| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2004000310022 |
| Дугаар | 2025/ДШМ/243 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/243
2025 02 18 2025/ДШМ/243
Т.Х, Д.Т, Б.Б, Г.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Халиун,
иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Амарбаяр,
шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Л.Чинбат,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Х, Д.Т, Б.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн 2004 00031 0022 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Т.Х, **** оны * дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил хийдэг, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг, Төв аймгийн Баянжаргалан сумын * дүгээр багт оршин суух хаягтай боловч Нийслэлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн нарангийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, /РД:**00000000/,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дээрх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2392 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 18 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2. Х овгийн Д.Т, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Х" ХХК-ийн хүдрийн уурхайд засварчин ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Баян сумын Өгөөмөр * дугаар багт оршин суух хаягтай боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, * дугаар баг, * дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
3. Х овгийн Б.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Х” ХК-д ХАБ-д туслах ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн * дүгээр хороо, Сургалтын задгайн *-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
4. Х овгийн Г.М, **** оны * дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “ЦМ ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ * дугаар баг, Жаргалантын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч Т.Х, Д.Т, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын толгой” амралтын газрын урд байрлах үнээний фермийн гаднаас хохирогч М.Гийн олон тооны буюу 17 адууг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.100.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Б.Б, Д.Т, Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Гучингийн хоолой” гэх газраас хохирогч Б.Чын 3 тооны үхрийг хулгайлж 3.600.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Хараа” гэх газраас хохирогч Т.Пийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Б.Б, Т.Х, Д.Т нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баян сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян сементал” үхрийн фермийн хашаан дотроос хохирогч Ш.Оийн өмчлөлийн 1 тооны үхэр, хохирогч Ш.Бын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 5.300.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Д.Т, Т.Х нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ, “Porter” загварын **-**УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Элгэн рашаан гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Д.Бгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Б.Б, Т.Х нар нь бүлэглэн “Приус 20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хэрлэн гол” гэх газраас хохирогч П.Гын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол,
шүүгдэгч Б.Б, Т.Х нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баян сумын нутгаас хохирогч Д.Оийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас Т.Х, Д.Т, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар,
Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Хт оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар Д.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын, Б.Бад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын, Г.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Хын цагдан хоригдсон 254 хоногийг, Д.Тын цагдан хоригдсон 195 хоногийг, Б.Бын цагдан хоригдсон 48 хоногийг, Г.Мын цагдан хоригдсон 110 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух хаягаа өөрчлөх, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сум хүртэл ажил хийх зорилгоор зорчихоос өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг, шүүгдэгч Б.Бад оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух хаягаа өөрчлөх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл сурах зорилгоор зорчихоос өөр чиглэлд зорчихыг хориглох, шүүгдэгч Г.Мт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух хаягаа өөрчлөх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Төв аймгийн Баян, Баянжаргалан сум хүртэл ажил хийх зорилгоор зорчихоос өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.Т , Б.Б, Г.М нарт мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Х, Д.Т, Г.М нараас тус бүр 333.337 төгрөгийг гаргуулж хохирогч М.Гт олгуулах,
шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нараас тус бүр 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чад олгуулах,
шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нараас тус бүр 666.667 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Пид олгуулах,
шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нараас тус бүр 466.667 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Од олгуулах,
шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нараас тус бүр 466.667 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бын хууль ёсны төлөөлөгч Ц.Гантөмөрт олгуулах,
шүүгдэгч Т.Х, Д.Т нараас тус бүр 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгуулах,
шүүгдэгч Т.Х, Б.Б нараас тус бүр 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Гт олгуулах,
шүүгдэгч Т.Хаас 2.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгуулах,
шүүгдэгч Б.Б нь 2.250.000 төгрөгийг хохирогч Д.От шилжүүлсэн болохыг, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайхан, Д.Лхагвасүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “А Ф” ХХК нь тус нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт төлөхөө илэрхийлж Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын барьцааны Хаан банкны 5721761834 тоот дансанд шүүгдэгч Т.Хаас шилжүүлсэн 8.400.000 төгрөг, шүүгдэгч Д.Таас шилжүүлсэн 4.667.000 төгрөг, шүүгдэгч Б.Баас шилжүүлсэн 5.130.000 төгрөг, шүүгдэгч Г.Маас шилжүүлсэн 333.337 төгрөгийг тус тус хохирогч нарт учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг мөнгөн хэлбэрээр хувь тэнцүүлэн тогтоож, шүүгдэгч Т.Хаас 1.092.918 төгрөг, Д.Таас 1.092.918 төгрөг, Б.Баас 859.584 төгрөг, Г.Маас 233.334 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах, мөн энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж,
шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Т, Б.Б, Г.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Э давж заалдах гомдолдоо: “...2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын 9 болон 11 дэх хэсгийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2/, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлүүд тус тус тогтоогдож байх тул шийтгэх тогтоолын 9 болон 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын 11 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу **-** УБА дугаартай автомашиныг улсын орлогод авах тухай шийдвэр нь үндэслэлгүй болох нь дараах үйл баримтуудаар тогтоогдож байна.
“А Ф” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 28 ны өдөр Т.Хтай 2675 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, 6.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, нэг жилийн хугацаатайгаар зээлүүлж, мөн өдрөө 2675 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан, **-** УБА дугаар бүхий суудлын “Приус” загварын автомашиныг “А Ф” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Тодруулбал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан **-** УБА дугаар бүхий суудлын “Приус” маркийн автомашин нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “А Ф” ХХК-ийн өмчлөлд хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу шилжсэн байна. Тухайн үед тээврийн хэрэгслийн өмчлөх эрх А.А /**0000000/ гэх иргэнээс “А Ф” ХХК-ийн нэр дээр шилжсэн бөгөөд шүүгдэгч Т.Х нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч байгаагүй болох нь авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн сангийн мэдээллээр тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар байна. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас харахад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлс нь тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон бол шүүх түүнийг хохирлыг барагдуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, улсын төсөвт хураан авах шийдвэр гаргахаар байна.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэлт гаргасан буюу уг автомашины өмчлөх эрхийн асуудлыг бүрэн гүйцэд судалж үзэлгүй уг автомашины өмчлөх эрх “А Ф” ХХК-д хууль ёсны үндэслэлээр шилжсэн болохыг харгалзан үзэлгүй, тухайн хөрөнгийг улсын орлогод хураасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар “А Ф” ХХК болон Т.Хын нарын хооронд байгуулагдсан 2675 тоот гэрээг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогддоггүй бөгөөд шүүхээс уг гэрээг хүчингүйд тооцож шийдвэрлээгүй атлаа 2675 тоот хүчин төгөлдөр гэрээгээр өмчлөх эрх нь “А Ф” ХХК-д шилжсэн автомашиныг улсын орлогод хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; 5.3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэх заалтуудыг ноцтойгоор зөрчиж, өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, “А Ф” ХХК-ийн өмчийг хураах үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9, 11 дэх заалтуудыг хүчингүй болгож, “А Ф” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
“А Ф” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой холбогдуулан нэг зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй байх. Уг албадлагын арга хэмжээ авагдсан **-** УБА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь “А Ф” ХХК-ийн нэр дээр буюу өмчлөлд байдаг. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын 9, 11 дэх заалтад гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэгдсэн тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа тохиолдолд орлогод тооцно хэмээн хуульчилсан. Гэтэл уг шүүхийн шийдвэр гарснаараа Эрүүгийн хуулийн ял шийтгэлийг бусдад халдааж хэрэглэхгүй гэх шударга ёсны зарчим зөрчигдсөн. Хэрэг шүүх рүү шилжихийн өмнө прокурорт тухайн асуудалтай холбоотой гомдлыг удаа дараа гаргасан. Улмаар анхан шатны шүүх уг асуудлыг шийдэх нь зүйтэй гэх прокурорын тогтоол гарсан. Тогтоолын дагуу бид шүүх хуралдаан дээр тухайн асуудлыг тавьсан боловч улсын орлого болгох нь зүйтэй гэх албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
Прокурор Г.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УБА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “А Ф” ХХК-иас 6,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авсан байсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй хэмээн өмчлөх эрхийг нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлийг “А Ф” ХХК-д шилжүүлсэн. Шүүгдэгч Т.Х нь тухайн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагаас аваад, өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. “А Ф” ХХК нь тээврийн хэрэгслийг нэхэмжилж, тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүйгээр, тухайн компанийн өмчлөлд шилжүүлж өгнө үү хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иргэний журмаар холбогдох материалыг бүрдүүлэн, нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн шийдвэр нь үндэслэлтэй байх тул “А Ф” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Т.Х, Д.Т, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын толгой” амралтын газрын урд байрлах үнээний фермийн гаднаас хохирогч М.Гийн олон тооны буюу 17 адууг машин, механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Г /1хх 32-34/, иргэний нэхэмжлэгч Т.У /1хх 67/, гэрч Ю.Т /1хх 37-39/, М.Л /1хх 40-41/, Б.О /1хх 42-43/, Б.С /1хх 46-47/,
шүүгдэгч Т.Х /1хх 152-153/, Г.М /1хх 165-169/, Д.Т /1хх 175-176/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1 хх 3-18/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх 20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 23, 25/, **-** УБА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /1хх 27-30/, “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтүүд /1хх 70, 77, 84/,
2. Шүүгдэгч Б.Б, Д.Т, Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Гучингийн хоолой” гэх газраас хохирогч Б.Чын 3 тооны үхрийг хулгайлж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Ч /2хх 4-5/, гэрч Ц.Цоож /2хх 6-7/,
шүүгдэгч Б.Б /2хх 22-23/, Т.Х /2хх 28-30/, Д.Т /2хх 33-34/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
Эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 11/,
3. Шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Хараа” гэх газраас хохирогч Т.Пийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Т.П, /2хх 43/, гэрч С. /2хх 44/, Ц.Б /2хх 45/, Ц.О, /2хх 58-59/,
шүүгдэгч Д.Т /2хх 64-65, 81-82/, Т.Х, /2хх 66, 75-78/, Б.Б /2хх 67-68, 86-87/ нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 38-41/, эд зүйлийн үнэлгээ /2хх 51/,
4. Шүүгдэгч Б.Б, Т.Х, Д.Т нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баян сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян сементал” үхрийн фермийн хашаан дотроос хохирогч Ш.Оийн өмчлөлийн 1 тооны үхэр, хохирогч Ш.Бын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж нийт 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ш.О /2хх 100-101/, Ц.Г /4хх 108/, гэрч Ш.Б /2хх 102-103/,
шүүгдэгч Д.Т /2хх 104-105, 124-125/, Т.Х /2хх 106, 129-131/, Б.Б /2хх 107-109, 116-118/ нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 94-96/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /4хх 127-139/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 110-123/,
5. Шүүгдэгч Д.Т, Т.Х нар нь бүлэглэн “Toyota Nadia” загварын **-** ТӨВ, “Porter” загварын **-**УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Элгэн рашаан гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Д.Бгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Б /14хх 103, 138-139/, гэрч Б.П /2хх 143-144/,
шүүгдэгч Д.Т /2хх 145-146, 159-161/, Т.Х /2хх 154-156/ нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /2хх 142/
6. Шүүгдэгч Б.Б, Т.Х нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хэрлэн гол” гэх газраас хохирогч П.Гын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч П.Г /2хх 173-174/, гэрч С.У /2хх 175-176/, Ц.О /2хх 58-59/,
шүүгдэгч Т.Х /2хх 197, 214-216/, Б.Б /2хх 198-199, 206-208/ нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 166-167/, эд зүйлийн үнэлгээ /2хх 179/,
7. Шүүгдэгч Б.Б, Т.Х нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баян сумын нутгаас хохирогч Д.Оийн 3 тооны үхрийг хулгайлж 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Оийн мэдүүлэг /2хх 222-223/,
шүүгдэгч Т.Х /2хх 232, 240-242 /, Б.Б /2хх 233-234, 247/ нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /2хх 228/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Т.Х, Д.Т, Б.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Мыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Хын Д.Т, Г.М, Б.Б нартай бүлэглэн 7 удаагийн үйлдээр хохирогч М.Г, Б.Ч, Т.П, Ш.О, Ш.Б, Д.Б, П.Г, Д.О нарын малыг хулгайлж, нийт 34.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар,
шүүгдэгч Д.Тын Т.Х, Г.М, Б.Б нартай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр хохирогч М.Г, Б.Ч, Т.П, Ш.О, Ш.Б, Д.Б нарын малыг хулгайлж, нийт 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар,
шүүгдэгч Б.Бын Т.Х, Д.Т нартай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр хохирогч Б.Ч, Т.П, Ш.О, Ш.Б, П.Г, Д.О нарын малыг хулгайлж нийт 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар,
шүүгдэгч Г.Мын Т.Х, Д.Т нартай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр хохирогч М.Гийн малыг хулгайлж 15.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн захирал Н.Э “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан **-** УБА дугаар бүхий суудлын “Приус” маркийн автомашин нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “А Ф” ХХК-ийн өмчлөлд хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу шилжсэн, ... анхан шатны шүүх ... тухайн хөрөнгийг улсын орлогод хураасан нь ... хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн, ... “А Ф” ХХК-д шилжсэн автомашиныг улсын орлогод хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт заасан өмчлөх эрхийг зөрчсөн, ... өмчлөгчийн эрхийг хууль бусаар хязгаарласан ... тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9, 11 дэх заалтуудыг хүчингүй болгож, “А Ф” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хийх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.
Шүүгдэгч Т.Х, Д.Т, Г.М нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын толгой” амралтын газрын урд байрлах үнээний фермийн гаднаас хохирогч М.Гийн олон тооны буюу 17 адууг хулгайлахдаа улсын дугааргүй мотоцикль, **-** УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уын “...**-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь одоо ч манай “А Ф” компанийн нэр дээр байдаг...” /1хх 67/ гэсэн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /1хх 248/ **-** УБА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин “А Ф” ХХК-ийн эзэмшилд байна.
Иргэний хуульд зааснаар, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бөгөөд зарим эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн байдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг хэний эзэмшилд байсан талаарх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, уг битүүмжлэгдсэн автомашиныг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзэв.
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №98 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 84/-ээр **-** УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин 10.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн үнийг мөнгөн хэлбэрээр хувь тэнцүүлэн тогтоож, шүүгдэгч Т.Х Д.Т, Г.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн **-** УБА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгов.
Харин шүүгдэгч Б.Б, Т.Х нарыг 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг “Хэрлэн гол” гэх газраас хохирогч П.Гын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлахдаа “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл ашигласан гэж хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо тэднээс үхрийн мах худалдан авсан гэрч нарын “... Приус машинаар авчирсан махыг авсан ...” гэсэн мэдүүлэгт үндэслэжээ. Гэрч нарын энэ мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэхдээ **-** УБА улсын дугаартай “Приус 20” загварын тээврийн хэрэгсэл ашигласныг хангалттай нотлохгүй байх тул уг үйлдэлд машин ашигласан гэсэн үйл баримтыг өөрчилсөн болно.
Иймд иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн захирал Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
11 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг мөнгөн хэлбэрээр хувь тэнцүүлэн тогтоож шүүгдэгч Т.Хаас 1.092.918 төгрөг, Д.Таас 1.092.918 төгрөг, Б.Баас 859.584 төгрөг, Г.Маас 233.334 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах, мөн энэ хэрэгт битүүмжилж ирүүлсэн Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг мөнгөн хэлбэрээр хувь тэнцүүлэн тогтоож, шүүгдэгч Т.Хаас 4.426.251 төгрөг, Д.Таас 4.426.251 төгрөг, Б.Баас 859.584 төгрөг, Г.Маас 3.566.667 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжилж ирүүлсэн “А Ф” ХХК-ийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн **-** УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “А Ф” ХХК-ийн захирал Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР