| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414005310354 |
| Дугаар | 2025/ДШМ/011 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.11.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/011
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******;
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батцэнгэл хянан шийдвэрлэсэн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******ын бичсэн эсэргүүцлээр Г.*******д холбогдох эрүүгийн 2414005310354 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан” байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,63 хувийн промильтой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан улсын дугаартай ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун наян / 480 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас доошгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 10.869.000 төгрөгийг гаргуулж хохирогч ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн залруулгадаа:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны Шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт улсын яллагчийг “” гэж бичсэнийг “*******” гэж, шүүгдэгч “Г.*******” гэж бичсэнийг “*******” гэж тус тус залруулжээ.
Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч *******гийн ******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан” байх хугацаанд
Дахин 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр амьсгал дахь спиртийн агууламж 3,63 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож улмаар Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан улсын дугаартай ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, тээврийн хэрэгслээрээ бусдын эд хөрөнгийг мөргөж, хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг холбогдсон.
Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн / шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -д заасан
“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа... гэж шийдвэрлэсэн нь, хэргийн бодит байдалтай нийцээгүй нотлох баримт, үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна.
Учир нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Тодруулбал Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаагаас гадна учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн... бол Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байна.
Гэтэл шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын хохиролд 10.869.000 төгрөг төлж барагдуулаагүй, мөн дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр,
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Мөн шүүгдэгч *******д холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар ******* оролцсон байхад, Улсын яллагчаар гэж оролцоогүй улсын яллагчийг, Шүүгдэгч Г.******* гэж шүүгдэгчийн овгийн үсгийг буруу бичсэн байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байна. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 3,63 хувийн согтолттой үедээ 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон8
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн даруй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Хавтаст хэргийн “... Би уг тогтоолтой уншиж танилцлаа. Яллагдагчаар татсан тухай тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх шүүгдэгч Г.*******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 46-48 дугаар талд авагдсан “...Баянхонгор сумын 10-р баг, Цацрах гэгээ хотхон руу эргэх уулзвараар баруун эргэх гэтэл ард талаас цэнхэр өнгийн портер маркийн улсын дугаартай машин тоормосны чийхрах дуу гаргаж ирээд миний унаж явсан улсын дугаартай Хас банкны эзэмшлийн машины араас хүчтэй мөргөсөн юм...буугаад хартал тэр цэнхэр портер хар утаагаа гаргаад шууд зогсохгүй давхиад явчихсан. Тэгээд би нэг хар машинд суугаад араас нь явтал олоогүй тэгээд явж байтал алаг тэрэгтэй замын цагдаа нартай таараад болсон зүйлийг хэлээд хайж явж байгаад буцаад машин дээрээ ирсэн..” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан “...Баялаг хотхоны арын уулзвараар баруун гар тийш эргэх үед машины араас цэнхэр өнгийн улсын дугаартай Портер маркийн автомашин ирж мөргөчхөөд зугтаачихсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 55-57 дугаар талд авагдсан “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
“Hyundai porter” маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх", мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
“Toyota Raw-4” маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
“Hyundai porter” маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Нэмж тусгах саналгүй...” гэх Зам тээврийн ослын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 46/62 дугаартай дүгнэлт,
Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан “Тоёото рав-4 маркийн авто машины эвдрэлийн үнэлгээ 14.869000 төгрөг” гэх ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 629 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаартай шийтгэврээр “Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан” байх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэн 3,63 хувийн согтолттой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг хүртэл ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, зам тээврийн осол гаргасан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон , “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах”... гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-д тус тус оногдуулахаар заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ болох 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулан, уг ялуудыг нэмж нэгтгэн 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн... бол Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар заасан, шүүх тухайн гэмт хэргүүдэд оногдуулахаар заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна..” гэсэн агуулгаар эсэргүүцэл бичсэн.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан ялын төрлүүдийг “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял..”- ыг сонгон хэрэглэхээр тогтоосон.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна… гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт холбогдсон цагаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, зарим хэсгийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлээр “.. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байхад тухайн гэмт хэргүүдэд оногдуулахаар заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах..” агуулгаар бичсэн прокурор *******ын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор *******ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ