Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/07  

 

2025    02         12                                                  2025/ДШМ/07           

 

 

******* нарын 5 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Болормаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

орлогч прокурор Б.Батнасан,

шүүгдэгч *******, *******, *******, *******, *******,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяр (цахимаар),

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцсон.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Батбаярын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* нарын 5 хүнд холбогдох эрүүгийн *******30000000120 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ. 

1.1.Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баяндэлгэр сумын 4 дүгээр баг, ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт (РД: ),

1.2.Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баяндэлгэр сумын 6 дугаар баг, тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД: ),

1.3.Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, таваар судлагч мэргэжилтэй, Баяндэлгэр сумын Засаг даргын , ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Баяндэлгэр сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД: ),

1.4.Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны ашиглалт, хяналт үнэлгээ мэргэжилтэй, Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баяндэлгэр сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД: ),

1.5.Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй, Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд , ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД: ),

 

2.Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******  нар нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай захирамжаар Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр томилогдон ажиллахдаа бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны дугаар сарын 17-ны өдөр тус сумын “Дэлгэр” багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчээр барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, бусад шаардлагыг хангаагүй “Оточ-Оргил” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

         3.Орлогч прокурор Б.Батнасан нь шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******  нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялд хяналт тавьж ажиллахыг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний баримт бичгээр хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдолдоо: Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоогоогүй, зөвхөн объектив талын шинжид тулгуурлан яллах талыг хэт барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. “Оточ оргил” ХХК-ийн гэрчилгээ дээрх барилгын засал чимэглэл гэх чиглэл нь төвөгшил багатай, нэг давхар дан барилгыг барих боломжтой. Санхүүгийн чадамж сайтай, сум орон нутагтаа ахуй үйлчилгээний барилга барьж байсан туршлагатай, орон нутгийн компани давуу тал болно гэж дүгнээд “Оточ оргил” ХХК-ийг санал нэгтэй шалгаруулсан. Шүүгдэгч нарыг зориуд санаатай гэмт хэрэг үйлдсэн үү, гэмт санаа сэдэлт, зорилгогүйгээр алдаа гаргаж бусдад давуу байдал олгосон уу гэдгийг зайлшгүй ялгаж, салгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, тайлбарыг тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй, сэдэлт, санаа зорилгыг шууд болон шууд бус баримтуудаар тодорхойлж нотлоогүй, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгын талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар ямар үйл баримт тогтоогдсоныг тодорхой дурдаагүй байдаг. Үнэлгээний хорооны гишүүд орон нутгийн төлөвлөсөн ажлыг явуулах, багийн төвийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага, багийн иргэдийн нийтийн эрх ашиг, тэдний хүлээлтэд хэт хөтлөгдөн шийдвэр гаргасан байдаг. Үнэлгээний хороо гэмт санаа зорилгогүйгээр төсөвт суусан хөрөнгө мөнгөө буцаан татуулчихгүй багийн төвийн барилгыг найдвартай компаниар бариулах, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь хийчих юм сан гэсэн итгэл үнэмшилдээ тулгуурлан хамтын шийдвэр гаргахдаа өөрсдийгөө хууль зөрчиж, бусдад давуу байдал олгож байна гэж бодоогүй, гаргасан шийдвэртээ итгэлтэй байсан. Үнэлгээний хорооны гишүүд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээс гадуур төрийн худалдан авах ажиллагаанд дийлэнх нь анх удаагаа томилогдон оролцсон. Худалдан авах ажиллагааны туршлага, хууль эрх зүйн мэдлэг дутагдсанаас алдаа гаргасан болох нь яллагдагч нарын өгсөн мэдүүлгээс харагддаг. Барилга барих тусгай зөвшөөрөл нь эрх зүйн ямар ач холбогдолтой бичиг баримт болохыг үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө сайн ойлгож мэдээгүй, улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх үйл ажиллагааны чиглэлтэй хольж хутган ойлгож байсан нь тэдний мэдүүлгээс харагддаг. Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 156 тоот бичгээр 05 дугаар сарын 31-ний дотор 2023 оны батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг дуусгахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон нь Үнэлгээний хорооны гишүүдийн шийдвэр гаргах процесст нөлөөлсөн. “Оточ оргил” ХХК нь багийн төвийн барилгыг хугацаанд нь барьж дуусгаж, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр багийн төвийн барилгыг комисс ашиглалтад хүлээн авсан. Уг барилга нь зураг төсөл, барилгын норм дүрмийн дагуу баригдсан, ашиглалтын шаардлага хангасан барилга болсон хэмээн ард иргэд нь ам сайтай, одоо хэвийн ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрд бодитой учирсан материаллаг хохирол, төлөх өр төлбөр байхгүй юм. Орон нутгийн хөгжлийн сангийн 120,000,000 төгрөг зориулалтаараа зохих ёсоор зарцуулагдсан. Үнэлгээний хорооны гишүүд хэдийгээр нэг нутаг усны, биеэ таньдаг ч гэсэн “Оточ оргил” компанийн эзэдтэй үгсэн хуйвалдаагүй, тус компани шалгарснаар үнэлгээний хорооны гишүүдийн хэнд нь ч ашигтай байдал бий болоогүй, бусдаас шан харамж, авлига хээл хахууль авсан, бусдын дарам шахалт, хөндлөнгийн нөлөөнд автагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Дээрх үйл баримтуудаар ******* нар нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцон цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн тендерийн үнэлгээний хороог ахалж ажилласан. Бид ямар нэгэн байдлаар бусдаас авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан зүйлгүй. Бид анх удаа барилгын тендерийн үнэлгээний хороонд ажилласан. Бид барилгын засал чимэглэл хийж чадах, мөн орон нутгийн компаниа дэмжиж санал нэгтэй шийдвэр гаргасан. Үгсэн хуйвалдаж шалгаруулсан зүйлгүй. Мөн тус компанитай хэн нь ч ах дүү, төрөл садны холбоогүй гэв.

7.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид барилгын тендерт анх удаа орсон. Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, барилгын засал, чимэглэл хийдэг, манай сумын  ахуй үйлчилгээ, эмийн санг барьж байсан туршлагатай зэргийг харгалзан компанийг шалгаруулсан. Бидний хэн нь ч тус компанитай холбоогүй гэв.

8.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороонд анх удаа оролцож ажилласан. Бид тус компанийг шалгаруулахдаа барилгын засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг байдлыг харгалзсан. Мөн 2018 онд манай сумын ахуй үйлчилгээний барилгыг барих тендерт шалгарч байсан компани байсан тул шалгаруулсан гэв.

9.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тухайн компанийг шалгаруулахдаа манай суманд өмнө барилга барьсан байдлыг харгалзан сонгосон. Буруу шийдвэр гаргаж байгаагаа тухайн үед мэдээгүй. Анхан шатны шүүхээс яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахдаа л анх гэм буруутайгаа ойлгосон. Биднийг тухайн үед ажиллахад тендер шалгаруулах хугацаа давчуу байсан тул аль болох шуурхай ажиллахыг эрмэлзсэн. Бид хэн нэгэнд давуу байдал үүсгэе гэж огт бодоогүй гэв.

10.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус хороонд хараат бус гишүүнээр томилогдож ажилласан. Бид аль нэг компанид давуу байдал олгож, хээл хахууль авч, компанийг шалгаруулаагүй гэв.

11.Орлогч прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогддог. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны гишүүд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, тендерийн баримт бичгийг боловсруулан захиалагчаар батлуулсан. Ингэхдээ тендерийн баримт бичигт тусгасан шаардлагыг огт хангаагүй “Оточ-Оргил” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байдаг. Нэгдүгээрт; “Оточ-Оргил” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл байхгүй болохыг үнэлгээний хорооны дарга, гишүүд мэдсээр байж хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан.  Хоёрдугаарт, “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.7 дахь хэсэгт заасан “Бараа нийлүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шаардана. Бүх техник хэрэгсэл тухайн компани, өөрийн компанийн нэр дээр байна” гэсэн шаардлагыг зааж өгсөн байдаг. Гэвч “Оточ-Оргил” ХХК нь тендерийн материал ирүүлэхдээ барилга барихад ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн талаарх мэдээллийг огт ирүүлээгүй байна. Гуравдугаарт, “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-д заасан “Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг шаардана. Техник хэрэгсэл өөрийн компанийн нэр дээр байх, зураг гэрчилгээг хавсаргах” гэсэн шаардлагыг зааж өгсөн байдаг. Гэвч “Оточ-Оргил” ХХК нь тендерийн материал ирүүлэхдээ техникийн чадавхаа нотолсон техник хэрэгслийн талаарх мэдээлэл болон зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг огт ирүүлээгүй байна. Барилга барихад ашиглах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн талаарх мэдээлэл, мөн техникийн чадавхаа нотолсон техник хэрэгслийн талаарх мэдээлэл зэргийг “Оточ-Оргил” ХХК огт ирүүлээгүй байхад эдгээр шаардлагыг хангаж байна гэж тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд дүгнэсэн нь маш ойлгомжгүй байгаа юм. Мөн барилгын ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан эсэхийг тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд цахим сангаас компани бүрийн нэрээр татаж шалгасан, энэ талаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээрээ хэлэлцэн ярилцаж байсан атлаа Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэж андуурч ойлгох ямар ч боломжгүй байсан болох нь хэргээс харагдаж байна. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан дээрх 3 шаардлагыг огт хангаагүй “Оточ-Оргил” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/ нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Оточ-Оргил” ХХК-д давуу байдал бий болгосныг илтгэж байна. Шаардлага хангасан бусад компанийн ирүүлсэн материалыг буруу үнэлж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хохироосон байна гэж дүгнэж байна. Тухайлбал: 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерийн нээлт хийхэд “Оточ-Оргил” ХХК, “Ёстбэйс сервис” ХХК, “Вектор дриллинг” ХХК, “Түвшинмөнх” ХХК-ууд материалаа ирүүлснийг хянаж үнэлсэн байна. “Түвшинмөнх” ХХК-ийн 2022 оны борлуулалтын орлого нь 104,349,000 төгрөг байсан нь тендерийн төсөвт өртөг болох 120,000,000 төгрөгийн 86,9 хувь, инженер техникийн мэргэжилтэн, ажилчдыг ажилд томилсон тушаал, тэдний чадвар туршлага, мэргэжлийн үнэмлэхийг хавсаргасан, ямар нэгэн аж ахуйн нэгжтэй түншлэл үүсгээгүй зэргээр тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг бүрэн хангаж байсныг үнэлгээний хорооны дарга, гишүүд буруу үнэлсэн байна. Дээрх 3 шаардлагаас гадна тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг аж ахуйн нэгжүүд хэрхэн хангасан талаар харьцуулалт хийснээ үргэлжлүүлэн танилцуулъя. Дөрөвдүгээрт, “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.4 дэх хэсэгт заасан “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл” гэсэн шаардлагыг зааж өгсөн байдаг. “Оточ-Оргил” ХХК нь тендерийн материалдаа хийж гүйцэтгэсэн ажлынхаа туршлагын талаар 2019 онд Баяндэлгэр сумын ахуй үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг ирүүлснээс өөрөөр барилга барих ажлын туршлага байхгүй байсан. “Түвшинмөнх” ХХК-ийн хувьд 2017-2018 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Саруул хотхоны 1-р блок 25 айлын орон сууцны барилга, 2019-2020 онд Баруун-Урт суманд Саруул хотхоны 2-р блок орон сууцны барилга, 2020 онд тус аймгийн Түмэнцогт суманд 25 айлын орон сууцны барилга, 2022 онд тус аймгийн Түвшинширээ сумын 100 ортой дотуур байрны барилгын ажил зэрэг 4 барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын талаарх мэдээллийг ирүүлсэн байна. Тавдугаарт, “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.3 дахь хэсэгт заасан “Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдээлэл” гэсэн шаардлагыг зааж өгсөн байдаг. “Оточ-Оргил” ХХК нь тендерийн материалдаа менежер Ц.Очирцогт, жолооч У.Амгаланбаатар, жолооч Д.Батжаргал, автомашины засварчин Б.Ганбаяр нарын мэдээллийг ирүүлсэн байх ба тендерийн материал бүрдүүлэх хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Э.Батбилэг гэх хүнийг барилгын инженерээр ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар материал ирүүлсэн байна. “Түвшинмөнх” ХХК-ийн хувьд ерөнхий инженер Т.Амартайван, талбайн инженер М.Отгонхүү, барилгын даамал Ч.Буянбадрах, сантехникийн инженер Ч.Анхбаяр, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер Ц.Ариунболд, засал чимэглэлч О.Анхныцэцэг, бетон арматур Б.Алтангэрэл, барилгын инженер Д.Нямбаяр, жолооч Л.Отгонцогоо, тогооч Г.Алдармаа, засал чимэглэлч-нярав Т.Эрдэнэсайхан, нярав Ц.Мөнхжаргал, өрлөг шаварчин Б.Мөнхбат, өрлөг шаварчин Б.Болор нарын 14 хүний мэдээллийг ирүүлжээ. Зургаадугаарт, “Оточ-Оргил” ХХК нь 118,820,003 төгрөгийн үнийн саналыг, “Түвшинмөнх” ХХК нь 115,388,233 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн буюу “Түвшинмөнх” ХХК-ийн үнийн санал нь 3,431,770 төгрөгөөр бага байжээ. Тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүд нь бүгд худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүс байсан бөгөөд тендер сонгон шалгаруулахад дээр дурдсан олон алдааг гаргана гэдэг бол санамсар болгоомжгүй үйлдэл биш гэж дүгнэж байна. Харьцуулж үзэхэд ийм байсаар байтал тендерийн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг хууль бусаар шалгаруулсны үр дүнд тухайн “Оточ-Оргил” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 118,820,003 төгрөгийн санхүүжилт авч, эдийн засгийн давуу байдал олж авсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг шалгаруулалт явуулахдаа хууль бусаар сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 28 дугаар зүйл /Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь/-д “Энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан байдаг. Мөн яллагдагч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахад тендерт оролцсон нэр бүхий 4 компанийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цахим системээс татаж шалгаж байсан талаар бүгд мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч нар тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлага хангаагүй “Оточ-Оргил” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргах боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлажээ. Дээрх нэр бүхий яллагдагч нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж буюу тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тусгасан “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-д заасан тодорхой 3 шаардлагыг хангаагүй “Оточ-Оргил” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулан хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад буюу “Оточ-Оргил” ХХК-д эдийн давуу бий болгосон гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан оролцогч аж ахуйн нэгж байсаар байтал шаардлагыг хангаагүй, мөн хамгийн өндөр үнийн саналтай “Оточ-Оргил” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан үйлдэл нь Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэйгээс гадна тухайн тендерийн шаардлага хангасан аж ахуйн нэгж шударгаар шалгарах эрхийг хязгаарласан буюу нийтийн ашиг сонирхолд хохирол учруулжээ. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Батбаяраас гаргасан гомдол шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

12.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

          13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

14.Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******  нар нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллахдаа бүлэглэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4-т заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Дэлгэр” багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичигт заасан зарим шаардлагыг хангаагүй “Оточ-Оргил” компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, уг компанид давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Тухайлбал:

14.1.Шүүгдэгч *******ын “Сумын Засаг даргын захирамжаар биднийг үнэлгээний хорооны дарга, гишүүдээр томилсон. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, мөнгийг буцааж татуулахгүй, Дэлгэр багийн ард иргэдийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тендерийг зарлаж гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар болсон. 120 сая төгрөгийн тендерт 1 сарын хугацаа шаарддаг тул 4 сарын 10 гэж зарлаад нээсэн. Гэтэл 4 компани санал ирүүлсэн. Сум жижиг тул бие биеэ танина. 3 компани нь манай сумын харьяалалтай хүмүүсийн компани байсан. Тухайн иргэд нь барилгын инженер, барилга барьдаг хүмүүс биш байсан. Энэ хүмүүсийн компани биш гэдгийг мэдэж байгаа тул түншлэлээр бусдын компани нэр дээр орсон гэж үзэж хасах шийдвэрийг гаргасан. Нөгөө Оточ-Оргил компани нь 2016, 2019 онуудад сумын төвийн барилга барьж байсан туршлагатай “сайн компани” гэж шалгаруулсан. Ёст бэйс сервис компани 2022 онд 207 сая төгрөгийн тендерт шалгарч байсан. Барилгын комисс хүлээж аваагүй буцсан байдаг. Зассан ажил нь зассан шинж алга дулааны алдагдал хэвээр байна гэдэг гомдлыг гаргаж байсан. Ингээд энэ компанийг дахин ийм асуудал гаргаж магадгүй гэдэг байдлаас сэрэмжлээд татгалзах үндэслэл болсон. Ингээд “Оточ-Оргил” ХХК-ын ажлын туршлага, ажилчдыг нь харж сонсож шалгаруулсан. “Оточ-Оргил” гэдэг компанийн хуулийн этгээдийн гэрчилгээг харахад барилгын дотоод засал чимэглэл гэсэн байсан тул энэ компанийг шалгаруулсан. Бид ямар нэгэн ашиг хонжоо олох гээд, үгсэн хуйвалдаж шалгаруулсан зүйл байхгүй. Бүгд өөрсдийн итгэл үнэмшлээр энэ компанийг сайн компани гэж үзэж сумын төвийн нэг багийн төвийг сайхан болгох гэж ажилласан гэдгээ хэлье”  гэх мэдүүлэг (5 хх 75-77),

14.2.Шүүгдэгч *******гийн  “Уг тендерт 4 компани орсон. Бид “Вектор дриллинг” ХХК, “Түвшинмөнх” ХХК-уудыг манай сумын Буянбадрах гэх физикийн багшийн нэр дээр орсон тул түншлэл гэж ойлгоод хассан. “Вектор дриллинг” нь эмнэлгийн засвар хийж байсан. Аймгийн комисс хүлээж аваагүй гээд өмнөх ажлыг нь хараад хассан. “Оточ-Оргил” компани нь манай суманд 2-3 барилга барьсан. Ингээд энэ компаниар бариулчихвал дараа нь ямар нэгэн асуудал гарахад нутгийн компани гэдэг үүднээс шалгаруулсан. Бид үгсэн хуйвалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (5 хх 66-67),

14.3.Шүүгдэгч *******ын “Үнэлгээний хороонд би анх удаа орж ажилласан. Худалдан авах ажиллагааны сургалтад 2022 онд сууж, гэрчилгээ авсан. Манай сумын хувьд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ажилтан байгаагүй. Бидэнд хууль эрх зүйн мэдлэг дутагдсан, хуулийг буруу ойлгож, алдаатай шийдвэр гаргаснаа ойлгож байгаа. Дэлгэр багийн төвийн барилгыг барих тендерт 4 компани баримтаа ирүүлсэн байсан. Бид Оточ-Оргил компанийг өөрсдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан эцсийн шийдвэрээр шалгаруулсан. Эсрэг саналтай хүн байгаагүй. Үнэлгээний хорооны гишүүд бие биедээ нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн компанийг шалгаруулахдаа улсын бүртгэлийн гэрчилгээний ар дээрх үйл ажиллагааных нь чиглэлийг хараад нэг давхар барилга барих боломжтой гэж үзсэн. Мөн санхүүгийн чадавх, урьд барилга  барьж байсан туршлагыг харсан. Манай сумын татвар төлөгч компани гэж шалгаруулсан. “Вектор дриллинг” ХХК, “Түвшинмөнх” ХХК энэ хоёр компанийн нэр дээр манай сумын хоёр иргэн түншлэл үүсгэн, энэ компанийн хөрөнгийг ашиглан тендерт оролцож байна гэж ойлгосон тул хассан” гэх мэдүүлэг (5 хх 63-64),

14.4.Шүүгдэгч *******гийн “Бид сумын Засаг даргын захирамжаар томилогддог. Үнэлгээний хороонд цаанаасаа бидний томилсон. Үнэлгээний хороонд бид өгөгдлийн хүснэгтийн дагуу тухайн компанийн тавигдах шаардлагыг тавьж өгдөг. Тавьсан шаардлага бүрээ 4 компанитайгаа харьцуулж үзэж Оточ-Оргилыг хамгийн сайн гэж харсны улмаас сонгож шалгаруулсан. Оточ-Оргил компанийг шалгаруулсан гол шалтгаан нь 2019 онд ахуй үйлчилгээний барилгыг барьж хүлээлгэж өгсөн.  Ингээд энэ компанийг барилга барьдаг компани юм байна. Өмнөх тендерт шалгарч байсан тул тусгай зөвшөөрөл ирүүлээгүй ч гэсэн барилга барих боломжтой гэж ойлгосон. Бусад компанийг шалгаруулаагүй шалтгааныг манай гишүүд дарга нар ярьсан” гэх мэдүүлэг (5 хх 69-70) ,    

14.5.Шүүгдэгч *******гийн “Худалдан авах үйл ажиллагааны А3 сертификатыг миний бие 2022 онд Сүхбаатар аймгийн төвд 5 өдрийн сургалтад сууж авсан. Тухайн үед би захирлын нарийн бичгээр ажиллаж байсан. А3-ын сургалтад суух хүмүүсийн нэрсийг явуул гэх албан бичиг ирсэн. Гэтэл захирал намайг чи энэ сургалтад суу гээд даалгавар өгч би суусан. Түүнээс хойш үнэлгээний хороонд өөрийн хүсэлтээр биш томилолтоор шууд ордог болсон. Үнэлгээний хороонд хараат бус хөндлөнгийн гишүүнээр оролцсон. Энэ тендерт миний бие өөрийн итгэл үнэмшлээр “Оточ-Оргил” компанийг сонгосон. Тухайн үед би буруутай үйлдэл хийснээ мэдээгүй, авлигатай тэнцэх газар шалгагдаж эхлэхдээ тусгай зөвшөөрлийн талаар мэдсэн. Бидэнд гаднаас хэн нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (5 хх 72-73) ,   

 

14.6.Гэрч У.Наранцэцэгийн “Би энэ компанийн захирлаар ажилладаг боловч манай нөхөр бүх асуудлыг хариуцаж ажилладаг. Тендерт оролцож, бичиг баримт бүрдүүлэхдээ манай нөхөр бид хоёр өөрсдөө хамжиж дэмжээд бүрдүүлдэг. Тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг (1хх 121-123)  

14.7.Гэрч Ц.Очирцогтын “Манай “Оточ-Оргил” ХХК барилгын тусгай зөвшөөрөл аваагүй. Манай компани Дэлгэр багийн төвийн барилга барих тендерт оролцохдоо тусгай зөвшөөрөл хүргүүлээгүй, зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ хүргүүлсэн. Манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр “Барилгын засал чимэглэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл байгаа, би тэр чиглэлийнхээ дагуу барилга барьж болох юм байна гэж л бодсон. 2003 онд Оточ-Оргил ХХК-ийг байгуулж, эмийн сан ажиллуулахын хажуугаар барилгын засал чимэглэл, машин техник худалдан борлуулах, зочид буудал ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаа явуулж байна.” гэх мэдүүлэг (1 хх 112-113, 125-127),

14.8.“Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын 20******* оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Оточ-Оргил” ХХК нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно..” гэх албан бичиг (1 хх 147),

14.9. Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (2 хх 123-129),

14.10.Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороо байгуулсан захирамж (2 хх 154),

14.11.Баяндэлгэр сумын Дэлгэр багийн төвийн барилгыг шинээр барих тендерийн баримт бичиг (2 хх 180-*******8),

14.12.“Оточ-Оргил” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг (3 хх 68-89),

14.13.Тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл (3 хх 1-3),

14.14.Тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдийн гарын үсэг бүхий “Оточ-Оргил” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөж байна гэх 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг (3 хх 111),

14.15. Дэлгэр багийн төвийн барилга барих ажлын гэрээ (2 хх 143-148),

14.16.Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны А/85 дугаартай “Ажил гүйцэтгүүлэх тухай” захирамж(2 хх 138),

14.17.“Оточ-Оргил” ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт (2 хх 139-142),

14.18.Барилга ашиглалтад оруулах комиссын дүгнэлт (2 хх 150-151),

14.19.Тендерийн үнэлгээний хорооны  хурлын тэмдэглэл ( 2 хх 170-171) зэрэг баримтаар нотлогдож байна.

15.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тооцжээ. Шүүгдэгч нарын барилгын тусгай зөвшөөрөлгүй, барилга барихад ашиглах тоног төхөөрөмж, техникийн чадавхаа нотолсон техник хэрэгслийн талаарх мэдээлэл болон зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлээгүй, борлуулалтын орлого, ажлын туршлага, хүний нөөцөөр бусад оролцогчдоос дутуу, тендерийн үнийн санал нь хамгийн бага биш “Оточ-Оргил” ХХК-ийг тухайн сум, орон нутгийн хуулийн этгээд гэж үзэн давуу байдал бий болгож, тендерт шалгаруулж, тендерт оролцсон “Ёстбэйс сервис”, “Вектор дриллинг”, “Түвшинмөнх” компаниудын ирүүлсэн тендерийн бичиг баримт, материалуудыг буруу үнэлж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

16.Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна.

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоогоогүй, зөвхөн объектив талын шинжид тулгуурлан яллах талыг барьж шийдсэн. “Оточ оргил” ХХК-ийн гэрчилгээ дээрх барилгын засал чимэглэл гэх чиглэл нь төвөгшил багатай, нэг давхар дан барилгыг барих боломжтой, санхүүгийн чадамж сайтай, сум, орон нутагтаа ахуй үйлчилгээний барилга барьж байсан туршлагатай гэж дүгнээд санал нэгтэй шалгаруулсан... Шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгуулах”-аар давж заалдах гомдол гаргасан.

Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.” гэж, энэ зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ.” гэж тус тус хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэхийг хуулийн дагуу шаардах бөгөөд энэ талаар ч холбогдох тендерийн баримт бичигт тусгасан байна.

Олон нийтийн зориулалттай, хүн олноор нэгэн зэрэг цуглах багийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэх хуулийн этгээд нь заавал барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байхыг Барилгын тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-д заажээ.

Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд үнэлгээний хорооны дарга, гишүүд хуралдаж, багийн төв барих ажлын гүйцэтгэгчээр барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, тендерийн баримт бичигт заасан зарим шаардлагыг хангаагүй, бусад гурван компаниас ажлын туршлага, хүний нөөц, техникийн үзүүлэлтээр илүү биш, үнийн санал нь хамгийн бага биш компанийг сонгон шалгаруулж, уг ажлыг гүйцэтгүүлсэн нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Шүүгдэгч нарт шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхаас гадна, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд энэ талаарх өөрчлөлтийг орууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 Нэг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай:

          1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

           Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                          Г.БОЛОРМАА

                                                                                  О.БААТАРСҮХ