2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/09202

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 28 191/ШШ2025/09202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... аймаг, ...... сум, ..... баг,...... тоотод байрлах, ..... ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ...... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, . байранд байрлах, .....ХК /РД:...../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рад

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.На

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч .....ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1. Манай ..... ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21/231 тоот Бараа нийлүүлэх гэрээ-г .....ХК-тай байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, FTTH Box маркийн төхөөрөмж 190 ширхгийг 15,200,570 төгрөгөөр, Splitter 1/8 маркийн төхөөрөмж 190 ширхгийг 4,750,570 төгрөгөөр, нийт 19,951,140 төгрөгийн барааг нийлүүлэх, хариуцагч нь тухайн төхөөрөмжүүдийг шалган хүлээн авч, уг 2 барааны үнэ болох 19,951,140 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Бид дээрх гэрээнээс гадна өөр бусад гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажиллаж байсан.

 

1.2. Манай байгууллагын зүгээс захиалагчийн тавьсан шаардлага, шалгуурт нийцсэн бараа бүтээгдэхүүнийг цар тахал буюу Ковид 19 халдварт өвчний хүнд үед хил, гаалиар бараа бүтээгдэхүүн нэвтрэх удаашралтай үед хамгийн боломжит хурдан хугацаанд авчирч хүлээлгэн өгсөн. FTTH Box маркийн төхөөрөмжийн 190 ширхгийг өөр гэрээний дагуу нийлүүлэх 165 ширхэгийн хамт буюу 355 ширхэг нийлүүлэхээс 5 ширхгийг илүү нийлүүлж, нийт 360 ширхгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч компанийн ХААА-ны ерөнхий менежер Ц.На НББА-ны нярав Н.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн актаар баталгаажуулсан. Splitter 1/8 маркийн төхөөрөмж 190 ширхгийг өөр гэрээний дагуу нийлүүлэх барааны хамт 190 ширхэг нийлүүлэхээс 10 ширхгийг илүү нийлүүлж, нийт 200 ширхгийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч компанийн ..... ерөнхий менежер Ц.На НББА-ны нярав Н.М нарт хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн актаар баталгаажуулсан. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болохыг тодорхойлж, Гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан.

 

1.3. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн 19,951,140 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй, маш хүнд суртал гаргаж, биднийг хохироож байна. Иймд .....ХК-иас 19,951,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:

 

2.1. Нэхэмжлэгч нь 2021 онд 4 төрлийн бараа нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй ашиглагдах боломжгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн. Маргааны зүйл болох Splitter маркийн төхөөрөмжийн хувьд унтралт их буюу стандарт хэмжээнээс өндөр байгаа нь эд хөрөнгийн доголдолд хамаарч байгаа тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасны дагуу уг доголдлыг арилгах, солих үүрэгтэй байтал төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Манайхаас хүсэлт гаргаснаар төхөөрөмжид хэмжилт хийлгэхэд стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь гэрээний 4.1-т заасны дагуу захиалагчийн тавьсан шаардлага, техникийн тодорхойлолтыг бүрэн хөтөлсөн чанартай барааг гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор нийлүүлээгүй, 5 сарын дараа нийлүүлсэн. Гэрээний 4.2-т заасны дагуу барааг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа актаар хүлээлгэж өгөөгүй. Өөрсдөө хэмжилтийн утга гэх 6 хуудас стандарт утгатай хамт шууд бараагаа авчирч өгөөд, шууд зуруулсан.

 

2.2. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-аар талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 21/231 тоот гэрээний хугацаа дуусаж, гэрээг дүгнэж, тооцоо нийлүүлсэн. Гэрээ дүгнэсэн акт-ын 2.2-т гэрээг хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор биелүүлсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд ямар нэгэн маргаан байхгүй, төлбөр тооцоо байхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна гэж байгаа юм. Иймд гэрээг дүгнээд төлбөр, тооцооны асуудал байхгүй гэж ойлгож байна. Гэрээ дүгнэсэн актын 3.1-т талууд гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү гэрээ дүгнэсэн актын талаар аливаа гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байгаа юм. Гэрээгээ дүгнэчихсэн, төлбөр тооцоо байхгүй гэдгийг талууд харилцан хүлээн зөвшөөрөн гарын үсэг зураад баталгаажуулчихсан. Мөн бараа нь шаардлага хангахгүй байсан тул тухайн үед буцааж ав гэдгийг хэлсэн боловч аваагүй. Нэхэмжлэгч талын бараа бүтээгдэхүүн тоо ёсоороо манай агуулахад байж байна. Нэг, хоёр ширхгийг ашиглаж үзэх гэсэн боловч стандарт утгаас давж байгаа учраас унтралт өгөөд ашиглаж чадаагүй.

 

2.3. Талууд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манайд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2340 дугаартай бичиг нь ирээгүй. Иймд хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан асуудал байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-5/, Компанийн дүрэм /хх-7-10/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/231 тоот Бараа нийлүүлэх гэрээ /хх-12-14/, Нийлүүлэх бараа материалын зураг /хх-15/, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт /хх-16-17/, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ /хх-18/, .....ХК-ийн бараа хүлээлцсэн акт /хх-19, 23/, Гэрэл зураг /хх-20-21, 24-25/, Хэмжилтийн стандарт утга /хх-26-32/, .....ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-33/, ..... ХХК-иас 21/231 тоот гэрээгээр .....ХК-д нийлүүлсэн /Splitter 1/8, хэмжилт хийсэн акт /хх-34-35/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Дотоод албан бичиг /хх-49/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч .....ХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, манай компани нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлсэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээнд заасан 30 хоногийн дотор бус 5 сарын дараа тоног төхөөрөмжийг нийлүүлсэн, тоног төхөөрөмжийг зохих ёсоор буюу барааг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа актаар хүлээлгэж өгөөгүй, нийлүүлсэн гэх төхөөрөмж нь доголдолтой байсан, гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ..... ХХК болон .....ХК-ийн хооронд 21/231 дугаартай Бараа нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, нийлүүлэгч нь FTTH BOX маркийн тоног төхөөрөмж 190 ширхэг, Splitter 1/8 маркийн тоног төхөөрөмж 190 ширхгийг гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 19,951,140 төгрөг /НӨАТ багтсан/-ийг гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх12-14/

 

5. Зохигчид гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нь хариуцагчид тоног төхөөрөмжийг хүлээлгэсэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй боловч тоног төхөөрөмжийг гэрээнд заасны дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж ажиллуулсны дараа актаар хүлээлгэн өгсөн эсэх, нийлүүлсэн тоног төхөөрөмж нь доголдолтой эсэх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргасан.

 

6. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулжээ.

 

Гэрээний нөхцөл, талуудын харилцан хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ..... ХК-ийн бараа хүлээлцсэн акт-аар 360 ширхэг FTTH box төхөөрөмж нийлүүлсэн, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .... ХК-ийн бараа хүлээлцсэн акт-аар 200 ширхэг Splitter 1/8 төхөөрөмжийг нэхэмжлэгч нийлүүлж, хариуцагч хүлээн авсан байх ба гэрээний талуудын төлөөлөл оролцож хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийн тоо, хэмжээ, хэмжилтийн стандарт утгыг тусгасан гэрэл зураг, баримтыг хавсаргасан байна.

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талуудын төлөөллийг оролцуулан 21/231 тоот гэрээгээр нийлүүлсэн Splitter 1/8 төхөөрөмжид хэмжилт хийсэн акт үйлдэж, ...нийт 190 ширхэг Splitter 1/8 төхөөрөмжөөс түүврээр 35 ширхэг Splitter-т хэмжилт хийж, шилэн кабелийн дохио үүсгэгчээс +5db дохио дамжуулсан эхний дамжлагаар -4.5 db-ээс -5.2 db хооронд, 2 дахь дамжлагын хэмжилтээр -14.95 db-ээс -15.95 db хооронд хэмжигдсэн тул дээрх утгууд нь стандарт утгыг хангаж байна гэжээ.

 

Талууд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/231 дугаартай гэрээний хугацаа дуусаж гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн байна.

 

Эдгээр баримт, зохигчийн тайлбараар гэрээний 3.1-т захиалагч байгууллага нь нийлүүлэгч байгууллагын хамтаар барааг чанарын болон техникийн шаардлага, тоо хэмжээ, иж бүрдэл бүрэн эсэхийг нягтлан шалгаж, туршиж ажиллуулсны дараа хүлээн авна, 4.2-т нийлүүлэгч нь барааг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж, ажиллуулсны дараа захиалагч талд актаар хүлээлгэн өгнө гэж харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг заасан хугацаанд буюу гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хэдий ч хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч нь үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн үндэслэлийг Монгол Улсад үүссэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарлав.

 

Иймд тоног төхөөрөмжийг захиалагчийн холбогдох мэргэжилтнээр шалгуулж, туршиж, ажиллуулсны дараа захиалагч талд актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

8. Гэрээний дагуу худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, харин худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй талаар Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийн доголдлыг илрүүлсэн талаар болон тухайн доголдлыг арилгуулахаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч талд хандаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлыг илрүүлж, илрүүлсэн доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхой бус байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн үндэслэлээ нийлүүлсэн тоног төхөөрөмж доголдолтой учраас төлбөр төлөхгүй гэснээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, талууд харилцан ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар Гэрээг дүгнэсэн акт үйлдсэн гэжээ.

 

Хариуцагч байгууллага нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/231 дугаартай гэрээний 3.4-т тохиролцсоны дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэрээний төлбөрийн үүргийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/231 дугаартай гэрээний 3.4-т тохиролцсоны дагуу гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээний үнийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж тус тус хуульчлан зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх түүний эрх зөрчигдсөн буюу хариуцагч үүргээ гүйцэтгэх ёстой байсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тоологдох учиртай. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг түүний шаардах эрх үүссэн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний төлбөрийн үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Гэрээ байгуулагдсанаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй тул энэ агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

10. Талуудын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн Гэрээ дүгнэсэн акт-аар хариуцагч гэрээний төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдоогүй.

Учир нь, тухайн акт бүхий баримтыг дэмжсэн буюу төлбөрийг төлсөн байх гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Үүнээс гадна, шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нийлүүлсэн тоног төхөөрөмж доголдолтой тул төлбөр төлөөгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхгүй гэх бөгөөд үүгээр төлбөрийг төлөөгүй гэдэгт маргаагүй гэж үзэхээр байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч .....ХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..... ХХК-д олгож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч .....ХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19,951,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ..... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,705 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ