| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхзул |
| Хэргийн индекс | 191/2025/01545/И |
| Дугаар | 191/ШШ2025/07011 |
| Огноо | 2025-08-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/07011
2025 08 26 191/ШШ2025/07011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
1.Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
2.Хариуцагч: Б холбогдох
Илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс 4,347,667 төгрөг, ээлжийн амралтын цалингийн дутуу төлбөр 19,705,666 төгрөг, нийт 24,053,333 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
П.Ааас ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны илүү олгосон 26,188,966 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч П.А нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хариуцагч Б ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч Б ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуусталх хугацаатай 22/114 дугаартай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, бичиг хэргийн ажилтнаар үргэлжлүүлэн ажилласан.
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч П.Аын 2022 оны 11 дүгээр сарын 01-ээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ээлжийн амралтын цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т заасны дагуу бодож олгоогүйгээс тэрээр 4,347,667 төгрөг дутуу авч хохироод байна.
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч П.Аын 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал 16 сарын хугацаанд илүү цагаар ажилласан 238,2 цагийн нэмэгдэл хөлс болох 19,705,666 төгрөгийг олголгүй хохироосон байна.
Нэхэмжлэгч П.А нь ажиллаж байсан хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан. Гэтэл хариуцагч Б ХХК нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулалгүйгээр, урьдчилан сануулалгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг и-мэйлээр явуулсан байсан. Нэгэнт хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаа бол дутуу олгогдсон ээлжийн амралтын цалингийн зөрүү болон илүү цагийн нэмэгдэл авахаар хариуцагчид хандахад татгалзсан хариу өгсөн. Нэхэмжлэгч П.А нь өөрийнхөө Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг цахим системээс татаж шалгахад хариуцагч Б ХХК нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тайлангаа гаргаж байсан мэдээлэл гарч ирсэн тул Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны шийдвэрийн Хэлэлцсэн асуудлын 4-т Ажил олгогч талаас Илүү цагийн олговрын хувьд 9.6 цагийн мөнгийг олгох боломжтой, 238.2 илүү цагийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ээлжийн амралтын хувьд тухайн үед төлбөр тооцоо хийгдсэн тул зөрүү мөнгө олгох боломжгүй гэж тайлбар өгөв гэжээ.
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 25/03 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.16-д тус тус зааснаар гомдол гаргагч П.Аын хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгосон учир нэхэмжлэгч нь маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Иймд илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс 4,347,667 төгрөг, ээлжийн амралтын цалингийн дутуу төлбөр 19,705,666 төгрөг, нийт 24,053,333 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Атай 2022 оны 11 сарын 2-ны өдөр хийсэн 22/114 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг цуцлах санал гаргаагүй учир гэрээ анх хийгдсэн хугацаа буюу 1 жилээр сунгагдаж 2024 оны 11 сарын 2-ны өдөр дууссан. Үүнтэй холбоотойгоор П.Аын хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 сарын 2-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах саналыг тавьж, гэрээг 2024 оны 11 сарын 5-ны өдөр и-мэйлээр хүргүүлсэн. Гэвч П.А хөдөлмөрийн гэрээг сунгахдаа цалин нэмэх талаар санал хүргүүлэхэд Компанийн зүгээс татгалзсан. 2024 оны 12 сарын 9-ний өдөр хүртэл талууд и-мэйлээр харилцаж, харилцан тохиролцоонд хүрч чадаагүй. П.А цааш гэрээгээ сунгахаас татгалзаж, 2024 оны 12 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа гарж буйгаа и-мэйлээр 2024 оны 12 сарын 9-ний өдөр мэдэгдсэн. П.А ажлаасаа гарч буйгаа өөрөө мэдэгдсэн тул "Б ХХК нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулахгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх тайлбар үндэслэлгүй юм.
Уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 зүйл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон" үндэслэлээр 2024 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 91-р зүйлийн 1.1-т "Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно гэж заасан байдаг. Б ХХК-ийн зүгээс П.Ад илүү цагаар ажиллуулах үүрэг даалгавар, нэмэлт ажил өгөөгүй. Мөн үүнийг Хөдөлмөрийн гэрээний 1.11-т "Ажилтан шаардлагатай тохиолдолд Ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллаж болно." хэмээн заасан ба өөрийн санаачилгаар илүү цагаар ажилласныг ажил олгогч хариуцахгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 84-р зүйлд заасны дагуу Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна. хэмээн заасныг ажил олгогч зөрчөөгүй. П. Атай байгуулсан 22/114 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.10-т "Ажилтан долоо хоногт 40 цаг ажиллана. Ердийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд ажил өглөөний 9.00 цагт эхэлж, оройны 18.00 цагт дуусна" хэмээн заасан Төслийн оффисын ажлын үндсэн цаг нь өглөө 9:00 цагаас оройн 17:00 цагийн хооронд буюу 1 өдөрт ажлын 7 цагаар ажилладаг зохицуулалттай. Энэ цагтаа ажлаа багтааж хийгээд тарах боломжтой, хэрэв цагтаа амжиж гүйцэтгээгүй үүрэг даалгавар байвал оройн 18:00 цаг хүртэл хийх боломжоор хангаж энэ зохицуулалтыг хийсэн. П.А өдөрт 8 цаг ажиллах гэрээ хийсэн боловч 7 цагаар ажиллаж цагийн бүртгэлээ илгээж байсан ба ажил олгогчийн зүгээс бүтэн ажилласан цалин олгож байсныг хавсралтаас харна уу.
Мөн П.А нь 2023 оны 2-р сараас 2024 оны 5-р сарын хооронд 2,233 цагийг өдрийн 7 цагаар, 189.8 цагийг илүү цагаар нийтдээ 2,422.8 цаг ажилласан гэж цагийн бүртгэлээр хүргүүлсэн. Гэвч тус хугацаанд ажиллавал зохих цаг нь 2,656 цаг байсан. Үүнээс харвал бид Хөдөлмөрийн гэрээнд заасан ердийн ажлын цагаас 233.2 цагаар бага ажиллуулсан нь харагдана. Тиймээс бид П.Атай илүү цагийн тооцоогүй гэж үзэж байна.
П. Аын ээлжийн амралтын задаргааг он оноор задлан харуулсан ба үүгээр П.Атай ээлжийн амралтын тооцоогүй гэж үзэж байна.
2021 оны 11-р сараас 2022 оны 10-р сарын ээлжийн амралтын хувьд нийт 238 өдөр ажилласан бөгөөд цалингийн нийлбэр нь 43,184,824.98, төгрөг 20 хоногийн олговор болох 3,628,976.89 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 тоот журмын дагуу бодож олгосныг хавсралтаас харж болно.
2022 оны 11-р сараас 2023 оны 10-р сарын ээлжийн амралтын хувьд Нийт цалингийн нийлбэр гэдэг нь тухайн ажлын жилд ажилласан өдрийнхөө дагуу авсан цалин хөлсний нийлбэр байх ёстой бөгөөд үүнд өмнөх жилийн ээлжийн амралтын олговор хамаарахгүй болно. Мөн олговор бодуулах амралтын хугацаа 22 хоног байсны дагуу 8,762,759.25 төгрөгийг тооцож олгосон. Харин П. А нь нийт цалингийн нийлбэрт өмнөх жилийн ээлжийн амралтын дүнг оруулж тооцсон алдаа гаргаж нэхэмжилсэн байсан.
2023 оны 11-р сараас 2024 оны 10-р сарын ээлжийн амралтын хувьд П. Аын нэхэмжилсэн цалингийн нийлбэр болон ажилласан өдөр буруу байсныг хавсралтаас харж болох бөгөөд нийт 8,680,475.36 төгрөгийг тооцож олгосон.
2024 оны 11 болон 12-р сарын ээлжийн амралтын хувьд нийт 26 өдөр ажилласан бөгөөд 1 өдөрт ногдох амралтын хугацааны коэффициент болох 0,087-р үржүүлж 2,26 өдрийн 907,963.64 төгрөгийг ээлжийн амралтын олговрыг тооцож олгосон. П. А нь нийт цалингийн нийлбэрт өмнөх жилийн ээлжийн амралтын дүнг оруулж тооцсон алдааг дахин гаргаж нэхэмжилсэн байсан.
Иймээс манай Компанийн зүгээс П.Атай илүү цагийн цалин болон, ээлжийн амралтын тооцоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
П.А нь тус шүүхэд илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Гэтэл түүний ажилласан цаг бүртгэлд үндэслэн тооцоог гаргахад түүний энэ талаарх нэхэмжлэл үндэслэлгүй байхын зэрэгцээ ажлын цагийн бүртгэлээр ажиллаагүй цагийн хөлсийг илүү авсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Тухайлбал, П.А нь 2023 оны 02 сараас 2024 оны 12 сарыг дуустал өдрийн 7 цагаар буюу нийт 3,087 ажилласан байна. Гэвч түүнд тус хугацаанд өдрийн 8 цагаар буюу нийт 3,816 цагийн цалинг тооцож олгогдсон байна. Үүний зөрүү нь 729 цагийн 23,279,081 төгрөг болж байна. Мөн уг ажиллаагүй цагийн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлд Б ХХК-иас 2,909,885 төгрөгийг төлсөн байна. Эдгээрийн нийлбэр нь нийт 26,188,966 төгрөг болж байна.
Иймд П.Ааас нийт 26,188,966 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
2023 оны 01 дүгээр сараас эхлэн замын түгжрэлийн шалтгаанаар Хөтөлбөрийн Ерөнхий менежерийн шийдвэрийн дагуу ажлын өдрийг 17:00 цагт дуусгахаар болсон. Үүний дагуу өдөрт 7 цаг ажилласан гэж цагийн бүртгэлээ бөглөж, Хөтөлбөрийн Ерөнхий менежерийн баталгаажуулалттайгаар Б ХХК-д илгээж байсан.
Гэвч Б ХХК уг шийдвэрийн талаар урьдчилан мэдээлэл аваагүй байсан тул ажилтнуудын цалинг 7 цагийн ажлын өдөрт тулгуурлан тооцож олгосон. Энэ талаар тодруулахад Хөтөлбөрийн Ерөнхий менежерийн зүгээс Б ХХК-д уг шийдвэрийг албан ёсоор хүргүүлээгүй болохыг мэдэгдсэн.
Үүний дараа 2023 оны 02 дугаар сард болсон РМС багийн хурал дээр Хөтөлбөрийн Ерөнхий менежер Мохамед Элшериф нь Б ХХК-тай тохиролцоонд хүрч, төслийн оффисын бүх ажилтнууд ажлын цагаа өглөө 09:00 цагаас орой 17:00 цаг хүртэл бүртгэх тухай дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Үүний дагуу бүх ажилтнууд энэхүү зааврыг дагаж, 09:00-17:00 цаг хүртэл ажилласан гэж цагийн бүртгэл хөтөлдөг болсон.
Харин нэхэмжлэгч П.Аын хувьд энэхүү удирдамжийг дагаж цагийн бүртгэлээ 17:00 цагт дуусгавар болгон бичдэг байсан ч бодит байдал дээр өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажлаа хийдэг байсан. Мөн үүн дээр нэмээд 21:00-24:00 цагийн хооронд гадаад менежертэй холбогдож, тухайн өдрийн төслийн нийт гүйцэтгэл, тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг танилцуулж, үүрэг чиглэл авах ажлыг хийж гүйцэтгэдэг байсан.
Нэхэмжлэгч П.Аын шууд удирдагчаар ажиллаж байсан гадаад хүний амьдарч байсан газрын цагийн бүсчлэлээс шалтгаалан ажлын бус цагаар зайлшгүй ажилладаг байсан нэмэлт ажлын цагийн хөлсийг илүү цагийн хөлс болгон нэхэмжилсэн болно.
Хөтөлбөрийн Ерөнхий менежерийн түвшинд ярилцаж шийдвэрлээд, хөтөлбөрийн бүх ажилтнууд дагаж мөрдөж байсан ажлын өдрийн үргэлжлэх цаг болох 7 цаг нь ажлын нэг өдрөөр тооцогдож байсан учир 7 цаг эсвэл 8 цаг ажилласан эсэхээс үл хамааран ажлын нэг өдөрт тооцогдоно.
Хэрэв нэхэмжлэгч П.Аын ажлын илүү цагтай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол Б ХХК-д одоо ажиллаж байгаа бүх ажилтнуудаас илүү олгосон цалингаа нэхэмжлэх шаардлагатай болно.
Нэхэмжлэгч П.Аын зүгээс сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй хэмээн үзэж байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
5. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний сунгалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, П.Аын олгогдоогүй илүү цагийн хөлсний хүснэгт, иргэний үнэмлэх, итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мэйл, ажлаас гарах мэдэгдэл болон үлдэгдэл амралтын талаарх баримт,
6. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний хавсралт, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нууцын баталгаа, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, цалингийн хүснэгт, дансны хуулга, цагийн бүртгэл, дотоод мэргэжилтний цагийн бүртгэл, ажилласан цагийн зөрүү, цалингийн зөрүү тооцсон зөрүү, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
7. Шүүх талуудын хүсэлтээр: гэрч б эдүүлэг зэргийг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Б ХХК-нд холбогдуулан илүү цаг ажилласан нэмэгдэл хөлс 4,347,667 төгрөг, ээлжийн амралтын цалингийн дутуу төлбөр 19,705,666 төгрөг, нийт 24,053,333 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч нь П.Ааас ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны илүү олгосон 26,188,966 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. П.А нь Бинг ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан бичиг хэргийн ажилтнаар ажиллаж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуусталх хугацаатай 22/114 дугаартай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон.
3. Б ХХК нь П.Атай байгуулсан хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9, 79 дугаар 79.1, 79.3, хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар хяналтын мэргэжилтэн албан тушаалаас 2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-ийн145 хуу/
Нэхэмжлэгч П.А нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулаагүй гэж маргасан боловч П.А цааш гэрээгээ сунгахаас татгалзаж, 2024 оны 12 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа гарж буйгаа и-мэйлээр мэдэгдсэн тул нэхэмжлэгч П.Аыг 2024 оны 12 сарын 31-ний өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн тушаал гарчээ. Дээрхи тушаал хуулт зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /х.х-ийн 147 хуу/
Хөдөлмөрийн харилцаа нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс гадна Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана.
4. Талууд 2022 оны 11-р сарын 02-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээнд үндсэн цалин 8,200,000 төгрөг, хөдөлмөрийн нөхцөл хэвийн, 1.10-д ажилтан 7 хоногт 40 цаг ажиллана. Ердийн ажлын цагын үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд ажил 9.00 эхэлж, оройны 18.00 цагт дуусна. Ердийн ажлын өдөр ажилтаны амарч, хооллоход зориулсан цалингүй завсарлагын үргэлжлэх хугацаа 13.00-14.00 цагын хооронд 1 цаг байна. Ажлын онцлогоос хамаарч энэхүү үндсэн горимоос өөр горимоор ажиллаж болно., 1.11-д Ажилтан шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр илүү цаг ажиллаж болно. 6.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд хүсэлтээ гагцхүү бичгээр гаргана, хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөх ба ажилтан 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. байхаар тохиролцсон байна./х.х-ийн 133-138 хуу/
5. Нэхэмжлэгч нь би 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал 16 сарын хугацаанд Монгол улсад амьдардаггүй 5 цагын зөрүүтэй гадаадад амьдардаг ажилтантай холбогдон илүү цагаар ажиллаж байсан гэж тайлбарлах боловч П.А нь тухайн хугацааны өөрийн цагын бүртгэлийн тооцоог гаргаж хүргүүлэхдээ ажилласан цаг 7.0, нийт 119.0 нийт өдөр 17.0, илүү цаг 0.0 гэх мэтээр гаргаж, П.А гарын үсэг зурж баталгаажуулсан баримт, илүү цагаар ажиллах ажил олгогчийн шийдвэр гараагүй зэргээр түүний тайлбар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч П.Аын нэхэмжилсэн илүү цагын хөлс 19,705,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /х.х-161-183 хуу/
6. Харин П.А нь Б ХХК-нд ажиллах хугацаандаа ээлжийн амралтаа биеэр эдлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно. гэж зааснаар П.Ад 2021 онд ээлжийн амралтын цалин 3,628,977 төгрөг олгосон зөрүү 1,130,166 төгрөг, 2022 онд 8,762,758 төгрөг олгосон зөрүү 3,792,212 төгрөг, 2023 онд 8,880,475 төгрөг олгосон зөрүү 1,555,002 төгрөг, нийт гар дээр олгосон ээлжийн амралтын олговор 22,402,383 төгрөг тул 1,5 дахин нэмэгдүүлсэн ээлжийн амралтын зөрүү 4,347,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
7. Б ХХК нь П.Ааас ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны илүү олгосон 26,188,966 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
8. П.А нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, П.Аын шууд удирдагчаар ажиллаж байсан гадаад хүний амьдарч байсан газрын цагийн бүсчлэлээс шалтгаалан ажлын бус цагаар зайлшгүй ажилладаг, цагийн бүртгэлээ 17:00 цагт дуусгавар болгон бичдэг байсан ч бодит байдал дээр өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл ажлаа хийдэг байсан гэж маргасан.
9. Б ХХК нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн замын түгжрэлийн шалтгаанаар Хөтөлбөрийн Ерөнхий менежерийн шийдвэрийн дагуу ажлын өдрийг 17:00 цагт дуусгахаар болж, дагаж мөрдсөн гэж тайлбарласан. П.А нь энэ талаар маргаагүй бөгөөд ажлын цагын бүртгэлээ өдөрт 7 цаг ажилласан гэж цагийн бүртгэлээ бөглөн, гарын үсэг зурж илгээж байсан нь баримтаар тогтоогдсон.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 91-р зүйлийн 1.1-т "Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.11-т "Ажилтан шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллаж болно." хэмээн заасан, ажил олгогчийн шийдвэр гараагүй атал ажилтанг өдрийн 8 цаг ажилласан гэж тооцон, илүү 233.2 цаг дутуу ажилласан атал 26,188,966 төгрөгийн илүү цалин хөлс олгосон болох нь цалингийн хүснэгт, байгууллагын дансны хуулга, ажилласан цагын зөрүү зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 148-154, 207,208 хуу/
11. Иймд П.Ааас 26,188,966 төгрөг гаргуулан Б ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 278,217 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 290,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, П.Ааас 290,000 төгрөг гаргуулан Б ХХК-нд олгож, Б ХХК-иас 84,512 төгрөг гаргуулан П.Ад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 4,347,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,705,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, П.Ааас 26,188,966 төгрөг гаргуулан Б ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 278,217 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 290,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, П.Ааас 290,000 төгрөг гаргуулан Б ХХК-нд олгож, Б ХХК-иас 84,512 төгрөг гаргуулан П.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б