| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/01346/И |
| Дугаар | 191/ШШ2025/07043 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/07043
2025 08 27 191/ШШ2025/07043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ......................... тоотод оршин суух У овогт ЭЭЭЭЭгийн ЭЭЭЭЭЭ /РД:66666666666/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................. тоотод байрлах ХХХХХХХХХХ ХК /РД:А/-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б, гэрч Б, Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч өмгөөлөгчгүй хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул түүний эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.ЭЭЭЭЭЭ нь өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser 200 загварын 5677 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 200,000,000 төгрөгийн даатгалын үнэлгээтэйгээр "ХХХХХХХХХХ" компанид даатгуулсан. Тодруулбал, 2023.3.23-ны өдөр эхэлж, нэг жилийн хугацаатай үйлчлэх Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан бөгөөд хамтран даатгуулагчаар өөрийн эхнэр Золбоог оруулсан. Гэтэл даатгалын гэрээний хугацаанд буюу 2023.7.13-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр, Тарны голын эргээр байх явцад үерийн эрсдэлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тус үерийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг засварлахад 218,992,667 төгрөг болох талаар "..." компани үнийн санал өгсөн. Тус компани нь Япон Улсын Toyota үйлдвэрийн албан ёсны гэрээтэй борлуулалт, засварын газар билээ.
Ийнхүү тус даатгалын тохиолдлын талаар би "ХХХХХХХХХХ" ХК-д хандаж, даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн. Тус компани нь олон нийтийн сошиал сувгуудаар сурталчилгаа хийхдээ "бид үеийн улмаас хохирсон айл, тээврийн хэрэгслүүдэд нөхөн төлбөр олгож байна" гэх сурталчилгаа хийж байсан. Иймд би ямар ч маргаан, үл ойлголцол байхгүйгээр даатгалын нөхөн төлбөрөө авах юм байна гэсэн хүлээлт, итгэл үнэмшилтэй байлаа. Гэвч тэд огт санаанд оромгүй байдлаар хууль бусаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.
"ХХХХХХХХХХ" компанийн 2023.8.07-ны өдрийн "Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичигт нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд "Дээрх тохиолдолд холбогдох баримтуудыг судлахад даатгуулагч нь голын эрэг дээр буюу замгүй газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бороо орж голын ус эргээсээ халих үед тээврийн хэрэгслээрээ гол гатлах үед хохирол учирсан нь даатгуулагчаас ирүүлсэн баримтуудаар нотлогдож байх тул Даатгалын гэрээний байгалийн эрсдэл хэсэгт заагдсан уулын үер болон шар усны үер гэх эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй байна" гэх хариуг өгсөн. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй шийдвэр гэж би үзэж байна.
1. Намайг "... голын эрэг дээр буюу замгүй газар тээврийн хэрэгслээ байрлуулсан ." гэсэн байна. Гэвч замгүй газар машин байрлуулах нь ямар нэгэн хууль бус зүйл биш билээ. Жолооч машинаар явж байгаад зогсохдоо зам дээр зогсох учиргүй шүү дээ. Гэтэл намайг замгүй газар зогссон гэж буруутгаж байгаа юм шиг байна. Бид зуны улиралд гэр бүлийн найзуудаараа аялж явсан. Иймд голын эрэг хавиар зогссон. Үүнд, ямар нэгэн хууль бус гэх, буруудах зүйл байхгүй гэж бодож байна. Бид голын эрэг хавиар зогсох үед голын ус үерлээгүй байсан.
2. Дээрх хариу албан бичигт "... бороо орж голын ус эргээсээ халих үед тээврийн хэрэгслээрээ гол гатлах үед хохирол учирсан ..." гэсэн байна. Гэвч бид үерлэсэн голыг гатлах гэж замын хөдөлгөөнд оролцоогүй. Харин голын эрэг хавиар байх явцад гэнэт гол үерлэсэн тул үерийн усанд автахгүй гарах гэж яваад голын усанд суусан. Хэн ч өөрийн үнэтэй өмч хөрөнгөө санаатайгаар голын ус руу оруулахгүй билээ. Бидний тээврийн хэрэгслээс гадна майхан, хөгжим, хувцас гэх мэт маш олон эд хөрөнгө үерт урсаж нэлээдгүй хохирол учирсан. Иймд биднийг санаатайгаар гол гаталсан мэтээр үзэж, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаад харамсаж байна.
3. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023.7.18-ны өдрийн 04/695 дугаартай албан бичгийг "ХХХХХХХХХХ ХК-д хүргүүлсэн. Тус албан бичигт Өвөрхангай аймгийн Бүрд сумын орчмоор салхины хурд секундэд 8-10 метр, 49.0 мм усархаг дуу цахилгаантай аадар бороо орсон болохыг тодорхойлсон. Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын 2023.7.19-ний өдрийн 02/178 дугаартай албан бичигт "Элсэн тасархай Тарны голд аадар бороо орж 2023.7.13-ны 23 цагийн үед их хэмжээний үер буусны улмаас 5677 УАХ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин голын голдирол руу орж сумын онцгой комисс дуудлагаар очиж ажилласан боловч гаргах боломжгүй байсан учир 48 цагийн дараа татаж гаргасан гэдгийг тодорхойлсон. Иймд энэ нь зөвхөн надад тохиолдсон зүйл биш, эсвэл би голын ус гатлаад явсан хэрэг биш гэдгийг эдгээр баримтуудаас харж болно.
Би өөрийн хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх үүднээс Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэсэн. Би хүмүүсээс "Даатгалын компаниуд үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалздаг, даатгуулагчдаа хохироодог" гэж их сонсож байсан. Гэвч "ХХХХХХХХХХ компанийг олон нийтэд хувьцаа гаргасан буюу нээлттэй хувьцаат компани болохын хувьд санхүүгийн том байгууллага гэж бодож гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ гэж итгэж гэрээ байгуулсан. Мөн үерийн нөхцөл байдал бол ганц надад тохиолдсон зүйл биш төдийгүй надаас үл хамаарах зүйл гэдгийг даатгалын компани мэдэж байгаа. Иймд нөхөн төлбөр олгоно гэж бүрэн итгэж байсан. Гэтэл дээрх байдлаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсанд үнэхээр гайхаж, "ХХХХХХХХХХ" ХК-ийг сонгож даатгуулсандаа харамсаж байна.
"ХХХХХХХХХХ компанийн Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай" хариу албан бичигт Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1 дүгээр заалтын 20-д "Тогтсон шавар, гол горхи, мөрөн нуур гатлах, тогтонги болон урсгал бүхий ус, мөсөн дээгүүр явах, мөстсөн гол гатлах үед учирсан хохирол"-д нөхөн төлбөр олгохгүй талаар заасан гэж. Гэвч "ХХХХХХХХХХ" компанитай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, сертификатын Нөхөн төлбөр олгохгүй хэсэгт дээрх байдлаар заагаагүй байна. Мөн бид гол горхи гатлаагүй, үерт өртсөн билээ. Хэрэв гол үерлээгүй ердийн үед гол гаталсан бол биднийг энэ байдлаар буруутгаж болох юм. Бидний хувьд гол үерлэсэн үед үерийн уснаас зугтаж яваад голын усанд орсон билээ. Гол үерлэсний улмаас болон харанхуй байсны улмаас аль хэсгээр голын урсгал хэсэг байгаа, аль хэсгээр газар, зам байгаа нь мэдэгдэхгүй байсан. Үүнтэй холбоотой бид үерийн усанд орохгүйгээр гарах гэж яваад голын урсгал бүхий хэсэгт орсон. Энэ нөхцөл байдлыг тухайн үед надтай хамт байсан бидний гэр бүлийн найзууд болох Т.Бат-Эрдэнэ, Б.Цолмон нар болон миний эхнэр Г.Золбоо гэрчлэх юм.
Би "ХХХХХХХХХХ" компанийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Гэвч тэд нөхцөл байдлыг зөвөөр үнэлж чадаагүй, даатгалын компанийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2023.9.20-ны өдрийн 9/3650 дугаартай албан бичгээс үүнийг харж болно. Ийнхүү би даатгалын салбарын зохицуулах байгууллагад хандаж, хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлсэн.
Ийнхүү дээрх даатгалын тохиолдлын улмаас машин бүхэлдээ сүйрч, гэмтээд байна. Тодруулбал, машиныг даатгуулах үед зах зээлийн үнэлгээ нь 200 сая төгрөг байсан бөгөөд би 200 сая төгрөгөөр үнэлж даатгуулсан. Гэтэл их хэмжээний гэмтэл учирсны улмаас түүнийг засварлах үнэ нь 218,992,667 төгрөг гараад байна. Иймд бид машины даатгалын үнэлгээний хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.
Иймд Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд заасан даатгалын үнэлгээний дагуу 200,000,000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг "ХХХХХХХХХХ" хувьцаат компаниас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ХХХХХХХХХХ ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай 23028697 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний даатгуулагч Н.ЭЭЭЭЭЭ нь 2023 оны 07 сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн нутаг Тарнын голын эрэг дээр гэр бүлийн хамтаар буудаллан амарч байх үед нь хүчтэй орсон борооны улмаас гол үерлэж, үерлэсэн голын эргээс 5677 УАХ улсын дугаартай Тоёота Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгслээ холдуулах гэж жолоодохдоо голын эсрэг зүг рүү бус голын гүн хэсэг рүү орж голын усанд сууснаар тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх тохиолдолд холбогдох материалуудыг судлаад нөхөн төлбөр олгох боломжгүй тухай мэдэгдсэн.
Дээрх тохиолдолд даатгуулагч нь голын эрэг дээр тээврийн хэрэгслээ байрлуулсан байсан бөгөөд бороо орох үед тээврийн хэрэгслээ жолоодон явах үедээ голын ус руу орж голын гүн хэсэгт суусан болох нь даатгуулагчийн тайлбар болоод гэрэл зургуудаар нотлогдож байсан тул даатгагчийн зүгээс гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тухай мэдэгдсэн.
Учир нь талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 1-д Тээврийн хэрэгсэлд учрах хохирол "Монгол улсын нутаг дэвсгэрт дараах эрсдэлүүдийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг Даатгагч энэхүү гэрээний нөхцөл, зүйл заалтын дагуу Даатгуулагчид дараах хүснэгтэд заасан хувиар нөхөн төлнө" 1.3 "Байгалийн эрсдэл" а. Уулын болон шар усны үерт өртөх /тогтоол ус хамаарахгүй/ гэж заасан бөгөөд даатгуулагчид учирсан хохирлын шалтгаан нөхцөл нь гэрээнд заагдсан байгалийн эрсдэлд хамаарахгүй болох нь даатгуулагчийн тайлбар болоод ирүүлсэн баримтуудаар нотлогдсон.
Иймд Тээврийн хэрэгслийн даатгалын №23028697 тоот гэрээний Нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл "Даатгагч дараах тохиолдлуудад аливаа нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй" 1 дүгээр заалт "Даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол", 20 дугаар заалт "Тогтсон шавар, гол горхи, мөрөн нуур гатлах, тогтонги болон урсгал бүхий ус, мөсөн дээгүүр явах, мөстсөн гол гатлах үед учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8.5 "Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" 8.5.3 "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтуудыг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.
Манай компанийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч даатгуулагч Санхүүгийн Зохицуулах хороонд гомдол гарган шалгуулсан бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн байдаг. Иймд даатгуулаг Н.ЭЭЭЭЭЭгоос тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гэрч Т. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Наадмын амралтаар Хан Хужиртад очиж амраад, тэндээсээ Архангайн Улаан цутгалан руу явсан. Тэнд Гочоотой гэр бүлтэйгээ хотоос ирж, би Хужиртаас очоод 2 хоноод буцсан. Буцах замдаа Элсэн тасархайн ойролцоо хоолонд орж, дараа нь горхины эрэг дээр майхан барьж хоноглохоор болж, 2 майхан барьсан. Гэтэл Гочоо ус орж ирж буйг харсан. Эхэндээ майхны ар тал шалбаагтай болсон тул нүүхээр хөдөлсөн ч гэнэт усны түвшин маш хурдан нэмэгдэж байсан. Гочоо машинтайгаа эргэсэн би араас нь эргээд явж байхад нэг машин гол руу хазайсан байсан. Тухайн үед би эхнэртээ нэг машин унасан байна гэж хэлж байсан чинь Гочоогийн машин байсан. Уг нь хамт байсан тэднийх түрүүлээд явсан.Араас нь би хөдлөөд явсан. Гочоогийн машин унасан байсан гэв.
4. Гэрч Г.. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Бид хэд гэр бүлүүдээрээ Архангайн Чулуутын зүг амарч яваад буцах замдаа Элсэн тасархайд ирж, хоолны газар орсон. Манайх 4 хүүхэдтэй, хоёр гэр бүлийн хүүхдүүд жоохон байсан учраас хооллосон. Хооллож дуусаад шөнө нь замд гарах нь аюултай гэж үзээд тэндээ хоноглохоор шийдсэн. Хоолны дараа замын хажуугаас холдоогүй зүлэгтэй талбай сонгон майхан барьж, хүүхдүүдийнхээ зүйлсийг цэгцлэн бэлдэж байтал гэнэт шал пал гээд ус мэдрэгдсэн. Удалгүй усны түвшин маш хурдан нэмэгдэж, байдал хүндэрсэн. Сандарч хүүхдүүдийнхээ хэрэглэлүүдийг боож баглан, яаралтай нүүлгэх шаардлагатай болсон тул майхан, эд зүйлсээ орхиж, зөвхөн хүүхдүүдээ аюулгүй байдалд оруулан машиндаа суулгаж хөдөлсөн. Тухайн үед харанхуй болсон байсан. Цагийг сайн санахгүй байна. Их хэмжээний бор бүлээн ус урсаж, юу ч харагдах боломжгүй болсон. Нэг мэдэхэд машин хөдлөхгүй хажуу тийш хазайж, маш сандралтай хүүхдүүдээ хамт явж байсан машин руу зөөж оруулсан. Нөхөр бид хоёр машинаас бууж хоёр алхам явахад бүсэлхийгээр ус ороод ирсэн байсан. Тухайн үед Т.Бат-Эрдэнийн машин хажуу тал руу орсон байсан. Хүүхдүүдээ зөөсөн. Бас монгол залуучууд ирж хүүхдүүдийг зөөлцсөн гэв.
5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, даатгалын гэрээ, цаг уур орчны шинжилгээний газраас ХХХХХХХХХХ ХК-д хүргүүлсэн албан бичиг, Булган аймгийн рашаант сумын засаг даргын тамгын газар ХХХХХХХХХХ руу явуулсан албан бичиг, Санхүүгийн зохицуулах хороо даатгалын нөхөн төлбөрийн тухай, ХХХХХХХХХХаас нөхөн төлбөрийн шийдвэр, үнийн санал, итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны дансны хуулга, зээлийн дансны хуулга, Фидукцийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, автомашин худалдах худалдан авах гэрээ, хүлээлцэх хуудас, үйлдвэрлэгчийн баталгаа, үйлчилгээний хуваарь, гэрэл зураг,
6. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Хаан банкнаас ХХХХХХХХХХ руу даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, гэрчилгээ, хүлээлгэн өгөх зөвлөгөөний хуудас, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хаан банкны дансны хуулга,
7. Шүүх талуудын хүсэлтээр: үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭ нь хариуцагч ХХХХХХХХХХ ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 200,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч ХХХХХХХХХХ ХК нь даатгуулагч Н.ЭЭЭЭЭЭгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь даатгуулагчийн өөрийн буруутай үйлдлээс болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, даатгуулагч нь Тоёота Ландкруйзер 200 маркийн тээврийн хэрэгслээ холдуулах гэж жолоодохдоо голын эсрэг зүг рүү бус голын гүн хэсэг рүү орж голын усанд сууснаар тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, гэрээний 1.3-т Байгалийн эрсдэл а. Уулын болон шар усны үерт өртөх /тогтоол ус хамаарахгүй/ гэж заасан бөгөөд даатгуулагчид учирсан хохирлын шалтгаан нөхцөл нь гэрээнд заагдсан байгалийн эрсдэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон тул, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн өмчлөлийн Toyota Land Cruiser 200 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг бороо орж байх үед үерлэсэн голыг гатлах гэж замын хөдөлгөөнд оролцоогүй, харин голын эрэг хавиар байх явцад гэнэт гол үерлэсэн тул үерийн усанд автахгүй гарах гэж яваад голын усанд суусан. Санаатайгаар гол гаталсан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй, даатгалын эрсдэл үүссэн гэж тодорхойлсон.
Тоёота Ланд крузер 200 маркын .... улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, В ангилалын тээврийн хэрэгслийг Н.ЭЭЭЭЭЭ нь зээлийн гэрээ байгуулж, худалдан авсан өмчлөгч нь .... банк ХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, .... банкны 5021/24/418 тоот албан бичигт ....... УАХ улсын дугаартай суудлын автомашинд даатгалын тохиолдол үүссэн тул нөхөн төлбөр олгож өгнө үү. Гэсэн албан бичгийг ирүүлсэн.
4. ХХХХХХХХХХ ХК болон С.. нарын хооронд 2023 оны 03 сарын 23-ний өдөр 1 жилийн хугацаатай, өөрийн эзэмшлийн Тоёота Ланд крузер 200 маркын 5677 УАХ улсын дугаартай, 2018 онд үйлдвэрлэгдсэн, В ангилалын автомашиныг даатгуулан, даатгалын үнэлгээ 200,000,000 төгрөг, даатгалын хураамжид 2,400,000 төгрөг төлөхөөр тохиролцон, төлбөрийг хувааж төлсөн болох нь талуудын тайлбар, баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 136-145 хуу/
5. Зохигчид гэрээ байгуулсан талаар хэн аль нь зөвшөөрсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан гэрээний харилцаа үүссэн уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭ нь даатгалын тохиолдол бий болж, даатгалын нөхөн төлбөрт 200,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.
6. Нэхэмжлэгч нь ХХХХХХХХХХ ХК-нд гаргасан өргөдөлдөө Даатгуулагч Н.ЭЭЭЭЭЭ нь 2023 оны 07 сарын 13-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн нутаг Тарнын голын эрэг гэр бүлийн хамт амарч байх үед хүчтэй орсон борооны улмаас гол үерлэж, үерлэсэн голын эргээс тээврийн хэрэгслээрээ гол гатлах явцад машинд хохирол учирсан тул учирсан хохирлыг гэрээний дагуу гаргаж өгнө үү. гэжээ.
7. Хариуцагч нь 2023 оны 08 сарын 07-ний өдрийн 23/964 дугаартай албан бичигтээ ..голын эрэг дээр буюу замгүй газар тээврийн хэрэгслээ байрлуулж бороо орж голын ус эргээсээ халих үед тээврийн хэрэгслээрээ гол гатлах гэж байгаад хохирол учирсан нь баримтаар нотлогдсон байх тул даатгалын гэрээний Байгалийн эрсдэл хэсэгт заагдсан уулын үер болон шар усны үер гэх заалтад хамаарахгүй. гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. /х.х-ийн 13 хуу/
8. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, Санхүүгийн зохицуулах хороо нь ...эрэг дээр байршуулсан байх үед хүчтэй бороо орж гол эргээсээ халин гэрээний нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийн 1 дэх хэсэгт даатгалын гэрээнд заагаагүй эрсдэл шалтгааны улмаас учирсан хохирол-д хамаарч байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан даатгагчийн шийдвэр үндэслэлтэй. гэж үзжээ. /х.х-ийн 12 хуу/
9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т "Байгалийн эрсдэл" а. Уулын болон шар усны үерт өртөх /тогтоол ус хамаарахгүй/ гэж заасан нь байгалийн эрслэлд хамаарахгүй нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй байна.
10. Цаг уурын шинжилгээний газрын 2023 оны 07 сарын 18-ний өдрийн 04/695 дугаартай албан бичигт 2023 оны 07 сарын 13-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын орчмоор салхины хурд секундэд 8-10 метр, 49.0 мм усархаг орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа Архангай аймгийн Бүрд харуулын ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов. гэсэн албан бичиг,
Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамнын газрын 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 02/178 дугаартай албан бичигт Тус сумын Элсэн тасархай Тарнын голд аадар бороо орж 2023.07.13-ны 23 цагийн үед их хэмжээний үер буусны улмаас 56-77 УАХ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркын машин голын гольдрол руу орж, сумын онцгой крмисс дуудлагаар очиж ажилласан боловч, гаргах боломжгүй байсан учир 48 цагийн дараа татаж гаргасан болно. Гэсэн албан бичгүүдийг шүүхэд ирүүлснээс харахад тухайн өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сум Элсэн тасархай Тарнын голын орчмоор усархаг аадар бороотой байсан болох нь тогтоогдож байна.
Дээрхи албан бичгүүд болон нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн үзлэг хийсэн баримт, гэрч Т.Бат-Эрдэнийн Элсэн тасархайн ойролцоо хоолонд орж, дараа нь горхины эрэг дээр майхан барьж хоноглохоор болж, 2 майхан барьсан. Гэтэл Гочоо ус орж ирж буйг харсан. Эхэндээ майхны ар тал шалбаагтай болсон тул нүүхээр хөдөлсөн ч гэнэт усны түвшин маш хурдан нэмэгдэж байсан. гэх, гэрч Г.Золбоогийн ...гэнэт шал пал гээд ус мэдрэгдсэн. Удалгүй усны түвшин маш хурдан нэмэгдэж, байдал хүндэрсэн. Сандарч хүүхдүүдийнхээ хэрэглэлүүдийг боож баглан, яаралтай нүүлгэх шаардлагатай болсон тул майхан, эд зүйлсээ орхиж, зөвхөн хүүхдүүдээ аюулгүй байдалд оруулан машиндаа суулгаж хөдөлсөн. гэх мэдүүлэг зэргээр 2023.07.13-ны 23 цагийн үед Элсэн тасархай Тарнын голын орчмоор аадар бороо орж, их хэмжээний үер буусан байна.
11. Хариуцагч нь уулын болон шар усны үерт өртөх эрсдэлд хамаарахгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь уулын орой, аманд орсон хүчтэй аадар бороо мөндөр эсвэл цас хайлалт нь доорхи газар нарлаг бороо ороогүй байхад ч дээд уулнаас гэнэт их хэмжээний ус түрж орж ирэх магадлалтай бөгөөд бороо орж жижиг гол үерлэсэн нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний Байгалийн эрсдэл, уулын болон шар усны үерт өртөх хэсэгт хамаарна гэж шүүх үзлээ.
12. Топ моторс ХХК нь 2023 оны 07 сарын 20-ний өдрийн үнэлгээгээр 56-77 УАХ улсын дугаартай, Тоёота Ланд крузер 200 маркын авто машинд учирсан 53 төрлийн эд ангийн үнэлгээг 218,992,667 төгрөг, 86 төрлийн эд ангийг сэлбэгийн үнийг 144, 588,411 төгрөгөөр үнэлсэн байна. /х.х-ийн 14,15 хуу/
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох-оор заасан.
Талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Байгалийн эрсдэл, уулын болон шар усны үерт өртөх гэж даатгалын эрсдэлийг нэрлэн заасан нь талуудын тохиролцсон болзол гэж үзнэ.
13. Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул даатгагч нь хохирлыг төлөх үүргийн дагуу нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭд нөхөн төлбөр 200,000,000 төгрөгийг хариуцагч ХХХХХХХХХХ ХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
14. Иймд хариуцагч ХХХХХХХХХХ ХК-иас даатгалын нөхөн төлбөр 200,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгнөөс илүү төлсөн 1200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХХХХХХ ХК-иас 200,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч ХХХХХХХХХХ ХК-иас 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.ЭЭЭЭЭЭд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 22425 тоот захирамжаар авсан Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ У