайд:
4.2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн гудамжны а тоот хаягт, 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар Б.Дд эзэмшүүлж, энэ захирамжийг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэгж талбарын ******* дугаартай 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,
4.2.2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжаар дээрх 367 м.кв газрыг эзэмшигч Б.Дд өмчлүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0049170 дугаар шийдвэрээр гэрчилгээ олгосон, мөн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дугаар гэрчилгээгээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн байна.
4.2.3. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.Дгийн газар нь кадастрын мэдээллийн сангийн зургаар давхцалгүй боловч бодит байдалд нэг хашаатай, хашааны хаалга баруун талдаа тоот гэсэн хаягтай, гуравдагч этгээд Б.Дгийн амьдарч байгаа гэр нь нэхэмжлэгчийн газарт байрласан, гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий 367 м.кв газар нь кадастрын зургаар хашаанаас баруун тийш илүү гарсан болох нь маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/3018 тоот албан бичгээр ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн архивын зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан баримтаар тогтоогдож байна.
4.3. Гуравдагч этгээд ад газар эзэмших, өмчлөх эрх үүссэн тухайд:
4.3.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 380 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 16-р хороо, ЦИС 1-******* тоот хаягт, 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар арван жилийн хугацаатайгаар ад эзэмшүүлж, энэ захирамжийг үндэслэн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв газрыг иргэний ахуйн зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,
4.3.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар иргэн ад Баянзүрх дүүрэг, 16-р хороо, ЦИС-ийн 1 дүгээр гудамжны ******* тоот хаягт 175 м.кв газрыг давуу эрхээр худалдах замаар өмчлүүлж, энэ захирамжийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, газар өмчлүүлэх ******* дугаартай гэрчилгээг шинэчлэн олгож, нэгж талбарын дугаар ******* болж өөрчлөгджээ.
4.3.3. Нэхэмжлэгчийн газрын хойд талд гуравдагч этгээд ын газар байрлах бөгөөд эдгээр газрууд нь кадастрын мэдээллийн сангийн зургаар давхцалгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/2231 тоот албан бичгээр ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн архивын зурган мэдээллийг 2018, 2019, 2021, 2022 оны сансрын зурагтай давхцуулсан баримтаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
5.2. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болгосон учир энэ захирамжийг хууль ёсны эсэхэд эхлээд дүгнэлт өгөх шаардлагатай.
5.3 Хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэжээ. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлийн агуулга нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр болон 2 жил газраа дараалан ашиглаагүй гэсэн 2 нөхцөлийг зэрэг хангаж байгаа тохиолдолд газрын гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай.
5.4. Нэхэмжлэгч Б.Б******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан үүнээс хойш өөрөө тухайн газраа амьдарч, ашиглаагүй боловч 2021 оны 09 дүгээр сард бусдад газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан, түүний газрыг бусад этгээд буюу гуравдагч этгээд Б.Д ашиглаж байсны улмаас газраа бодит байдалд ашиглаагүй нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
5.5. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан.
5.6. Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, .4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл газрыг зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу газар эзэмшиж, ашиглах ба бусдын эзэмшил болон бусдад эзэмшүүлээгүй газрыг ашиглаж болохгүй гэсэн агуулгатай байна.
5.7. Маргаан бүхий газар нь 1 хашаатай боловч тус тусдаа эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, тусдаа нэгж талбар бүхий газар байх ба гуравдагч этгээд Б.Д нь 367 м.кв газрыг өмчлөх эрхтэй боловч өөрийн газартаа гэрээ бариагүй, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий нэгж талбарт гэр барьсныг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр бусдын газрыг хууль бусаар ашигласан гэж үзнэ.
5.8. Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус үйлдэл буюу нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт гуравдагч этгээд гэр барьж, хууль бусаар ашигласны улмаас нэхэмжлэгч газраа бодит байдалд ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, энэ талаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна.
5.9. Мөн гуравдагч этгээд нь маргаан бүхий газарт 2004 оноос эхлэн амьдарч хашааг барьсан гэж тайлбарласан ч 2014, 2015 онд хашаалсан газраас бусдад эзэмших эрх үүсээгүй үлдсэн хэмжээгээр буюу 367 м.кв газрыг эзэмших, өмчлөх эрхтэй болсон, Б.Бт 2008 онд эзэмших эрх үүссэнтэй холбогдуулан маргаагүй, түүний мэдээллийн санд бүртгэгдсэн газрын хэмжээ нь хашааны газрын гадна талд илүү гарсан болох нь тогтоогдсон.
5.10. Нөгөөтэйгөөр, бодитоор нэхэмжлэгч Б.Биас газрыг ашиглаагүй боловч түүний эзэмших эрх бүхий газарт нэгэнт гэр барьсан тохиолдолд газрыг ашиглаагүй буюу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
5.11. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас эдгээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр зөвхөн 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл-ийг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дэх хэсэгт Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасанд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн байна.
5.12. Үүнээс гадна гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшил газар бууснаас шалтгаалан нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй байхад түүнийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дэх хэсэгт бусдын газар, эзэмших ашиглахтай холбоотой эрхийг зөрчихгүй байх гэж заасныг маргаан бүхий актад үндэслэсэн нь бодит байдалтай нийцэхгүй юм.
5.13. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.
6. Гуравдагч этгээд Б.Дд газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
6.1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна гэж,
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээ олгох журам-ын 2.1-д Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ, үүнд: 2.1.3-т хээрийн судалгаа хийх, 6.2-т хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд: 6.2.2-т Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах, 6.3.1-д Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж тус тус заажээ.
6.2. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл дүүргийн Газрын алба, Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтыг нягтлан шалгаж, эзэмшихийг хүссэн газарт хээрийн судалгаа хийх буюу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж буй эсэх, хөрш зэргэлдээ газар эзэмшигч, өмчлөгч нарын эзэмшил, өмчлөлийн газраа ашиглах эрхэд саад болохуйц нөхцөл байгаа эсэх, орц, гарцтай давхцаж буй эсэхийг тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн зөвхөн хууль ёсоор эзэмшиж буй газраас гадна ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцуулахгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй байна.
6.3. Маргаан бүхий тохиолдолд 2014 онд гуравдагч этгээд Б.Д нь 367 м.кв газар эзэмших хүсэлт гаргахдаа тоот бүхий хашааны зургаа хавсаргасан, уг хашааны 700 м.кв газарт 2008 онд иргэн Б.Бт газар эзэмших эрх үүссэн, хашааны хаалга баруун талдаа байхад хариуцагчаас газар дээр нь очиж, гуравдагч этгээд болон Б.Б нь хамаарал бүхий эсэх, газар нь давхцаагүй ч орц, гарцыг хэрхэн шийдвэрлэхийг нягтлан шалгалгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улмаар уг шийдвэрийг үндэслэн газар өмчлүүлсэн нь дээрх хууль журамд нийцээгүй байна.
6.4. Харин нэхэмжлэгчийн эцэг болох Б.Б нь өөрийн газар эзэмших эрх бүхий 700 м.кв газраа 2008 оноос хойш ашиглаагүй, хашааны үлдсэн газрыг гуравдагч этгээд Б.Дд эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэр, орц, гарц хаасантай холбоотой болон гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр маргаагүй, улмаар 2018 онд нэхэмжлэгчид 700 м.кв газраа шилжүүлсэн, үүнээс хойш нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж байсан нь гэрч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон.
6.5. Үүнээс гадна нэхэмжлэгчээс 2008 онд хуулийн хүрээнд хашааныхаа 700 м.кв газрыг эзэмшсэн, гуравдагч этгээдэд манай хашааны газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэж маргасан ч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй, гуравдагч этгээдийг газар эзэмшихээс өмнө нэхэмжлэгч болон түүний эцэг Б.Баас хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байгаагүй учир Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг хариуцагчаас зөрчөөгүй гэж үзнэ.
6.6. Тодруулбал, нэхэмжлэгч газрыг 2018 онд шилжүүлэн авснаар газар эзэмших эрх, түүнтэй холбоотой шаардлага гаргах эрх үүссэн, энэ үед аль хэдийн гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрх үүссэн учир гуравдагч этгээд Б.Дд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
6.7. Иймд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжуудын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, орц, гарцыг нээж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд:
7.1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08-15/600 дугаар албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч Б.Б*******, гуравдагч этгээд Б.Д, нарын орц, гарцыг төлөвлөсөн зургаас үзвэл, нэхэмжлэгчийн газрын орц, гарцыг зүүн хойд талд төлөвлөсөн боловч гуравдагч этгээд ад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дугаар захирамжаар 175 м.кв газрыг төлбөртэйгөөр нэмэгдүүлж өмчлүүлэхдээ нэхэмжлэгч Б.Бийн эзэмшил газрын орц, гарцыг хааж өмчлүүлсэн нь баримтаар нотлогдож байна гэж үзэв.
7.2. Дээрх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар албаны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08-15/600 дугаар албан бичигт дурдсан орц гарцын схем зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зураг, шүүхээс хийсэн газрын үзлэг, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газартаа орц, гарцын асуудлаас үүдэн бүрэн эзэмшиж чадахгүй байгаа болох нь тогтоогдож байна.
7.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Бийн эзэмшиж буй 700 м.кв газрын баруун талд гуравдагч этгээд Б.Дгийн өмчлөлийн газар залгаа орших бөгөөд нэхэмжлэгчийн хойд талын хэсэг нь мөн хашаатай гуравдагч этгээд ад төлбөртэйгөөр өмчлүүлсэн газарт хамаарч байгаа, захирамж, кадастрын зураг, агаарын зургаар тус тус нэхэмжлэгчийн орц, гарц хаагдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...нэхэмжлэгч Б.Бийн орц, гарцыг хааж Б.Дд, мөн нарт газар өмчлүүлсэн шийдвэрийг гаргаснаас миний бие өөрийн эзэмшил газартаа орж гарах, хуульд заасан үндэслэлээр эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэх тайлбар үндэслэлтэй байна.
7.4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчид эзэмших эрх олгосны хувьд орц, гарцынх нь асуудлыг зайлшгүй шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хариу тайлбарт дурдсан ... нэхэмжлэгчийн орц, гарц гуравдагч этгээд Б.Дгийн газраар бус хойд талд төлөвлөгдсөн байсан нь 2018 онд бусад этгээдэд газар өмчлүүлснээс хаагдсан ... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын хувьд бусдад газрыг өмчлүүлэхдээ тухайн газар нь бусдын газартай давхцалтай эсэх, орц, гарц төлөвлөгдсөн эсэхийг дүүргийн Засаг даргаас тодруулах ажиллагааг хийх, холбогдох баримтад үндэслэн шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
7.5. Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь гуравдагч этгээд ад 700 м.кв газар дээр нэмж 175 м.кв газрыг төлбөртэйгөөр нэмэгдүүлж өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна гээд 1. Нийслэлд 0.07 хүртэл га гэж заасанд нийцэж буй эсэхийг мөн орц, гарцын асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.
7.6. Иймд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлын дагуу орц, гарц гаргах шийдвэр гаргаагүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Б.Бийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул эзэмшил газрын орц, гарцыг гаргасан шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарцыг нээж өгөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, үлдэх шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжуудын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц гарцыг нээж өгөхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, үлдэх шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дугаар захирамжуудын Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,550 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас, 17,550 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР