| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0543/Э |
| Дугаар | 584 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Ж.Ч/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан А овогт Ж.Ч-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0280 60592 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн А овогт Ж.Ч, 1966 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Цахилгаан цэнэг” ХХК-д цахилгаанчин ажилтай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 383 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УЕ66122431/,
Шүүгдэгч Ж.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сартуул хотхоны хашаан дотор хохирогч Х.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ж.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Х.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...19 цагийн үед Ж.Ч ирсэн. Ирэхдээ 0.33 литрийн Хараа архитай ирсэн. Архиа хувааж ууж байхдаа Ж.Чтай маргасан. Ж.Ч “чи муу гөлөг минь юу ч мэдэхгүй бацаан” гэж хэлсэн. Би Ж.Чын өрөөнөөс гараад өөрийн ажлын өрөөнд очиж хэсэг амарч байгаад 22 цаг 15 минутын үед ЦТБ-ын өрөөрүү орж хяналтын мэдээ аваад гарч иртэл Ж.Ч зогсож байсан. Гөлөг бацаан минь наашаа хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь яваад очсон чинь намайг барьж аваад булан руу чирээд байсан. “...нэг машины ард очоод чи муу яах гээд байна гэж хэлээд миний баруун шанаа руу гартаа байсан зүйлээр нүүр рүү цохьсон. Тонгойтол баруун гарыг өчөөд хувцаснаас багалзуурдаад татсан. Болилдоо чи гэж хэлээд гарыг нь тавиулаад зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх15-16/,
Яллагдагч Ж.Чмэдүүлэхдээ: “...Ууганбаяр би явж бие заслаа гэж хэлээд гражны хаалганаас 20 метр газар руу харанхуй руу орсон чинь араас Ууганбаяр хүрч ирээд өшиглөх гэснээ миний малгайг авч шидээд, хөөе чи байж бай гээд байсан, тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь 1 удаа цохиж, газар Ууганбаяр унасан. Тэгээд толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгсэн 3 залуу ирээд болиоч гээд салгасан. Тэгээд Ууганбаяр боссон чинь зүүн талын хацарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4151 дуугартай дүгнэлт:
1. Х.Ууганбаярын биед тархи доргилт, баруун хөмсөг, хацар, уруул эрүүнд гүн зулгаралтууд, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-28/,
Хохирогч Х.Ууганбаярын мэдүүлэг /хх15-16/, яллагдагч Ж.Ч ын мэдүүлэг /хх-20/, шинжээчийн №4151 дугаартай дүгнэлт /хх-28/, гэрч О.Туулын мэдүүлэг /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ж.Ч нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сартуул хотхоны хашаан дотор хохирогч Х.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Ч нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Ж.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Чыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Чнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР