Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

             Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

 нарийн бичгийн дарга Г.Номин,

 улсын яллагч Н.Уранбайгаль,

 иргэний хариуцагч Ц.Билэгдэл,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

 шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Д.Гангантөгс нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас О овогт Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10043  дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн О овогт Ж.М, 1988 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, хадам аав, ах, бэр, 4 хүүхдийнх нь хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31-24 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СЭ88121419/,

Шүүгдэгч Ж.М нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны оройн 21 цаг 15 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны зүүн замд Ц.Билэгдэлийн эзэмшлийн Toyota Prius маркийн 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.4-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас П.Энхтуяагийн жолоодож явсан Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай, Ж.Цэвэгмидийн жолоодож явсан Toyota Prius-11 маркийн 76-76 УНЭ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, уг ослын улмаас Toyota Prius маркийн 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ц.Батбаярын амь нас хохирч, Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /8 настай, эрэгтэй/ С.Ганбаганы эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч П.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн, Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.905.000 мянган төгрөгийн, Toyota Prius-11 маркийн 76-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 628.000 мянган төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч  Ж.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчим Билэгдэл залгаад өнөөдөр уулзъя гэхээр нь би завгүй байна гэж хэлтэл дахин дахин залгаад байхаар нь би очсон. Тэгээд бид 3 нэг шил архи нэг ундаа аваад байж байтал Билэгдэл “манай нэг Жандоос гээд найз ирж байгаа тэр залуугаар машин бариулая гэсэн. Тэгээд тухайн үед би машины жолооны ард суугаад ойр зуурын юм яриад байж байгаад Жандос гэх найз ирчихээд удалгүй яваад өгсөн. Тэгтэл  манай танил дүү залгаад “хаана байгаа юм гэхээр нь би дүүгээ ирээд машин бариад өг гэж хэлсэн тэгтэл тэгье гэсэн” тэгсэн дүү чинь энэ газрыг олохгүй байхаа Шинэ Монголын тэнд очоод зогсчих гэхээр нь би сүүл ирсэнээрээ арай эрүүл байсан болохоор “би машин бариад Шинэ Монголын тэнд очоод зогстол манай дүү ирэхгүй байхаар нь залгатал утсыг нь өөр хүн аваад танай дүү чинь тань луу явсан гэхээр нь хүлээгээд байтал ирэхгүй байхаар нь одоо явъя гээд нэг хэлэхээр нь захын арын замаар явсан. Чулуун Овоогоор дээшээ яваад уулзвар дээр эргэж байхад миний урдуур офицер талаас машин эргээд нь би эсрэг урсгалаас ирж байсан машинтай мөргөлдсөн. Гэхдээ тухайн үед би ийм том хэрэг болно гэж бодоогүй байсан. Тэгтэл гэмтлийн эмнэлгийн машин таараад нөгөө машинд байсан хүүхдийг эмнэлэг рүү аваад явъя гэж байтал цагдаа нар ирээд миний үнэмлэхийг шалгасан. Эмч манай машины хойно оччихсон энэ хүн амьсгалахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Билэгдэл бид хоёрыг аваад эрүүлжүүлэхэд хонуулаад цусны шинжилгээ аваад маргааш нь цагдаа дээр очоод мэдүүлгээ өгсөн. Тоёота машинд миний зүгээс 7 сая төгрөг төлсөн. Билэгдэлийн зүгээс 1.200.000 төгрөг өгсөн. Харин приус 11 маркын машинд 850.000 төгрөг бэлнээр өгсөн. Талийгаачийн ар гэрт 16.168.000 төгрөгийн нэхэмжлэлээс би 13 сая төгрөг төлсөн. Билэгдэл 5.850.000 төгрөг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би нөхөртэйгээ анх 2013 оны 12 сард танилцсан. 2014 оны 7 сараас эхлээд хамт амьдраад гэрлэлтээ батлуулаад 2017 онд охинтой болсон. Нөхрийг маань өнгөрөхөд охин маань дөнгөж 7 сартай байсан. Нөхөр маань сайхан сэтгэлтэй, амьдралын зорилготой, үнэнч шударга ийм хүн байсан. Охиноо өндөр боловсролтой сайн хүн болгоно гэж ярьдаг байсан. Өнөөдөр хадам аав, ээж, охин, талийгаач ингээд бид 5 хамт амьдардаг байсан. Хадам ээж маань маш бие муутай, зөвхөн эмээр амьдардаг, тархи мэдрэлийн саажилттай хүн байдаг. Би одоо ажилгүй гэртээ охиноо хараад байдаг. Одоо би маш их ганцаардаж байна. Охиноо өвдөхөд маш их ганцаардлыг мэдэрдэг. Нөхөр маань 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Гар дээр 971.200 төгрөгийг бэлэн авдаг байсан. Үүнийг 3 ам бүлд хуваагаад нэг хүнд 323.733 төгрөг оногдож байна. Охин маань тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 251.000 төгрөг авдаг. Энэ нь цалингийн ногдох хэсгийг хасч тооцвол зөрүү болох 72.730 төгрөг гарч байна. Үүнийг охиноо 18 нас хүртэл бодоход нийт 14.837.600 төгрөг нэхэмжилж байна. Мөн манай талийгаач нөхөр ажлаа хийгээд ар гэрээ тэжээдэг байсан, амьд ахуйдаа байрны төлбөрт нийт 20 сая төгрөг төлсөн. Одоо бэлнээр 53 сая төгрөг үлдсэн байгаа ингээд нийт 67.837.600 төгрөгийг Билэгдэл Ж.М нараас хувааж төлүүлэх саналтай байна” гэв.

Иргэний хариуцагч Ц.Билэгдэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрүүлжүүлэхээс гараад найзынхаа ажил явдал дээр очоод картанд байсан 2 сая төгрөгөө өгсөн. Энэ машин нь миний машин байсан гэхдээ би найз Ж.Мгаас мөнгө нэхэмжлээгүй. Машинаа буцаан авах боломжгүй байсан болохоор 2.850.000 төгрөгөө сэлбэг авдаг ченжид зарсан. Нийт 7.850.000 сая төгрөг талийгаачийн ар гэрт өгсөн. Бас хүүхдийн эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг өгсөн. Энэ хэрэгт одоо болтол харамсаад барахгүй байна. Талийгаач бид 2 сайн найзууд байсан. Батбаяр маш сайн залуу, үнэнч шударга залуу байсан. Ж.Мгийн хувьд бас сайн залуу, анх их сургуульд ороод танилцаад найзалсан. Тэгээд талийгаач бид хоёрын хувьд барилгын инженерийн сургуульд ороод төгсөөд сайхан найзалж байсан. Батбаяр бид хоёр Жандоостай хамт нэг газар ажиллаад явж байсан. Энэ уулзалт нь ямар нэгэн байдлаар бие биендээ хар буруу санаагүй уулзалт байсан. Энэ хэрэгт маш их харамсаж байна. Хохирогчоос гаргасан нэхэмжлэлийг миний хувьд өөрөө байрны зээлтэй цалингийн зээлтэй тул энэ төлөх санхүүгийн чадамжгүй байна” гэв.

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг осол нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж Офицеруудын ордоны тойрог Офицер автоугаалгын хойд засмал замд болсон байлаа. Уг зам асфальтан, шулуун тэгш, хальтиргаатай, суурингийн доторхи үзэгдэх орчин чөлөөтэй. “...6 эгнээтэй тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй байлаа. “...хэрэг осол болсон гэх газар очиход уг зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруун чигт явах урсгалд Т.Приус-20 маркийн 79-22 УНЯ дугаарын автомашин зүүн чигт харан баруун чигт явсан Т.Веросса маркийн 82-08 УБР дугаарын автомашинтай урд хэсгээрээ мөргөлдсөн байдалтай, уг Т.Веросса автомашин нь хойд хэсгээрээ Т.Приус-11 маркийн 76-76 УНЭ дугаарын автомашинтай мөргөлдсөн байдалтай, Веросса, Приус-11 автомашинууд ертөнцийн зүгээр баруун чигт харсан байрлалтай зогсож байлаа.” гэх дүгнэлт. /хх-49/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Ц.Батбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 10.00 цагийн үед ажилдаа явлаа гээд гэрээсээ ажлынхаа хүнтэй утсаар яриад гарсан. Тэгээд би гэртээ байж байхдаа 13.44 минутын үед нөхөр рүүгээ яриад байр хөлслүүлж байсан охин матраасаа авах гэж ирсэнийг нөхөртэй энэ талаар тайлбалах гэж ярьсан. Тэгэхэд эрүүл зүгээр ажил дээрээ байна гэж ярьж байсан. Тэгээд дараа нь 18.25 минутанд нөхөр рүүгээ ирж байна уу ажил нь тарсан уу гэж залгахад ажил тарсаан. Жандосын гэрийн гадаа Билэгдэл, Жандос бид 3 уулзаад сууж байнаа гэхээр нь хэзээ ирэх юм бэ гэхэд 2-3 цагийн дараа очно гэсэн. Тэгэхэд эрүүл байх шиг байсан. Тэгээд тайвшраад байж байтал 20.53 минутын орчим нөхөр рүүгээ өөрийнхөө 9915**** дугаараас нөхрийнхөө 9910**** дугаар луу залгаад ирж байна уу гэхэд нилээн халамцуу яриад Билэгдэлийг хүргэж өгөх гээд явж байнаа тэгээд очно гэсэн. “...Тэгтэл 22 цагийн орчим хадам аав Цогтбаярын утас дугарсан. Тэгээд хадам аав авсан. Тэгтэл танай хүүхэд чинь осолд орсон маш хүнд байна шүү хурдан ир гэж хэлсэн. “...Ж.М маш их гомдолтой байна...” гэх дүгнэлт. /хх98-100/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны 21 цаг 05 минутын орчим хувийн Т.Веросса маркийн 82-08 УБР дугаарын машиныг жолоодон хүү Ганбаганыг жолоочийн арын суудалд суулгаад гэр рүүгээ харихаар офицеруудын ордны тойргийн зүүн талын Улаанхуарангийн зам талаас тойрог руу орохоор зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр явж байтал тойргийн урд талаас Т.Приус маркийн машин маш хурдтайгаар урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн тэгээд миний машины урд талаас мөргөсөн. Тэгтэл машин хойшоо түлхэгдээд арынхаа машиныг мөргөөд зогссон. “...би машинаас буугаад хойд хаалгаа онгойлгоод хүүгээ хартал суудал дээр хамраас нь цус гарчихсан зүүн нүдний доор хавдчихсан байдалтай хэвтэж байхаар нь хөдөлгөлгүй орхиод хаалгаа хаасан. “...хүү Ганбаганы эмчилгээ, шинжилгээний зардалд 1.200.000 төгрөг гарсан. Жолоочид санал гомдолгүй, Ж.М, Билэгдэл нар хохирлыг бүрэн барагдуулж нийт 7.400.000 төгрөг өгсөн учир надад цаашид санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт. /хх88-94/,

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны 19.00 цагийн орчим өөрийн хувийн Т.Приус маркийн 76-76 УНЭ дугаарын машиныг жолоодон халтвар хийгээд явж байхад Баянзүрх дүүргийн хойд талын замаар нэг эмэгтэй гар өргөхөөр нь авсан. “...Тэгтэл 16 дугаар хороолол орно гэсэн тэгээд замдаа явж байтал тэр эмэгтэй ганц ганц пиво ууя гэсэн. Тэгэхээр нь би Шархадны Эрдэнэ-Толгойд эгчийнхээ гэрийн гадаа очоод багын найз Цэвэгмидийг утсаар дуудсан. Тэгээд найз Цэвэгмид ирэхээр нь хамтдаа дэлгүүр ороод 4 шил Нийслэл пиво аваад би машинаа найз Цэвэгмидэд бариулахаар шилжүүлсэн. Тэгээд би арын суудалд тэр эмэгтэйн хамт суугаад 4 шил пиво уусан. Тэгээд дүүргийн тэнд караокед орохоор 21.00 цагийн орчим өөрийн хувийн Т.Приус-11 маркийн 76-76 УНЭ дугаарын машиныг найз Цэвэгмидээр жолоодуулаад офицеруудын ордны тойргийн зүүн талын Улаанхуарангийн замаас тойрог луу орох гээд зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр явж байтал найз Цэвэгмид огцом тоормоз гишгэсэн. Тэгтэл урд явсан Т.Веросса маркийн машин түлхэгдэж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд зогсонгуут нь би машины зүүн хойд хаалгаар буугаад хартал Т.Веросса машиныг Т.Приус-20 машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн байсан. “...Ж.М миний машины үнэлгээний дүн бусад баримттай танилцаад бэлнээр 850.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан, миний машины хохирол бүрэн төлөгдсөн, жолооч Ж.М санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг. /хх104-107/,

Иргэний хариуцагч Ц.Билэгдэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны 16 дугаар хороо, Офицеруудын ордны тойргийн зүүн талын замд амины Т.Приус-20 маркийн 79-22 УНЯ дугаарын машиныг жолоодон /найз талийгаач Батбаярын хамт/ найз Жандосын гэрийн гадаа буюу Натур төвийн урд Шинэ Монгол сургуулийн баруун талын Хиймор-13 хотхоны гадаа зогсоол дээр очоод Жандос руу ярихад машины тос солиулж байна арай очих болоогүй байна гэхэр нь тэдний хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн Соёрхол архи, Панчи 0.5 литрийн 4 ширхэг ундаа аваад машин дотроо найз Батбаярын хамт 0.75 литрийн архийг хувааж уучихаад найз Ж.М руу хэн залгасныг мэдэхгүй Ж.Мг дуудсан. Тэгээд Ж.М дөхөж ирээд газраа олохгүй байна гээд залгахаар нь машинаа унтрааж орхиод найз Батбаярын хамт алхаж яваад Ж.Мтай уулзаад буцаад нөгөө дэлгүүрээсээ 0.75 литрийн 1 шил Соёрхол архи аваад машиндаа гурвуулаа суугаад архи хувааж уугаад дуусаагүй байхад найз Жандос 19.00 цагийн орчим ирсэн. “...Удалгүй найз Жандос яваад өгсөн. Тэгээд үлдээд гурвуулаа архиа ууж дуусаад би хойд суудлаас урд суудалд суусан. Батбаяр хойноо сууж байсан. Ж.М миний Т.Приус-20 маркийн 79-22 УНЯ дугаарын машиныг бариад намайг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд ойролцоогоор 21.00 цагийн орчим Офицеруудын ордны тойргоор баруунаас зүүн тийш явж байгаад Улаанхуарангийн зам руу орох гэж байгаад урсгал сөрөөд өөдөөс ирж явсан жижиг машинтай мөргөлдөөд түс хийсэн, бусдад учирсан хохирлыг Ж.Мгийн хамт төлж барагдуулна, би найз Батбаярын буяны ажилд ар гэрт очоод өөрийн сэтгэлээр 2.000.000 төгрөг өгч туслалцаа үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх123-127/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №2387 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд:

“...Талийгаач Ц.Батбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 2,3-р нугалмын шүдлэг сэртэн, 2 талын нум салсан хугарал, хүзүүний 2,3-р нугалмын их бие шагагдаж бяцарсан хугарал, 2,3-р нугалмын хоорондуур салсан хугарал, нугас тасрал, хүзүүний 2,3-р нугалмын булчингийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Задлан шинжилгээгээр талийгаач Ц.Батбаяр нь үхэлд хүргэх архаг өвчингүй байна. Талийгаач Ц.Батбаяр нь дээрх оношинд дурьдсан хүзүүний нугаламуудын хугарал, нугас тасрал гэмтлүүдийн улмаас нас баржээ…” гэх дүгнэлт /хх178-179/,

Шинжээч эмч Т.Амартүвшингийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №15021 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд:

“С.Ганбаганы биед тархи доргилт, зүүн гайморовын хөндийн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамарт зулгаралт, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-185/,

Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №678 дугаартай техникийн дүгнэлт: “...Тоёота Приус-20 маркийн 79-22 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Ж.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн, “...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.4-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Веросса маркийн 82-08 УБР улсын дугаартай автомашины жолооч П.Энхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Приус-11 маркийн 76-76 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Ж.Цэвэгмид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх230-231/,

Нас барсны гэрчилгээ /хх-7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх54-69/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-53/, камерын бичлэг /хх-78/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-79/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Энхтуяагийн мэдүүлэг /хх89-93/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх96-100/, иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хх103-106/, иргэний хариуцагч Ц.Билэгдэлийн мэдүүлэг /хх122-127/,  гэрч Ж.Цэвэгмидийн мэдүүлэг /хх128-129/, гэрч М.Эрдэнэбатын мэдүүлэг /хх135-137/, гэрч М.Жандосын мэдүүлэг /хх139-141/, гэрч Ц.Бахархалын мэдүүлэг /хх143-146/, гэрч Н.Хэрлэнбаярын мэдүүлэг /хх147-149/, шинжээчийн №6598 дугаартай дүгнэлт /хх201-206/, шинжээчийн №6593 дугаартай дүгнэлт /хх208-212/, шинжээчийн №6592 дугаартай дүгнэлт /хх214-218/, шинжээчийн №6551 дугаартай дүгнэлт /хх219-228/, Замын цагдаагийн албаны шинжээчийн №378 дугаартай дүгнэлт /хх230-231/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ж.Мнь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны оройн 21 цаг 15 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордоны зүүн замд Ц.Билэгдэлийн эзэмшлийн Toyota Prius маркийн 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.4-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас П.Энхтуяагийн жолоодож явсан Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай, Ж.Цэвэгмидийн жолоодож явсан Toyota Prius-11 маркийн 76-76 УНЭ улсын дугаартай автомашинуудыг мөргөж, уг ослын улмаас Toyota Prius маркийн 79-22 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ц.Батбаярын амь нас хохирч, Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч /8 настай, эрэгтэй/ С.Ганбаганы эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч П.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн, Toyota Verossa маркийн 82-08 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 4.905.000 мянган төгрөгийн, Toyota Prius-11 маркийн 76-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 628.000 мянган төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч П.Энхтуяагийн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны 21 цаг 05 минутын орчим хувийн Т.Веросса маркийн 82-08 УБР дугаарын машиныг жолоодон хүү Ганбаганыг жолоочийн арын суудалд суулгаад гэр лүүгээ харихаар офицеруудын ордоны тойргийн зүүн талын Улаанхуарангийн зам талаас тойрог руу орохоор зүүнээс баруун тийш 2 дугаар эшээгээр явж байтал тойргийн урд талаас Т.Приус маркийн машин маш хурдтайгаар урсгал сөрөөд өөдөөс ороод ирсэн, тэгээд миний машины урд талаас мөргөсөн. Тэгтэл машин хойшоо түлхэгдээд арынхаа машиныг мөргөөд зогссон. “...би машинаас буугаад хойд хаалгаа онгойлгоод хүүгээ хартал суудал дээр хамраас нь цус гарчихсан зүүн нүдний доор хавдчихсан байдалтай хэвтэж байхаар нь хөдөлгөлгүй орхиод хаалгаа хаасан…” гэх мэдүүлэг,

 Иргэний хариуцагч Ц.Билэгдэлийн: “...Удалгүй найз Жандос яваад өгсөн. Тэгээд үлдээд гурвуулаа архиа ууж дуусаад би хойд суудлаас урд суудалд суусан. Батбаяр хойноо сууж байсан. Ж.М миний Т.Приус-20 маркийн 79-22 УНЯ дугаарын машиныг бариад намайг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд ойролцоогоор 21.00 цагийн орчим Офицеруудын ордоны тойргоор баруунаас зүүн тийш явж байгаад Улаанхуарангийн зам руу орох гэж байгаад урсгал сөрөөд өөдөөс ирж явсан жижиг машинтай мөргөлдөөд түс хийсэн…” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэний: “...Тэгээд дүүргийн тэнд караокед орохоор 21.00 цагийн орчим өөрийн хувийн Т.Приус 11 маркийн 76-76 УНЭ дугаарын машиныг найз Цэвэгмидээр жолоодуулаад офицеруудын ордны тойргийн зүүн талын Улаанхуарангийн замаас тойрог руу орох гээд зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр явж байтал найз Цэвэгмид огцом тоормоз гишгэсэн. Тэгтэл урд явсан Т.Веросса маркийн машин түлхэгдэж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгээд зогсонгуут нь би машины зүүн хойд хаалгаар буугаад хартал Т.Веросса машиныг Т.Приус-20 машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн байсан…” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Ж.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.М нь С.Ганбагана болон П.Энхтуяа, Иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ нарын хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн болохыг дурьдав.

Шүүгдэгч Ж.М нь талийгаачийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь  оршуулгын зардлыг авсан гэж мэдүүлсэн болно.

  • арин хохирогчийн хууль ёсны төөлөгч Б.Отгонцэцэг нь гэм хорын хохирол болон насанд хүрээгүй охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 14.837.600 төгрөг, орон сууцны зээлийн төлбөр гэж 53 сая төгрөг, нийт 67.837.600 төгрөгийг гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас нэхэмжилсэн болно.

Шүүх талийгаач Ц.Батбаярын охин Б.Ирмүүнбилэгийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү болох 14.837.600 төгрөгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэгийн хавтаст хэргийн 11-24 дүгээр талд гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл, талийгаач Ц.Батбаярын ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанаас зөрүүтэй гарчээ. Иймд хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь дээрх нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох Ж.М, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний журмаар жич эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал ба хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.Ж.М ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О овогт Ж.М г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Ж.Мгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Ж.М оногдуулсан тээврийн хэрэсэгл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
  5. Энэ хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Ганбагана, П.Энхтуяа, иргэний нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Хэрэгт хураагдан ирсэн Ж.М-н В ангиллын №798007 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад  шилжүүлсүгэй.
  7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонцэцэг нь гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд, иргэний хариуцагч Ц.Билэгдэл нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.М цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР