Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/264

 

2025             02             25                                       2025/ДШМ/264

 

Б.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Оюунболд,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Гд холбогдох эрүүгийн 2403002720425 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б.Г, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Өлгий **-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж, Их засаг их сургуулийн зүүн урд замд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим Тоёота приус загварын **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчиногэж, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хуний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 30,363,000 төгрөг, нийт 33,208,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтын эхнээс өөрийн холбогдоод буй хэргийн талаар шударгаар мэдүүлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр огт маргаагүй. Шүүгдэгчийн гэм бурууг мөрдөгч, прокурорын зүгээс нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон бөгөөд өмгөөлөх тал үүн дээр маргаж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Б.Г нь анх удаагаа гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болно. Зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай нөхцөл байдал нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд 14,738,555 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс нийт 14,950,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авсан төлбөрт 130,800 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биед үүссэн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагаврыг харгалзан 3.4-т “...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу дөрөвдүгээр зэрэглэл тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж заасныг үндэслэн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 30.360.000 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байдаг. Гэвч өмгөөлөгчийн зүгээс хэт өндөр дүнгээр тогтоосон нь бодит байдалд нийцээгүй хэмээн дүгнэж байна. Учир нь, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, мөн тогтоолын хавсралтын 3.1.2 дахь хэсэгт хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг “хангах” ... зарчмыг зөрчсөн бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, эдийн засгийн нөөц бололцоог харгалзан үзээгүй шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын эхнээс өөрийн холбогдоод буй хэргийн талаар шударгаар мэдүүлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр огт маргаагүй. Шүүгдэгчийн гэм бурууг мөрдөгч, прокурорын зүгээс нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон бөгөөд өмгөөлөх тал үүн дээр маргаж байгаагүй. Гагцхүү өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг шүүх буруу дүгнэсэн хэмээн үзэж байгаа болно.

Шүүгдэгч Б.Г хувийн байдлын тухайд, эхнэр, хүүхэдтэй, одоогийн байдлаар цагийн ажил эрхэлдэг, түрээсийн байранд амьдардаг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 5 жил хүртэлх, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх бүрэн үндэслэлтэй хэмээн дүгнэж байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүхээс Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээ, нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд хор уршгийг тооцож тогтоосон. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэрэгт тохирсон, үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Доржийн гудамж, Их засаг их сургуулийн зүүн урд замд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим Тоёота приус загварын **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч О.Бгийн “...тамхи худалдаж авах гээд 22 цагийн орчим буудлаасаа гарахад замын урд жижиг дэлгүүр байсан. Дэлгүүр орж тамхи авчихаад зам руу орох гээд явж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байна. ...” /1хх 14-15/,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч Х.Иын “...2023 оны 9 дүгээр сард хамт ажилладаг Б.Г гэх залууд 10.000.000 төгрөгөөр зарсан. ...Б.Гтэй хамт ажилладаг байх үедээ аман гэрээгээр өөрийн автомашиныг зарж борлуулсан учир энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцохгүй. ...уг автомашин осол гаргасан тухай 05 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарах гэж байна гэж дуулаад мэдсэн. Ослоос болж уг автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. ...” /1хх 23, 26/,

иргэний нэхэмжлэгч С.С “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Б нь ... Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 130.800 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд уг үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 30/,

гэрч Х.Агийн “...би утсаараа оролдоод явж байтал гэнэт манай найз Бүжинлхам “яаанаа зогсоочээ” гэхээр нь би харахад Б.Г нэг явган хүнийг мөргөсөн байсан. ...” /1хх 54/,

гэрч Ц.Бын “...манай машины урд нэг явган хүн гарч ирээд мөргөгдсөн. Тэр хүн жолоочийн тал буюу автомашины баруун талд мөргөгдөөд урд талд тогтож байгаад байхгүй болсон. Энэ үед найз Б.Г цочролд орсон юм шиг байна лээ, автомашинаа зогсоохгүй яваад байхаар нь би хажуугаас нь зогсооч гээд орилох үед найз маань огцом тоормоз гишгээд зогсоосон. ...” /1хх 57/,

шүүгдэгч Б.Г яллагдагчаар өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Их засаг их сургуулийн зүүн урд замд осол гаргасан. ...хохирогчид хохирлыг төлж барагдуулж байгаа, хохирогчийн биеийн байдлын талаар асууж, лавлаж, түүний талаар санаа зовж, гэмшиж байгаа. Би жолоодох эрх аваагүй. Жолоочийн курсэд тухайн үед суралцаж байсан. ...” /1хх 227/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6077 дугаар “...О.Бгийн биед баруун талын уушгины дээд, дунд доод дэлбэнд тархмал няцрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг няцрал, нарийн гэдэсний угийн чацархайн задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа /1000мл/, баруун талын 3, 4 дүгээр хавирга хоёрлосон, 2, 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны ил хугарал, духны баруун хэсэг болон баруун хацар, хэвлийн урд хэсэг, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т болон 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 63-65/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр “...О.Бгийн биед үүссэн доод үүдэн баруун зүүн 1 дүгээр шүднүүдийн булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна...” /2хх 102/ тус тус дүгнэлтүүд,

Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 971 дүгээр “...Toyota Prius маркийн **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодох дадлага хийхээс бусад тохиолдолд/... тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” магадлагаа /1хх 118-119/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 5-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 11/, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 62/, “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг /1хх 95-96/, О.Бгийн өвчний түүх /1хх 127-183/, хохирлын баримтууд /1хх 187-217, 2хх 8-14, 118-127/, О.Бгийн амбулаториар эмчлүүлэгчийн карт /2хх 24-25/, хохирол төлсөн баримтууд /2хх 43-44, 46, 68, 79/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Тоёота приус загварын **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.Бг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболд “…сэтгэцэд учирсан хор уршгийг анхан шатны шүүх хэт өндөр дүнгээр тогтоож, буруу дүгнэсэн, … Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн 5 жил хүртлэх, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”-д, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

Хавтаст хэргийн материалыг судлан үзэхэд, гэмт хэргийн улмаас хохирогч О.Бгийн эрүүл мэндэд учирсан шууд хохирлыг баримт /1хх 187-217/-аар нэхэмжилсэн хэмжээнд, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг тус тус төлсөн баримт /2хх 43-44, 46, 68, 79, /-ууд авагджээ.

Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журамд” зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч О.Бд учирсан гэм хорыг тогтооход зайлшгүй сэтгэцэд нь хэрхэн гэм хор учирсан, хэрхэн яаж хохирсон талаарх дүгнэлтийг гаргуулах шаардлагатай байсан.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд уг шаардлагатай ажиллагааг хийж чадаагүй байх боловч дээрх шалгуур нөхцлийн хүрээнд гэм хорын хохирлыг анхан шатны шүүхээс гаргаж шийдвэрлэсэн нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох бөгөөд энэ тохиолдолд эдийн бус гэм хорыг зөвхөн хууль, журамд тусгайлан заасан тохиололд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал, хохирогч, шүүгдэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нарын санал, шаардлагыг харгалзан үзэж хохирлын талаар дүгнэлт хийх нь чухал ач холбогдолтой.

Хавтаст хэргийн материалд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0:32 цагт нээсэн №7631 дугаар “Өвчний түүх” /1хх 127/-ээр “Хавсарсан хүнд гэмтэл, цээж хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтэний гэмтэл, баруун талд олон хавирганы хугарал, баруун гялтанд хий хурах хамшинж, баруун атгаал ясны зөрүүтэй ил хугарал, GA II, гавал тархины гэмтэл,” оноштойгоор яаралтай журмаар мэс засалд орж, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд, хүндэвтэр байдалтай эмчлүүлж байсан болох нь тогтоогдож байна. /1хх 127-183/

Хохирогч О.Бгийн эрүүл мэндэд учирсан сэтгэцийн шаналал, учирсан хор уршиг зэргийг харгалзан, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс 19.800.000 төгрөг гаргуулах үндэслэл бүхий байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Шүүгдэгч Б.Г гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлын “…сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан, боломжит бага хэлбэрээр тогтоолгох” гэсэн хэсгийг хүлээн авч, “…шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 5 жил хүртэлх түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү…” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтад “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 30,363,000 төгрөг, нийт 33,208,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бд олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 2,848,000 төгрөг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 19.800.000 төгрөг, нийт 22.648.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бд олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР