| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0608/Э |
| Дугаар | 650 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч C.С/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ч овогт С.С-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0218 00691 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч овогт C.С, 1974 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Цөлийн гол” төрийн бус байгууллагад оёдолчин ажилтай, ам бүл 5, 3 хүүхэд, 1 зээгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 50-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ВТ74050109/,
Шүүгдэгч C.Снь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31-493 тоотод иргэн Т.Тамирын цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч C.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Т.Тамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр эмэгтэй согтуу манай гэр шатаж байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд та нар манай гэрийг шатаачихлаа гэж хэлсэн. Та ямар сонин юм ярьдаг юм бэ гэж хэлсэн чинь над руу дайрч хэрэлдээд чи нөхрөө хаяад тэнээд явдаг биздээ. Янхандаад явдаг юм бишүү гэхээр нь уур хүрч босоод тэр эгчтэй хэрэлдсэн чинь миний үснээс зулгаагаад харилцан барьцалдаж авсан чинь нөхөр Болдбаатар, Батушка хоёр салгаад нөхөр намайг хэвтүүлсэн чинь тэр хооронд хутга аваад баруун суга руу хатгасан байсан. Хутгаар хатгахыг нөхөр Болбаатар харсан байна лээ. Тэгээд 102-т мэдэгдэж, түргэн тусламж дуудсан. Эмч ирээд Госпиталын эмнэлэгт аваачиж эмчилгээ хийж 2 оёдол тавиад хоноод өглөө нь эмнэлгээс гарсан. 7 хоног боолт хийлгэсэн...” гэх мэдүүлэг. /хх-6/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №4124 дугаартай дүгнэлт:
1. Т.Тамирын биед цээжний хөндийд нэвтрээгүй шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-28/,
Яллагдагч C.С мэдүүлэхдээ: “...Сонсгож байгаа зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би босоод хойд талд байдаг Болдбаатарын гэрт орсон чинь түүний эхнэр Т.Тамир намайг гэрээсээ хөөж үснээс зулгааж, архичин, янхан авгай гээд байхаар нь тогооны шүүгээнээс хутга аваад баруун цээж орчимд нь нэг хатгасан. Тэнд сууж байхад Болдоогийн найз залуу нь 103, 102-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирж Тамирыг эмнэлэг рүү авч явсан ба намайг цагдаа нар авч яваад эрүүлжүүлсэн. “...Тамир намайг үснээс зулгааж, зодохоор нь би шүүгээнээс хутга аваад хутгалсан...” гэх мэдүүлэг. /хх-36/,
Гэрч С.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...21 цагийн үед хүн хаалга цохихоор нь хэн бэ гэж асуусан чинь С эгч нь байна гэхээр нь онгойлгож өгсөн чинь гэрт орж ирээд манай эхнэр рүү гичий, нохой гээд дайрсан чинь эхнэр өөдөөс нь хэрэлдэж хоёулаа үснээсээ зууралдахаар нь Анхаа бид хоёр салгасан. Эхнэрийг наад балай авгайтайгаа хэрэлдэж яах юм бэ гэж хэлсэн чинь хэрүүл хийж байснаа хоолны шүүгээнд байсан хутга авч ирэхээр нь та яв гэж хэлээд эхнэрээ хаасан чинь миний суган доогуур хатгасан чинь эхнэрийн баруун суга руу хутгаараа хатгасан байсан...” гэх мэдүүлэг. /хх-37/,
Хохирогч Т.Тамирын мэдүүлэг /хх-6/, шинжээчийн №4124 дугаартай дүгнэлт /хх-11/, яллагдагч C.С мэдүүлэг /хх-36/, гэрч С.Болдбаатарын мэдүүлэг /хх-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч C.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 31-493 тоотод иргэн Т.Тамирын цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч C.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч C.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч C.С нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч C.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 18.7 сантиметр урттай, бариул хэсэг нь 11 сантиметр урттай нийт урт нь 30 сантиметр урттай хар иштэй 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт C.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар C.С 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар C.Снь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 18.7 сантиметр урттай, бариул хэсэг нь 11 сантиметр урттай нийт урт нь 30 сантиметр урттай хар иштэй 1 ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, C.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл C.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР