| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430002720305 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
2025 02 12 2025/ДШМ/06
*******т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
орлогч прокурор Б.Батнасан,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах (цахимаар),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2430002720305 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2006 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Хан-Уул хорооллын 8-3 тоотод оршин суух хаягтай, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, оногдуулсан ялаас чөлөөлөгдөж байсан, ******* овогт ******* (РД: *******),
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт, "Дээж" худалдааны төвийн урд талд хохирогч ******* виза карт, гар утас, иргэний үнэмлэх, түлхүүр бүхий гар цүнхийг булаан авч, бусдад 371,600 төгрөгийн хохирол учруулсан буюу дээрэмдэх,
мөн 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дахь "Ганган маркет", "Шарга" зоогийн газруудаар үйлчлүүлэхдээ хохирогч ******* эзэмшлийн виза картаар тооцоо хийж, 29,000 төгрөгийг хоол болон бараа үйлчилгээ авахад зарцуулсан, Хаан банкны автомат төгрөгийн машинд уг виза картыг уншуулж, 1,300,000 төгрөгийг бэлнээр авч, бусдад нийт 1,329,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгчийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч *******т энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар, шүүгдэгч хохирогч ******* учирсан хохирлыг нөхөн төлсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Миний зүгээс буруу зүйл хийж, амар хялбар аргаар мөнгө олж, хохирогчид хохирол учруулсан буруутай үйлдлээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасанд нийцээгүй байна. ******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, албан ёсоор оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд нийцээгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц байхад миний үйлчлүүлэгчид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэжээ.
7.Орлогч прокурор Б.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. ******* нь хохирогч ******* “картаас мөнгө аваад өгөөч” гэж гуйсны дагуу түүнд мөнгийг нь авч өгөхдөө банкны картын нууц дугаарыг мэдэж авснаас улбаалан гэмт хэрэг үйлдэх сэдэлт төрж, хохирогчийг дэлгүүр ороод гарч ирэх хүртэл гадаа хүлээж, араас нь дагаж яваад гар цүнхийг нь дээрэмдсэн. Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд өмнө нь залилах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан. Дээрэмдэх гэмт хэргийн улмаас 371,600 төгрөгийн хохирол, хулгайлах гэмт хэргийн улмаас 1,329,000 төгрөг, нийт 1,700,600 төгрөгийн хохирол учирсан. *******ын гэм буруутайд тооцогдсон дээрэмдэх болон хулгайлах гэмт хэргүүд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд бөгөөд аль аль нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэгдсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч *******т хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримт, нөхцөл байдалд тохирсон байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Иймд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ц.Нармандах нараас гаргасан гомдлууд нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 6 сар болгон өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
10. Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт, "Дээж" худалдааны төвийн урд талд хохирогч ******* виза карт, гар утас, иргэний үнэмлэх, түлхүүр бүхий гар цүнхийг булаан авч, 371,600 төгрөгийн хохирол учруулсан буюу дээрэмдэх,
мөн 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дахь "Ганган маркет", "Шарга" зоогийн газруудаар үйлчлүүлэхдээ хохирогч ******* эзэмшлийн виза картаар тооцоо хийж, 29,000 төгрөгийг хоол болон бараа үйлчилгээ авахад зарцуулсан, Хаан банкны автомат төгрөгийн машинд уг виза картыг уншуулж, 1,300,000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1,329,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Үүнд:
10.1.Яллагдагч *******ын “Би 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад “Дээж” худалдааны төвийн Хаан банкны АТМ-д утсаа цэнэглэж байсан. Л.Буянцэцэг эмээ тус АТМ-д орж ирээд надад хаан банкныхаа виза картыг өгөөд нууц дугаараа хэлээд 200,000 төгрөг аваад өгөөч гэхээр нь мөнгийг нь авч өгөхөд гараад явсан. Тэгэхээр нь Л.Буянцэцэг эмээгийн араас нь дагаад явахад Далайбулаг дэлгүүр рүү орсон. Тухайн дэлгүүрийн гадаа хэсэг хугацаанд хүлээж байхад удалгүй гарч ирээд зам хөндлөн урагшаа гарч “Жаахан шарга” театрын зүг рүү явахаар нь араас нь дагаад явсан. Л.Буянцэцэг эмээг театрын хойд талд явж байхад араас нь гүйж очоод баруун талын мөрөнд нь байсан гар цүнхийг нь булааж аваад зугтаасан. Тэгээд дэлгүүрт ороод эхлээд 12.000 төгрөгөөр, дараа нь 17.000 төгрөгөөр юм худалдан авсан. Тэгээд би АТМ-д картыг нь хийгээд 1.300.000 төгрөгийг авч гараад Дорнод аймаг руу явах гээд авто тээврийн төвийн гадаа очоод таксинд суух гэж байгаад цагдаад баригдсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хх 90-91, 95-98),
10.2.Хохирогч ******* “Би 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Дээж” худалдааны төвийн зүүн талд байх Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар 11 цагийн үед очсон. АТМ-ын хажууд зогсож байсан үл таних эрэгтэй хүнд виза картаа өгч, нууц үгээ хэлээд 200,000 төгрөг авхуулсан юм. Тэгээд би “Далай булаг” дэлгүүр ороод гэр рүүгээ алхаж байхад АТМ-ээс мөнгө авч өгсөн эрэгтэй миний мөрөндөө үүрч байсан гар цүнхийг араас татаж, аваад зугтаасан. Миний виза картаас гурван удаагийн гүйлгээгээр нийт 1,329,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний цүнхэнд ягаан өнгийн түрийвч, бэлнээр 200,000 төгрөг, иргэний үнэмлэх, өндөр настны үнэмлэх, виза карт, гэрийн түлхүүр, Samsung A14 маркийн хар өнгийн гар утас зэрэг байсан. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг (хх 33-35, 39-40),
10.3.Гэрч “Манай аав, ээж хоёр биднийг бага байхад салсан учраас дүү Батбаатар маань эмээ Д.Саранчимэг, ээж хоёрын хооронд ирэн очоотой амьдарч байсан. Дүү ******* нь 9 дүгээр ангиа төгсөөд Дорнод аймгийн политехникийн коллежид элсэн орсон боловч удаагүй сургуулиасаа гарсан. Тус сургуульд суралцаж байхдаа болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж, хэрэгт холбогдож байсан.” гэх мэдүүлэг (хх 42-43),
10.4.Хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт (хх 49-56),
10.5.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд (хх 7-8) ,
10.6.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд (хх 13-19),
10.7. Хохирогч ******* дансны хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх 21-23),
10.8. АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 26),
10.9. Хохирогч ******* 250.000 төгрөг шилжүүлсэн баримт ( хх 121) зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
11.Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (хх 99-115)
12.Шүүгдэгч *******ын дээр дурдсан үйлдэл бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
13.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нараас “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан.
14.Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцсэн гэж дүгнээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 63 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
О.БААТАРСҮХ