Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 585

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                            

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.Д/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Оросын холбооны улсын иргэн Д.Д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0235 90625 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн Д.Д, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Оросын Холбооны Улсад төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Хаан банкинд хамгаалагч ажилтай, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 4 дүгээр хэсэг, 62-1902 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЮД92081911/,

Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн Арвижих хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч А.Батболдыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Дшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч А.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбат гэрээс гараад удаад байхаар нь гарсан чинь хүмүүсийн маргалдаж байгаа дуу чимээ гарсан...юу гэж маргалдаж байсан мэдэхгүй, үг нь сайн сонсогдоогүй, тэгэхээр нь би хөөе юу болоод байгаа юм бэ гээд хашаанаас гарсан чинь Ганбат цаашаа гүйгээд, Чийшкэн /Д/ нь миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход нь би газар унасан чинь миний эрүү рүү өшиглөсөн. Дараа нь баруун хөлийн шагай орчимд өшиглөхөд хөл янгинаад өвдсөн. Тэр үед Төртулгын эхнэр Энхцэцэг гараад ирчихсэн намайг салгаж авсан. Бүх юм дууссаны дараа Ганбат ирээд цагдаа дуудсан. Надад учруулсан гэмтлийг Чийшкэн /Д.Д учруулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хх-10/,

 

Гэрч Д.Томур мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дэлгүүр хаахаас өмнө 23 цагийн үед байх дахин пиво авахаар дэлгүүр рүү Д.Д бид хоёр хамт явсан. Постын буудлын тэр хавьд байдаг Арвин дэлгүүр рүү явж байтал Батболд, Памбага нартай тааралдсанаа санаж байна. Нэг мэдэхэд Төртулгын гэрийн гадаа байж байсан. Би нилээн их согтуу байсан болохоор яг сайн санахгүй байна...Чийшкэн гэж манай Д.Д г хэлдэг...” гэх мэдүүлэг. /хх-11/,

 

Гэрч П.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батболд гараад орж ирэхгүй байхаар нь би 2-3 минутын дараа байх гэрээс гарсан чинь эрэгтэй хүмүүсийн дуу чимээ гарсан. Намайг гарахад Батболд газар уначихсан байсан ба Чийшкэн гэх залуу баруун хөл рүү өшиглөж байхаар нь би салгасан. “...Чийшкэн их согтуу байсан. Харин Батболд бараг эрүүл шахам бага зэрэг согтолттой байсан...” гэх мэдүүлэг. /хх-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3539 дуугартай дүгнэлт:

1. А.Батболын биед баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 далд хугарал, зүүн шанаа, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-18/,

Хохирогч А.Батболдын мэдүүлэг /хх-10/, гэрч Д.Томурын мэдүүлэг /хх-11/, гэрч П.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-15/, шинжээчийн №3539 дугаартай дүгнэлт /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хужирбулангийн Арвижих хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч А.Батболдыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Даваагийн Д.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ