2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/06946

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 20 191/ШШ2025/06946

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,968,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын доголдолыг арилгахад гарсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

А ХХК нь Х ХХК-тай 2012.09.15 өдөр 13/12 тоот Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын үерийн уснаас хамгаалах далан барих ажил хийж гүйцэтгэсэн. Мөн 2013.09.25-ны өдөр 15/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу Хөшигтийн хөндийн шинэ онгоцны буудлын үерийн уснаас хамгаалах далан барьсан. Гэрээний дагуу ажил хийгдэж дуусч талууд Акт үйлдэн ажил хүлээлцэж төлбөрийн хэмжээг актаар тогтоосон боловч Х ХХК нь төлбөрийг хийлгүй удаж байна. Манай компани төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөхгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК нь Х ХХК-тай 2012.09.15 өдөр 13/12 тоот Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээны дагуу төлбөрийн үлдэгдэл болох 2 678 500 төгрөг, 2013.09.25-ны өдөр 15/13 тоот Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 68 289 700 төгрөг, нийт 70 968 200 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Туслан гүйцэтгэгч "А" ХХК нь "Х" ХХК-тай 2012 он болон 2013 онуудад Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэн буудлын үерийн хамгаалалтын далангын ажлыг гүйцэтгэсэн юм.

 

2012 оны гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны 5 хувь болох 2 678 500 төгрөг, 2013 оны ажлын үлдэгдэл төлбөр болон чанарын баталгааны нийт 68 289 700 төгрөг бүгд 70 968 200 төгрөгийн шүүхээр нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1. "А" ХХК нь 2012 оны ажлыг "Х" ХХК-ийн буюу захиалагчийн материалаар ажлын хөлс авахаар тохиролцож 13/12 тоот гэрээг байгуулан ажилласан бөгөөд ажлын чанарын гүйцэтгэл сайн хийгдсэн. Гэрээний дагуу чанарын баталгаанд 2,678,500 төгрөгийг 1 жил буюу улсын комисс хүлээн авсаны дараа нөхөн олгогдхоор гэрээт ажлын төлбөрөөс суутган тооцсон. Уг мөнгө нь нэхэмжлэлээр шаардсан үлдэгдэл төлбөр бус 2012 онд байгуулсан гэрээ болон тухайн ондоо хийж гүйцэтгэсэн ажлын чанрын баталгааны төлбөр юм.

 

2. 2012 оны гэрээ амжилттай хэрэгжсэнийг үндэслэн 2013 онд тухайн төсөлд ашиглагдах үндсэн болон туслах материалыг гүйцэтгэгч байгууллага гаргах нөхцөлтөйгөөр 15/13 тоот гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч байгуулага нь өөрийн материалыг ашиглан 2013 оны 09 сарын 25 -наас 2013 оны 10 сарын 18 өдрийг хүртлэх хугацаанд урт 580 метр 210,270,000 (4 890*43 0007) төгрөгийн сувгийн бетон доторлогооны ажил гүйцэтгэсэн.

Гэвч гүйцэтгэгч байгууллагын нийт гүйцэтгэсэн ажлын 60 орчим хувь нь дутуу, чанарын доголдолтой бөгөөд дээрхи шалтгааны улмаар УБХОУНОШББТөсөл хэрэгжүүлэх нэгжийн (захиалагч) хяналтын инженерүүд бүрэн хүлээн аваагүй.

 

Гүйцэтгэгч байгууллага нь ажил гүйцэтгэх гэрээний Өндөр мэргэжлийн ажилчдаар гүйцэтгүүлэх, 4.2 гэрээт ажлыг ямар нэг доголдолгүй, чанартай хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх нөхцөлийг ноцтой зөрчсөн бөгөөд манай байгууллага 3.3 заалтын дагуу ажлын доголдлыг нэн даруй засуулж арилгуулах буюу эсвэл шинээр хийлгэх, 3.4 ажлын доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч өөрийн зардлаар доголдлыг арилгаж түүнтэй холбогдон гарсан зардлыг гүйцэтгэгч талаар нөхөн төлүүлэх, 4.6 -р ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах ажлын хөлс, материалын зардал, тээврийн хөлсийг гүйцэтгэгч хариуцна, 4.8 болон 4.11 -р заалтын дагуу чанарын баталгаат хугацаа 1 (2013.10.20-2014.10.20) жилийн хугацаанд барилгын ажлын гэмтэл болон засвар гарсан тохиолдолд дутагдлыг бүрэн арилгаж захиалагчид хүлээлгэн өгөх зэрэг нөхцөлүүд зөрчигдсөн. Талууд 2014 оны 12 дугаар сарын 24 өдөр 15/13-01 тоот тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдэж 68,289,700 төгрөг үлдэгдэлтэй бөгөөд үүнээс 43,000,000 төгрөг нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 1 өдөр хүртэлх хугацаанд дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг хийж гүйцэтгэсний дараа олгох ёстой төлбөр юм. Гэвч гүйцэтгэгч "А" ХХК огт ямар ч ажил хийж гүйцэтгээгүй болно.

Гэрээний 4.6 дагуу гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварийн ажлыг гүйцэтгэх бөгөөд засварийн ажил бүрэн дуусгаж 2014 онд улсын комисс хүлээлгэн өгсөний дараа чанарын баталгааны мөнгийг олгохийг бид гүйцэтгэгч талд мэдэгдсэн. Үүний дагуу гүйцэтгэгч дээрхи 43,000,000 төгрөгийг засварын ажлаа дуусгаад нийт авах ёстой төлбөрөөс суутган тооцохыг зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар албан тоотоор мэдэгдэж байсан.

 

Манай байгууллага гүйцэтгэгчийн чанарын доголдолтой, дутуу ажлын буруугаас болж тухайн жилийн 11,12 сард санхүүжилт хийгдэхээр төлөвлөгдсөн Гүйцэтгэл №7-гоор 380,316,535 төгрөг, Гүйцэтгэл № 8-aap 286,770,584 төгрөгийн ажил гүйцэтгэлийн санхүүжилт тус тус хоцрогдож улмаар 2013 оны ЗТЯамны төсвийн хөрөнгөөс хасагдаж үлдэгдэл санхүүжилтийг ЗТЯ баталгаат барьцааны дансанд шилжүүлэн авсан. Тус данснаас зөвхөн улсын комиссын актыг үндэслэж чөлөөлөх журамтай бөгөөд ажлыг доголдолгүй 100% гүйцэтгэж дууссан тохиолдолд дээрхи санхүүжилт чөлөөлөгдөх журам зохицуулалттай.

 

Манай компани өөрийн хөрөнгөөр 2014 онд угсралтын ажлыг дуусган Улсын комисс ажлуулсан бөгөөд комиссын гишүүдээс 2015 оны 6 сарын 01 -ын дотор зарим нэг засвар болон тохижилтын ажлыг дуусгахаар үүрэг болгосон.

 

Гүйцэтгэгчтэй байгуулсан 2012 оны 13/12 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын барьцаа төлбөр 2,678,500 төгрөгийг улсын комиссын акт баталгаажиж барьцааны төлбөр чөлөөлөхөөр олгох боломжтой.

 

Гэрээний 3.4-р заалтын дагуу ажил гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ ажлын доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ажил ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд бид өөрийн зардлаар гэрээний зөрчлийг арилгасан тул нэхэмжлэгч байгууллагад 43,000,000 төгрөгийн дутуу болон чанаргүй хийж гүйцэтгэсэн ажлыг гүйцээн хийх төлбөр үнийг олгох ёсгүй гэж үзэж байна.

 

Харин ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 25,289,700 төгрөгийг улсын комиссын акт баталгаажиж захиалагч төслийн нэгж, ЗТЯ-наас барьцааны төлбөр чөлөөлөхөөр олгох боломжтой гэв.

 

3. Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Туслан гүйцэтгэгч "А" ХХК нь "Х " ХХК-тай Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын үерийн хамгаалалтын далангын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. 2012 оны 13/12 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Зүүн сувгийн ПК2+440 - ΠΚ2+940 хүртэл 500 метр сувгийн барилга угсралт, 2013 оны 15/13 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Зүүн сувгийн ПК2+000 - ПК2+440 хүртэл 460 метр, Баруун сувгийн ПК3+480-ПК3+580 хүртэл 120метр нийт 580 метр нийт хоёр гэрээний нийлбэр хэмжээгээр 1080 метр сувгийн ажлыг гүйцэтгэсэн юм.

 

Тус байгууллага нь 2012 оны гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаат хугацааны 5 хувь болох 2 678 500 төгрөг, 2013 оны ажлын үлдэгдэл төлбөр болон чанарын баталгааны нийт 68 289 700 төгрөг бүгд 70 968 200 төгрөгийн шүүхээр нэхэмжлэсэн байв. Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

 

1. "А" ХХК нь 2013 оны гэрээт ажлаар 580 уртааш метр сувгийн ажил гүйцэтгэхдээ явцдаа гэрээний үүргээ зөрчин чанарын доголдолтой барилгын ажил гүйцэтгэсэн. Тус байгуулагын хийсэн ажлын 60 орчим хувь нь чанарын доголдолтой, өнгөлгөө жигд бус, дээд ирмэг хөлдсөн, сувгийн ул дутуу цутгагдсан байдалтай хүйтний улиралд цаашид үргэлжлүүлэн засварлах боломжгүйгээр зогссон. Улмаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөлийн хяналтын инженерүүд дутуу, чанаргүй ажил хүлээн авахгүй бөгөөд дээрхи засварын ажилд шаардагдах 43 000 000 төгрөгийг "А" ХХК нь 2014 оны 06 сарын 01-ний дотор засварын ажлаа дуусгасан нөхцөлд олгохоор гэрээний дүнгээс суутган үлдээсэн болно.

 

Гэрээний 4.6 дагуу гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд засварын ажлаа бүрэн дуусгах үүрэгтэй. Үүний дагуу гүйцэтгэгч дээрхи 43 000 000 төгрөгийг засварын ажлаа дуусгаад авах, нийт авах ёстой төлбөрөөс суутган тооцохыг зөвшөөрч 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар албан тоотоор мэдэгдэж байсан.

 

Гэвч "А" ХХК нь гэрээний 4.6 дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд огт ямар ч ажил хийж гүйцэтгээгүй болно.

Гэрээний 3,4-р заалтын дагуу ажил гүйцэтгэгч ажлын доголдлыг арилгуулахаар захиалагчийн тогтоосон хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд бид өөрсдийн хөрөнгөөр ажлын доголдлыг 55 885 133 төгрөгийн зардлаар арилгасан. Манай байгууллага нь гэрээний дагуу доголдлыг арилгахад гарсан 55 885 133 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч талаас нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.

Тус байгууллагын чанаргүй гүйцэтгэсэн ажлын уршгаар 2013 оны 11,12 дугаар сард олгогдохоор төлөвлөгдөж байсан Гүйцэтгэл №7 380 316 535 төгрөг, Гүйцэтгэл №8 286 770 584 төгрөгийн санхүүжилт саатан 2014 оны Зам тээврийн яамны төсвийн хөрөнгөөс хасагсан. Улмаар манай байгууллагын хувьд санхүүгийн ихээхэн хохирол амссан боловч Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэн ажлаа дуусгаж 2014 онд улсын комиссд хүлээлгэн өгөхөөр комисс ажлуулсан.

 

2. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 483 дугаар тушаалаар томилогдсон комиссын үүрэг даалгаварын дагуу зураг төсөл зохиогч Гидрофонтан ХХК, Топ кад ХХК-тай хамтран үерийн хамгаалалтын үерийн хамгаалалтын нийт уртын дагууд гүйцэтгэлийн хэмжилт хийж зохиогчийн нэгдсэн дүгнэлтийг Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ, Үнэлгээ, Дотоод аудитын газарт 2015 оны 12 сард хүргүүлсэн.

 

Тус зохиогчийн нэгдсэн дүгнэлтийн дагуу 2016 оны 01 сарын 14 өдрийн Зам тээврийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас зөрчил дутагдал арилгуулах тухай албан тоотоор манай байгууллагад мэдэгдэл ирүүлсэн байна. Дээрхи мэдэгдлийн дагуу "А" ХХКомпаний гүйцэтгэсэн Зүүн 0.44 сувгийн ПК2+270- ПК2+880 дахь 610 метр сувгийн уртын дагууд 0.29 м метрээр байх ёстой түвшнөөс өндөр сувгийн урсгал хангагдахгүй байгаа нөцтой алдаа илэрсэн байна.

 

Ажил гүйцэтгэх 2012 оын 13/12 болон 2013 оны 15/13, гэрээний дагуу ажлын зураг нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд туслан гүйцэтгэгч байгууллагыг ажлын зургын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй түүнийгээ нуун дарагдуулсан гэж үзэж байгаа байна. Гэрээний 4.8 Ажлын үр дүнгийн доголдлыг санаатай нуун дарагдуулсан нь хожим илэрвэл захиалагч талд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна мөн 4.9 Ажлыг гүйцэтгэхдээ МУ-д мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, норм стандартыг чанд мөрдөн ажиллана, Энэхүү дүрэм журмыг зөрчсөнөөс гарсан аливаа эрсдлийг гүйцэтгэгч бие даан хариуцна гэсэн дугаар заалтын дагуу "А" ХХК-ийн гаргасан ноцтой алдааг засварлах, түүнийг засварлахад шаардагдах 120 028 088 төгрөгийн үнэлгээ бүхий материал, ажлын болон тээврийн хөлсний зардалыг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хэдий тийм боловч манай байгууллага Зам тээврийн яамны өмнө хүлээсэн үүргийн дагуу 2014 онд төслийн ажлыг дуусгаж улсын комисс ажлуулсан бөгөөд комиссоос өгсөн үүрэг даалгавар зохиогчийн дүгнэлтийн дагуу гарсан алдаа дутагдал болон 2012, 2013 онуудад "А" ХХК-ийн дутуу хийсэн ажил ба засварын зардал болох Нийт 175 913 221 төгрөгийн нэхэмжлэлийг "А" ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

4. А ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

1. Х ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ манай компаниас 15/13 тоот гэрээний 3, 4-р заалтын дагуу ажлын доголдлыг засаж сайжруулаагүй, доголдлыг өөрийн хөрөнгөөр зассан хэмээн 55 885 133 сая төгрөг нэхэмжилжээ. Энэ нь дараах үндэслэлээр ногтлогдохгүй байгаа бөгөөд Х ХХК нь хуурамч материал гарган шүүхэд ирүүлсэн байна.

 

Биднийг 2013 онд байгуулсан 15/13 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авах хүсэлт гаргахад өнгөрсөн хугацаанд Олон Улсын Шинэ Нисэх Буудал Төсөл Хэрэгжүүлэх Нэгж /ОУШНБТХН/ -с манай гүйцэтгэсэн үерийн сувгийн бетонон доторлогооны ажлын амсрыг засах шаардлага тавьж байгаа хэмээж манай төлбөрөөс 43 сая төгрөг суутган авч үлдсэн байдаг. Бид энэ талаар төслийн нэгжээс удаа дараа асууж тодруулахад амсрыг засах шаардлага байхгүй гэсэн хариулт авсан учир Х ХХК-с авах авлагаа авахаар шүүхэд хандсан.

Х ХХК-ийн яриад байгаа тэр засварыг хийх шаардлагагүй, манай хийсэн ажил шаардлага хангаж байгаа байдал нь ЗТЯ-с ирүүлсэн нотлох баримтуудаас харагдаж байна. Тус үерийн сувгийн ажлыг хүлээн авах улсын комиссын тэмдэглэл, үүрэг Даалгавар, шийдвэрт тус засварын ажлыг хийх тухай огт тусгагдаагүй байгаа бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлийн тус заалтыг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл юм.

 

Мөн Х ХХК нь 2013 онд 15/13 тоот гэрээ хийхдээ бидэнд урьдчилгаа 50 сая төгрөг олгох байснаа цаг хугацаанд нь олгоогүй, №7-р гүйцэтгэлийг 2013 оны 9-р сард авч санхүүжүүлнэ хэмээн манайхаар ажлаа хийлгэсэн. Гэтэл тэд үнэн хэрэгтээ 11, 12 сард дээрх гүйцэтгэлээ оруулахаар төлөвлөж байсан нь биднийг тухайн үед анхнаасаа хууран мэхэлж байсан байна.

 

Улмаар Х ХХК нь 2015 онд болсон анхан шатны шүүх хуралд хийх шаардлагагүй, хэвийн байгаа зүйлийг хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэн 14 сая төгрөгний зардал гарсан гэж байсан.

 

Гэтэл одоо мөн л хийгээгүй, хийх шаардлагагүй байхад /хийж гүйцэтгэсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй/ 55,8 сая төгрөгний зохиомол хуурамч төсөв гаргаж шүүхэд өгсөн нь илтэд хууль бус байна. Манай компанийн гүйцэтгэсэн ажилд ямарч засвар хийхгүй болох нь 2014.12.22-ний өдрийн улсын комиссын хуралдааны тэмдэглэл, үүрэг даагаварын биелэлтийг дүгнэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

2. Х ХХК нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон өндөржилтийн алдааг санаатайгаар манай компанийн буруу мэтээр бичиж 120 сая төгрөг нэхэмжилсэн ямарч үндэслэлгүй юм.

Манай компани нь Х ХХК-тай байгуулсан 2012, 2013 оны гэрээнүүд нь зөвхөн сувгийн бетонон доторлогооны ажил гүйцэтгэх гэрээ юм. Дээрх гэрээний дагуу бид газар шорооны ажил, өндөржилтийн хэмжилт хийгдэж ёроолын индүүний ажил бүрэн хийгдсэн талбайд зөвхөн бетонон доторлогооны ажил хийхээр тохиролцсон байдаг.

Энэ нь 2012 оны 13/12 тоот гэрээг дүгнэсэн акт, 2013 оны 15/13 тоот гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, мөн 2014 оны 04-р сарын 14-ний өдрийн 14/098 тоот Х ХХК-ийн 1 албан тодорхойлолтоор бид өндөржилтийн хэмжилт, газар шорооны ажил хийхгүйгээр зөвхөн сувгийн бетон доторлогоог хийж гүйцэтгэх ёстойг харуулж байна.

Түүгээр ч барахгүй бидэнд өндөржилтийн хэмжилт хийх талаар ямарч зааварчилгаа өгч хэмжи байгаагүй бөгөөд өндөржилт зургийн дагуу хийгдсэн эсэх талаар асууж байхад та нарта газар шорооны ажил болон хэмжилт хийх ажил хамаагүй бүх зүйл зургийн дагуу "Х" ХХК хийсэн тул танайх зөвхөн бетон доторлогооны ажлаа гүйцэтгэ хэмээн хийлгэсэн ба талбайд тус компани нь ажлаа мэддэг нэг ч инеженер ажиллуулж байгаагүй юм.

Энэ нь Х ХХК нь үерийн сувгийн ажил гүйцэтгэх явцад захиалагч болон зохиогчийн хяналт гүйцэтгэгч Гидро Фонтан ХХК, Топ Кад ХХК-аас өгөгдсөн үүрэг даалгавар огт Сиелүүлдэггүй, талбайд геодезийн инженер болон усны барилгын инженер ажиллуулаагүй гэсэн дүгнэлтээр тогтоогдсон..

Ингэж тус компани ажилдаа хойрго хандаж нийт уртааш метрт хэмжилтийн алдаа гаргасан байдлаа / тэгээд ч энэ нь манай гүйцэтгэсэн ажилын талбайд хамааралгүй байна / манайд тохох гэж байгаа нь илтээр харагдаж байна.

2012 онд байгуулсан 13/12 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг бид бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд энэ байдлыг 2015 онд болсон анхан шатны шүүх хуралд Х ХХК-ийн захирал М.Нямжав нь хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрийг өгөхөө хэлсэн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дээрх тайлбарыг гаргаж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 1-хавтас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ №13/12 гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт №1, Ажил гүйцэтгэх гэрээ, №15/13 тоот гэрээг дүгнэж ажил хүлээлцсэн акт, харилцагчийн тооцооны жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа №15/13-01, Ажил гүйцэтгэх гэрээ, Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл,

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар, 8,445,400 төгрөгийн баримтын хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хяналтын журмаар гомдол гаргах тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1 хх 131-р хуудас итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол Улсын зам, тээврийн яам зөрчил гомдол арилгуулах тухай, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгж санал ирүүлэх тухай, УБ хотын ОУ-ын шинэ нисэх онгоцны буудлын үерийн хамгаалалтын далангийн барилгын ажил, Х ХХК-иас А ХХК-руу явуулсан Санхүүжилтийн тухай, 2-хав Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалын үерийн хамгаалалтын далангийн засварын ажлын төсөв, 3-хав 29-р хуудас итгэмжлэл, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үерийн хамгаалалтын барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт гүйцэтгэсэн ажлын нэгдсэн дүгнэлт,

 

7. Шүүх талуудын хүсэлтээр: 2-хав Монгол Улсын зам, тээврийн яам нотлох баримт хүргүүлэх тухай, гэрч С.Арслан, Д.Тэмүүлэн нарын мэдүүлэг, Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн нотлох баримт, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас ирүүлсэн баримт 3-хав үзлэгийн тэмдэглэл зэргийг шинэчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч "Х" ХХК-аас ажлын хөлс 70,968,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч Х ХХК нь А ХХК-д холбогдуулан ажлын доголдолыг арилгахад зарцуулсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд

2.Зохигчид 2012 оны 9-р сарын 15-ны өдөр 13/12 дугаартай Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 9-р сарын 25-ны өдөр 15/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-нүүд байгуулж, "А" ХХК нь 13/12 дугаартай гэрээгээр 2012 оны 9-р сарын 20-ны өдрөөс 10-р сарын 30-ны хооронд 1300 метр үерийн уснаас хамгаалах далан барих ажлыг 1м.кв-ыг 10,500 төгрөгөөр хийж гүйцэтгэх, 5/13 дугаартай гэрээгээр 2013 оны 9-р сарын 25-ны өдрөөс 10-р сарын 25-ны хооронд 1312 метр сувгийн бетон доторлогоо хийх ажлыг 430,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, "Х" ХХК нь ажлы үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. /1 хав 5-7, 10-12 хуу/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зориг болон Иргэний хуульд нийцсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

3. "А ХХК нь 13/12 дугаартай эхний гэрээний ажлыг хугацаанд нь гүйцэтгэж нийт 53,522,500 төгрөгийн ажлын хөлс авахаас гэрээний 3.9-д заасан 5 хувь 2,676, 125 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн авсан талуудын тайлбараар нотлогдсон.

4. Талууд 15/13 дугаартай гэрээний дагуу "А ХХК нь 2013 оны 9-р сарын 25-ны өдрөөс 10-р сарын 25-ны хооронд нийт 4,890 м.кв сувгийн бетон доторлогоо буюу 210,270,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж, Х" ХХК нь 141,980,300 төгрөгийн төлбөр төлсөн байна.

4.1. Талууд 15/13 дугаартай гэрээний ажлын төлбөр төлсөн байдлыг 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 2 байгууллагад хөтлөгдсөн нягтлан бодох бүртгэлээр Х ХХК-ний 4890 мкв бетон сувгийн ажлын төлбөр 210,270,000 төгрөг өгөхөөс 141,980,300 төгрөг төлж, 68,289,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн баритыг шүүхэд ирүүлсэн./ 1хав 15 хуу/

5. Хариуцагч гэрээт ажлын доголдолыг мэдэх боломжгүй байсан, бид улсын комисст ажлыг хүлээлгэн өгөхийн тул Зам тээврийн яамнаас гаргасан Барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, Гидро фонтан ХХК-ний дүгнэлт, Улсын комиссын даалгавар зэргээр мэдсэн, гүйцэтгэгчийн ажлын доголдолыг нүдээр хараад мэдэх боломжгүй гэж маргасан.

6. Талууд дээрхи 2 гэрээний дагуу "А" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээ, төлөгдсөн төлбөрийн хэмжээнд маргаагүй, гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн гэрээнд заасан чанарт хүрэхгүй биет байдлын доголдолтой гэж маргасан байна.

7. 2012 оны 9-р сарын 15-ны өдөр 13/12 дугаартай Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.9-д "Нийт ажлын төлбөрийн 5 хувийг захиалагч авч үлдэн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол илрээгүй бол түүнийг гүйцэтгэгчид 1 жилийн дотор буцаан олгоно" гэж заасан ба ажлын үр дүнг 2012 оны 10-р сарын 22-ны өдөр хүлээн авсанаас хойш гэрээгээр тохирсон 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул "Х" ХХК нь уг гэрээний үлдэгдэл төлбөр 5 хувийг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул гэрээт ажлын төлбөр 53,522,500 төгрөг тул түүний 5 хувь 2,676,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

8. Харин "Х ХХК, "А" ХХК нарын хооронд байгуулагдсан 2 гэрээний аль гэрээний ажил нь доголдолтой болохыг тогтоолгохоор удаа дараа мэргэжлийн байгууллагуудыг шинжээчээр томилсон боловч дүгнэлт гаргахаас татгалзсан бөгөөд 2013 оны 9-р сарын 25-ны өдөр 15/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлаа чанаргүй, биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн болох нь Зам тээврийн яамнаас ирүүлсэн 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, 2016 оны 11 сарын 23-ний өдрийн Үерийн далангийн ажлын протокол, 2015 оны 12 сарын 21-ний өдрийн Барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон, ажлын гүйцэтгэл доголдолтой байсныг арилгуулан 2017 оны 03 сарын 23-ний өдөр 07/03/17 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар хүлээн авсан байна. /1 хав 193,204, 2-хав 29, 59-175, 3хав 65-106 хуу/

9. Харин талууд 2012 оны 9-р сарын 15-ны өдөр 13/12 дугаартай Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 68,289,700 төгрөгөөс 43,000,000 төгрөгийг нь 2014 оны 4-р сарын 15-ны өдрөөс 2014 оны 6-р сарын 1- ний өдрийн хооронд сувгийн засварыг "А ХХК хийж гүйцэтгэсний дараа авахаар харилцан тохиролцсон болох нь "А ХХК-ийн 2013 оны 11-р сарын 30-ны өдрийн 111 тоот албан бичиг, 15/13-01 тоот тооцоо нийлсэн актын хавсралт 1 баримтад "бетон сувгийн ажлын чанарын баталгаанд 43,000,000 төгрөг үлдээв, 2014.12.31-нд Бэлэн авах үлдэгдэл 25,289,700 төгрөг гэж бичиж 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх нөхцөл, хугацааг талууд тодорхой зааж, тохиролцсон байх тул шүүх энэ дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

10. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар А" ХХК нь 2014 онд засварын ажил хийсэн байдал тогтоогдохгүй тул ажлын хөлснөөс суутгуулахаар тохирсон дээрх 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрх үүсээгүй байна.

Иймд төлбөрийн үлдэгдэл 68,289,700 төгрөгөөс 43,000,000 төгрөгийг хасч, үлдэх 25,289,700 төгрөг, 2,676,125 төгрөг, нийт 27,967,782 төгрөгийг А" ХХК-иас гаргуулан Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,000,375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

11. Х ХХК нь А" ХХК-д холбогдуулан ажлын доголдолыг арилгахад зарцуулсан зардал 175,913,221 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

А" ХХК нь манай компиани гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

12. Талууд дээр дурьдсан 2 гэрээг байгуулан, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Х ХХК нь гэрээнд заасан ажлыг чанарын шаардлага хангаагүй доголдолтой хийж гүйцэтгэснийг нүдээр хараад мэдэх боломжгүй тул улсын комисст ажлыг хүлээлгэн өгөхийн тулд Зам тээврийн яамнаас гаргасан Барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, Гидро фонтан ХХК-ний дүгнэлт зэргээр мэдсэн гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

 

13. Талууд 2012 оны 9-р сарын 15-ны өдөр 13/12 дугаартай Туслан гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 68,289,700 төгрөгөөс 43,000,000 төгрөгийг нь 2014 оны 4-р сарын 15-ны өдрөөс 2014 оны 6-р сарын 1- ний өдрийн хооронд сувгийн засварыг "А ХХК хийж гүйцэтгэсний дараа авахаар харилцан тохиролцсон нь 13/12 дугаартай гэрээний үүргийг доголдолтой хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, харин 2013 оны 9-р сарын 25-ны өдөр 15/13 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг доголдолтой хийж гүйцэтгэсэн гэж шүүх үзэв.

 

14. Х ХХК нь дээрхи доголдолыг арилгахаар П.Мөнхбаяртай 2014 оны 08 сарын 13-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, тохижилт болон засвар заадасны ажлыг 14,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, 2014 оны12 сарын 16-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр тохижилт болон засвар заадасны ажлыг 21,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. /1хав 62-69 хуу/

 

15. Х ХХК нь 2014 оны 8,9 сард 204,000 төгрөг, 204,000 төгрөг, 3,400,000 төгрөгөөр битум, цемент, тээврийн зардалд 4,950,000 төгрөгөөр материал худалдан авсан нь зарлагын баримтуудаар тогтоогдсон тул материалын үнэ, тээврийн зардалд 8,758,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн ажлын хөлс 5,000,000 төгрөгөөр 3 удаа, 10,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 35,000,000 төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул А ХХК-иас 43,758,000 төгрөг гаргуулан Х ХХК-д олгох үндэслэлтэй байна. /1хав 58,59,62, 2 хав 20-210 хуу/

 

Иймд А ХХК-иас 43,758,000 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 132,155,221 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,8000 төгрөг, А ХХК-ний төлсөн 1,037,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А ХХК-иас 297,779 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, Х ХХК-иас 376,740 төгрөг гаргуулан А ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, дахь зааснаар хариуцагч А" ХХК-иас гаргуулан 27,967,782 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43,000,375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

А ХХК-иас 43,758,000 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 132,155,221 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,800 төгрөг, А ХХК-ний төлсөн 1,037,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А ХХК-иас 297,779 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож, Х ХХК-иас 376,740 төгрөг гаргуулан А ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А