| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0553/Э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Э.Э/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ө овогт Э.Э Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0256 00670 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ө овогт Э.Э, 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум Болд төмөр ерөө гол ХХК-д ажилладаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол 72-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:СМ91082319/,
Шүүгдэгч Э.Энь 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тэлмэн” зочид буудлын өрөөнд иргэн Н.Ундармаатай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Эшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Н.Ундармаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Зулаа түүний найз хүүхэн Эрдэнэчимэг, Түвшинжаргал бид гурав уулзаад Э-н гэрт байж байсан. Зулаагийн ажлын газрын 3 залуу залгаад Эрдэнэчимэгийн гэрт ирж байна гэсэн. “...Тэргэл нэртэй зочид буудалд Зулаа, Түвшинжаргал, би, нөгөө 3 залуугийн хамт ороод 3 шил архи уугаад хөзөр тоглосон. Тэгээд Зулаатай явах гээд буудлаас гарсан, би нүдний шилээ мартчихсан байхаар нь шилээ авах гэж ороход Түвшинжаргал Э.Э хоёр нэг оронд орчихсон хэвтэж байсан. Э.Э бид хоёр уулзаж учирдаг байсан. Тэгээд Түвшинжаргалтай хэвтэж байхаар нь уур хүрээд очоод гаран дээр нь зөөлөн алгадсан. Тэгтэл Э.Э босож ирээд намайг зайлаач пизда минь гээд нүүр рүү 2 удаа гараараа цохьсон. Миний зүүн гарыг хойшоо хөшөөд намайг дээрэлхэж газар унагаасан...” гэх мэдүүлэг. /хх12-13/,
Яллагдагч Э.Э мэдүүлэхдээ: “...Гэнэт Ундармаа миний нуруун дээр маажаад алгадаад дайраад байхаар нь би босож ирээд Ундармаагийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Тэгээд Ундармаагийн гарнаас нь татаад гар дээр нь чирсэн. Тэр үед газар унасан байх гэж бодож байна. Тэгээд Ундармаа уруул язарлаа гээд цагдаа дуудсан юм. Цагдаа ирээд хэлтэс дээр ирцгээсэн юм...” гэх мэдүүлэг. /хх14-15/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3889 дугартай дүгнэлт:
1. Н.Ундармаагийн биед зүүн нүдний доод зовхи, хацар, шанаа, дээд, доод уруул, баруун зүүн бугалга, сарвуу, баруун өвдөгт цус хуралт, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-10/,
Хохирогч Н.Ундармаагийн мэдүүлэг /хх5-7/, шинжээчийн №3889 дугаартай дүгнэлт /хх-10/, хохирогч Н.Ундармаагийн мэдүүлэг /хх12-13/, яллагдагч Э.Э-н мэдүүлэг /хх14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тэлмэн” зочид буудлын өрөөнд иргэн Н.Ундармаатай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Энь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ө овогт Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Эт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Энь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР