| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/01042/И |
| Дугаар | 318/ШШ2025/00940 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 318/ШШ2025/00940
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: МИФ ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: А.Б д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 574,279.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Б гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, хүүгийн өр 73,504.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 775.48 төгрөг, нийт 574,279.56 төгрөгийг гаргуулах. Хариуцагч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 130120000922 дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулан байгуулсан. 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь зээлийн гэрээний дагуу Qmoni аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 500,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн 1111270710019211 тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлэн авсан байдаг. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 37 хоног. Манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 4.4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хугацаанаас өмнө төлөхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 500,000 төгрөг, хүүгийн өр 73,504.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 775.48 төгрөг, нийт 574,279.56 төгрөгийг хариуцагч А.Б гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2025 оны 6 дугаар сард МИФ ББСБ ХХК-аас 500,000 төгрөгийн зээл авсан. Одоогоор төлөлт хийгдээгүй анхан шатны шүүхэд шилжсэн. Би 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөгийг үлдсэн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П шүүхэд гаргасан тайлбартаа: МИФ ББСБ ХХК нь А.Б д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 574,279.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч А.Б гийн тайлбартай танилцсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК нь хариуцагч А.Б д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 574,279.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 574,279.56 төгрөгийг хариуцагч А.Б төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “Би 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөгийг үлдсэн мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна” гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч А.Б нь нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,878 төгрөгийн тал хувь болох 8,939 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,939 төгрөг, хариуцагч А.Б гаас 8,939 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 574,279.56 төгрөгийг 2 хувааж 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 250,000 төгрөг, үлдэх мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахыг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,939 төгрөг, хариуцагч А.Б гаас 8,939 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-д олгож, 8,939 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ