| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/08613/И |
| Дугаар | 191/ШШ2025/09234 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09234
| 2025 10 29 | 191/ШШ2025/09234 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт оршин байрлах “*******” ХХК/ рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* т оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Э., өмгөөлөгч Д. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2024 оны 04 сарын 15-ны өдөр ХХК-тай дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан.
Гэрээний зорилго: “Монгол улсын ОТТ үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд” захиалгат судалгааны ажлыг Гүйцэтгэх;
Гэрээний хугацаа: Гэрээ зурагдсанаас хойш нийт хуанлийн 15 хоногоос хэтрэхгүй байх;
Гэрээний төлбөр: Нийт 25,000,000 /хорин таван сая/ төгрөг байна.
Төлөх нөхцөл:
1. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10,000,000 /арван сая/ төгрөг;
2. Судалгааны ажил 60%-тай гүйцэтгэлтэй товч тайланг хүлээн зөвшөөрснөөр 10,000,000 /арван сая/ төгрөг;
3. Даалгаврын дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн актыг хүлээн авснаар үлдэх 5,000,000 /таван сая/ төгрөгийг тус тус төлөхөөр зохицуулсан.
Гэрээний хэрэгжилтийн тухай:
Энэхүү гэрээгээр “Монгол улсын ott үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд”-ын үндсэн судалгааг хийх юм.
Манай байгууллага 2024 оны 04 сарын 19-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр дундын санхүүжилт 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Гэтэл ХХК нь гэрээний хугацаа үргэлжилж байх үед судалгааны товч тайлан илгээгээгүй, гүйцэтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд гэрээний дууссан боловч судалгааны ажлын тайланг ирүүлээгүй.
Энэ талаар тодруулахад экспертүүдтэй уулзалт зохион байгуулсан, гэхдээ тухайн уулзалт нь нууцлалтай тул нотлох баримт, дүгнэлт, тайлбарыг албан бичиг болон мэйлээр илгээх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Улмаар гүйцэтгэгч нь УИХ-н сонгуулийн судалгаанд ажиллаж байгаа шалтгаанаар гэрээгээр хүлээсэн үүргийг удаа дараа хойшлуулсан.
Тодруулбал, 2024 оны 06 сарын 27-ны өдөр гүйцэтгэл шаардахад “ene buten saind yag ugnuu”, Ireh 1 dehees uulzay, udaad bgaad uuchlaarai гэх хариу өгсөн. Мөн сар бүр ажлын гүйцэтгэлийг шаардсан.
Тэгээд хэтэрхий удаан хугацаа өнгөрсөн учир 2024 оны 10 сарын 21-ний өдөр “Шаардлага хүргүүлэх тухай” дугаартай албан бичиг илгээсэн.
Тухайн албан бичигт: “ ХХК нь урьдчилгаа болон дундын санхүүжилтээ хугацаандаа авсан боловч гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, акт хүлээлцэх хугацаа хэтэрсэн, цаашлаад өмнөх ажлаа дуусгаагүй байж УИХ-ын сонгуулийн судалгаанд ажиллаж байна гэж удаа дараа хойшлуулсан. Сонгуулийн дараа ажлын болон гар утас холбогдохгүй, хариу мэдэгдэхгүй, бизнесийн ёс зүйгүй байсаар өнөөдрийг хүрлээ. ”
‘‘Дээрх гэрээг биелүүлээгүй, манай байгууллагыг цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдалд оруулсан тул танай дансанд шилжүүлсэн урьдчилгаа болон дундын санхүүжилтийн нийт 20,000,000 /хорин сая/ төгрөгийг ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор шилжүүлэхийг шаардаж байна” гэж дурдсан.
Дээрх албан бичгийг илгээсний дараа талуудын хооронд уулзалт зохион байгуулагдаж, гэрээний гол зорилготой холбоотой судалгааны товч тайланг ирүүлсэн боловч энэ үндсэн судалгаанд тусгагдсан мэдээллийг хуулбарласан, судалгаа хийгдээгүй, бүрэн дуусаагүй байсан.
Гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу өнөөдрийг хүртэл ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн судалгааны тайлан байхгүй байна.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн тухай
Иргэний хуулийн 343.1 “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Талуудын хооронд байгуулсан дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний Нэг. Нийтлэл үндэслэл
Гэрээний зорилго нь “Монгол улсын ОТТ үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд” захиалгат судалгааны ажлыг Гүйцэтгэгч тал цаг тухайд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх, Захиалагч талд энэхүү гэрээний дагуу захиалгат ажлыг хөлсийг тус тус төлөхтэй холбогдон үүсэх харилцаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно” гэж харилцан тохиролцсон.
Мөн гүйцэтгэгч нь гэрээний 3.4.1 Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь гүйцэтгэх; 3.4.4 Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлд гарсан аливаа доголдол, өөрчлөлтийг дор бүр нь өөрийн зардлаар засварлан ажиллана., 3.4.6 Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь зохих шаардлагыг хангаагүй буюу утга санаа
Захиалагчаас өгсөн агуулгаас гажсан тохиолдолд өөрийн зардлаар дахин шаардлагад нийцсэн байдлаар, Захиалагчаас тогтоосон нэмэлт хугацаанд багтаан гүйцэтгэнэ,
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх"', 350.1.6. “Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй болно.
Тодруулбал, ХХК нь 2024 оны 04 сарын 15-ны өдөр, 15 хоногийн хугацаатай, “Монгол улсын ОТТ үйлчилгээний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид Metamedia үйлчилгээг хөгжүүлэх боломжууд” судалгааг гүйцэтгэх байсан. Гэрээний хугацаанд гүйцэтгээгүй тул шаардлага тавихад УИХ-н сонгуульд ажил гүйцэтгэж буй шалтгаан хэлсэн тул манай байгууллагын зүгээс нэмэлт хугацаа тогтоож хүлээсээр ирсэн.
Гэтэл үр дүн гараагүй учир 2024 оны 10 сарын 21-ний өдөр гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдэн ажил хүлээлцэх актаар хүлээлцсэн ажил байхгүй учир гэрээний 8.7-д заасны дагуу төлбөрт шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан болно.
Мөн гэрээний 6.2-д “Гүйцэтгэгч тач нь гэрээгээр тогтоосон хугацаанд ажлын даалгаврыг биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар тооцсон алдангийг Захиалагч талд төлөх ба энэхүү дүн нь нийт гэрээний үнийн дүнгийн 10%-с хэтрэх ёсгүй” гэж заасан.
Манай байгууллагын зүгээс 2024 оны 04 сарын 19-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд алданги нь гэрээнд заасны дагуу 2,000,000 төгрөг байна.
Иймд ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг /хорин сая/ төгрөг, алданги 2,000,000 /хоёр сая/ төгрөг, Нийт 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь 2024.4.14-нд хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр судалгааны ажил гүйцэтгэх байсан. Хугацааг 15 хоног гээд үнэ нь 25 сая төгрөг байсан. 4.19-нд 10 сая, 5.7-нд 10 саяыг тус тус шилжүүлсэн. Судалгааны товч тайлан, ажлын явцын талаар мэдээлээгүй. Ажлыг хүлээлгэж өгөөгүй. Мэргэжилтнүүдтэй уулзсан боловч нууц гээд мэдээлэл өгөөгүй. Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэнд уучлалт гуйж байсан. 10.21-д шаардлага хүргүүлсэн. Энд өмнөх ажлаа дуусгалгүй УИХ сонгуулийн ажилд оролцсон, мөн сонгууль дууссан ч гэсэн ажлаа гүйцэтгээгүй тул төлсөн төлбөрөө буцаан төлөхийг шаардсан. Дараа нь уулзалт хийж гэрээний судалгааны товч тайлан ирүүлсэн. Энэ нь судалгаа биш мэдээллийг хуулбарласан судалгаа хийгдээгүй бүрэн бус тайлан байсан. Ажил хүлээлцэх актаар хүлээлцсэн ажил байхгүй. Гэрээний 3.4.1-т зааснаар ажлыг гүйцэтгэх 4-т ажлын доголдлыг засах үүрэгтэй байсан. Гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээний 6.2-т заасан алданги шаардаж байгаа юм. Эхний 10 саяыг 2024.4.19-нд, дараагийн 10 саяыг 5.7-нд тус тус төлсөн. Манайх мэргэжилтнүүдтэй уулзаагүй. Товч тайлан 2024 оны 11 сард цахим шуудангаар ирүүлсэн.
1.2. Талууд гэрээ байгуулсан. Гэрээнд хугацааг заасан. Ажлын даалгавраар 21 хоногийн хугацаа байдаг. Эхний 2 ажлыг хийнэ 3 дахь ажлыг хийх боломжгүй гэж байна. Ажил хүлээлгэн өгөх нөхцөлийг гэрээнд заасан байдаг. Хариуцагчаас 11 сард явуулсан мэйл хэрэгт байдаг. Хариуцагч нь ямар ажил үүрэг гүйцэтгэхээ ойлгоогүй. Ямар шаардлага хангасан байдлаар ажлыг хүлээлгэж өгөхөө ойлгоогүй байна. Нэхэмжлэгч нь ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардсан байдаг. Нэхэмжлэгч гэрээг цуцалсан. Хариуцагч нь ажлаа хийлгэчхээд мөнгөө авах гээд байна гэж байна. Хэрэгт шаардлага хангахгүй баримт байдаг. Хариуцагчийн төлөөлөгч нь 10 сарын 21-нд албан тоот ирсний дараа ажил хийгдээгүйг мэдсэн гэдэг. Үүнээс үзэхэд хугацаандаа хийгээгүй байна гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: регистрийн дугаартай судалгааны зөвлөх үйлчилгээний ХХК нь “” ХХК-тай 2024 оны 04-р сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээ хийж хамтран ажилласан нь үнэн болно.
Энэхүү хамтын ажиллагаа маань харилцан бүрэн ойлголцож чадаагүйгээс болж шүүхийн шатанд хүрсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна.
“” ХХК нь 2019 оноос хойш 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 100 гаруй компанийн 200 гаруй судалгааны төслийг амжилттай гүйцэтгэсэн ба энэхүү хугацаанд нэг ч захиалагч талуудтай шүүхийн маргаанд орж байгаагүй юм.
Гэрээний хавсралт болох ажлын даалгавар дээр 3 төрлийн судалгааны ажлыг хийхээр заагдсан байсан ба бид ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.
Түүнчлэн 2024 оны 11-р сарын 25-нд захиалагчийн талын холбогдох албан тушаалтан болох , нартай уулзаж зөвшилцөн захиалагч талын хүсэлтийн дагуу нэмэлтээр гэрээнд тусгагдаагүй дараах судалгааны тайлан, дата мэдээлэл, нэмэлт ажлуудыг хийн хүлээлгэн өгсөн. Үүнд:
1. Гадаадад амьдардаг Монголчуудын ОТТ үйлчилгээний зан төлөвийн судалгааг нэмэлтээр хийж хүлээлгэн өгсөн. Энэхүү судалгааг ХХК нь 100% өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. (Баримттай)
2. “Монголчуудын Медиа Хэрэглээний Судалгаа - 2024”-г үнэ төлбөргүй илгээсэн. Энэхүү судалгаа нь зах зээл дээр 15,000,000 төгрөгөөр худалдаалагддаг. (Баримттай)
3. “IРТ\/ үйлчилгээний хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа-2024”-г мөн үнэ төлбөргүй илгээсэн. (Баримттай)
4. “Улаанбаатар хотын шинээр баригдаж буй орон сууц, хаусны цогц дата мэдээлэл- 2023”-ийг үнэ төлбөргүй илгээсэн. Энэхүү судалгаа нь зах зээл дээр 2,000,000 төгрөгөөр худалдаалагддаг. (Баримттай)
Дээрх нэмэлт судалгаа, мэдээллүүдийг захиалагч тал хүлээн авсан даруйдаа сэтгэл санамжтай байгаагаа илэрхийлсэн и-мэйл бидэн рүү илгээж байсан.
Захиалагч талыг бид сэтгэл ханамжтай үлдсэн гэж ойлгосон боловч бидэнтэй холбоогүй байсаар олон сарын дараа шууд шүүх рүү хандсанд бид цочирдон хүлээн авч байна. Иймд бид нэхэмжилж үнийн дүнг төлөхөөс татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.
2.1. Гэрээ байгуулаад урьдчилгаа 10 саяыг шилжүүлээд судалгааны ажилдаа орсон. Гэрээгээр урьдчилгаа төлнө. Гэрээнд заасан эхний 2 ажлыг хийсэн. 3 дахь ажил хэтэрхий цар хүрээ ихтэй байсан. Тов танилцуулга хийгээд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр ажлыг үргэлжлүүлэх байсан. Уулзалт хийгээд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаад ажлыг танилцуулсан байдаг. Үлдэх 5 саяыг ажлын засварын талаар үүрэг даалгавар өгөх байсан юм. Ингээд акт үйлдэх байсан. 5 сарын 4-нд ажлыг танилцуулаад ажлыг зөвшөөрөөд 5 сарын 7-нд 10 сая төгрөгийг төлсөн байдаг. Мэдээлэл нь зах зээл дээр худалдагдсан мэдээлэл байсан тул нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр тохиролцсон юм. Хариуцагчийн захирлын эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил удааширсан. Албан тоот ирэхэд нь энэ талаар мэдсэн юм. Ингээд уулзаад танилцуулга хийхээр санал тавьсан байдаг юм. Ажлын чанарын доголдлын талаар манайд санал тавьж байгаа. 3 дахь ажлыг хийх боломжгүй талаараа хэлсэн байдаг. Эцсийн тайлан акт үйлдээгүй юм. Гэвч захирал нь танилцаад мөнгөө шилжүүлсэн тул доголдолгүй гэж үзэж байна. Хугацаа хэтрүүлсэн алдангийг зөвшөөрч 5 саяыг авахгүй байж болно.
Ажил хүлээлгэж өгөөгүй гэх боловч хүлээлгэж өгсөн. Үүний дагуу ямар нэг доголдолтой байсан талаар өмнө нь хэлж байгаагүй юм. Эхний 2 ажлыг гүйцэтгээд хүлээлгээд өгчихсөн юм. Мөнгө авсан болон огноотой маргахгүй. Товч тайланг 5 сарын 4-ны уулзалт болоод явуулсан. 11 сард нэмэлт дахиж явуулсан. 5 сард явуулсан гэдэг баримт өгөөгүй. Анхбаяр хэн уруу явуулсныг мэдэхгүй байна гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх гэрээ /хх7-11/, ажлын даалгавар /хх12-13/
3б. Хариуцагчаас: Нэхэмжлэгчид ажлын үр дүнг цахимаар хүргүүлсэн гэх 4 багц баримтын хэвлэмэл хуудас
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь ажлыг гүйцэтгэж цахимаар хүлээлгэн өгсөн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацаатай холбоотойгоор үлдэх хөлс 5,000,000 төгрөгийг шаардахгүй гэж маргасан.
4. Зохигч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дугаар 25,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /7-11/
Гэрээгээр гүйцэтгэх ажлыг ажлын даалгавраар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцнэ. /х12-13/
Ажлын даалгавраас үзэхэд 3 бүлэг судалгааны ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 4.2-т хөлс төлөх нөхцөлийн талаар тохиролцсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр эхний төлбөр болох 10,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдөр дараагийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Шүүхэд нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэрэгт байгаа дээрх төлбөрийн талаар хуулбар баримт нь бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлага хангахгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй. /хх16, 14/
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид шилжүүлэх, мөн зүйлийн 343.1-д зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй.
Хариуцагч нь ажлын үр дүн болох судалгааны тайланг 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь 11 дүгээр сард цахим шуудан ирсэн. Энэ нь товч тайлан байсан гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэн аль нь өөрийн тайлбарыг бичмэл баримтаар нотлоогүй. Улмаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хүсэлт гаргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх маргаж буй судалгааны тайланг хүргүүлсэн гэх цахим шууданд үзлэг хийх хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн 4 багц судалгааны тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна. Гэвч ажлын даалгавраас үзэхэд ажлын үр дүнг цаасан сууриар биш харин файл буюу цахим хэлбэрээр хүлээлцэхээр тохиролцжээ.
Цаашлаад маргаж буй гэрээний 4.2-т хөлс төлөх хуваарийг тохиролцсон. Улмаар 4.2.2-т зааснаар ажлын үр дүн 60 хувь гүйцэтгэгдсэн тохиолдолд 2 дахь удаагийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг төлөхөөр заасан байна.
Иймд хоёр дахь төлбөр төлөгдсөнөөс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн ажлын тайлангийн талаар уулзалт болж, нэхэмжлэгч тал ажлын үр дүнг цахим шуудангаар хүлээн авсан. Харин ажлын үр дүнг бүрэн шалгаад доголдол байгаа нь илэрвэл засварлуулсны дараа эцсийн байдлаар ажил хүлээлцэж, энэ талаар акт үйлдэхээр амаар тохиролцсон гэх тайлбар хэргийн бодит байдалд нийцэхээр байна.
Тодруулбал, зохигч ажлын үр дүнг цахим хэлбэрээр хүлээлцэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажлын үр дүнг 2024 оны 11 дүгээр сард цахим шуудан хүлээн авсан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн үед ажлын үр дүнг хүлээн авсан байсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй юм. Нэгэнт нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрийг буцаан шаардах боломжгүй.
5.3. Харин хариуцагчийн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн талаар маргахгүй байх тул 2,000,000 төгрөгийн алдангид холбогдох шаардлагыг зөвшөөрсөн гэж үзлээ. Энд ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т алдангийн талаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй. Иймд хариуцагчаас алдангид 2,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД