2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/06757

 

 

 

 

 

 

 

 

2025 08 07 191/ШШ2025/06757

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сард хариуцагч ******* ******* *******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр, ......., ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокийн барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч тал хийх, /хийж гүйцэтгэх ажил А,Б блокийн Шугамын суурь /техникийн давхар, шат довжоо, паркет, зоорийн давхар, 1-5 давхрын угсралтын ажил/ хариуцагч нь ажлын хөлсөнд 303,552,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон. Дээрх гэрээнд нэхэмжлэгч тал гарын үсэг зурж, хариуцагч талд үлдээсэн. Харин хариуцагч нь тус гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаад гэрээний нэг хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй, гэрээний нөхцөлд тохиролцсон ажлыг нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хүйтний улирал эхэлсэн тул цутгалтын ажил хийж гүйцэтгэх боломжгүй болж, 2024 оны хавар үргэлжлүүлэхээр болсон бөгөөд 2024 оны хавар дутуу ажлаа хийж гүйцэтгэхээр ирсэн боловч хариуцагч нь өөр компани оруулсан байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 сарын 11 өдөр хүртэл А блокоос Шугаман суурь /шат довжоо, паркет, зоорийн давхар, 1 давхраас 3 давхар, Б блокоос Шугаман суурь /шат довжоо, паркет, зоорийн давхар, 1 давхраас 4 давхар хүртэл ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хийсэн ажлын гүйцэтгэл бүрт тооцоо нийлж хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 10 сарын 11-ны өдөр ажлын гүйцэтгэл дүгнэхэд нэхэмжлэгч нь 218,736,000 төгрөгийг ажлын хийсэн байсан. Үүнээс хариуцагч нь дараах төлбөрийг төлсөн. Үүнд

1. 2023 оны 06 сарын 09-ний өдөр 8,481,600 төгрөг,

2. 2023 оны 06 сарын 09-ний өдөр 21,204,000 төгрөг,

3. 2023 оны 06 сарын 28-ны өдөр 21,204,000 төгрөг,

4. 2023 оны 07 сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг,

5. 2023 оны 07 сарын 08-ны өдөр мөн 5,000,000 төгрөг,

6. 2023 оны 11 сарын 15-ны өдөр 17,924,000 төгрөг тус тус нийт 78,813,600 төгрөгийг дансаар шилжүүлж мөн бартераар RH450 маркийн автомашиныг 37,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Хариуцагчаас дансаар шилжүүлсэн болон бартер нийт 115,813,600 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нь ажлын үлдэгдэл төлбөр /218,736,000-115,813,600=102,922,400/ 102,922,400 төгрөгийг төлөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Д.******* нь ******* Смарт Гарден ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасантай танилцаад, тайлбар гаргаж байна. Д.******* нь ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөөгүй бөгөөд ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа гүйцэтгэхгүй зогсоон орхин явсан байдаг. Тодруулбал, Барилгын тухай хууль, дүрэм, журам, норм стандартын дагуу ажлын гүйцэтгэлээ баталгаажуулах талбайн ажлын журнал, улаан дэвтэр, ил далд ажлын акт, сорьцын шинжилгээ, зэрэг баримтыг хүлээлгэн өгөөгүй байдаг. Мөн хүлээн авсан орлогын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвараа татварын системд шивж баталгаажуулах ёстой ч огт баталгаажуулаагүй тул НӨАТ шивнэ гэж авсан төлбөрөөс баталгаажуулаагүй НӨАТ-ын дүнг Д.******* буцаан төлөх үүрэг үүссэн. Түүнчлэн ажлаа даг хугацаандаа гүйцэтгээгүйгээс барилгын пум түрээсийн хугацаа хэтрэлтийн алдангийн төлбөр гаргаж ******* Смарт Гарден ХХК-ийг хохироосон тул холбогдох баримтыг, дэлгэрэнгүй тайлбарын хамт шүүхэд гаргаж өгнө. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1-д зааснаар гүйцэтгэгч Ажлын үр дүнг хүлээлгэн өгч, үр дүндээ тохирсон ажлын хөлс авах эрхтэй байдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улаанбаатар хот ....... ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023.06.07, Улаанбаатар хот ....... ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023.06.24, Улаанбаатар хот ....... ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023.07.08, Улаанбаатар хот ....... ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023.08.16, Улаанбаатар хот ....... ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 2023.10.11, иргэн Д.*******-цахим төлбөрийн баримтын НӨАТ тооцоо зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* Смарт Гарден ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагыг дараах үндэслэлээр тодорхойлжээ. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* *******" ХХК-тай 2023 оны 03 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлөөр ......., ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 303,552,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон боловч гэрээний нэг хувийг буцааж өгөөгүй. Улмаар, нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн, хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор цутгалтын ажил хийж гүйцэтгэх боломжгүй болж, 2024 оны хавар үргэлжлүүлэхээр болсон. 2024 оны хавар дутуу ажлаа хийж гүйцэтгэх гэсэн боловч хариуцагч нь өөр компаниар үргэлжлүүлэн ажлыг гүйцэтгүүлж байсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 сарын 11 өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлыг хариуцагчтай тооцоо нийлэхэд нийт 218,736,000 төгрөгийг ажил гүйцэтгэснийг баталгаажуулсан. Үүнээс 115,813,600 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан боловч үлдэгдэл 102,922,400 төгрөгийн хөлсийг төлөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь Д.*******тэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон, тодорхой ажил гүйцэтгүүлсэн талаар маргаагүй боловч ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа гүйцэтгэхгүй зогсоож, орхин явсан, Барилгын тухай хууль, дүрэм, журам, норм стандартын дагуу ажлын гүйцэтгэлээ баталгаажуулах талбайн ажлын журнал, улаан дэвтэр, ил далд ажлын акт, сорьцын шинжилгээ, зэрэг баримтыг хүлээлгэн өгөөгүй. Мөн хүлээн авсан орлогын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвараа татварын системд шивж баталгаажуулах ёстой ч баталгаажуулаагүй, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс барилгын пум түрээсийн хугацаа хэтрэлтийн алдангийн төлбөр төлж хохирсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

5. Нэхэмжлэгч Д.******* нь ......., ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагчаас ажлын хөлсөнд 303,552,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д төлөх ерөнхий нөхцөлөөр 2023 оны 03 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

а/ Талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан, улмаар нэхэмжлэгч талаас гарын үсэг зурж, хариуцагч талд шилжүүлсэн, хариуцагч тал тухайн гэрээг баталгаажуулан нэхэмжлэгчид нэг хувийг өгөх ёстой байсан боловч буцааж өгөөгүй, гэсэн хэдий ч нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан тохирсон ажил, үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ.

б/ Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******ийг ......., ******* ******* ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А,Б блокийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн асуудлаар маргаагүй, мөн талуудын хооронд бичгэн хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар маргаагүй боловч тухайн гэрээ нь олдохгүй байгаа талаар хариуцагч талаас шүүх хуралдаанд тайлбарласан байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

6. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг хийж гүйцэтгэж байсан, захиалагч талаас гүйцэтгэгчтэй тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө бусдаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн хэдий ч гүйцэтгэсэн ажлын тооцоо нийлсэн акт, гүйцэтгэл зэргээр ажлын хөлсийг дутуу төлсөн тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь ажлын хөлсийг бүхэлд нь төлөхгүй, учир нь гүйцэтгэгч хийсэн ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа гүйцэтгэхгүй орхин явсан, гүйцэтгэсэн ажилд хамаарах баримуудыг хүлээлгэн өгөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвараа татварын системд шивж баталгаажуулаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

7. Учир нь талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргийг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч нь өөр гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр гэрээний харилцаа дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

8. Тодруулбал, Д.******* нь гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хэлэлцэн тохирсон ажлыг хийж гүйцэтгэж байсан болох нь захиалагч ******* ******* ******* ХХК талаас С.Мөнхчуулуун/ТУГ-н захирал/, Б.Тамир/ерөнхий инженер/, А.Төгөлдөр/төслийн менежер/, Х.Даариймаа/ахлах нярав/ нарын, мөн гүйцэтгэгч талаас нэхэмжлэгч Д.*******ийн гарын үсэг зурж баталгаажуулсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 хороо ******* ******* ******* Орон сууц үйлчилгээний цогцолборын А-Б блокийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл-ийн 2023.06.07, 2023.06.24, 2023.07.08, 2023.10.11-ний өдрийн баримтуудаар,

Энэхүү ажлын гүйцэтгэл нь нийтдээ 218,736,000 төгрөг болсон нь хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.Лхамгүндэгийн гаргасан тооцооны баримт болон зохигчийн хооронд ажлын гүйцэтгэлийн асуудлаар 2023.10.11-ний өдөр тооцоо нийлсэн баримтад нийт гүйцэтгэл 218,736,000 төгрөг гэж тэмдэглэгдсэн зэргээр тогтоогдсон тул энэ хугацаанд /2023.03-2023.10.11/ ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хэрэгжжээ. /хх-5-9, 41/

Түүнээс хойш нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандах хүртэлх хугацаанд хариуцагч талаас татгалзлын үндэслэлд дурдсан ажлын үр дүнгийн доголдлын талаар аливаа шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 353 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолд хамаарах баримт илрээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэв.

9. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалснаас хойш нэхэмжлэгч Д.******* нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардаж байсан боловч захиалагч ажлын хөлсийг төлөөгүй, энэ хугацаанд ажлын доголдол, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар захиалагч талаас аливаа шаардлага гаргаагүй, Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хяналтыг хэрэгжүүлж, захиалагч, гүйцэтгэгч талууд харилцан актаар хүлээлгэн өгсөн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн, харин хариуцагч тал нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

10. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа гүйцэтгэхгүй орхин явсан, холбогдох баримтыг хүлээлгэн өгөөгүй, чанаргүй гүйцэтгэсэн гэх үндэслэлийг хариуцагч баримтаар нотлоогүй, мөн татгалзлын үндэслэлийг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

11. Гэрээний талуудын ажлын гүйцэтгэлийн үлдэгдлийн талаар 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн ажлын гүйцэтгэлийн баримт болон ******* ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Б.Лхамгүндэгийн гаргасан тооцооны баримтад үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй болно.

12. Иймд, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэгт нэхэмжлэгч Д.*******ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын дүн 218,736,000 төгрөгөөс ажлын хөлсөнд хүлээн авсан нийт 115,813,600 төгрөгт холбогдох хэсэгт зохигч маргаагүй тул үүнийг хасаж, үлдэх 102,922,400 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******д төлөх ёстой байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн компанийн нягтлан бодогч Б.Лхамгүндэгийн гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан Д.*******ийн ажлын гүйцэтгэлийн Тооцооны баримттай холбоотойгоор нягтлан нь үнэн, зөв тооцоо гаргаж өгсөн эсэх дээр удирдлагын хэмжээнд хяналт, шалгалт хийгээгүй, тамга дарсан учраас тухайн баримтын нэгдсэн тооцоо эргэлзээтэй гэж маргасан боловч шүүхэд иргэний хэрэг маргаан үүссэн, шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд татгалзлын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 102,922,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 102,922,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672,570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 672,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД