| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0467/Э |
| Дугаар | 583 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
иргэний хариуцагч Д.Дамдинсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10112 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ө овогт Б.Б, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Мяралзаа ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Дандар Баатарын 2 дугаар гудамж 16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УК95013112/,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клубын урд замд Мяралзаа ХХК-ний эзэмшлийн Daewoo BS106 маркийн 23-59 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нэргүйбаатарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн оршуулгын зардалд 4.4 сая төгрөгийг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний талийгаач дүү жолооч хүн байсан. Тухайн үед түргэний эмч ирээд аваад явсан бол өнөөдөр амьд байх байсан. Б.Б анх мэдүүлэг өгөхдөө дээгүүр нь гараагүй, би шүргэсэн гээд хэлсэн болохоор сайн үзлэг хийгээгүй орхиод явсан байсан. Бүхэл бүтэн хүний дээгүүр гарчихаад худлаа хэлсэн. Бас 3 жил болоод Д ангилал даруулах эрхтэй болж том оврын автобус машин барих эрхтэй болдог байдаг байхад энэ залуу 2 жил болоод шууд Д ангилал даруулсан байсан. Манай дүүг үзсэн түргэний эмчид гомдол гаргаж тэр хүн бас хариуцлага хүлээсэн байгаа. Оршуулгын зардалд нийт 6.324.150 төгрөг гарснаас 4.234.150 төгрөгийн баримт хэрэгт байгаа. Энэ зардлыг нөхөн төлсөн. Үлдэх зардлыг нэхэмжилнэ. Энэ залуу хүнийг заавал хорих ял эдлүүлэх хүсэлгүй байна” гэв.
Иргэний хариуцагч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай байгууллага нийт 60 жолоочтой. Би аюулгүй ажиллагааны инженер хийдэг. Бид нар өглөө бүр жолоч нартаа зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг сануулж, тест бөглүүлж хөдөлгөөнд анхааралтай оролцохыг сануулж ажилд нь гаргадаг. Шүүхийн шийдвэр гарахаар даатгалаас хохирлын мөнгө олгож хохирогчид олгоно гэсэн. Манай байгууллагад 21-ээс дээш насны мэргэшсэн жолооч хүнийг ажилд авдаг. Хохирогчийн ар гэрт туслах талаар би сайн мэдэхгүй байна. Энэ талаар захирлаасаа асууна. Мөн манай байгууллага Хаан даатгалтай байгуулсан гэрээ байгаа, гэхдээ ямар гэрээ байгуулсан талаар би сайн мэдэхгүй байна” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: “Осол, хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын урд замд үйлдэгдсэн бөгөөд зам нь шулуун тэгш, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ бүхий, тусгаарлах зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй зорчих хэсэг мөстэй, хальтиргаатай, шороон замд үйлдэгдсэн байна” /хх7-9/,
Ослын үеийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр камерын бичлэгийн цагаар 15 цаг 24 минутын 18 секундэд ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойш чиглэлтэй цагаан цэнхэн өнгийн автобус нь Жанжин клубын урд талбай дээр зогсос хийснээ автобус нь ертөнцийн зүгээр буцаж зүүн гар тийш бүтэн эргээд ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй алхаж байгаад зогсос хийх үед автобусны жолооч нь явган зорчигчийг автобусны зүүн гар талын хэсгээр 15 цаг 24 минут 40 секунтэнд мөргөөд автобусны зүүн урд дугуй болон зүүн хойд дугуйнууд “овгос” хийж 10 орчим секунтэд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд тормоз гишгэж зогсон, ослын гэрэл дохиогоо асаагаад жолооч автобуснаас бууж ирж байгаа бичлэг байв.” /хх-25/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би талийгаач Нэргүйбаатарын төрсөн дүү байгаа юм. Миний талийгаач ах Нэргүйбаатар нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. “...талийгаач ахынхаа буяны ажилд баримтаар 4.324.150 төгрөг, баримтгүй 2.000.000 төгрөг нийт 6.324.150 төгрөг зарцуулсан. “...дэлгүүрийн камерын бичлэгт зам тээврийн ослын талаар бичигдсэн бичлэгийг үзсэн...” гэх мэдүүлэг. /хх31-32/,
Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹179 дугаартай дүгнэлт: Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: зам тээврийн осол...талийгаач нь хэвлий битүү гэмтэл болох нарийн гэдэсний бүрэн тасрал, чацархай урагдал, чамархайн том хэмжээний цус хуралт, няцрал гэмтлийн улмаас уушгины артери өөхөн болон улаан эсийн бүлэнт бөглөрөлд орж нас баржээ” гэх дүгнэлт. /хх59-62/,
Иргэний хариуцагч Д.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...уг автобус нь Мяралзаа ХХК-ний эзэмшлийн автобус юм. “…манай компаний автобусны жолооч нар Хаан даатгалын компанид мэргэшсэн жолоочоор бүгд даатгуулсан байдаг. Тийм болохоор…даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх болно...” гэх мэдүүлэг. /хх56-57/,
Замын цагдааний албаны шинжээчийн ¹99 дугаартай дүгнэлт: Daewoo BS106 маркийн 23-59 УБТ улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Б.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Нэргүйбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-93/,
Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын автобусны эцсийн буудал дээр ертөнцийн зүгээр урдаасаа баруун хойш чиглэлтэй ирж зогсос хийгээд зүүн гар талын толиндоо харчихаад буцаад ертөнцийн зүгээр баруун хойноосоо зүүн урагш чиглэлтэй бүтэн эргээд автобусны буудал дээр хүн суулгах гэтэл зорчигч нар байгаагүй. Тэгээд би цааш хөдөлгөөнөө эхлэх гээд зөв талын толиндоо хартал автобусны зөв талын дунд хэсгээс хүн мөлхөж гарч ирж байгаа харагдсан. Тэр үед би шууд сандраад юу болов гээд шууд ослын гэрэл дохиогоо асаачихаад, зогсоолын тоормозоо татчихаад буугаад иртэл автобусны доор байсан хүний нүүр халцарсан доош харсан байдалтай автобусны доороос гарахаар мөлхөж байсан. Би тэр хүнийг автобусны доороос гаргасан. Тэр үед хохирогч харьлаа гээд байсан. Би хохирогчид та явж болохгүй гэж хэлээд түргэн тусламж цагдаагийн албан хаагч нарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хх99-100/,
Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/, хохирогч Г.Отгонбаярын мэдүүлэг /хх30-32/, гэрч Г.Билгүүнжаргалын мэдүүлэг /хх50-51/, иргэний хариуцагч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /хх56-57/, шинжээчийн ¹179 дугаартай дүгнэлт /хх59-66/, өвчний түүх /хх68-77/, Замын цагдаагийн албаны шинжээчийн ¹99 дугаартай дүгнэлт /хх-93/, яллагдагч Б.Бмэдүүлэг /хх99-100/, яллагдагч Б.Б хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх120-128/, талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан баримтууд /хх133-194/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клубын урд замд Мяралзаа ХХК-ний эзэмшлийн Daewoo BS106 маркийн 23-59 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нэргүйбаатарыг дайрч амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь талийгаачийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 4.400.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонбаяр нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төөлөгч Г.Отгонбаяр нь гэм хорын хохирол болох талийгаачийн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний хариуцагч Мяралзаа ХХК, шүүгдэгч Б.Б нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР