| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0568/Э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч А.Э/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц овогт А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0302 90680 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц овогт А.Э, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пайна интернешилд” жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Денверийн товчооны арын 5-58 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
-урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1-д зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэн баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:РЗ86022733/,
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мак” нэртэй пабад хохирогч Ч.Одсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Ч.Одсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 03-ны орой өөрийн ажиллуулдаг “Мак” нэртэй пабад ажлаа хийгээд байж байхад манайхаар үйлчлүүлж байсан үл таних 3 залуугийн нэг нь босоод 00-н өрөө рүү явсан. Тэгээд гарч ирээд өөрийн ширээн дээр суухаасаа өмнө хажуу талын ширээн дээр сууж байсан 3 эмэгтэй ширээн дээр суугаад юм ярих гэж оролдсон. Тэр үед уг 3 эмэгтэй надад хандаж энэ хүнийг ав бид нар тайван суумаар байна гэж хэлэхээр нь би нөгөө 3 эмэгтэйн хажууд зогсож байсан эрэгтэй дээр очоод ширээ рүү нь очоод суух шаардлага тавьсан. Тэр үед нөгөө залуу над руу чи хэн бэ гээд дайрсан. Бид хоёр түүнээс болоод маргалдаж эхэлсэн. Маргаан болж байхад надтай маргалдаж байсан залуутай хамт явж байсан 2 залуу хүрээд ирсэн. Бид 4 хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад би уг 3 залууг пабынхаа үүд рүү гаргасан. Гадаа гараад би анх маргалдаж эхэлсэн залуутай заамдалцаж авсан. Намайг ч бас заамдаад авсан. Хажууд зогсож байсан нөгөө хоёроосоо арай настай залууг би нэг гараараа заамдаад автал 3 дахь залуу болох спорт хувцастай, жижиг биетэй шар залуу миний уруул руу цохьсон. Тэр үед миний уруулнаас цус гарсан. Энэ үед миний эхнэр Баяржаргал утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд би заамдаж авсан 2 залуутайгаа үлдсэн байсан. Яг намайг цохьсон жижиг шар залуу зугтаагаад явсан байсан. Цагдаа нар хүрч ирээд анх надтай маргалдсан залууг эрүүлжүүлээд нөгөө залууг нь машинд багтахгүй гэж хэлээд явуулсан…” гэх мэдүүлэг. /хх5-7/,
Гэрч Г.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа явалгүй гэртээ байсан юм. Гэртээ байж байгаад би найз болох А.Э, Түмэннасан нартай утсаар ярихад бид 3 уулзахаар болсон. Би гэртээ байж байхад тэр хоёр нийлээд миний гэрт орой 2030 цагийн үед ирсэн. Бид шууд манайхаас гараад хамгийн ойр байдаг нэг ресторан пабад орж үйлчлүүлсэн. Бид 3 нэг шил архи аваад хувааж уугаад юм яриад сууж байхад миний 2 найз хажуу талын ширээнд сууж байсан 3 эмэгтэйг хамт суух уу гэж хэлэхэд нөгөө 3 эмэгтэй үгүй гэж хэлээд пабын ажилтныг дуудсан. Тэгсэн пабын ажилтан залуу хүрч ирээд наад хүмүүс чинь дургүй байна. Ширээн дээрээ очоод суу гэж хэлсэн. Тэгсэнээ шууд тооцоогоо нэхээд гар гэж хэлсэн. Түүнээс болоод бид нар маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад А.Э гараад явсан…” гэх мэдүүлэг. /хх8-9/,
Гэрч Г.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны орой өөрийн ажлуулдаг “Мак” нэртэй пабад ажлаа хийгээд сууж байхад 2100 цаг өнгөрч байхад 3 залуу үйлчлүүлэх гээд орж ирээд 2 шил архи авч уусан. Бид нар үйлчилгээгээ үзүүлээд байж байхад манайхаар үйлчлүүлж байсан 3 эмэгтэй дээр очоод хамт суугаад байсан. Тэгсэн үйлчлүүлж байсан 3 эмэгтэйн энэ хүнийг аваач гэж хэлэхээр нь миний нөхөр Одсүрэн нөгөө залуу дээр очоод ширээн дээрээ очоод суучих гэж шаардлага тавихад нөгөө залуу шууд миний нөхөртэй мөргөлдөж эхэлсэн. Ингээд маргаан ширүүсээд дуу нь чангараад эхлэхэд цаана сууж байсан 2 залуу нь хүрээд ирсэн. Ирээд манай нөхөр рүү дайраад байхаар нь би тооцоогоо хийгээд гар гэж хэлсэн. Тооцоогоо жижиг биетэй саравчтай малгайтай, биеийн тамирын хувцастай залуу хийсэн. “...Тооцоо хийсэн улаан саравчтай малгайтай, биеийн тамирын хувцастай залуу нэг удаа гараараа нүүр рүү нь цохичоод яваад өгсөн…” гэх мэдүүлэг. /хх11-12/,
Гэрч П.Ганбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 04 дүгээрсарын 03-ны орой өөрийн ажилладаг "Мак" пабад ажлаа хийгээд байж байхад 21 цагийн орчим 3 залуу үйлчлүүлэхээр орж ирсэн. Би ажлаа хийгээд явж байхад гэнэт манай захирал Одсүрэн тэр залуугийн нэг залуутай нь маргалдаж байсан. Би хажуугаар нь зөрөөд захиалгаа аваад хүргэж өгөөд архи хундагалаад иртэл захирал нөгөө 3 залуутай пабын гадаа үүдэнд гарсан байсан. Би гараад очтол захирлын уруулаас цус гарсан байсан…” гэх мэдүүлэг. /хх-13/,
Гэрч Х.Түмэннасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз А.Э, Өсөхбаяр нарын хамт Мак пабаар үйлчлүүлсэн. Тэр газар бид 3 хоёр шил архи уусан. Бид 3 юм яриад сууж байгаад А.Э, Өсөхбаяр хоёр ариун цэврийн өрөө явсан. Удалгүй А.Э үл таних хүнтэй маргалдаад байсан. Маргааныг хараад байж байхад ширүүсээд А.Э маргалдаад байсан хүнтэйгээ учраа олно гээд гарсан…” гэх мэдүүлэг. /хх-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4507 дугартай дүгнэлт:
1. Ч.Одсүрэнгийн биед 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, цээж, зүүн бугалганд цус хуралт, 2 сарвуу, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугахцаанд үүссэн байх боломжтой байна. /хх18-19/,
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мак” нэртэй пабад хохирогч Ч.Одсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шин жээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Э нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Энь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР