2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08664

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,   тоотод оршин суух, С овогт ц Т /РД: /,

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг,   тоотод оршин суух, М овогт Ч Д /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоотод оршин суух, Ж овогт Т Д /РД: /-д холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Дд шилжүүлсэн ГХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгч Ц.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Т.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Г, Б.Э, Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, түүний өмгөөлөгч Ж.М/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нар нь хариуцагч Т.Дд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Дд шилжүүлсэн ГХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, нийт ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Ц.Т, Ч.Д бид өөрсдийн төрсөн охин болох Т.Дд 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Т нь ГХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Д нь ГХК-ийн 80 935 ширхэг хувьцаа, нийт 242,803 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгон үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг. Гэтэл бидний охин болох Т.Д нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ГХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж эхэлсэн билээ. Тэрээр өөрийн төрсөн дүү болох Т.Бтэй ГХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэж, улмаар түүнийг шантаажилсан үйлдэл гаргаж байсан. Мөн өөрийн төрсөн эцэг, эх болох Ц.Т болон Ч.Д бид хоёртой мөн адил ГХК-ийн хувьцаатай холбоотой маргаан үүсгэсэн бөгөөд янз бүрийн аргаар шантаажилж, сэтгэл санааны хувьд дарамтад оруулж, ноцтой гомдоох үйлдлийг удаа дараа гаргасаар ирсэн. Т.Д нь насанд хүрсэн хүний хувьд төлөвшөөгүй бөгөөд өөрийн төрсөн хүүхдүүдийн сургалтын төлбөр, мөн өөрийн хэрэгцээнд хэрэглэх мөнгө зэргийг удаа дараа эцэг, эхээсээ нэхэж дарамт учруулж, сэтгэл санааны хувьд байнгын тогтворгүй байдалд оруулдаг. Бид төрсөн эцэг, эхийн хувьд ач, зээ нарынхаа сургалтын төлбөр болон нэхсэн мөнгийг нь өгдөг байсан хэдий ч үүнийгээ цэвэр бидний заавал биелүүлэх ёстой үүрэг мэтээр хэлж, мөнгө нэхэж, удаа дараа биднийг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, ноцтой гомдоосоор ирсэн ч бидний хувьд төрсөн охин минь болохоор өдийг хүртэл тэвчсээр ирсэн. Дээрх асуудлуудаас үүдэн манай гэр бүлийн дотоод уур амьсгал эрс муудаж, хоорондоо таарамжгүй харилцаатай болох зэрэг асуудал үүссээр ирсэн. Т.Д нь өөрийн төрсөн дүү, эцэг, эх нартайгаа мөнгөнөөс болж удаа дараа маргаан үүсгэж, шантаажлан мөнгө нэхэж дарамталдаг зэрэг үйлдлүүд нь биднийг маш ноцтойгоор гомдоосоор байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн бол бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Иймд Т.Дгийн хувьд дээр дурдсанчлан гэр бүлээ шантаажилж байнга мөнгө нэхэх, хувьцаатай холбоотой маргаан үүсгэж биднийг удаа дараа ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 161,868 ширхэг хувьцаа, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу буюу бэлэг болгож үнэ төлбөргүй шилжүүлсэн ГХК-ийн 80,935 ширхэг хувьцаа, нийт Т.Дд шилжүүлсэн ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Т.Дг амьдрах орон сууц, суралцах сургууль, ажил сонгох зэрэгт нь бид ямар ч нөхцөл, хязгаар шаардаагүй бүх сургалтын болон амьжиргааны зардлыг нь гаргасан. Т.Д хоёр ч их сургуулийг АНУ-д төгсөж санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад олон улсын банкинд ажил хийж байсан. Гэр бүлээрээ ярилцаж Т.Д нь өөрийнхөө хувьцааг дүү Т.Бэд шилжүүлэхийг зөвшөөрөөд төлбөрт нь 400,000 ам долларыг авсан. Гэтэл энэ талаар Т.Д нь огт мэдээгүй, би тухайн итгэмжлэлүүдийг хийлгэж байгаагүй гэж шүүх, хуулийн байгууллагуудад худал мэдээлэл өгсөөр ирсэн.

2023 оны 9 сард Ч.Д нь хүү Т.Бийг эргэхээр Англи явсан бөгөөд явах хооронд Т.Д гэрээсээ нүүгээд өөр байранд орсон байсан. Улмаар англиас ирээд удаагүй байтал Майзориг гэдэг хүнээс 2023 оны 09 сарын 29-ний өдөр шаардах хуудас Т.Бийн майл хаягт ирсэн. Ингээд Ц.Т, Т.Б, Ч.Д нар нь 2023 оны 09 сарын 29-ний өдөр анх удаа Т.Дгийн гаргаж байгаа маргааныг мэдсэн.

Шүүхэд цугласан баримтуудаас үзэхэд Т.Д нь эцэг эхдээ огт хэлэлгүйгээр нотлох баримтууд цуглуулж байсан болох нь харагдсан. Үүнээс дурдвал Үнэт цаас, төвлөрсөн хадгаламжийн төвийн харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг 2023 оны 8 сард гаргуулж авсан байсан. Мөн хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтыг 2023.09.01-ний өдөр, хаан банкны дансны хуулга 2023.09.13-ны өдөр тус тус авсныг Монголын нотариатчидын танхимд гаргаж өгсөн баримтуудын он сараас харж мэдээд маш их гомдсон. Т.Д нь эцэг, эхтэйгээ бүх холбоогоо таслаад ээж, аав нартайгаа хөндлөнгийн хүнээр дамжуулж харьцаж байгаа. Ийнхүү гэр бүл дотор мөнгө, хувьцаа, нэхэмжлэл шүүхийн талаар л ярьдаг болсон.

Ц.Т, Ч.Д хоёр компанийнхаа хувьцааг 1998 оноос хойш 27 жилийн турш хувьцааг ширхэг ширхгээр худалдан авч цуглуулахдаа Т.Дгийн ямар ч оролцоо дэмжлэггүй цуглуулсан байдаг. Бидний хувьд Т.Дтай учраа олох байх гэж найдан /2023.09.29-ний өдрөөс 2023.10.17-ны өдрийн хооронд/ хуульчаар нь дамжуулан харилцаж байсан хэдий ч Т.Д нь аль хэдийн шүүхэд хандсан байсан.

Үүний дараа буюу 2024.06.09-ний өдөр Т.Д нь гадаад руу амьдрахаар явсан Хувьцаагаа буцаан өөрийн нэр дээр шилжүүлж аваад Т.Дг эцэг, эхтэйгээ уулзах болов уу гэж хүлээж байсан боловч Т.Д 2024.06.07-ны өдөр Э.Туул, П.Ганбаяр нарт итгэмжлэл үлдээгээд эцэг, эхтэйгээ огт уулзалгүйгээр гадаад руу явсан байсан.

Хувьцааны маргааныг 2023 оиы 09 сард эхлүүлсэн Т.Д нь Монголд амьдарч байж, шүүхэд 3 удаа хүсэлт гаргаж, нотариатчидын танхимд 2 удаа гомдлыг тус тус гаргаж их хичээсэн байж ээж, аав хоёртойгоо уулзахаар ганц ч ирээгүй, холбоо бариагүй. Аав, ээж хоёртойгоо уулзалгүйгээр гадаад руу яваад өгсөн.

Уг нь бид Т.Дг хувьцаагаа авсныхаа дараа бидэнтэй уулзаж гэр бүл дотор хэвийн харьцааг сэргээх болов уу гэж найдаж хүлээж байсан. Эсрэгээрээ Т.Дгийн хувьцаа эзэмших хүсэл нь биелсэн байж ээж, аав хоёртойгоо хэвийн харилцаа тогтоохын оронд мөнгөний маргааныг үргэлжлүүлэхээр итгэмжлэл үлдээсэн. Т.Дгийн итгэмжлэлээс бид энэхүү хувьцаатай холбоотой маргааныг үүгээр дуусахгүй гэж ойлгосон. Үүнд их гомдсон. Т.Дгийн үлдээсэн итгэмжлэлийн утгыг маш хүндээр хүлээж авсан. Тус итгэмжлэлээс дурдвал: хохирол нэхэмжлэх .... ногдол ашиг нэхэмжлэх.... олох байсан орлого, хохирол нэхэмжлэх, ГХК-д гомдол гаргах....; Санхүүгийн зохицуулах хороо, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд, хөрөнгийн биржид гомдол, нэхэмжлэл гаргах; Шүүхэд хүсэлт, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах; Цагдаагийн байгууллагад гомдол гэх зэрэг бүхий л эрхийг олгосон 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг бид хүлээж авсан.

Энэхүү итгэмжлэлээс бид компани болон бид нарыг Т.Д нь үргэлжлүүлэн шүүх, цагдаагийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах замаар ээж, аав нарыгаа зовоох юм байна гэж ойлгосон. Мөн ГХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т нь Хувьцааг компанитай холбоотой бүхий л байгууллагад иэр төрөө алдах болно.

2024 оны 06 сард бид ажилчдаас 2023 оны 09 сард Т.Д компани дээр ирэхдээ ээж, аав нарыгаа яаж нэр төрийг нь гутааж, доромжилсныг мэдэж авсан. Энэ талаар сонсоод эцэг, эхийн хувьд маш ихээр цочирдож хүлээж авсан байдаг.

Т.Дг Монголд ирсэн эсхүл ирээгүйг, мөн хаана байгааг ч мэдэхгүй байсан. Ээж, аавтайгаа ямар ч холбоогүй болсон тул бид охиндоо хаягджээ гэж ойлгосон. Их ч уйлсан, маш хэцүү байдалд орсон.

Мөн албан тоот, шаардлагуудын хувийг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн байсан. Эцэг, эхээсээ болон шүүхээс зугтсаар байж компани, ТУЗ, ТУЗ-ын дарга, СЗХ. МХБ, ҮЦТХТ-д шаардлага бичгээр хүргүүлэхдээ хувьцаа хууль бусаар шилжсэн гэж дахин дахин бичээд аав Ц.Тийн нэр төрийг маш их гутаасан.

Мөн аавынхаа эрүүл мэндийн талаар асуух байтугай мөнгөөр шинэ нүд худалдаж аваад тавьчих, аавд өвчин нь бол үйлийн үр нь гэж доромжилдог болсон. Энэ олон үйл явдлаас болоод Ц.Т болон Ч.Д нарыг сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсныг сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлснээр тогтоолгосон. Хэрэгт авагдсан баримтууд болон дээр дурдсанчлан Ц.Т, Ч.Д нар нь Т.Дд маш ноцтой гомдсон билээ.

Т.Д нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ГХК болон Ц.Тт холбогдуулан хувьцааны ногдол ашиг 599,723,410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүгээр эцэг, эхээсээ үргэлжлүүлэн мөнгө нэхэж эцгийгээ өрөнд оруулснаар санхүүгийн дарамтыг бий болгосон.

Ийнхүү Т.Д нь эцэг Ц.Тийн эрүүл мэндийн талаар маш сайн мэдэж байгаа хэр нь дээр дурдсан үйлдлүүдийг гаргаж маш их стрессдүүлж, гомдоож байгаа нь эцэг, эхийнхээ эрүүл мэндийг огт боддоггүй гэж ойлгоход хүрч байна. Дээрх зүйлүүдээс болж Ц.Т, Ч.Д нарын сэтгэл санаа тогтворгүй болж, стрессдснээр сэтгэл зүйч эмчид очиж үзүүлж зөвлөгөө авдаг болоход хүргэсэн. Эцэг, эхийн хувьд одоо сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болж хоцорч байна. Өөрсдийн төрсөн үр хүүхэд нь эцэг, эхийгээ ийм байдалд ортол нь ноцтой гомдоож гэр бүл гэх халуун дулаан байх ёстой харилцаагаа тасалж байгаад нь бид үнэхээр эмзэглэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Т.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т хариу тайлбартаа: Хариуцагч Т.Д ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд энэ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд бүртгэлтэй байдаг. Хариуцагч нь 2000 оноос хойш гадаад улсад байнга оршин суудаг байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирээд Хаан банкнаас үйлчилгээ авахтай холбоотойгоор өөрийн орлогын эх үүсвэрийг нотлохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансны хуулгаа авах үедээ хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан ГХК-ийн хувьцаа бусдад шилжсэн болохыг олж мэдсэн. Тодруулбал, хариуцагчийн эзэмшдэг ГХК-ийн 242,803 ширхэг хувьцаа нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Итгэмжлэл, 2018 оны 02-р сарын 12-ны өдөр 37 тоот Эвлэрлийн гэрээ-г үндэслэн бусад этгээд рүү 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шилжсэн байсан. Гэвч ийнхүү хувьцаа шилжсэн талаар хариуцагч огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй буюу тэрээр 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2018 оны 7 дугаар сарьга 24-нд буцаж ирсэн бөгөөд хариуцагчийг Монгол Улсад байхгүй байх хугацаанд зээлийн гэрээ байгуулагдан, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр түүний нэрээр итгэмжлэл үйлдэж тэдгээрийг үндэслэн хариуцагчийн эзэмшлийн хувьцаа хууль бусаар бусдад шилжсэн байлаг. Улмаар Монголын Нотариатчидын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 12-р сарын 13-ны өдрийн 36 тоот Тогтоолоор тогтоолгосон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Хан-Уул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан асуудлыг 2024 оны 05-р сарын 14-ны өдрийн 183/Ш32024/11085 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү 2024 оны 6 дугаар сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны зохих бүртгэлийг зөвтгөн хийсэн болно. Хариуцагч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах нь түүнд Үндсэн Хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон онцгой бүрэн эрх бөгөөд шүүхээс зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалан сэргээн тогтоож буй хууль ёсны явдлыг, хариуцагчаас өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйлдлийг хэн нэгнийг ноцтой гомдоосон, эсхүл шантаачилсан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нар гомдох, тэдгээрийг Ноцтой гомдоох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч нарыг дарамталж, үүний дотор хүүхдийн сургалтын төлбөр төл гэх зэргээр ноцтой гомдоосон гэж буй тайлбар нь огтоос ор үндэсгүй болно. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар бусдад шилжсэн асуудлыг хүчингүй болгуулахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хуулийн дагуу авч эхэлсэн үеэс Т.Б өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан энэхүү хувьцааны маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, Та бүхэн ямар саналтай байна түүнийгээ бичиж ирүүлнэ үү гэдэг хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгчид 2023 оны 10 сарын 09-ны өдөр тавьсан байдаг. Уг хүсэлтийн дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс харилцан ярилцсаны үндсэн дээр Т.Бийн өмгөөлөгч Э.Билгүүнд хувьцааг хууль бусаар шилжүүлсэн асуудлаар эвлэрэл байгуулах тохиолдолд ямар нөхцөл санал болгохоо 2023 оны 10 сарын 11-ний өдөр Э.Билгүүн өмгөөлөгчид имэйлээр хүргүүлсэн. Ийнхүү хүргүүлсэн саналд хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал анх удаа яригдсан бөгөөд энэхүү асуудлыг уг саналаас өмнө, эсхүл хойно ярьж байгаагүй болно.

Бидний явуулсан эвлэрлийн нөхцөлийн саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрөх боломжгүй болохоо мэдэгдсэн тул энэ талаар дахин нэг ч удаа сөхөж яриагүй болно. Энэ бол талуудын хооронд байгуулах магадлалтай эвлэрлийн нөхцөлийг тохирох хэлэлцээрийн шатанд, мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нараар дамжуулан яригдсан асуудал бөгөөд энэ талаар хариуцагч нь нэхэмжлэгч нартай ямар нэг байдлаар амаар, эсхүл бичгээр харилцаж байгаагүй. Уулзаж байгаагүй. Бодит болсон үйл явдал, нөхцөл байдал ийм байхад энэхүү асуудлыг хөндөн ноцтой гомдоосон мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас анх 2023 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 2 асуудлыг ярьж байсан. Яагаад ноцтой гомдож байгаа гэхээр ГХХК-ийн хувьцааны асуудлаар төрсөн эгч дүүс нарын хооронд маргаан үүсгэж, шантаачилж байсан учраас гомдоод байна гэсэн. Мөн нэхэмжлэгч нарыг дарамталж, хүүхдийн сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа гэдэгт гомдсон гэдэг зүйл ярьж байсан бол өнөөдрийн шүүх хуралдаанд буюу давж заалдах шатны шүүхээс буцааж ирэх үед мянган үндэслэл бичиж, тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Анх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн татгалзлыг тайлбарлахад 2023 оны хэрэг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн маргаан. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нартай маргаан үүсгэсэн, шанталсан үйлдэл хэзээ ч гараагүй.

Надад олгосон итгэмжлэлийн хувьд санхүүгийн зохицуулах хороо, цагдаад хандах болон бусад боломжуудыг дурдсан байдаг. Тухайн эрхийг дурдах болсон шалтгаан нь Т.Д нь ихэнх хугацаанд гадаад улсад байдаг, мөн хууль зүйн мэдлэг дутуу, яах ёстойгоо мэдэхгүй байгаа учраас ямар ч байсан эхний удаа шаардлагатай бүх эрхийн хүрээнд итгэмжлэл хийж өгсөн. Эхэндээ нотариатчийн эсрэг гомдол гарган гэж бодож, яах ёстойгоо мэдэхгүй байсан учраас бүрэн эрхээ өгсөн. Гэхдээ уг эрхийн хүрээнд нэхэмжлэгч нартай холбоотой ямар нэгэн байдлаар цагдааг, шүүхэд хандсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо болон хөрөнгийн бирж руу албан тоот хүргүүлсэн гэж байна, ямар албан бичиг хүргүүлсэн гэхээр хавтас хэргийн 86 дугаар талд авагдсан ГХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Т.Б гэдэг хүн мэдээлэл хүсэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл 2003 оноос хойш уг компани ямар хувьцаа, ногдол ашиг тарааж байсан талаар мэдээлэл хүссэн албан бичгийг явуулж байсан. Түүнээс биш аав ээжийнхээ талаар ямар нэгэн зүйл огт дурдагдаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын дурдаж байгаа асуудал нь 2023 онд нотариатчийн сахилгын зөвлөл болон анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт байна. Шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримт учраас дахин дурдах шаардлагагүй. Хүн зөрчигдсөн эрхийг сэргийлэхээр шүүхэд хандаж, эрх ашгаа хамгаалж байхад баярлахын оронд гомдож байгаа нь өөрөө ойлгомжгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарт холбогдуулан ямар нэгэн шүүхийн болон цагдаагийн байгууллагад хандсан асуудал, хэрэг маргаан огт байхгүй. Харин хэрэгт авагдсан үзлэг хийлгэсэн баримтуудыг авч харахад нэхэмжлэгч тал зөвхөн өөрт нь хандаж хэлсэн үйл баримтыг л дурдаад байгаа болохоос хариуцагчид илгээсэн зурвасыг үзүүлээгүй. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Т.Дад гар хүргэж байсан, маш их гомдоож байсан талаар дурдсан байдаг. Хариуцагч яагаад эцэг эхтэй уулзахгүй байгаа гэхээр гэр бүлийн хүмүүс хариуцагчийн хүүхдүүдээ хашхирдаг, аав нь гар хүргэдэг зэрэг асуудлууд байдаг учраас уулзахыг хүсэхгүй байна гэдэг тайлбар гаргасан.

Ийм учраас хариуцагч бидэнд хандаж, хууль зүйн туслалцаа авч, өөрийнхөө эрх ашгийг хамгаалахыг хүссэн. Харин хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой тайлбар хэлэхэд, хүүхдийн сургалтын төлбөр нэхэмжилсэн зүйл огт байхгүй, анх шүүхэд энэхүү хэрэг маргаан үүсэх үед Т.Б гэдэг хүний өмгөөлөгч Б гэдэг хүн эвлэрэх нөхцөлийг хүрээнд харилцсан яриа хийсэн болохоос дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хариуцагчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хооронд 2024 оны 10 дугаар сард эвлэрэх үе шатанд яригдсан асуудал байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхэд 06 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгч нар ноцтой гомдсон асуудал байхгүй тул нэхэмжлэл гаргасан үеэс хойш бүх хамаагүй асуудлыг оруулж ирээд гомдсон гэдэг нь өөрөө үндэслэлгүй байна. гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.12.17-ны өдрийн албан бичиг, М ХК-ийн 2024.07.03-ны өдрийн 03/520 тоот албан бичиг, төлбөрийн даалгавар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.21-ний өдрийн 14283 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.09-ний өдрийн 17274 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.17-ны өдрийн 19898 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.30-ны өдрийн 20928 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 688 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн 5170 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.17-ний өдрийн 27935 дугаар захирамж, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа хариу, Хууль зүйн туслалцаа үзүүлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.12-ны өдрийн 18232 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.29-ний өдрийн 5069 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024.04.04-ний өдрийн 274 дугаар тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024.02.29-ний өдрийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.20-ны өдрийн 2268 дугаар захирамж, Мөнгөн шилжүүлгийн баримт, Гадаад төлбөрийн даалгавар, Мемориалын ордер, Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, Лавлагааны хариу, фото зураг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.08.15-ны 33739 дүгээр захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 11085 дугаар захирамж, Итгэмжлэл, MDSKhanx Мэдэгдэл хүргүүлэх тухай, ГХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т танаа Ногдол ашиг шаардах тухай, MDSKhanx Мэдээлэл хүсэх тухай, Эмнэлгийн гэрчилгээ, Сод мэд сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмчийн үзлэг, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн тодорхойлолт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Хувь эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаа, ГХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санал авах хуудас, ГХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, ГХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд Итгэмжлэл хүргүүлэх нь, 2025.03.31-ний өдрийн Итгэмжлэл, Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Шинжилгээний хариу, Нэмэлт тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар шүүгчийн захирамж, Хаан банк ХК-ийн 2024.12.27-ны өдрийн тодорхойлолт, зарлагын мэдүүлэг, MDSKhanlex-ийн мэдээлэл хүсэх тухай албан бичиг, ГХК-д гаргасан ногдол ашиг шаардах тухай албан бичиг, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.Дгийн өргөдөл, Үнэт цаасыг үнэ төлбөрийг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт, Ц.Тийн өргөдөл, Үнэт цаасыг үнэ төлбөрийг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт, Дансны дэлгэрэнгүй хуулга, MDSKhanx Гомдол гаргах тухай, Монгол нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн Хариу хүргүүлэх тухай, Нотариатчидын танхимын албан бичиг, Монголын нотариатчидын танхимд Гомдол гаргах тухай, Итгэмжлэл, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Тайлбар, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Бийн мэдүүлэг, Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.Мийн мэдүүлэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бид компанийнхаа хувьцааг 1998 оноос хойш 27 жилийн турш хувьцааг ширхэг ширхгээр худалдан авч цуглуулахдаа Т.Дгийн ямар ч оролцоо дэмжлэггүй цуглуулсан байдаг. Т.Дг хувьцаагаа буцаан авсныхаа дараа бидэнтэй уулзаж гэр бүл дотор хэвийн харьцааг сэргээх болов уу гэж найдаж хүлээж байсан. Эсрэгээрээ Т.Дгийн хувьцаа эзэмших хүсэл нь биелсэн байж ээж, аав хоёртойгоо хэвийн харилцаа тогтоохын оронд мөнгөний маргааныг үргэлжлүүлэхээр итгэмжлэл үлдээсэн. Т.Дгийн итгэмжлэлээс бид энэхүү хувьцаатай холбоотой маргааныг үүгээр дуусахгүй гэж ойлгосон. Үүнд их гомдсон. Энэхүү итгэмжлэлээс компани болон бид нарыг Т.Д нь үргэлжлүүлэн шүүх, цагдаагийн байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах замаар ээж, аав нарыгаа зовоох юм байна гэж ойлгосон. Мөн 2024 оны 06 сард бид ажилчдаас 2023 оны 09 сард Т.Д компани дээр ирэхдээ ээж, аав нарыгаа яаж нэр төрийг нь гутааж, доромжилсныг мэдэж авсан. Энэ талаар сонсоод эцэг, эхийн хувьд маш ихээр цочирдож хүлээж авсан байдаг. Ээж, аавтайгаа ямар ч холбоогүй болсон тул бид охиндоо хаягджээ гэж ойлгосон. Их ч уйлсан, маш хэцүү байдалд орсон. Мөн аавынхаа эрүүл мэндийн талаар асуух байтугай мөнгөөр шинэ нүд худалдаж аваад тавьчих, аавд өвчин нь бол үйлийн үр нь гэж доромжилдог болсон. Энэ олон үйл явдлаас болоод Ц.Т болон Ч.Д нарыг сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсныг сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлснээр тогтоолгосон. Хэрэгт авагдсан баримтууд болон дээр дурдсанчлан Ц.Т, Ч.Д нар нь Т.Дд маш ноцтой гомдсон тул бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, Т.Дд шилжүүлсэн ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч Т.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагчийн эзэмшдэг ГХК-ийн 242,803 ширхэг хувьцаа нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн Итгэмжлэл, 2018 оны 02-р сарын 12-ны өдөр 37 тоот Эвлэрлийн гэрээ-г үндэслэн бусад этгээд рүү 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр шилжсэн байсан. Гэвч ийнхүү хувьцаа шилжсэн талаар хариуцагч огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй буюу тэрээр 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2018 оны 7 дугаар сарын 24-нд буцаж ирсэн бөгөөд хариуцагчийг Монгол Улсад байхгүй байх хугацаанд зээлийн гэрээ байгуулагдан, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр түүний нэрээр итгэмжлэл үйлдэж тэдгээрийг үндэслэн хариуцагчийн эзэмшлийн хувьцаа хууль бусаар бусдад шилжсэн байдаг. Хан-Уул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн эзэмшлийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан асуудлыг 2024 оны 05-р сарын 14-ны өдрийн 183/Ш32024/11085 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү 2024 оны 6 дугаар сард Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны зохих бүртгэлийг зөвтгөн хийсэн болно. Нэхэмжлэгч нар гомдох, тэдгээрийг Ноцтой гомдоох боломжгүй юм. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Т.Дд гар хүргэж байсан, маш их гомдоож байсан талаар дурдсан байдаг. Хариуцагч яагаад эцэг эхтэй уулзахгүй байгаа гэхээр гэр бүлийн хүмүүс хариуцагчийн хүүхдүүдээ хашхирдаг, аав нь гар хүргэдэг зэрэг асуудлууд байдаг учраас уулзахыг хүсэхгүй байна гэдэг тайлбар гаргасан. Ийм учраас хариуцагч бидэнд хандаж, хууль зүйн туслалцаа авч, өөрийнхөө эрх ашгийг хамгаалахыг хүссэн. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Ц.Т 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ГХК-ийн 161,868 ширхэг, нэхэмжлэгч Ч.Д 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 80,935 ширхэг нийт 242,803 ширхэг хувьцааг тус тус хариуцагч Т.Дд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь хэрэг авагдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.Д, Ц.Т нарын Монголын хөрөнгийн биржийн Төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламж албанд гаргасан өргөдөл, 2003.04.25-ны өдрийн Ч.Дгийн Үнэт цаасыг үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт Маягт А 5-4, 2003.04.08-ны өдрийн Ц.Тийн Үнэт цаасыг үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт Маягт А 5-4 зэргээр тогтоогдож байна. /1хх152-160/

 

4.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.02.20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар захирамжаар уригдсан тал Т.Д 1,000,000,000 төгрөгийн төлбөрт өөрийн эзэмшлийн ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ц.Бэд бүрэн бүрэн шилжүүлж, өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэжээ. /1хх-232-233/

 

4.3 Хариуцагч Т.Д нь дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 183/Ш32018/02268 дугаар захирамж нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлд үндэслэсэн боловч уг итгэмжлэл нь хуурамч, хууль бус буюу уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль зөрчсөн болох нь зохих журмын дагуу тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар Тус шүүхийн шүүгчийн 2018.02.20-ны өдрийн 183/ШЗ2018/02268 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх48-49/

 

4.4 Хариуцагч Т.Дгийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Харилцагчийн данснаас 2018.04.02-ны өдөр ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар хариуцагч Т.Дд 2024.06.07-ны өдөр ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан шилжүүлсэн байх бөгөөд уг хувьцаа хариуцагчид бодитоор байгаа болох нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /1хх-152, 2хх-108/

 

5. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулснаар зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан тул нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нар нь өөрийн төрсөн охин болох хариуцагч Т.Дд ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг бэлэглэсэн, энэхүү хувьцаа нь хариуцагчид шилжсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин зохигчийн хооронд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан. Ямар тохиолдолд ноцтой гэж үзэх нь тухайн тохиолдлоос хамаарна.

 

Хуульд заасны дагуу бэлэглэгчийг гомдооно гэдэг нь агуулгын хувьд тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, нийгэмд болон гэр бүлийн хүрээнд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргасан байхыг ойлгоно. Улмаар ноцтой гэдэгт дээрх гомдоосон гэх үйлдэл нь бэлэглэгчид болон түүний ойр дотны хүнд сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөлөхөөр байх юм.

 

Нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй үндэслэлээ  Т.Дг хувьцаагаа буцаан авсныхаа дараа бидэнтэй уулзаж гэр бүл дотор хэвийн харьцааг сэргээх болов уу гэж найдаж хүлээж байсан. Эсрэгээрээ Т.Дгийн хувьцаа эзэмших хүсэл нь биелсэн байж ээж, аав хоёртойгоо хэвийн харилцаа тогтоохын оронд мөнгөний маргааныг үргэлжлүүлэхээр итгэмжлэл үлдээсэн. Мөн 2023 оны 09 сард Т.Д нь компани дээр ирэхдээ ээж, аав нарыгаа яаж нэр төрийг нь гутааж, доромжилсныг мэдсэн. Энэ олон үйл явдлаас болоод Ц.Т болон Ч.Д нарыг сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсныг сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлснээр тогтоолгосон, Монголд ирэхээрээ аав, ээж дээр ирээгүй нь биднийг ноцтой гомдоосон гэж тайлбарладаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зохицуулсан. Гэрч О.М ...2023 оны 9 дүгээр сарын эхээр Т.Д надруу залгаад ГХК-д ирж уулзсан. ...Т.Д тухайн үед ирэхдээ нэг уутан дотор Ч.Д менежерийн утас, машины түлхүүр болон их хэмжээний долларыг авчирч өгсөн. Надад өөрийнх нь аав Ц.Т захиралд дамжуулаад өгөөч гээд тухайн үед та яагаад өөрөө дамжуулж өгөхгүй байгаа юм бэ, би ийм их хэмжээний мөнгө авч үлдэхгүй гэхэд Т.Д би аавтайгаа уулзмааргүй байна. Бид нар гэр бүлийн жоохон асуудалтай байгаа гэсэн. Тэгээд би та яагаад эд нарыг ингээд аваад явж байгаа юм, Ч.Д менежерийн хувийн юмнууд байна шүү дээ гээд асуухад Т.Д манай ээж өөрийгөө хянах чадваргүй, нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй, тэрийг нь баталсан шүүхийн шийдвэр байдаг. Яагаад би энийг чамд хэлж байна гэхээр ээж ямар нэгэн байдлаар та нарыг гэмтээх, зүй бусаар харьцсан тохиолдолд буцаагаад хэрэг хариуцах чадваргүй шүү гэж хэлсэн. Манай аав Ц.Т ерөнхийдөө та нартай яаж харьцдаг вэ, аав удирдах түвшний ажил хийх ямар ч совестгүй хүн. Та нартай зүй бус харьцдаггүй гэж асуухаар нь Ц.Т захирал тийм харьцаа байхгүй, бид нар энгийн өдөр тутамдаа ажлаа явуулдаг гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд Т.Д тухайн үедээ нэг аймаар сонин юм ярьсан нь бид нар ээж аавтайгаа уулзахдаа гар утсан дээрээ байнга аудио бичлэг хийдэг. Би чамд заагаад өгье. Ингээд дууг нь хураадаг. Та нарт гэж хэлэхэд ажилчдадаа хэл ингээд дууг нь хураагаад авч бай дараа нь хэзээ нэгэн цагт та нарт хэрэг болно гэж хэлсэн..., ...Энэ яриа компанийн 1 давхарт болсон. Тэгээд тухайн өдрийн ажилчид хажуугаар нь зөрж өнгөрч байсан. Тэгээд Дгийн яриа зарим ажилчид сонсоод тэрнээс хойш Д менежерийг бол ерөөсөө сэтгэцийн өвчтэй гэдэг яриа компани дээгүүр гарсан... гэх мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай. /2хх-/

 

7. Мөн хариуцагч Т.Д нь Монгол Улсын хилээр 2023.08.03-ны өдөр нэвтэрч 2023.09.04-ний өдөр гарсан, 2023.09.08-ны өдөр нэвтэрч 2023.11.03-ны өдөр хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдох бөгөөд тэрээр 2023 оны 9 дүгээр сард ГХК-д очиж нэхэмжлэгч нарын нэр төр, нийгэмд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл гаргаж бэлэглэгч нарыг ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх185-189/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдоосон гэх үндэслэл нь бүхэлдээ гүтгэсэн гэх агуулгатай байх ба аливаа этгээдийг гүтгэх үйлдлийн объект нь хүний нэр төр, алдар хүнд байх бөгөөд объектив тал нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаасан, муучилсан, худал мэдээлэл тараасан үйлдэл байдаг бөгөөд энэ талаар хариуцагч нь үндэслэл бүхий баримтаар үгүйсгээгүй болно.

 

8. Хэрэгт авагдсан 2025.09.29-ний өдрийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолтод Ц.Т 68 настай эрэгтэй. 2018.05.23 өдөр Япон улс Woman University Hospital эмнэлэгт амьд донороос /эхнэр/ зүүн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ хийлгэсэн. Мэс заслын дараах, дархлаа дарангуйлах эмийн эмчилгээний хяналтад хянагддаг. Өвчний түүхээс: 2016, 2023 онд зүрхний титэм судсанд нийт 7 стент гуурс тавих ажилбар хийлгэсэн. 2018-2024 оны хооронд нүдний торлог бүрхүүлийн венийн бөглөрлийн мэс засалд 7 удаа орсон. Өвчтөн хавсарсан олон эрхтний дутагдалтай /зүрхний титэм судасны өвчин, бөөр шилжүүлэн суулгасны дараах байдал, сэтгэцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг/ өндөр эрсдэлтэй бүлгийн өвчтөн. Артерийн даралт ихсэлт 2-р хэлбэр, өндөр эрсдэл. Цаашид: УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нарын хяналтад байна. Зүрх судас, Нүд судлал, Сэтгэц судлал эмч нарын хяналтад байх. Сар тутамд, шаардлагатай үед тухайн тохиолдол бүрт үзлэг, шинжилгээнд хамрагдаж хяналтад байна. гэж нэхэмжлэгч Ц.Тийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлжээ. /2хх-135/

 

Нэхэмжлэгч нараас Т.Д нь аавынхаа эрүүл мэндийн талаар сайн мэдэж байгаа хэрнээ асуудаггүй, эцэг, эхтэйгээ бүх холбоогоо таслаад ээж, аав нартайгаа хөндлөнгийн хүнээр дамжуулж харьцаж байгаад маш их гомдсон. 2024.12.19-нд нэг уулзсан боловч компанийн хувьцаа болон шүүхийн талаар л ярьсан. Бидний биеийг ч асуугаагүй, маш их гомдсон гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч Т.Д нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжийн дагуу 2024.06.07-ны өдөр ГХК-ийн 242,803 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэн авсан, мөн уг хугацаанд Монгол Улсад удаа дараа ирсэн атлаа төрсөн эцэг, эх болох Ц.Т, Ч.Д нарт анхаарал халамж тавьдаггүй, харилцдаггүй болох нь гэрч Т.Бийн Манай эгч аав, ээж хоёрын биеийн байдал, ямар ч асуудлыг тоодоггүй. Эмнэлэг явж байхад очиж байгаагүй, надаас аав, ээжийн бие яаж байна гэж асуугаагүй. Өөртэй нь ярьдаггүй юм шиг байна лээ, тоодоггүй. Ганц байгаа холбоо нь шүүх, хуулийн замаар байгаа. Аав тайван байж чаддаггүй, бөөр муу, зүрх муу, нүд муудсан. Дарамттай байгаа гэж утсаар хэлдэг. Манай аав, ээж хоёрыг их л гомдоож байна гэх мэдүүлэг болон Хил хамгаалах газрын лавлагаагаар нотлогдож байна. /1хх-196/

 

9. Түүнчлэн, Сод мед сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмчийн үзлэгээр нэхэмжлэгч Ц.Тийг оношийн үндэслэл: ...энэ стрессээр үүссэн сэтгэлийн хүчтэй гэмтэл цохилт бий болсон, энэ стрессийн байдал нь байнга бодогдож, нойрны өөрчлөлтөд оруулсан, клиникт сэтгэл гутрал, сэтгэл түгшилт бий болсон, ирээдүйд итгэлгүй болоод байгаа..., Сэтгэл зүйн сорил, үнэлгээгээр: DASS21 асуумжаар хэт хүнд зэргийн сэтгэл гутралтай, хүнд зэргийн сэтгэл түгшилттэй, хүнд зэргийн стресстэй гарсан..., Сэтгэцийн онош: Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж,

нэхэмжлэгч Ч.Дг ...оношийн үндэслэл: ... энэ стрессээр үүссэн сэтгэлийн хүчтэй гэмтэл цохилт бий болсон, энэ стрессийн байдал нь байнга бодогдож, нойрны өөрчлөлтөд оруулсан, клиникт сэтгэл гутрал, сэтгэл түгшилт бий болсон, Сөрөг мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнүүд байнга байдаг болсон, Ажлын идэвх, зориг үйлдэл буурах шинж ажиглагдсан..., Сэтгэл зүйн сорил, үнэлгээгээр: DASS21 асуумжаар: хүнд зэргийн сэтгэл гутралтай, дунд зэргийн сэтгэл түгшилттэй, дунд зэргийн стресстэй гарсан..., Сэтгэц, зан үйлийн эмгэгийн онош: DS: F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг /стрессээс үүссэн сэтгэц, зан үйлийн эмгэг/ гэж тус тус оношилжээ. /2хх83-99/

 

10. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнээс үүссэн дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагчаас нэхэмжлэгч нарыг ноцтой гомдоосон үйлдлийн улмаас бэлэглэгч Ц.Т, Ч.Д нарт эрүүл мэндийн хохирол учирсан болох нь дээрх Сод мед сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмчийн үзлэг, онош болон талуудын тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

11. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 183/ШЗ2024/11085 дугаар захирамжаар тогтоогдсон үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Т.Дгаас бидэнд олгосон итгэмжлэлийн хувьд санхүүгийн зохицуулах хороо, цагдаад хандах болон бусад боломжуудыг дурдсан байдаг. Тухайн эрхийг дурдах болсон шалтгаан нь Т.Дариймаа нь ихэнх хугацаанд гадаад улсад байдаг, мөн хууль зүйн мэдлэг дутуу, яах ёстойгоо мэдэхгүй байгаа учраас ямар ч байсан эхний удаа шаардлагатай бүх эрхийн хүрээнд итгэмжлэл хийж өгсөн. Үүний дагуу хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлсэн. гэх агуулгаар тайлбар гаргасныг буруутгах боломжгүй юм.

 

12. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сод мед сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн үзлэг болон оношийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж дурдсан... гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэж заасан тул шүүх хуульд заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгч нар дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг заасны дагуу ирүүлсэн байна гэж үзнэ.

 

13. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, бэлэглэгч нь нэг жилийн хугацаанд бэлэглэлийг хүчингүй болгоогүй бол хүчингүй болгох эрхээ алдана. Энэ хугацаа нь хүчингүй болгох шаардах эрх үүссэн цагаас эхэлнэ. Бэлэглэгч нь бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөч байх болно.

 

Нэхэмжлэгч нар нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй бэлэглэгч нарыг хариуцагч гомдоосон гэх үйлдлийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс мэдэх боломжтой. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь Ж.М гэдэг хүнээс 2023 оны 09 сарын 29-ний өдөр шаардах хуудас Т.Бийн майл хаягт ирсэн. Ингээд Ц.Т, Т.Б, Ч.Д нар нь 2023 оны 09 сарын 29-ний өдөр анх удаа Т.Дгийн гаргаж байгаа хувьцааны маргааныг мэдсэн хэмээн шүүхэд хариуцагч Т.Дд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.21-ний өдрийн 14283 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.09-ний өдрийн 17274 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.17-ны өдрийн 19898 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.30-ны өдрийн 20928 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.17-ны өдрийн 688 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн 5170 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.17-ний өдрийн 27935 дугаар захирамж, үзлэгийн тэмдэглэл зэргээр 2023 оны 09 сарын 29-ний өдөр буюу энэ цаг мөчид нэхэмжлэгч нар мэдсэн нь тогтоогдох бөгөөд ийнхүү бэлэглэгч нарыг бэлэглэлээ хүчингүй болгох шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. /1хх-161-174, 199-205/

 

14. Иймд дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 80,935 ширхэг нийт 242,803 ширхэг хувьцааг хариуцагч Т.Дгаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нарт олгох нь зүйтэй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,544,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,544,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 161,868 ширхэг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн ГХК-ийн 80,935 ширхэг нийт 242,803 ширхэг хувьцааг хариуцагч Т.Дгаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нарт олгосугай.  

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,544,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,544,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ