2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03910

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06

191/ШШ2025/03910

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А даргалж, шүүгч Н.Гантуяа, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

хариуцагч: А холбогдох

гэм хорын хохиролд 616,726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 231 тоотод байрлах орон сууцны өмчлөгч билээ. 2024 оны 06 сарын 06-ний өдөр дээд талын айлаас ус алдаж манай гал тогооны өрөөний таазны эмульс, замаск шарласан норж замаск хууларсан. Мөн паракетан шал норсон. Тухайн үед дуудлага өгч ОСНААУГ-ын ажилтан ирж дээд талын айлын гал тогооны өрөөний холигчноос ус алдсан гэж усыг тогтоогоод явсан. Дээд айлын эзэн С.ААААААА тухайн үед согтуу байсан бөгөөд холигч эвдрэнгүүт дуудлага өгөхгүй их хэмжээний ус алдсан.

Би 2024 оны 06 сарын 17-ний өдөр ОСНААҮГ-аас тодорхойлолт гаргуулан ААААА ХХК-иар хохирол засварын үнэлгээ хийлгэхэд 388,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон, дээрхи үнэлгээний зардал 50,000 төгрө, нийт 438,000 төгрөг болсон.

Харин 2024 оны 06 сарын 22-ний өдөр дээд айл дахин ус алдуулж, манай гал тогооны тааз их хэмжээгээр норж, эмульс норж хуулран урсаж шарласан. ОСНААУГ-аас дуудлагаар ирж дээд айлын гал тогооны өрөөний сифон мултарсан гэсэн дүгнэлт гаргасан. Би АААААААг хохирол төлөхийг шаардахад согтуу над руу дайрсан, би орон сууцны контороор дахин тодорхойлолт гаргуулсан. Мөн А ХХК-иар дахин үнэлгээ хийлгэж 508,726 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний зардал 58,000 төгрөг, нийт 566,726 төгрөг болсон. Иймд миний эд хөрөнгөд учирсан хохирол 616,726 төгрөгийг хариуцагч С.АААААААгээс гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч С.ААААААА шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 235 тоотод тоотод оршин суудаг нь үнэн, манайх 1991 оноос хойш 30 гаруй жил амьдарч байна, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ манай эхнэр Ц.Нармандахын нэр дээр байдаг. 2024 оны 6 сард гал тогооны өрөөнөөс ус алдуулсан нь үнэн, тухайн үед хохирлыг төлөе гэсэн боловч арай их мөнгө нэхээд байсан тул төлж чадаагүй. Манай бага хүүхэд гал тогооны өрөөний сифоныг сугалсан байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, АААААний тайлан, төлбөр төлсөн баримт, А ХХК-ийн тайлан, төлбөр төлсөн баримт, ус алдсан тухай тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ар нь хариуцагч С.АААААААд холбогдуулан гэм хорын хохиролд 616,726 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч С.ААААААА нь ус алдсан нь үнэн, гэхдээ арай л их мөнгө байна төлөх боломжгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Б.Ар нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 231 тоотын орон сууцны өмчлөгч болох нь Ү-2204007169 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус хуульчилсан.

Б.Арын Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 231 тоот орон сууцны гал тогооны өрөөнд хариуцагч Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 235 тоот орон сууцны гал тогооны өрөөнөөс ус алдаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

4. Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр 235 тоот орон сууцны гал тогооны өрөөнөөс 2024 оны 06 сарын 06-ний өдөр, 2024 оны 06 сарын 22-ний өдрүүдэд доод айл болох Б.Арын гал тогооны өрөөнд ус алдсан болох нь 2024 оны 06 сарын 17-ний өдрийн 01/02 дугаартай тодорхойлолтоор ...231 тоотоос ус алдсан дуудлага ирж, дуудлагын дагуу очиж шалгахад 235 тоотын гал тоогооны өрөөны холигчны уянгаас ус алдсан. 231 тоотын гал тогооны өрөөний хана таазны эмульс, замаск хуурч шаралсан, паракетан шал норсон байна. гэх,

мөн 2024 оны 06 сарын 26-ний өдрийн 01/02 дугаартай тодорхойлолтод ...231 тоотоос 2024 оны 06 сарын 22-ний өдөр ус алдсан дуудлага ирж, дуудлагын дагуу очиж шалгахад 235 тоотын айлын гал тогооны өрөөны сифон мултарсан ахуйн алдагдалтай байв. Доод айлын гал тогооны өрөөний хана таазны эмульс, замаск хуурч, шарласан норсон байв. гэх ахлах инженер Л.Энхболд, хэсгийн инженер Б.Мөнхням нарын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 20,21 хуу/

Хариуцагч С.ААААААА нь гэм буруугийн талаар маргаагүй, манай гал тогооны өрөөний гоожуураас ус алдсан нь үнэн, гэхдээ засварын төлбөр арай өндөр үнэтэй байна гэж маргасан.

5. Хөрөнгийн үнэлгээний ААААА ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Б.Арын өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөнд ус алдалтын улмаас 12 мкв тааз норж, шарлаж, эмульс замаск хууларч, учирсан шууд хохирлыг 388,000 төгрөг гэж,

Хөрөнгийн үнэлгээний А ХХК нь 2024 оны 07 сарын 04-ний өдөр Б.Арын өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөнд ус алдалтын улмаас учирсан хохирлын хэмжээг 508,726 төгрөгөөр тогтоосон байна. /х.х-ийн 5-19 хуу/

5.2. Нэхэмжлэгч Б.Ар нь ААААА ХХК-ийн үнэлгээний ажлын хөлсөнд 50,000 төгрөг, А ХХК-ийн үнэлгээний ажлын хөлсөнд 58,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, нэмүү өртөгийн орлогын албан татварын буцаан авалтын баримтаар тогтоогдсон.

ААААА ХХК, А ХХК нарын гаргасан үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн гэж шүүх үзэв.

6. Иймд хариуцагч С.АААААААгийн гэм буруутай үйлдлээс болж, нэхэмжлэгч Б.Арын өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөөнд ус гоожсон улмаас учирсан хохирол 508,726 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 108,000 төгрөг, нийт 616,726 төгрөгийг хариуцагч С.АААААААгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Арт олгож шийдэв.

7. Иргэдийн төлөөлөгч Д.Зундуй нь шүүхэд гаргасан дүгнэлтэндээ Дээд айл болох С.АААААААгийн хариуцлагагүй байдлаас болж доод давхарт амьдрах Б.Арын эд хөрөнгөд хохирол учирсан тул Б.Арын нэхэмжилсэн мөнгийг С.ААААААА гаргаж өгөх үүрэгтэй. гэв.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19,152 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,152 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.АААААААгээс гэм хорын хохиролд 616,726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Арт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.АААААААгээс 19,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Арт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ А

 

ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА

 

Б.УНДРАА