Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01526

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01526

 

 

Г.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Огийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байрны 902 тоотод байрлах 82.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ХД-66 дугаар байр, 20 тоотод байрлах 86.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцааны 2 байр нь Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо буюу Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч үл хөдлөхийн м.кв-ын үнийг 1 000 000 төгрөг хүрэхгүй үнээр зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Иймд үл хөдлөхийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 3 шатны шүүхийн шийдвэрээр Г.Огоос 286 325 024 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураараа төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийг удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад талуудын үнэлгээ зөрснөөр Ориент инвест ББСБ ХХК-аас үл хөдлөхийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар манай байгууллага хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнийг тогтоолгосон. Шинжээч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 92 400 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 3 өрөө орон сууцыг шинжээч 136 500 000 төгрөгөөр үнэлж, 70 хувь 95 550 000 төгрөгөөр тус тус тооцож анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон. Төлбөр төлөгч албадан дуудлага худалдааны үнийг зөвшөөрөхгүй, үл хөдлөх хөрөнгийг өөрөө зарж борлуулах боломжтойгоо бичгээр мэдэгдэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ориент инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар саналын зөрүү гарсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилсон. Нэхэмжлэгч тал үл хөлдөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон баримт гаргаж өгдөггүй. Албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүд зарагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байрны 902 тоотод байрлах, Д.Жаргалсайханы өмчлөлийн 82.77 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаартай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах, Д.Уламбаярын өмчлөлийн 81.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаартай, 2 өрөө орон сууцнуудын шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Огийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлалаар Г.Огоос 286 325 024 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Барьцааны 2 орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа. Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон. Гэтэл барьцааны хөрөнгө болох Д.Жаргалсайханы өмчлөлийн орон сууцыг 136 500 000 төгрөгөөр үнэлж, 70 хувиар буюу 95 550 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/7408 дугаар албан мэдэгдлээр, Д.Уламбаярын өмчлөлийн орон сууцыг 132 000 000 төгрөгөөр үнэлж 70 хувиар буюу 92 400 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/7407 дугаар албан мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Дээр мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, үнэлгээтэй танилцсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн хуулийн хугацаанд гомдол гаргасан. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж төрийн байгууллагын үйл ажиллагааг зөвтгөн дүгнэж төлбөр төлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хангалттай хянаж үзэлгүй улмаар үнэлгээг зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Ингэхдээ төлбөр төлөгчийн тухайн үл хөдлөх хөрөнгийг анх худалдаж авсан үнэ, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг, хотын төвөөс 1 км гаран зайтай, дуу чимээ багатай, цэвэр агаартай үнэлгээ өндөртэй, жил ирэх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөн нэмэгдэж байхад м.кв-ыг 1 000 000 төгрөг хүрэхгүй үнэлсэн гэсэн гомдлыг үл харгалзан бодитой үнэлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт Г.Огоос 284 743 357.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгож, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоол авагдсан байна. /хх 65-73 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн /хх 85-90 дахь тал/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шинжээч томилох тухай 87 дугаартай тогтоол гарган Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД 66 дугаар байр, 20 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206014496 дугаартай 81.5 м.кв талбай бүхий орон сууцыг 132 000 000 төгрөгөөр, Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж 96 байр, 902 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаартай 82.77 м.кв талбайтай орон сууцыг 136 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-91-107/ Уг үнэлгээ нь талуудын маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... үл хөдлөх эд хөрөнгүүд нь А зэрэглэлийн бүсэд хамаардаг, хотын төвөөс 1 км гаран зайтай, дуу чимээ багатай, цэвэр агаартай үнэлгээ өндөртэй, жил ирэх тусам үнэ нь өсөн нэмэгдэж байхад 1 м.кв-ыг 1 000 000 төгрөг хүрэхтэй үгүйтэй үнэлсэн... гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн хэргийн 87 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Д.Уламбаяр нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 135 000 000 төгрөгөөр тогтоох үнийн санал өгч байжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв.

Мөн хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар нотлогдож байна. /хх108-110/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД