| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0585/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Ц.Г/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н овогт Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0252 70681 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Н овогт Ц.Г, 1970 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, "Битү" ХХК-ний авто баазад засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг их дарь эхийн 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: ХЙ70021973/,
Шүүгдэгч Ц.Гнь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Дарь-Эхийн 1-9 тоотод өөрийн эхнэр Б.Хишигжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Б.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-9 тоот гэртээ байж байтал нөхөр Ц.Г согтуу хаалга онгорхой байтал хаалга тайлж өгөөгүй гэж цонх хагалаад хаалгаар орж ирээд нүд рүү гараараа цохиод янхан минь гээд намайг үсдэж чирээд шанага аваад толгой руу цохьсон. Гэтэл гаднаас ээж орж ирээд салгаад би цагдаа дуудсан, гэтэл гарч яваад 10 минутын дараа орж ирээд заазуур аваад би өөрийгөө хутгална гээд зогсож байтал цагдаа нар хашааны гадна ирэхэд гараад хашаа даваад зугтаад явсан…” гэх мэдүүлэг. /хх7-8/,
Гэрч С.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их дарь эхийн 1 дүгээр гудамж 9 тоотод байх гэртээ охин Хишигжаргал 2 зээ нарын хамт амраад байж байтал байшингийн цонх хагараад манай хүргэн Ганболд үүдээ тайл гэсэн. Үүд тайлаад өгтөл согтуу байсан. Орж ирэхээр нь яаж байнаа гэтэл охиныг шууд цохиод авсан. Би цагдаа дуудна арай дэндэж байна гэхэд шанага аваад миний охины толгой руу 2 удаа цохиод авсан. Тэгээд цагдаа ирхийн хооронд гараад зугтаасан…” гэх мэдүүлэг. /хх11-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3828 тоот дүгнэлт:
1.Б.Хишигжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-15/,
Яллагдагч Ц.Г мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой эхнэр Хишигжаргал хаалгаа нээж намайг оруулсан. Би яагаад хаалгаа тайлдаггүй юм, утсаа аваачээ гэж маргалдаж байгаад өөдөөс гөжүүдлээд байхаар нь хацар луу нь нэг удаа алгадчихсан…” гэх мэдүүлэг. /хх30-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Дарь-Эхийн 1-9 тоотод өөрийн эхнэр Б.Хишигжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Г нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Ц.Г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Г-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР