Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2016/0888

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”

Нэмэгдүүлсэн шаардлага: “XV-0******* тоот тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсныг тогтоолгох, ...түдгэлзүүлсэн хугацаанд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Т*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байгаа. Бид 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр XV-0******* гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авсан. 

Шилжүүлж авах зөвшөөрөл болон холбогдох тэмдэглэгээг Ашигт малтмалын газар нь 2013 оны 03 дугаар сарын 17-ны  өдөр тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралт дээр тэмдэглэсэн байдаг. 2014 оноос ийнхүү тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч болсон хугацаанд, тусгай зөвшөөрлийн төлбөрт 2011 онд 32.025 ам.доллар, 2012 онд 31.040 ам.доллар, 2013 онд 48.034 ам.доллар, 2014 онд хуулийн дагуу төлбөрийг төгрөгт шилжүүлдэг болсны дагуу 89.214.699 төгрөгийн төлбөрийг тус тус төлж нийт 350.075.000 төгрөгийг төлсөн байдаг. Мөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн хайгуулын доод зардлыг  хангасан байх ёстой байдаг. Ингээд 2011 онд XV-0******* тусгай зөвшөөрлийн хувьд 1.331.843.000 төгрөгийн хайгуулын ажлын зардал гаргасныг Ашигт малтмалын газар болон Мэргэжлийн хяналтын газраас хүлээн зөвшөөрч, холбогдох тэмдэглэгээг үйлдсэн байдаг. 

2012 онд тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулын ажлын доод зардалд 920.000.000 төгрөг, 2013 онд 89.500.000 төгрөг, 2014 онд 114.778.000 төгрөг төлсөн байдаг. Ингээд 4 жилийн хугацаанд хайгуулын ажлын доод зардалд 2.456.000.000 гаруй төгрөгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар зарцуулж, тусгай зөвшөөрлийн төлбөртэй нийлээд 2.800.000.000 төгрөгийг төлсөн байна. Ийнхүү “Т*******” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэж ирсэн гэдгийг дээрхи баримтууд илтгэх байх. Зардлын задаргаанууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус задаргаанаас харахад XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хувьд нэг жилийн төлбөрт 180.000.000-200.000.000 сая төгрөгийн зардал гарч байгаа нь харагдана.  

Уг тусгай зөвшөөрлийн хувьд 2011 оны жоркын үнэлгээгээр 189.000.000 сая таамагласан баялагтай, 32.000.000 тонн урьдчилан тооцсон хүрэн  нүүрсний нөөцтэй тусгай зөвшөөрөл байгаа. Гэтэл уг тусгай зөвшөөрлийг хуучнаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хязгаарлалтын бүртгэлдээ бүртгэсэн байдаг. Ингэж бүртгэхдээ Авлигатай тэмцэх газрын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотыг үндэслэж хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байдаг. Мөн тусгай зөвшөөрлийн хувьд 2015 оны  07 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хязгаарлалтаа цуцалсан байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч талын хувьд төлбөр төлөх хугацаа нь 11 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болдог. 12 дугаар сарын 31-ний өдрөөр хайгуулын ажлын доод зардлыг хангасан байх үүрэг дуусгавар болдог.  

Ийнхүү Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс XV-0******* дугаартай тусгай  зөвшөөрлийн эрхийг нь хязгаарлахдаа хууль ёсны эзэмшигчид мэдэгдээгүй. Мөн түүнчлэн хязгаарлалтын бүртгэлээ цуцлахдаа мөн адил хууль ёсны эзэмшигчид мэдэгдээгүй. Тэгээд “Т*******” ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаж XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хязгаарлалт бүртгэснийг тус компанид мэдэгдсэн эсэхийг тодруулахаар хүсэлт явуулахад хариуцагч талаас мэдэгдээгүй гэсэн хариу өгсөн. Хязгаарлалтаас бүртгэсэн тухай бид нарт шууд мэдэгдээгүй. Лавлагаагаар мэдэгдсэн байгаа.  

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Ашигт малтмал, Газрын тосны газраас XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Ийнхүү хүчингүй болгосныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох гэсэн зохицуулалт тус хуулиуд дээр заасан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “... тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл, тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “... тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяа татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “... энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ыг зөрчсөн албан тушаалтныг 30.000-аас 60.000 төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 0******* дугаартай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ “Т*******” ХХК-д заавал бичгээр мэдэгдэх хуулийн шаардлагатай байсан. Энэ шаардлагыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс биелүүлээгүй ажилласан гэж үзэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “... тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг сэргээнэ” гэж заасан байдаг. 

Ашигт малтмалын тухай хуулиар түдгэлзүүлэх асуудал зохицуулагдаагүй боловч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17 дугаар зүйлээр түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан байна. Мөн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг харвал “... тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд үйлчлэл нь мөн адил түдгэлзэж, түдгэлзсэн асуудал арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээнэ” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд 0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түдгэлзүүлж, хязгаарлалтын дэвтэртээ бүртгэхдээ тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага үйлчлэлийг нь давхар зогсоосон байх хуулийн шаардлага харагдаж байгаа юм. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8, 9 дэх жил буюу 2014 он болон 2015 оны төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх хугацаанд үүргийг нь давхар түдгэлзүүлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. 

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газрын комиссар Цоодолсэнгээ гэдэг хүн Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлтээр тусгай зөвшөөрлүүдийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан шаардлага хүргүүлсэн байдаг. 

Ашигт малтмалын газраас “*******” ХХН-д 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 0******* дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн. Ийнхүү хууль ёсны  эзэмшигч нь 6 сарын дараа эзэмших эрх нь түдгэлзсэн болохыг мэдсэн. 

Гэтэл бид нар эзэмших эрхээ түдгэлзсэнийг мэдээгүй байсан хугацаа буюу 2013 онд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр болон доод зардлыг хангасан байдаг. 2014 онд Ашигт малтмалын газрын 201406123/3791 дугаар бүхий захидлаар тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдсэн. 

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын албан захидлаараа “Т*******” ХХК-д албан захидал хүргүүлэхдээ 0******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар өмнө нь тус газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр хариу өгсөн байна гэдэг. Үүнээс үзэхэд эзэмших эрхийг түдгэлзүүлснийг Ашигт малтмалын газар хоёр дахь удаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн  хязаарлалтын бүртгэлээс гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч тал 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Ашигт малтмалын газрын 6/8612 дугаартай албан захидлаас анх удаа олж мэдсэн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан захидлаас эзэмших эрх маань түдгэлзсэн байсныг сэргээсэн тухай мэдсэн. 

Гэтэл уг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа 11 дүгээр сарын 13-ны өдөр буюу хуанлийн  9 хоног үлдсэн байсан. 2 жил гаруй хугацаанд 0******* дугаартай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байдаг. Энэ тухай Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс нэг бус албан бичгээр хүлээн зөвшөөрч манайд ирүүлсэн байдаг. Энэ бүгдээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийн бүх эрхийг хязгаарлаад хориглосон хэрнээ үүргийг нь давхар хязгаарлаагүй эс үйлдэхүй нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг хүчингүй болгож 0******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 8 дахь жилээс сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна.” гэжээ. 

Хариуцагч : Ашигт малтмалын газар Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт  малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2. дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын  геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 - 11.1.7, уул уурхайн асуудал  хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8- 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.", 11.1.17. тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх; гэж хуульд заасан эрхийнхээ хүрээнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс  нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/7720 тоотоор “Терра Энержи” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг болон өөр компаниудын тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэх”-ээр ирүүлсэн албан бичгийн дагуу Уул уурхайн кадастрын компьютержсэн системд (УУККС) тус зөвшөөрлийг Хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байна. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын В-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарлалтын бүртгэл хийхдээ бичгээр захиргааны акт буюу шийдвэр гаргадаггүй.

Харин уул уурхайн кадастрын сисмемд бүртгэж, эрх бүхий хууль, шүүхийн байгууллагын хүсэлтийн дагуу тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг болон барьцааг хязгаарладаг.

Ийнхүү хязгаарласан бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад эрх, үүргийг хязгаарладаггүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбай дээр жил бүр хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө гаргаж, хайгуулын ажил хийж тайлан гаргах, тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хамааралгүй бөгөөд ялангуяа тусгай зөвшөөрлийн хугацааг түдгэлзүүлэлгүй үргэлжлүүлэн тооцсон нь хууль бус болохыг тогтоолгох ойлголт нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь нэхэмжлэлдээ эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг Ашигт малтмалын газрын  ТЗУХ-ийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3-3791 тоот албан бичгээс мэдсэн гэж тайлбарласан бөгөөд хэрвээ уг тусгай зөвшөөрлийг эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнд гомдолтой байсан бол тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо

гаргана” гэж зааснаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул ЗХШХШТХ-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Т*******” ХХК нь XV-0******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай Мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/9370 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй  байна.

“Т*******” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл ззэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрээр цуцалсан байна” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт төрийн захиргааны байгууллагын дотоод нэгжийн бүтцийн хариуцах асуудлыг зааж өгсөн байдаг. Тус хуулийн 11 дугаар зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг кадастрын асуудал хариуцсан нэгж хариуцдаг. Энэхүү хуульд заасан эрхийн хүрээнд тус хэлтэс нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/7720 тоотоор “Т*******” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын *******, 13352 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг болон өөр компаниудын тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн албан бичгийн дагуу уул уурхайн кадастрын компьютерын системийн тусгай зөвшөөрлийн хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн байгаа. 

Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэхдээ захиргааны акт болон ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Харин системд бүртгэж, хууль шүүхийн байгууллагын хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвхөн шилжүүлэх болон барьцаалах эрхийг хязгаарладаг. Энэхүү хязгаарлалт нь хуульд заасан бусад эрх, үүрэгт хамааралгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө гаргах, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан гаргах, тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулах, жилийн төлбөрийг төлөх зэрэг хуулиар хүлээн бусад эрх, үүрэг нь хэвээрээ байдаг. 

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн эзэмших, ашиглах эрхийг нь түдгэлзүүлснийг хуучин нэрээр Ашигт малтмалын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/3791 тоот албан бичгээс мэдсэн гэж тайлбарладаг. Ийнхүү түдгэлзүүлсэн нь өөрсдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн бол тухайн үед үйлчилж байсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой бөгөөд шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан байдаг. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн жил бүр урьдчилж төлөх ёстой байдаг. “Т*******” ХХК нь ******* дугаар бүхий тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө урьдчилж төлөх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/9370 тоот хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй. Ийнхүү “Т*******” ХХК нь хуульд заасан хугацаанд мэдүүлээгүйн улмаас ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан үндэслэлээр гаргасан кадастрын хэлтсийн даргын 2013 оны 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “XV-0******* тоот тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсныг тогтоолгох, ...түдгэлзүүлсэн хугацаанд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Р.Э*******д өгсөн итгэмжлэлдээ, “... нэхэмжлэлд хариу тайлбар гаргах эрх” –ийг олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “шүүх хуралдаанд тайлбар гаргах боломжтой” хэмээн тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Э******* сумын нутагт орших Цахиурт говь нэртэй 126675 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2007 онд “Сод газар”  ХХК-д олгосон байх ба Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 212 тоот шийдвэрээр “Т*******” ХХК-д шилжүүлсэн  байна.

Нэхэмжлэгч байгууллагаас “0*******Х тоот түдгэлзүүлсэн болон хоригийг цуцалсан шийдвэрийг бидэнд мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг түдгэлзүүлсэн атлаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн, тусгай зөвшөөрлийг эзэмших, захиран зарцуулах эрхэд хориг тавьсан атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж байсан нь хууль бус” гэж маргажээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/7720 тоот  албан бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн зөрчсөн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул ...*******Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” арга хэмжээ авч мэдэгдэх, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 06/4820 тоот  албан бичгээр “...шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байсан хоригийг цуцлах”-аар тус тус Ашигт малтмалын газарт мэдэгдсэн байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрээр  “Т*******” ХХК нь XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг “төлбөр төлөөгүй” гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагаанд баримталбал зохих “шударга ёс”-ны зарчимд нийцэхгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “...өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” байх тул илт хууль бус акт болжээ шүүх дүгнэлээ. 

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, 4.1.8-д “”хайгуулын ажлын зардлын доод хэмжээ” гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг”, 4.1.15-д “”хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг”, 7 дугаар зүйлийн 7.3-т “...тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан байна.

Дээрхээс үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших гэдэг нь эрхийн бичгийн үндсэн дээр уг тусгай зөвшөөрлийн хүрээнд геологийн судалгааны ажил хийх цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан үйл ажиллагаануудын цогц байх бөгөөд зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлөөгүй, хайгуулын ажлын доод зардлыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай тусгай зөвшөөрөл цуцлах үр дагавартай байна. 

Гэтэл хариуцагчаас XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хоригийг цуцалсан тухай шийдвэрийг “Т*******” ХХК-д мэдэгдэх үед тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад 11 хоног үлдсэн байжээ. 

Иймд дээрх 11 хоногийн хугацаанд нэхэмжлэгч нь “Тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах” дээрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хайгуулын ажлын доод зардлыг хангах үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр болон хайгуулын ажлын зардалд жилд 200 орчим сая төгрөг төлдөг. 10 хоногт амжихгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл, XV-0******* тоот тусгай зөвшөөрөлд тавигдсан хориг цуцлагдсан тухай албан тоотыг  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Т*******” ХХК-д хүргүүлж, 2015 оны 12 дугаар сарын 04-нд буюу XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсны дараа “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хадгалж ажиллах нь зүйтэй”  гэж мэдэгдэж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий 1176 тоот шийдвэрийг гаргасан нь цаг хугацаа, процессын хувьд алдаагүй мэт боловч шударга бус байх тул илт хууль бус акт гэж үзэхээр байна.

Мөн ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан байна. 

Нэхэмжлэгч  “Т*******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг хадгалж ажилласан болох нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт , тусгай зөвшөөрлийн талбайд 5-7 дахь жилүүдэд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан , түүнд тусгагдсан хайгуулын ажлын доод зардлыг хангасан тухай гүйцэтгэлийн хуудас төлж байсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах боловч, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үйл ажиллагааны журам тус хуулиар зохицуулагдаагүй байх тул ерөнхийлөн зохицуулсан хууль болох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баримтлах бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Тусгай зөвшөөрөл олгох эрх, бүхий байгууллага нь дараах эрх эдэлнэ:”, 10.1.4-т “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх” гэж заасан байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг манай байгууллага түдгэлзүүлээгүй, харин эрх бүхий байгууллагаас ирүүлсэн түдгэлзүүлэх тухай албан бичгийн дагуу бүртгэл хөтөлсөн” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлахгүй, зөвхөн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог” гэж тайлбарлаж байх боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс “Т*******” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 6-6410 тоот албан бичигт “...эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн”  гэж дурьдсан, өмгөөллийн “Цэц” ХХН-д 2014 оны 06 сарын 12-ны өдөр хүргүүлсэн албан бичигт “...эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх”  гэж дурьдсанаас үзвэл “үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлээгүй” гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх арга хэмжээ нь уг тусгай зөвшөөрөл хүчинтэй боловч хэрэгжилт нь түдгэлздэг. Ингэснээрээ тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахтай холбоотой зөрчлийг арилгах үүргийг бий болгодог. Гэтэл “Т*******” ХХК-аас Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-т хандаж удаа дараа лавлагаа, тодруулга хүссэн боловч, 

-  2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6-6410 тоот албан бичгээр “дээрх албан бичгийг хязгаарлалт хийсэн байгууллагаас авна уу”  гэсэн хариу өгсөн,

- Ашигт малтмалын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны 3-3791 тоот бичгээр “...эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэж мэдэгдсэн, 

- Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8616 тоот  албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хандаж “... цаашид авах арга хэмжээний талаар чиглэл хүссэн” зэрэг нь “Т*******” ХХК-д төдийгүй хариуцагч байгууллагад өөрт “нөхцөл байдал тодорхойгүй” байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ямар үндэслэлээр хязгаарласныг бид мэдэж чадаагүй, эрүүгийн хэргийн оролцогч биш учраас авлигатай тэмцэх газраас манайд хариу өгдөггүй, Ашигт малтмалын газар болохоороо "эзэмших, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн" гэсэн хариу өгдөг. Иймээс бид тусгай зөвшөөрлөө барьцаалж хөрөнгө босгох боломжгүй болсон төдийгүй тухайн жилд хийж гүйцэтгэсэн байвал зохих хайгуулын ажлын доод зардлыг хангах боломжгүй болсон” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна. 

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д “тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа дүр зогсохоор зохицуулснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж эрхийг хязгаарласан атлаа төлбөр төлөх үүрэг ногдуулах үндэслэлгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх”-аар зохицуулснаас үзвэл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд уг харилцааны талууд бие биенээсээ тодорхой үйлдэл хийхийг шаардах эрх нь мөн түр зогсох тул хариуцагчаас “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх”-ийг шаардах эрх, “хугацааг тоолох” эрх тус тус түр зогсох учиртай.

Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22-т “...сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн ... бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “... түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид 3 хоногийн дотор мэдэгдэх” гэж зааснаас үзвэл хариуцагч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй байна.

Хариуцагч байгууллага нь хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлж “Т*******” ХХК-ийн XV0******* тоот тусгай зөвшөөрлийн эзэмших, захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлсэн, мөн хоригийг цуцалсан шийдвэрүүдийн аль алийг нь тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Т*******” ХХК-д тухай бүрд мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй, манай байгууллага мэдэгдэх үүрэггүй”  гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн “...бидэнд мэдэгдээгүй, хамтран ажиллагч өмгөөллийн “Цэц” ХХН-ийн хүсэлтээр лавлагаа авахад мэдсэн”  гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Тодруулбал, хариуцагч нь “Т*******” ХХК-ийн *******Х тоот тусгай зөвшөөрлийг хязгаарлалтын бүртгэлд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн атлаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6-6410 тоот албан бичгээр мэдэгдэж , тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системд 2015 оны 07 сарын 20-нд “хориг цуцлагдсан”-ыг  тус тус бүртгэсэн атлаа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны 6/8612 тоот албан бичгээр “хязгаарлалтын бүртгэлээс чөлөөлж бүртгэсэн ”-ийг мэдэгджээ.

Гэтэл хариуцагчаас XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шалтгаан, нөхцөл, түүнчлэн хариуцагчаас тайлбарлаж байгаа “шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бусад эрх үүрэг хэрэгжих” үр дагаврыг нэхэмжлэгч “Т*******” ХХК-д мэдэгдээгүй атлаа тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг тоолж ирсэн нь нэхэмжлэгч байгууллагад хуулиар олгогдсон ашигт малтмалын тухай хуулийн 21 зүйлийн 21.1.1-д заасан “тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал эрэх, хайх”, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан “...шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд ....барьцаалж болох” эрхийг хязгаарласан байна.

Иймд “XV-0******* тоот тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсныг тогтоолгох, ...түдгэлзүүлсэн хугацаанд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.5, 106.3.12-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.8, 4.1.5, 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.1.22, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 78 дугаар зүйлийн 78.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1176 дугаар шийдвэрийг илт хууль бус болох, XV-0******* тоот тусгай зөвшөөрөл, түүнийг эзэмших эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байсан, түдгэлзүүлсэн хугацаанд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрлийн хугацааг тоолж ирсэн нь хууль бус болохыг тус тус тогтоож, XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 8 дахь жилээс эхлэн сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т*******” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ